Ичгүүрээ барагсад бусдын эд малыг ямагт өөрийн мэт шунан эдэлюү.
Ирсэн гийчинд нөхрийн торгыг дэвсээд илтэд өөрийн юм мэт аашлан бардамнах... (Эрдэнийн сан Субашидаас)


Энэ олон жилийн турш Монгол Улсыг тэжээж,  тэтгэж ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийн талаар саарыг сонсох бү­рий дотор муухайрч, ой гутдаг юм. Зүйрлэвээс  биеэ үнэ­лэгч, завхай эм лүгээ эрх баригч  улс төрийн  хүчний  өврийг ээлжлэн дамжаад, хэсэг бүлэг цөөнхийн эрх ашигт үйлчилж,  тэдний сайн, муу бүхий л үйл ажиллагааг санхүүжүүлэгч га­зар болсон учраас тэр. Энэ талаар ганц би биш бүгдээрээ ярьж бичдэг,  мэддэг бол­сон сэдэв. Удаж байна даа. Хэзээ өөрч­лөгдөх юм бүү мэд. Эрх мэдэлт­нүүдийн хувьд  хагарах  вий гэ­хээс нь ухаан­­­гүй айдаг болсон, идээ бээр ихээр ху­римт­­лагд­сан, асар том хатиг тэнд бий. Шуудхан хэлэхэд энэ үйлд­­­вэ­рээс хул­гайн аргаар олон хүн  тэрбумтан болсон.

Тэгэхдээ дандаа эрх мэ­дэлтнүүд, бас тэдэнд үйлч­­лэгч “манкуртууд”. “Эрдэнэт”  үйлдвэртэй хол­боо­тойгоор Монголд “шахааны бизнес” хэмээх цоо шинэ нэр томъёо, төрөл үүссэн юм. Үү­­нийг гэхдээ маш дээд ранктай эрх­мүүд л хийдгээрээ онцлог. Нэгэн цагт Монгол Улсын Ерөн­хийлөгч явсан Н.Энхбаяраас эх­лээд хулгайч тэрбумтнуудын жаг­саалт “Эрдэнэт”-ээс эхэлдэг юм даа. Үүний оршил   болгохын учир ийм бөлгөө.   Өнгөрсөн сарын   18-20-нд   уулын   баяжуулах  “Эрдэнэт” үйлдвэрийн “Совет” бу­юу Удирдах зөвлөлийн хурал болж өнгөрлөө. Ху­рал­дах ёстой байсан хугацаанаасаа жил шах­маар   хэтэрч байж болсон хэрэг. Ийн  удаад байсан нь ч тодорхой улстөрчдийн эрх ашигтай хол­боотой байсан юм билээ. Энд улс төрийн   том махинац өрнөх гэж байна.  Ойрын үед тус үйлдвэрийн удирд­лагуудыг солих болно. Яагаад гэвэл энд  тодорхой бүлэглэлийн ашиг со­нирхлын зөрчил хурцадсан уч­раас. Удахгүй болох сонгуулиас өмнө сааль сүү сайтай “Эрдэнэт”  хэмээх угжийг өөрийн болгох хязгааргүй хүсэл шунал улс­ төрийн бүлэглэлийнхэнд их бага, ил далдаар илэрч байгаа нь “Совет”-ын хурлаар тодорхой харагдсан гэлцэнэ.

Хамгийн ноцтой нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн найдваргүй болсон авлага 96 сая ам.долларт хүрсэн гэдгийг эл хурлаар ярилцаж. Энэ их мөнгийг тэгээд хэн нь “идчихсэн” байх вэ гэдэг сонин. “Совет”-ын хурал чухам үүнээс  болоод олон эрхмүүдийн ашиг сонирхлыг хөндөн эмзэг­лүүлсэн юм байх. Ингээд том­чуудын зөрчил эхэлсэн бо­лолтой. Тус үйлдвэрийн Гадаад худалдаа хариуцсан захирал Х.Оюунцэцэгийг даруйхан солих асуудал мөн эндээс эхтэй агаад түүний оронд эдүгээ Мэргэжлийн хяналтын газрын дэд даргаар саяхан томилогдсон Д.Ганбат гэдэг нөхрийг МАН-ын доторх хотын фракцынхан зүтгүүлэх болсон юм байна.

“Эрдэнэт” ХХК-д том­чуу­дын хувьчилж авсан бизнес нь ган бөмбөлгийн шахааны най­маа. Зэ­сийн хүдэр бут­лах зориулалттай эл ган  бөм­бөл­гийн наймаанаас эрх мэдэлтнүүд сая, сая долларын ашиг олдог юм.  Ихэнх нь урд хөршөөс нэг тонныг нь 400-500 ам.доллараар оруулж ирээд “Эрдэнэт” үйлдвэрт тонныг нь 1300-1400 ам.доллараар шах­даг байсан гээд бод доо. Аливаа юманд хязгаар бай­даг. Харин “Эрдэнэт” үйлдвэрт чиглэсэн эрх мэ­дэлтнүүдийн ашиг сонирхлын бизнест огт хязгаар гэж байдаггүйгээрээ онцгой. Үүнээсээ болоод хууль бус үйлдэл, гэрээ газар авсан үйлдвэр. Х.Оюунцэцэг захирал эрх мэдэлтнүүдийн энэ бизнест хязгаар тавихыг оролдсон юм байх. Тэрбээр гадна дотнын сүлбээтэй улстөрчдийн ша­хааны ийм бизнесийн гэ­рээг зөв­шөөрөхгүй гэдгээ илэрхийлж “Одоо болно оо” гэснээрээ “алдаа” гаргажээ. Тэрбээр тэгээд хэний дургүйг хүргэв гэхээр Шадар сайд М.Энхболд, ХХААХҮ-ийн  сайд Т.Бадамжунай тэргүүтний юм байх.  Бас экс Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын шархыг бүр ч хорсгосон бололтой. Увайгүй улстөрчид үзэл бодол ондоо хэрнээ бизнесийн ашиг сонирхол нэгдэх аваас орондоо орсон эр, эм хоёр шиг тэврэлдэн, үгсэн хуйвалддаг ой гутам муухай араншинтай. Дээр өгүүлсэн 90 сая гаруй ам.долларын авлага бол улстөрчдийн халаасанд яваа. Тэд хулгайлсан энэ их мөнгөө эргүүлж өгөхгүй байхын тулд өөрийн тоглоомын “хүүхэлдэйнүүдийг” “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад тавьдаг юм. Тэрхүү ээлжит утсан хүүхэлдэй нь Д.Ганбат юм байна л даа. Т.Бадамжунай сайдын баз гэгддэг эл эрхэм “Эрдэнэт” үйлдвэрт 2004-2008 онд Х.Оюунцэцэгийн албыг хашиж явсан нэгэн. Энэ  нөхрийг Ч.Ганзориг  халсан гэдэг. Гэхдээ бас л улстөрчдийн шахалтаар тодруулбал С.Баярын захиалга байсан гэдгийг эрдэнэтчүүд илээр ярьдаг юм. Д.Ганбат тус үйлдвэрийн Гадаад худалдаа эрхэлсэн захирлаар ажиллаж байхдаа энд яригдаад байгаа 90 гаруй тэрбум  төгрөгийн өрийг үүсгэсэн гол эзэн нь  болохыг түүний шийдвэрээр хийсэн доорх гэрээ­нүүд нотлох бөлгөө.


Хүснэгтэд байгаа компаниуд “Эрдэнэт” үйлд­вэрт бараа материал нийлүүлэх гэрээ хийн урьд­чилгаа мөнгөө аваад тэр чигтээ “алга” болчихоод байгаа юм билээ. Алга болох ч юу байхав “гол гаргачихаад” хуулиас гадуур зэсэрч чаддаг дар­хан эрхтнүүд. “Henlon” компани гэхэд л экс Ерөн­хийлөгч Н.Энхбаярын, “Замбага” ХХК-ийн ард НХХ-ийн сайд, “Эн Си” корпораци нь нийслэлийн Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Н.Батаа, “Монгол спорт” ХХК нь Монгол Улсын заан Ж.Ганболдынх  гээд ил, далд тодорхой эзэнтэй гэлцэнэ. Хэрвээ үнэн аваас манай улсын засаг, төрийн хэрэг явдал “хулгайч нарын дүрэм”-ээр явдаг болох нь. Энэ бол өнөө ца­гийн Монголын хамгийн том парадокс биш гэж үү. “Эрдэнэт” үйлдвэрийн ган бөмбөлгийн жилийн хэ­рэг­цээ нь 30-40 мянган тонн байдаг юм гэсэн.  Энэ хэрэгцээг хан­гах, дотоодын үйлдвэрлэлээ дэм­жих зорилгоор Дарханы  хар төмөрлөгийн үйлд­вэрийн дэргэд ган бөмбөлгийн цувималын цех байгуулсан хэдий ч, “Эрдэнэт” үйлдвэрээс  захиалга өгөхөө байсан хэрнээ үйл ажиллагаа нь тодорхой бус, хаа байсан Кипр улсад бүртгэлтэй “Laoag techical&metall services” гэх ОХУ-ын офшор компанитай 10 мянган тонн ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ хийсэн нь гайхалтай. “Эрдэнэт” үйлдвэр ч өөрөө ган бөмбөлөг үйлдвэрлэх цехтэй атлаа үйл ажиллагааг нь зогсоон хэн ч үл мэдэх нууцлаг нэг ийм офшор компанийг сонгосон нь ойлгомжгүй агаад сэжигтэй.

Өнгөрсөн тавдугаар са­рын 11-нд тонныг нь 1050 ам.дол­лараар үнэлж, нийт 10.5 сая ам.дол­ларын гэрээг дээрх офшор компанитай  хийхдээ урьдчилгаа мөнгийг нь “Эрдэнэт” үйлдвэр шууд гаргаад өгсөн юм билээ. Улсын Ерөнхийлөгч байсан хүн нь хуурч, бараа материал нийлүүлнэ гэж авсан мөнгөө төлөхгүй байхад Кипрт гэх хаягтай тэр оросууд хулхидахгүй гэх магадлал туйлын бага.

Энэ бүхэнд улстөрчид оролц­дог юм гэдгийг цөхрөнгөө бар­сан зарим нэг нь өгүүлэх. Д.Ганбат хэмээх эрхэм эдүгээ тус үйлдвэрт очих аваас жинхэнэ будлиан тарьж бужигнуулах нэгэн гэдгийг “Эрдэнэт” үйлд­вэрийн ажилтнууд ярих юм билээ.

Эндээс   МАН-ын      улс­төрч­дийн   дунд   эвлэ­рэхээр­гүй   хагарал ч үүсэж болзошгүй. Ч.Ганзориг захирлыг Н.Энх­баярын хүн гэдгийг улс төрийн хүрээнийхэн бүгд мэднэ. Гэхдээ энэ цаг дор тэрбээр экс эзнээсээ зайгаа барьсан буй за. Харин Х.Оюунцэцэг захирлын тухайд Ерөнхий сайд асан С.Баярын “харьяаллын” хүн гэгддэг. Гэвч С.Баяр Ерөнхий сайд биш болсноос хойш М.Энхболд Ж.Бадамжунай нар “Эрдэнэт”-д төлөөллөө шургуулахыг хүчтэй эрмэлзэх болсны илрэл нь Д.Ганбат гэгч бөлгөө. Ойрын үед “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага солигдсон байх аваас гайхах юм алга.

Улс орон хэмжээ хязгааргүй авлигад идэгдэж улс төрийн өндөр албан тушаалтнууд хууль ёсны, хууль бус гэж ялгахад хэцүү хэт эрх мэдэлтэй болж, зүй бусаар албан тушаалд дэвших, томилох, гэр бүлэрхэх, нийтийн өмч хөрөнгийг луй­вардах, шамшигдуулах, хуй­валдах, хуваах гээд нийгэмд гаж үйлдлийг хэвшил болгоод ирэхийг клептокрац буюу нийгмийг “хулгайч нарын дүрэм”-д оруулах гэдэг юм билээ.

Энэ дүрмийн дагуу өрнөх ээлжит тоглолтын дэгийг Засгийн газар харин хэрхэн тавихыг  сонирхох үлдлээ. Анхаарах сэдэв  биш гэж үү.