Нэг нөхөр Фейсбүүкээр санал асуулга явуулжээ. Монголын хамгийн шилдэг охидын хамтлаг аль нь вэ? гээд дөрвөн нэр жагсаасны дотор Crash bash явж байна. Зарим уншигчиддаа танилцуулахад энэ бол хөвүүдийн поп хамтлаг л даа. Харин тэднийг харвал өнөөгийн өсвөр насныхны нийтлэг донж төрхийг илэрхийлэх эр хүнд дэндүү цэмцгэрдсэн гэмээр “хөөрхөн” залуус. Чухам ийм дээрээс л тэднийг “охид”-ын тоонд оруулжээ. Гэхдээ тэд гей гэгдэгчид бус, Өмнөд Солонгосын поп урлагийн монгол тусгал юм. Монголын залуусыг гоёхон мөртөө турьгүй харагдуулах болсон энэ үзэгдлийн эрч өнөөдөр суларч байна.

1.    Далайн таталт

Солонгосын давалгаа-Энэ нэр томъёо 1999 оны дунд үеэс үүдэлтэй. Хятадад солонгос поп дуу хит болж байгаа тухай Мунхва Илбо (Munhwa Ilbo) сонины нэгэн нийтлэлд “Солонгосын давалгаа” гэдэг хоршоо үгийг анх хэрэглэжээ. Давалгаа эхлэхийн өмнө далайн таталт маягийн үзэгдэл болсон байдаг. 1987 оныг хүртэл Өмнөд Солонгосынхоос бусад аль ч компани гадаадын кино импортлох, гаргах эрхгүй явж иржээ. Гэвч Америкийн шахалтаар Өмнөд Солонгосын засгийн газар Холливүүдийн студиудэд киногоо гаргах эрх олгохоос аргагүйд хүрэв. Ингээд 1988 оноос орон нутгийн театрууд ертөнцийг аврахаар төрсөн америк баатруудаар дүүрсний гайгаар 1994 онд үндэснийх нь арваад кино импортлогч амь тавьжээ. Холливүүдад эзлэгдсэн үндэснийх нь кино үйлдвэрлэл 1991 он гэхэд бараг мөхөж байлаа. Шинэ тутам дэлгэрсэн хиймэл дагуулын олон гадаад суваг ч үүнд нэрмээс болсон. Удалгүй 1997 оны Азийн хямрал нөмөрч Солонгосын эдийн засаг, тэр дундаа медиа салбарыг нь сэхээнд оруулав. Олон Улсын Валютын Сан мэдээж дусал залгасан л даа. Гэхдээ медиа салбар нь бараг л өөрийн хүчээр амь орсон юм.

Солонгосын урлаг соёлын салбар хүчээ авахад хоёр хүчин зүйл нөлөөлжээ гэмээр харагддаг. Эхнийх нь, 1993 онд дэлгэцнээ гарсан, ардын дуучин хос орчин цагт хоолоо олж идэх гэж зүдэрч яваа түүхийг өгүүлдэг Sopyonje киног 10 сая хүн үзэж, үндэсний кино үйлдвэрлэлийн сэргэлтийг зөгнөжээ. Канны наадмаас шагнал хүртсэн эл бүтээлээс урам авсан засгийн газар нь 1994 оны илтгэлдээ кино үйлдвэрлэл үндэсний эдийн засагт нь нэмэртэйг дурдсан байна. Дурдаад зогсохгүй медиа үйлдвэрлэлийг улсынхаа стратегийн салбар болгохоор заалаа. Эндээс солонгосчууд урлаг соёлыг эдийн засгийн салбар юмаа гэдэг ойлголттой болжээ. Төдөлгүй, 1999 онд Холливүүдийн жишгээр бүтээсэн Shiri блокбастерийг нь Титаникаас олон хүн үзэж гайхашруулав. Ингээд түрлэг эхэлж улмаар Солонгосын давалгаа хуйларлаа.

2.    Далайн түрлэг

Нийслэл нь Сөүлтэй ах дүүгийн барилдлагатай, гудамжаараа дүүрэн солонгос гуанзтай, залуус нь Солонгосын хэв маяг руу хязгааргүй тэмүүлсэн Монголын иргэн бид Солонгосын давалгаа гээчийг өнөө хэр сонсоогүй яваа. Товчхондоо бол, энэ зуунд засгийн газрынхаа гүн дэмжлэг дор Өмнөд Солонгосын медиа компаниуд үйлдвэрлэн, голчлон Азийн орнуудад дэлгэрүүлсэн масс соёлыг ингэж нэрлэдэг. Солонгосын кино, поп хөгжим мэтийн урлаг-соёлын бүтээгдэхүүний экспорт эдийн засагт нь унацтай байгаад зогсохгүй улс орных нь нэр төрд ч эерэг нөлөө үзүүлж байгаа юм. Иймээс Өмнөдийн засгийн газар нийтийн соёл экспортлоход асар их анхаардаг болжээ. Засгийн газар нь голлох үүрэг гүйцэтгэж байсан нь зуурдын шалтгаан. Солонгосын масс соёл нийтийг хамарсан нөгөө нэг нөхцөл нь хамгийг залгигч даяаршлын аюул занал мэт санагддаг. Гэхдээ солонгосчууд үндэснийхээ хувцастай поп дуулахын оронд Өрнийн соёлын хүчирхийлэлд өөрийнхөө өнгө будгийг холин таашаал эдэлжээ гэмээр.

Солонгосын масс соёлыг харахдаа бид тэдний кино урлагаар жишээлбэл илүү ойр тусна. Өвлийн хайрын дуу, Тэ Жан Гүм... энэ нэрс монгол хүний чихэнд ойр сонстоно. Ганц манайд ч бус Азийг дэлгэцийн өмнө уясан. Хавар, зун, намар, өвөл... дахиад хавар, Эх зэрэг нь ч өөрсдийгөө кино мэддэг гэж боддог европынхон дунд ч алдарыг олжээ. Дэлгэцийн бүтээлээс гадна k-pop буюу Солонгосын поп дуу ч экспортын сайн бүтээгдэхүүн билээ. Америк попыг Ази өнгөөр сүлж, донж нэмсэн нь Өрнийн масс урлагт шимтэгч Дорнын зах зээлийн чихэнд наалдацтай байлаа.

3.    Далайн давалгаа

Солонгосын медиа барааны борлуулалт сайн байгаад олон шалтгаан бий. Адаглаад үзэгчдийн нас хүйс, үнэт зүйл, дур сонирхолтой салшгүй холбоотой. Гол нь “Сайхны өмнө харц буруугүй”. Солонгосын жүжигчид, дуучид эр эм аль нь ч дэндүү гэмээр царайлаг улс. Монгол төрхт эрсийн гоо үзэсгэлэнгийн жишиг болохоор залуус Азийн аль ч насны эмэгтэйн сэтгэлд дотно тусах нь гарцаагүй. Өндөг шиг өөгүй, зүслэг эрс хүүхнүүдийн зүрхэнд хоногшиж, олон ангит киноны баатрууд бүсгүйн уран зөгнөлөөр ханхүү болно. Солонгосын цуврал кинонуудын эмзэг, уяхан, үнэнч эрэгтэй дүр эмэгтэй үзэгчдийг илүү ихээр татдаг.

Мөн Солонгосын олон ангит кино бусад орны ижил төрлийн бүтээлээс харьцангуй хямд байдаг. Ухаан нь, 2000 онд Японы телевизүүд Хонконгийн цувралаас 1/10 бага үнээр худалдан авсан байна. Хямд байна гэдэг амжилтын цорын ганц үндэс хараахан биш л дээ. Ким Юна хэмээх эрхмийнхээр бол телевизийн солонгос бүтээл дөрвөн давуу талтай гэнэ. Юун түрүүнд, ихэнх ази үзэгчийн сэтгэлийн утсыг хөндөхөөр хүчтэй үйл явдалтай. Удаад нь, Азийн олонх хотын дунд ангийн үзэгчдийн хөгжил дэвшил гэж төсөөлдөгтэй давхцах тийм тайзыг харуулдаг. Гуравдугаарт, баруунжиж буй азийнханд ойр гэр бүлсэг харьцаа, хүн ахтай дээл захтай гэдэг Дорнын уламжлалт дэвсгэр дээр үйл явдал өрнөдөг. Эцэст нь хүн ардыг дэнслүүлэгч улс төрийн болоод нийгэм-соёлын зөрчилдөөнийг чадварлаг ашигладаг гэнэ. Харин минийхээр бол дээрхээрээ үзэгчийг татахаас гадна Солонгос орон болоод ард түмнийг эерүү талаас нь таниулдаг бас нэг ач тустай.

4.    Давалгааны хаялага

Өмнөд Солонгосын засгийн газар медиа салбараа экспортын орлогын томоохон эх үүсвэр болгож харахдаа үндэснийхээ имижийг ч давхар бодолцжээ. Өдгөө аль аль нь амжилттай явж байна. Олны шүтээн болсон одод нь бусад бизнестээ ч хаялагтай. Тэр дундаа аялал жуулчлалд нь ашиг ихээр авчирсан аж. Өвлийн хайрын дуу кино гарснаас хойш Азийн үзэгчид хайртай баатруудынхаа гишгэсэн халуун мөрөөр алхах гэж олноороо энэ хойгт очжээ. Улмаар аялал жуулчлалын компаниуд нь ч зах зээлийн хандлагыг олж хараад “Солонгосын шилмэл цувралын замаар хийх аялал” гэх бүтээгдэхүүн ч бодож олсон байдаг.

Харин попын одод нь хооллолт, хувцаслалт, үс засалт, нүүр будалт мэтийн өдөр тутмын хэрэглээнээс гадна гоо сайхны мэс заслаар ч үзэгчиддээ асар нөлөөлсөн юм. Улаанбаатар төдийгүй Азийн томоохон хотуудын гудамжинд шүтэн бишрэгчээ аль чадлаараа хуулсан “солонгос залуу”-тай олонтаа таарна. Солонгос оддын зураг хөргөөр цүнх сав, гар утсаа гоёхоос гадна эх хэлийг нь сурах явдал ч сүүлийн жилүүдэд манайд эрс нэмэгдсэн. Энүүхэндээ гэж хэлэхэд манай телевизүүдээр гардаг Солонгос цувралын орчуулга бусдаас хувь илүү байдаг. Захын монгол одоо “сайн уу”, “баярлалаа”, “баяртай” мэт үгийг солонгосоор мэдэх болжээ.

Солонгосын давалгаа эдийн засгаас гадна үндэстэндээ нааштай үнэлгээ авчирсан нэг жишээ бол жилээс жилд олширч байгаа Зүүн Өмнөд Азийн бэрүүд билээ. Бүх солонгос эрсийг дэлгэцээр дурласан баатар шигээ санасан, киноноос харснаа тэдний амьдралын ерөнхий түвшин гэж ойлгосон бүсгүйчүүд очсон хойноо амаа барих нь их. Гэхдээ дэлхийн түвшинд гарсан зарим од нь, тухайлбал Өвлийн хайрын дуугийн гол баатар Бэи Ён-жүүн нэг кинонд таван сая ам.долларын гэрээ байгуулсан бол өөр арваад жүжигчин жилдээ 10 сая ам.долларын гэрээ хийсэн юм. Хамгийн сүүлд, Рэйн нэрээр дэлхийд танигдсан Жун Жи-Хүүн өнгөрсөн жил TIME сэтгүүлийн оны 100 хүнд багтжээ.

5.    Даварсан давалгаа

Өдгөө энэ давалгаа 12 балл хүрч, эргээд өөртөө балаг тарьж мэдэхээр боллоо. Толгой эргэм ажилтандаа мансуурч Азийн бүх соёлын эх нутаг мэтээр өөрсдийгөө үзүүлэх болсон нь бусдынхаа дургүйг хүргээд эхлэв. Чухамдаа бол хамаг байдгаа Хятадаас зээлдсэн атлаа монгол төрхтний суут төлөөлөл мэтээр гайхуулж байгааг нь харсан захын монгол гэртээ эгдүүцэж суугаа. Харин Хятадын засгийн газар олон нийтийн мэдээллийн хэрэгслийнхээ эфирт эзлэх Солонгосын медиа бүтээгдэхүүний цагийг багасгах шийдвэр гаргаж, цаашлаад импортоор авахыг ч тас хорих гэнэ. Мөн Вьетнамын засгийн газар Солонгос-Вьетнам хамтран оролцоогүй бол Солонгосын ямар ч шоуг нэвтрүүлэхгүй гэдэг хууль баталсан. Тайван ч бас хоцролгүй гадаадын шоуны эфирийн цагийг хорогдуулсан аж.

Солонгос одын удамших тавилангүй гоо сайхан болоод уярам сайхан романтик занд ази хүүхнүүд унаж тусдаг бол эрчүүд нь харин ч бүгд үзэн яддаг. Хүүхнүүд нь заяасан төрхөөрөө яваа нутгийн эрсээ тоож харахгүй байгаа нь адаглаад доромжлол шүү дээ. Арван жил оволзсон давалгааг одоо эргээд харвал түмпэнд хийсэн ус шиг гүехэн байсныг үзэгчид олж мэдлээ. Жүжигчид нь солигдохгүй шахам олон ангит түмэн киноны үйл явдал нь ч Үнсгэлжингийн үлгэрийн хямдхан хуулбар байж. Хүнсий ногоогоор мөнхийн рашаан бэлтгэдэг Тэ Жан Гүм, дэлхийг чирүүлж асан Квантуны армийг нүцгэн гараараа нүддэг Ким Ду Хан бусдын бардам занг хөнджээ. Ингээд 2005 оноос эхлэн Өмнөд Солонгосын соёлын бүтээгдэхүүний эрэлт багасав. Хөгжим, киноны экспорт нь ганцхан жилийн дотор 20 хувиар унасан бол үүнийг дагаад аялал жуулчлалын орлого нь хоёр жилд 40 хувиар хорогджээ.

Өдөр болгон гурилтай шөл идлээ гэдэг шиг нэг зүйлийг ахин дахин үзээд, сонсоод байх хэнд ч уйтгартай. Солонгосын давалгаа эрчээ алдсан нэг шалтгаан нь энэ. Нөгөө нь эх сурвалж руугаа нулимсан тэнэглэл. Хятад угшилтай күнзийн суртлаас үүдэлтэй үндэсний үнэт зүйлээ арай л гэмээр дөвийлгөсөн нь хамгийн том зах зээлээ алдахад хүргэсэн. Гэхдээ Өмнөд Солонгосын Соёлын агуулгын агентлагын Ерөнхийлөгч Ко Сук-ман өнөөдөр соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр есөд яваагаа чамалж, улам шинэчлэн сайжруулж тавдугаарт орох бодолтой яваа гэнэ. Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг хойно, зөв. Солонгын өнгөөр соёлоо баяжуулсан туршлага тэдэнд бий юм. Харин Солонгосын давалгаа өөр нэг соёлоор өнгөө солихын цагт бид ямар соёлтой сууж байх нь л сонин?