Инээд, энэ ганцхан хүнд л заяасан гэгээн мэдрэмж. Сэтгэл санаа өөдрөг байгаа үед, гоё сайхныг харсан, хөгжилтэй зүйл тохиолдсон, хошин мэдээ сонссон гээд инээх шалтаг мундахгүй. Инээд арьс өнгө, нас хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, баян хоосноос үл хамааран хүн төрөлхтнийг сайхан мэдрэмжээр тэтгэдэг. Үүнд “хачир” нэмдэг хүмүүс бол хошин урлагийнхан. “Х түц”, “Шинэ үе”, “Шилдэг өнгө”, “Маск”-ынхан Монголын хошин урлагийн галыг манаж яваа гавьяатнууд. Манай хошин урлаг жүжигчдийн авьяасыг шавхахын хажуугаар үзэгчдийн халаасыг ч тэмтэрдэг.

Эмгэнэлт төгсгөл

“Х түц”, “Шинэ үе”-ийн сүүлийн тоглолт Gangnam style-ээр эхэллээ. Дууны аянд үг орлуулан дуулж, бүжиглэдэг эхлэлийг чухам хэн нь анх бодож олсныг бүү мэд. Харин өдгөө хошин шогийн “школа” болжээ. Gangnam style энэ цагт моод боловч хошин шогийн шоуны хувьд улигт эхлэл байлаа. Бусад үзэгдэл нь хүмүүсийн нэгэнт мэдэх үйл явдлуудад өөр өөрсдийн мэдрэмж, боломжоороо нэмсэн “давс хужир”. СТӨ-нд тоглогдож байгаа “Х түц” продакшны “Амьдрах сайхан” тоглолтын 50 хувийг энэ ангилалд багтах үзүүлбэр эзэлжээ. Үзэхэд учиргүй сайхан нь үгүй санагдсан. Тухайлбал, Олимпийн аварга Н.Түвшинбаярыг мөнгөн медаль хүртэх үеэр төрсөн эрэгтэй хүүхэд бүхэнд түүний нэрийг өгсөн тухай ам дамжсан наргиа энд тайзан дээр болоод өнгөрөв. “Мянга сонсохоор нэг үз” гэсэн бололтой юм. Бас 25 дугаар телевизийн “Дуулиант хэрэг” цуврал нэвтрүүлгийг тайзан дээрээс үзүүллээ. “Шинэ үе”-ийнхэн “Миний муу сайн найзууд” нэвтрүүлгээр зохиомжлон дуучин Н.Төмөрхуяг, Адель, “T-ARA” хамтлаг зэргийг элэглэсэн үзүүлбэрээр хөтөлбөрөө баяжуулжээ.

Манай хошин шог тоглолтын сэдэв тэрчигтээ ахуйн шинжтэй байдаг уламжлалтай. Гол дүр нь нийгмийн эмзэг бүлэг, шалиг эр, ядарсан эмгэн хийгээд хөдөөнийхөн. Энэ удаа ч дүрмээсээ гажсангүй. Нийгмийг соён гийгүүлэхээ байг гэхэд ядаж байгааг тэр чигээр нь тусгах өнцөг нь ч өчүүхэн юм. Улс төрийн асуудалд зориг, ухаан хоёр нь яалт үгүй дутдаг бололтой. Адаглаад аль таарснаа цохиж унагаад яваа Д.Дагвадорж уул нь сайхан л сэдэв. Үзэгдлийнхээ санааг хэрхэн олдог талаар “Шилдэг өнгө” продакшны захирал, найруулагч Ц.Хүсэлбаатараас лавлахад “Ихэнхдээ амьдралаас олдог. Зохиолуудаас санаа авна, бас орчуулна” гэсэн бол “Маск” продакшны жүжигчин П.Эрдэнэзаан “Өөрсдөө л эрэл хайгуул хийнэ дээ. Хүний амьдралыг судалж санаа авна” гэж хариулсан. Хэсэг бусаг ийм хошин үзэгдлийг өмнө нь “шог гараа” хэмээн оновчтой нэрлэдэг байсан билээ.

Манайхны бүх хошин үзэгдлийн төгсгөл гагцхүү нулимс үзэх гэнэ. Инээх гэсэн биш эцэстээ элгээ эмтлүүлж, самсаагаа шархируулна. Үзэгдлүүд нь “ухаарал” хайрласан шүлгийн уянга дор тайзны гэрэлтэй хамт дотор харанхуйлуулан шувтарна. Ингэх л байсан юм бол эхэндээ юунд инээлгэв дээ гэмээр. Сэдвийн тал дээр социализмын үеийн “шог гараа”-аас халихгүй яваа хошин урлаг маань дуулж бүжиглэх үгүй мөн ч их дуртай даа. Ярьдаг, дуулдаг, бүжиглэдэг урлагийн иймэрхүү маягийн жанрыг уул нь кабарье гэдэг. Үзэгчдийнхээ сэтгэхүйд тааруулах гэсээр яваад өнөөгийн хошин урлаг инээдэмт, эмгэнэлийн, дуулалт, бүжгэн жүжиг болчихоод байгааг өөрсдөө сайн мэддэг ч өөрийг сэтгэх завгүй явдаг биз дээ.    



Хөөрхөн бизнес

Тэднийг сэдвийн мухардалд ороод зогсоогүй хүмүүсийн сэтгэлгээний ядуурлаар бизнес хийдэг гэж шүүмжлэгчид бий. Харин энэ шүүмжлэгчид мөнгөө төлж тоглолт үздэггүй боловч зурагтаар нь гарвал үнэгүй үзэхээс ч сийхгүй “жудаггүй” улс байдаг. Бензиний үнэ нэмэгдсэн учир биеэ үнэлэгчийн хөлс өссөн гэж хошигнодог тоглолтын билетийн үнэ ч инфиляцийг илтгэдэг. Хоёр цагаас хоёр цаг хагас үргэлжилдэг хошин шог шоуны тасалбар энэ намар 9 000 төгрөгт хүрчээ. СТӨ 1 325 үзэгчийн суудалтай. СТӨ-ий нэг цагийн түрээс 1.5 сая төгрөг гэж тус байгууллагын ажилтан хэлсэн. Хүний олж байгаа мөнгө төгрөг ч маньд ямар хамаа байхав, харин татварын газруудад тайлангаа яаж гаргаж өгдгийг байцаагч нар л мэдэх байх.

Өмнө нь цөөнгүй хошин шог үзсэн ч “хашралгүй” дахиад л үзлээ. Эхнийх нь СТӨ-ний тайзнаа тавигдсан “Х түц” продакшны “Амьдрах сайхан” тоглолт. Өдрийн 16.00 цагийн үед СТӨ-ний билетийн кассанд очтол тасалбар авч байгаа бас сурагласан цөөнгүй хүмүүс байлаа. Кассчнаас өнөөдрийн тоглолтын тасалбар байгаа эсэхийг лавлахад бельтажны цөөн хэдэн суудал үлдсэнийг дуулгав. Хамгийн аятайхан суудлыг сонгоно гэсэн бодолтой ирсэн хүсэл нурж, байгаагаас нь авахаас өөр аргагүйд хүрсэн юм. Ингээд бельтажны тасалбараа бариад 19.00 цагийг хүлээсэн дээ.

Тоглолт эхлэхээс цагийн өмнө очвол билетийн касс орчмоор дөрвөн залуу гартаа нэлээд тооны тасалбар барьчихсан шаглаж байна. Кассаар есөн мянган төгрөгийн үнэтэй зарагдсан тасалбар 15 000 төгрөг болжээ. Хошин шог эрэлт хэрэгцээтэй хэвээр байгаа аж. Ийм байдал “Шинэ үе”-ийн тоглолт болох МҮЭСТО-ны орчимд ч ажиглагдсан. Харин эндэхийн шагийн билет 12 000 төгрөгийн ханштай, бельтаж учраас тэр. Уг нь “Х Түц”-ийнхтэй адилхан үнэтэй юм билээ. Ганц өөрсдөө ашиг олоод зогсохгүй “амьтан ах дүү”-гээ ч тэжээдэг болохоор хошин шогийн тоглолт монголчууд мөд уйдах болоогүй “соёлын арга хэмжээ” ажээ.

Үзэгдсэн үзэгчид
 
Үзэгчдийн дийлэнх нь оюутан, дунд эргэм насныхан. Бас багачууд, бүр хоёр гурав сартай нялхаа тэвэрсэн ээж ч харагдсан. Хүүхэд дагуулаагүй хүн бараг үгүй. Хошин шоу өнөөгийн Монголын дундаж гэр бүлийн соёл урлагийн хэрэгцээгээ хангадаг гол хэрэгсэл ажээ. Гэвч тэдэнд соёл дутмаг. Үзэгчид суудлаа эзэлмэгцээ гаднаас барьж ирсэн хүнсээ дэлгэн хооллож гарав. Чипсийн уут урах, ундаа задлах чимээ юмсаа булаалдах хүүхдүүдийн дуутай холилдон танхимд амь орууллаа. Төдөлгүй шарсан зайдас баруунтайгаас, мантуун бууз зүүнтэйгээс ханхийв. Зарим нь бүр савтай хоолтой иржээ. “Шинэ үе”-ийн тоглолт эхлэхийг хүлээж суухад урд эгнээний дөрвөн эмэгтэй “Шинэ мах шүү” гээд өөр хоорондоо гялгар ууттай чанасан мах дамжуулан идсэн юм. Хоосон байтугай цатгалан хүний ч хоолны дуршил хөдлөхөөр. Энэ маягаар 15 минут орчим үргэлжилсэн хооллолт танхимын гэрэл унтарч, хөгжим дугарснаар ашгүй нэг намжлаа. Гэхдээ үзэгчид том багагүй чихэр, чипс мэтээр тоглолтын турш амны зугаа хийнэ. Ажил тарав уу, үгүй юу энд ирсэн улсыг нэг талаар ойлгож болох л юм. Тэдэнд “Сайхан хооллоорой” гэж хэлбэл егөөг маань даанч ойлгохгүй.

Бага насны гурван хүүхдээ дагуулсан гэр бүл хоёр тасалбартай. Оногдсон талбайдаа багталцах гэж хөөрхөн мунгинана. Тоглолтын сүрхий чанга хөгжмөөс цочин багачууд уйлалдах нь цэцэрлэгийн өглөөг эрхгүй санагдуулна. Хүүхдэд тохирох үзүүлбэргүй танхимд хүүхдээ дагуулаад ирсэн эцэг эхчүүд өөрсдөө эг маггүй инээн сууцгаана. Сагсанбөмбөг тоглосон ч “инээдтэй харагддаг” хошин шогчдыг амьдаар нь үзсэн хүүхдүүд эхэндээ ямар ч шалтгаангүй ход ход инээлдэнэ. Гэвч тун удалгүй уйдаж орхиод хоорондоо ноцолдож гарсан даа. Тоглолт үзэхээсээ илүүтэй идэж уух чимээ, хүүхдүүд уйлах дуу, утсаар ярих мэтэд сатаарсаар суутал хоёр цаг өнгөрч, нэг л мэдэхэд тоглолтын хаалт болж байлаа. Хосоороо гучин мянган төгрөгөөр хоёр цаг зугаацах өөр газар одоохондоо манайд ховор бололтой.

В.Батцэцэг, Д.Батбаяр