Хаваржин уран зургийн галерейд үргэлжилсэн "Нэгэн зууны тэртээх Монгол Улс" үзэсгэлэнд тавигдсан түүхэн гэрэл зургийн хэсэг энэ байна. Одоогоос 99 жилийн өмнө буюу 1913 оны 7-р сарын 23-ны өдөр францын зурагчин Стефан Пассе Тасганы овоон дээр гарч тэр үед өнгөт зургийн цорын ганц арга байсан автохром дөрвөлжин камерийнхаа дуранг урагш чиглүүлж байгаад Нийслэл хүрээний ерөнхий байдлыг буулгажээ. Гайхалтай зураг. Бүр гайхалтай юм гэвэл дархан цаазат Богд уул 100 жилийн дотор огт өөрчлөгдсөнгүй. Оройгоороо яг өнөөдрийнх шиг битүү ногоон хүрэм. Дэлхий дулаарч халуураад ч захаасаа нэмж халцарсан юм алга. Дахиад 700 жилээр урагшлуулж төсөөлбөл, энэ ногоон хөндийгээр нум сум агссан морьтон эрс ийш тийш давхихдаа яг энэ зурган дээрх уулыг ширтэж, тэр голд нь торойх ганц толгойг харж явсан байж таарна. Хоорондоо ямар уул, юун толгой гэж хэлэлцдэг байсан бол?

Дашдоржийн Нацагдорж "Түүхийн шүлэг"-тээ "Хангай дэлхий хэвээрээ атал хүний явдал их хувирсан" гэж ямар үнэн хэлэвээ! Өнөөдөр энэ хөндийд сая хагас хүнтэй Улаанбаатар хот босч, тэр Зайсангийн ам барилгаар дүүрчээ.

Тээр тэнд 50-иад онд Голын цэнгэлдэх нэртэй модон стадион баригдаж хажууханд нь 1958 онд одоогийн Төв цэнгэлдэх хүрээлэн боссон. Тойроод том жижиг мухлаг, павильеонууд, зүлэг мод, цаашаагаа Туулын бургас, тэгээд Туул гол... Монголчууд бүгдээрээ цугларч наадсан ч багтахаар наадмын талбай энэ байжээ. Тэгвэл өнөөдөр Төв цэнгэлдэх, сур,  шагайн талбай гурав арай хийн тэсч үлджээ. Зүүн талаас нь өндөр орон сууцнууд таглаж, урд хойноос нь одоохондоо навтар барилга, хашаанууд сэмээрхэн шахсан энэ бүслэлт хумигдсаар. Зай талбай болгоныг хамгаалахгүй зарж, зам талбайг нь цардахгүй, зүлэг модыг арчлахгүй сөнөөж Төв цэнгэлдэхийг өөрийг нь хуучирч муудсан, багтааж шингээдэггүйгээр нь дуудан гутааж байгаад нэг л өдөр хөсөр хаямагц дараачийн өндөр барилгууд бүчээд авна.

2012 оны наадам сайхан болов. Үлдэж хоцорсон жаахан зайд чихэлдсэн ч гэсэн сайхан наадлаа. Наадам юм чинь. Гэхдээ өөрчлөх цаг болсон. Эмх замбараа, зохион байгуулалт, хугацаа, хуваарь, ядахдаа зар гэж алга. Төрийн хуультай, улсын баяр наадам атал есөн цагаан тугаа залахаас өөр олигтой ёслол, дэг жаяг тогтоолгүй өдий хүрчээ. Бүх юм барагцаагаар хааш яйш явах юм. Наадмын нээлт гэж жил болгон хэн нэгэн найруулагч дураараа өөрчилж суудаг концерт. Ерөнхийлөгчийн санаачилсан монгол ёсолгоог бэлдсэнгүй. Ноднин Монголын үндэсний бөхийн холбоо 6002 бөхийг Төв цэнгэлдэхэд зогсоон тоолуулж байгаад зодоглуулж Гиннесийн номонд оруулсан шиг сүр сүлдтэй ёслол үгүйлэгдлээ.

Гэхдээ энэ бүгдийг бий болгож, журамлаж болно. Гагцхүү наадамчид гишгэх газаргүй, наадам хотойх дэнжгүй болсныг яах вэ? Монгол наадам гэж монгол хүн ногоон зүлгэн дээр тааваараа сууж бөх, морь, сураа үзэхийг хэлдэг баймаар. Ногоон зүлэг, хотойх дэнж гэж Хүй долоон худгийг хэлээгүй шүү. Соёолонгийн тоосонд хийморио сэргээхээр очсон биш хэдэн арван мянган машины дугуйнаас босоод буусан өлөн шороонд битүү дарагдаад буцлаа. Саяхан төр солигдож наадмын талбайг үгүй хийсэн М.Энхболд даапаалж байгаа юм шиг баяр наадмын улсын комиссыг даргалахаа больж байх шиг. Уг нь Яармагийн дэнж дээр наадамлах байсан юм, даанч зарчихсан...

Хугацаа хоцорсон ч сонгуулийн сурталчилгааны хамгийн сүүлчийн ажиглалтаа сонирхуулья. 

Сонгуулийн сурталчилгааны төгсгөл буюу шөнө дундын мэтгэлцээн

6-р сарын 25-ны Даваа гаригт зарлагдсан “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг 22.30-аас хуваарьтай байсан ч нэр дэвшигчид минут, секунд бүрийг мөнгөөр зодож булаагаад, араас нь Ерөнхий сайд С.Батболд “Сайд ба сэтгүүлч” ярилцлагаараа оочир дайрснаас шөнө дундын 00 цагаас өмнөхөн ам мөчид амжиж эхэлсэн юм. Бичлэг байсан учраас чөлөөтэй хойшлуулжээ.

Сонгуулийн сурталчилгаа эхэлмэгц Төрийн ордноо хаяж “25-р суваг”-таа эргэж ирээд мэдээллийн хөтөлбөрөө өөрөөрөө эхлүүлдэг болсон З.Алтай гишүүн хөтөлж Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Ш.Гунгаадорж, Д.Содном гурав, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, С.Баярцогт, Д.Зоригт гурав, бас МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар оролцлоо. Харин санаандгүй байтал сонгуулийн сурталчилгааны гурван долоо хоногт тохиосон цорын ганц жинхэнэ мэтгэлцээн болчихов

Эхлэлийг С.Баярцогт гишүүн тавьж өөрийн намын мөрийн хөтөлбөр дэх татварын бодлогын заалтуудыг учир зүггүй магтангуутаа МАН-ынхыг нэг хувийн татвараас нь эхлээд баахан гоочлов. Д.Зоригт гишүүн “Манай намын мөрийн хөтөлбөрийг бид өөрсдөө тайлбарлая, тэх үү?” гэж өндөлзөөд өндөлзөөд барсангүй. Хөтлөгч З.Алтай дундуур нь орж“ цөмөөрөө бие биенээ шүүмжлээд яахав, мөрийн хөтөлбөрөө сайхан ярьцгаая, сонгогчид өөрсдөө дүгнэлт хийнэ биз” гэж усан яриа уруу хөтөлсөн ч С.Баярцогт үргэлжлүүлэн довтолж, Зоригт хариу барьж маргасны ачаар намуудын мөрийн хөтөлбөрийн уриа, лоозон, амлалтын тоо цифрүүд амь орох шиг болов. Манай топ сэтгүүлчид хүртэл улстөрчдөд гологдож байна шүү!

Дуу хөгжмийг нэгэнт хэтэрхий дээд, эсвэл хэт доод өнгөнөөс эхэлчихвэл тэр чигээрээ дуусгахаас өөр аргагүй юм гэсэн. Энэ удаагийн “Дуусдаггүй яриа” шууд өндөр авсны ачаар тэр чигээрээ үргэлжлэв. Муудалцаагүй, тэр тусмаа барьцалдаж аваагүй, тэр байтугай ихэнх асуудлаар санаа нийлсэн хэрнээ арга замуудыг сонгогдож авснаараа ялгарав.

Бат-Үүл баатар мэдээж орон сууцнаасаа эхэлсэн. Монголд хүмүүсийг сайн ажиллуулах ганц арга бол орон сууцтай болгох, Үүний тулд газрын доорх баялгийг газар дээрх үл хөдлөх хөрөнгө болгох хэрэгтэй тухай яриад “Орон сууцтай хүнээр ажил хийлгэх шал өөр. Өнөөдөр том компаниуд хүнийг орон сууцаар л татдаг болсон байна” гэлээ.

Монголчууд ажил голж байгаа шалтгааныг Ерөнхий сайдууд тайлбарлав. Д.Бямбасүрэн: Цалин их бага байхаас илүүтэйгээр нийгмийн баталгаа чухал. Манайд залуучуудыг барилга дээр хэд хоног ажиллуулчихаад элдвээр дуудаад хөөгөөд явуулчихдаг. Ш.Гунгаадорж: Манай хамаатны хүүхдүүд Солонгос яваад ирэхэд нь асуухад тэд 1. Цалинтай 2. Муу, сайн ч гэсэн орон байртай. 3. Маш дэгтэй, хонх дуугарахад юу ч хаяж байсан орхиод кофегоо цайгаа уудаг. Бүх юм нарийн зохион байгуулалттай учраас сайн ажилладаг гэсэн…

Дараа нь улстөрийн намуудыг барьж авлаа. “Өчигдөр Содном гуай “Ийгл” телевизээр ярихдаа “Монгол алт” шиг компаниудын төсөл дээр намуудын мөрийн хөтөлбөр тулгуурлах ёстой гэж хэллээ. Ингэж болохгүй. МАН баахан тэрбумтныг дэд сайдаар гаргаж ирсэн. Тэгтэл манай АН хүүхдийн парк дотор байшин барьсан Наранхүүг гаргаж ирсэн. Намуудын санхүүжилт маш ноцтой шүү” гэж Бямбасүрэн гуай хурцаллаа. Сонгууль болж үхэх сэхэхээ үзэлцэж байхад хүний өөрийнгүй хэлээд тавьчихна гэдэг тоглоом биш. Э.Бат-Үүл: “Нам гэдэг бол хүмүүсийн эвлэлдэж нэгдсэн арай соёлжсон хэлбэр. Эс тэгвэл отог омгийн, компанийн мэдлийн сум гарч ирнэ”, С.Баярцогт: “Германд парламентад суудалтай намыг л нам гэж үзээд төсвөөс санхүүжүүлдэг. Манай хөтөлбөрт ч тэгэж тусгасан. Намууд нэг байшинд орох ёстой”, Я.Содбаатар: Манай хөтөлбөрт нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад намуудаас гадна иргэний нийгэм оролцох боломжийг хангана гэж заасан…

Д.Бямбасүрэн дахиад өдөөв: Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт улс орны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх орчинг бүрдүүлэхэд их анхаарсан. Өнөөдөр манай хоёр нам хурдан өсөлтийн дон туссан байна. Гадаадын хөрөнгө оруулалт маш их байна. Бид барах уу? Миний тооцоогоор Монголыг 30 тэрбумын өрөнд оруулж магадгүй… Харин Ш.Гунгаадорж тийм алсад санаархалгүйгээр “Маргаашнаас хоёр нам халуун хөнжилд орнодоо…” гэж санаа алдсан бол Д.Содном “Сөрөг хүчний мөрийн хөтөлбөрт байгаа сайн юмыг авч хэрэглэх хэрэгтэй” гэж битүүхэндээ дэмжив.

Энэхүү “Дуусдаггүй яриа” шөнийн 02 цагт дууссан юм.

x        x        x

Энэ удаагийн сонгуулиар МҮОНТ сонгуулийн ерөнхий хорооны хуваарийн дагуу улстөрийн намууд, бие даан нэр дэвшигчдэд үнэ төлбөргүй, ерөнхийдөө ижил цаг гаргаж үйлчилсэн дээрээ нэмж “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр бөөн сурталчилгаа хийж өглөө. Сонгуулийн үйл явдлын мэдээ юмуу гэхэд сурвалжилсан хүмүүс нь зүс царай, нэр усаа огт харуулаагүй, намуудын штабаас ирүүлснээс зайлахгүй бичлэгийг зөвхөн намын ажилтны амнаас гарах тайлбартайгаар уншиж байлаа. Нэртэйгээр нь бас “Цагийн хүрд”-ийг намуудад тэгш хуваагаад өгчихвөл дээр байж. Тэгээгүйгээс Ардын нам ба Ардчилсан Намын нэр дэвшигчид хэт давамгайлж, бас Адьшаа зэрэг нэр дэвшигчийг дахин дахин (“Адьшаа нэр дэвшигчийн үнэмлэхээ гардав”, “Адьшаа сонгогчидтойгоо уулзлаа” гэх мэт) гаргах юм. Бүр Адьшаагийн сурталчилгааны нэвтрүүлгийг үзүүлж амжсан. Товчхондоо, зургадугаар сард олон нийтийн телевизэд сэтгүүл зүй гэж юмны шинж тэмдэг ажиглагдаагүй.

Нийт зургаан удаа мэтгэлцээн (үнэн хэрэгтээ ээлжилсэн ярианууд) зохион байгуулснаас оргил нь сонгуулийн сурталчилгааны хаалтаас хэдхэнц агийн өмнө болж урьдчилж сугалсан хуваарийн дагуу намуудын дарга нар мөрийн хөтөлбөрөө тус бүр 10 минут танилцуулж ярьцгаав. Цагийн тоолуурын минут нь дээшээ, секунд нь доошоо гүйсэн нь сонин харагдсан.

Хөгжлийн хөтөлбөр намын дарга О.Заяа, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, МСДН-аас дэд дарга Д.Энхзаяа, хуульч А.Эрдэнэбилэг,  Иргэний хөдөлгөөний намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Сүхжаргалмаа, дэд дарга Ж.Занаа, ИЗНН-ын дарга С.Оюун, С.Дэмбэрэл, МУНН-ын дарга Б.Батболд, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх (энэ намд өөр хэдэн хүн байдаг бол? Их хурлаа хийж байгаа зургийг үзэхсэн), Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат нар ээлжиллээ. Харин туг далбаагаа мандуулсаар гарч ирсэн Монголын ногоон намын О.Бум-Ялагч “Монголын ногоон нам өнөөдрийн мэтгэлцээнийг удаан хүлээсэн. Энэ мэтгэлцээнд Монгол Улсын төр барьж байгаа намууд, олон намууд сууж байгаад ардчилсан орны үзэл баримтлал, ёс зүйн хүрээнд бие биендээ асуулт тавьж олон нийтэд байр сууриа илэрхийлэх байх гэж бодсон. Гэтэл өнөөдөр нам болгонд тусад нь цаг өгөөд бид нарыг та бүхэнтэй харьцах бололцоо олгож байгаа нь нэг талаас зөв. Нөгөө талаас бусад намуудын булхайг илчлэх, тэдэнд ард түмнээс гараад байгаа асуултыг тавих бололцоо олгоогүй нь харамсалтай” гэж өдөөд авсан.

Дунд хавьд ярих хуваарь ногдсон Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд С.Батболд студид ирсэнгүй. Гэхдээ зугтаагүй, харин шал өөрөөр зүтгэж, хоёр талдаа туг хатгасан индрээс сонгогчдод хандсан бичлэг ирүүлснийг гаргалаа. Түүний яриа 5-6 минут үргэлжлээд үлдсэн хугацааг МАН-ын мөрийн хөтөлбөрийн тухай МАН-ын сэтгүүлч Д.Сарангэрэлийн амт шимтгүй тайлбараар дүүргэв. Оронд нь тэр Гүрбазараар цоллуулсан бол хавьгүй дээр байж. Ардын нам ингэж пээдийснээр хэдхэн мөчийн дараа заналт өрсөлдөгчийнхөө зууш болсон юм.

Төгсгөлөөсөө хоёр дахь нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл байж М.Энхсайхантай цуг гарч ирсэн Н.Энхбаяр шууд дайрлаа: Юуны өмнө ард түмэнтэйгээ шууд нэвтрүүлгээр дамжуулж уулзаж байгаадаа баяртай байна… Бид шууд та бүхэнтэй уулзахдаа… дуртай байдаг. Зарим намууд шууд уулзахаасаа айж байна. Жишээлбэл, Монгол Ардын намын удирдлага энд ирж уулзахаасаа, та бүхэнтэй уулзахаасаа айж байна. Бичсэн бичлэгээ ирүүлж байна. Видео телевизээр гаргаж байна. Энийг би өнөөдрийн Монгол Ардын нам, Ардчилсан нам эдний удирдлагууд ярих зүйлгүй болсон байна. Айж эмээж байна гэж бодож байна. Айсан эмээсэн хүмүүс сонгууль будлиулж магадгүй. Ялангуяа Монгол Ардын нам…

Мэтгэлцэхэд хамгийн сүүлд дуугарсан нь давуутай. Ямар аз тохиосон юм бүү мэд, ийм завшаан Ардчилсан намд таарч Н.Алтанхуяг ийн дарга нь гарч гурван минут ярив. Юу ярьсан нь хамаагүй, өөрийн биеэр ирсэн нь хангалттай байв. Араас нь АН-ын нэр дэвшигчдийн мэндчилгээ.

Ингэж сурталчилгаа дуусахаас хэдхэн минутийн өмнөх Ардын нам баруун, зүүн талаасаа хоёр удаа хүнд цохилт авч амжих нь тэр.

x        x        x

Хичнээн тэсэхэв, сурталчилгааны сүүлчийн хэдэн орой телевизийн дэлгэцээр ядахдаа ганц нэг “гүтгэлэг” үзэгдэх боловуу гэж хүлээсэн ч нам тайван өнгөрлөө. Мөнгө, архи тараасныг барьж авсан тухай төлбөртэй хэдэн бичлэгийг эс тооцвол. Гэхдээ үнэхээр тарааж харагдаад, амьд хүмүүс гэрчилж ярьсан тул гүтгэлэг биш.

Уг нь төрд гарч төрөл арилжих санаатай хүмүүсийг зад “гүтгэх” байсан юм. Сонгогдвол ингэнэ тэгнэ гэж худлаа нээрээ амлахыг хэн ч чадах учраас нам, нэр дэвшигчдийн урьдын явдлыг дэлгэх нь тэднийг таних ганц найдвартай арга билээ. Хүн хүмүүждэггүй. Хулгайч хэзээ ч хулгайч хэвээрээ үлддэг. Дээшээ гарчихвал хулгайлах мөнгөний тоо л өснө. Алуурчин Их хуралд бус Ганданд суугаад нүглээ намчинчилбал таарна. Урвагч бол урвагч. Эзэн Чингис өөрөөс нь байтугай дайснаас нь урвасан этгээдийн толгойг тас цавчуулдаг байсан. Дээрээс нь намуудын жагсаалтаар бидний сонгоогүй хэсэг хүмүүс сонгогдлоо. Тойрогт нэрээ дэвшүүлсэн бол ихэнх нь ямарч найдваргүй байсан.

Ингээд худлаа амлагч, үймээн дэгдээгч, авлигач, хуулийн хулгайч, бас хувьцааны хулгайч, газрын наймаачин, дахиад газрын наймаачин Их хуралд залрах нь тэр. Уг нь намууд улстөрийг замбараатай, бодлоготой, хамгаас чухал нь хариуцлагатай болгох учиртай. Гэтэл огт өөр газарт суух ёстой хүмүүс намаар дамжаад Төрийн ордон дотор суудлаа эзэлжээ. Лав газрын мафийнхан хоёр намыг тэгнээд хэвтчихэв.