Л.Гантөмөрийн зөв
Л.Гантөмөрийн зөв
Монголд өнөөгийн байдлаар чухалд эрэмбэлэгдэж буй асуудлуудын нэг яах аргагүй боловсон хүчний буюу хүний нөөцийн бодлого болоод байна. Энэ болбидний хааш яайш хандаж, өм цөм алдсан бодлогуудын маань нэг мөнөөс мөн. Боловсон хүчний бодлогоо цэгцтэй, олон улсын жишгээр, бас Төрийнхөө нурууг гудайлгачхалгүй аваад явчих тал дээр манай Төр хайнга ханджээ. Энэ нь өнөөдөр салбар бүрд чадварлаг, мэргэжлийн ажиллах хүчний асуудал хурцаар тавигдаж байгаагаар илэрч байна. Боловсон хүчнээ бодлогоор, системтэйгээр бэлтгэдэг Төрийн уламжлал тасарч, оронд нь намууд дур зоргоороо тонгочдог болоод 30 гаруй жил явчихсан улс шүү дээ. Одоо яаж энэ алдагдсан бодлогуудаа ухаалгаар нөхөж авах вэ гэдэг нь өөрөө Төрийн засаж залруулах, цэгцлэх ажлын нэг болчхоод байгаа юм.
Гэвч намууд хүний нөөцийн бодлого гэх энэ ойлголтод шинжлэх ухаанч байдлаар биш юм гэхэд зарчимтай хандаж төлөвшөөгүй хэвээрээ. Одоогийн байдлаар МАН нь Удирдлагын академи, Төрийн албаны зөвлөл зэрэг институтуудтай хамтын ажиллагаа үүсгэн энэ алдагдсан бодлого дээрээ ажиллах гэж оролддог бол АН нь бүр хаячихсан. Бусад улс төрийн хүчнийхний тухайд энэ сэдвээр ярих боломжгүй байдалд байна.
Ажлын байрны хэрэгцээ, шаардлагад нийцсэн чадварлаг, мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх нь өөрөө Төрийн нэг чухал бодлого байдаг. Өнөөгийн Засгийн газар “Төрийн албаны шинэтгэлийн бодлого” -оо шинэчлэн зарлаад ажиллаж буй ч төрийн албаны хүний нөөцийн бодлого зохицуулалтаа замбараагүй хаячихын ирмэгт тулж ирээд байна. Учир нь тэд засагт хамтарсан намуудынхаа ая талыг хангах гэж багагүй зүдэрч байгаа. Үнэн хэрэгтээ энэ дотоод байдал нь манайх шиг яарч буй, манайх шиг алдагдсан боломжуудаа нөхөх гэж зовж байгаа улсын хувьд инээдтэй, ахуйн шинжтэй асуудал.
...Гэвч аливаа улс, үндэстний хөгжил, цэцэглэлтэд хүний нөөцийн хөгжлийн асуудал, тэр дундаа төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, гүйцэтгэл нь чухал үүрэгтэй байдаг гэдгийг шийдвэр гаргаж буй нөхдүүд зарчим болгох ёстой биз. Одоогоос 26жилийн өмнө тэр үеийн МАХН буюу одоогийн МАН-ын генсек “Ардчилсан намынхан манай намынхныг сонгуульд ялж гарч ирээд хуйгаар нь гудамжинд гаргасан. Дараагийн сонгуульд манай нам ялбал яг адилхан хариу барина” гэж хүртэл мэдэгдэж байв. Генсек бол намын зовлон жаргалыг авч явдаг, намын гишүүдтэйгээ яг нүүр тулж ажилладаг адармаатай алба. Аргаа бараад л тэгж хүртэл мэдэгдэл хийж байсан байх. Чухам энэ үеэс намууд төрийн албанд хайр найргүй, төрийн гэх уламжлалт бодлогогүйгээр халдаж эхэлсэн. Ёстой шүдийг шүдээр...гээд л хоморголон халж, өөр өөрсдийн намын хүмүүсийг мэдлэг туршлага үл харгалзан сонгуулийн мөчлөгөөр ирж буцдаг болгон дайвалзуулж хаясан.
...Өнгөрсөн долоо хоногт миний эргэн дурсаж буй дээрх явдлыг санагдуулсан, бодит зовлон үнэртүүлсэн мэдэгдлийг Ардчилсан намын дарга Л.Гантөмөр хийлээ.
Тэрбээр:
-Менежер гэх статустай 400 алба хаагч төрд нэмэгдлээ. Зарим төрийн өмчит компани гурав хүртэлх орлогчтой боллоо гэх мэдээлэл байна. Танай намаас хэдэн хүн томилогдож байгаа вэ? ...гэсэн сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариулжээ.
-Яг АН-аас хэдэн хүн томилогдож байгааг мэдэхгүй байна. Зарчмын хувьд төр харьяандаа байгаа компаниудаа хянахгүй бол тэнд хулгай зэлгий нүүрлэсэн гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Компаниудын бүтээмжийг сайжруулахгүй бол татан буулгах шаардлага үүсэж байна. Нэг үгээр хэлбэл Засгийн газар өөрөө компаниуд дээрээ очиж ажиллаж байна гэсэн үг. Энэ нь гэхдээ нэг их урт хугацааны ажил болохгүй гэж би бодож байгаа. Компани цаашид хоёр чиглэлээр явна. Нэг нь, Эрдэнэс монгол уул уурхайн компаниудын нэгдэл. Нөгөөх нь, Эрчис монгол. Энэ нь уул уурхайн бусад дэд бүтцийн салбаруудын компанийн нэгдэл байна. Энэхүү хоёр компанид үр ашигтай компаниудаа нэгтгэе гэж байгаа юм. Тэгэхгүй бол компаниуд энд тэнд хэдэн тэрбумаар нь мөнгө хэрэглээд байдаг, бүтээмж байдаггүй. Дээр нь өрсөлдөх чадвар нь сайжирдаггүй. Тэгсэн хэрнээ улсын эдийн засаг дотроо их том орон зайг эзлээд байдаг. Тийм учраас бид төрийн өмчийн хариуцлагатай байдал, нийтийн өмч рүү шилжих шилжилт, менежмент, удирдлагыг сайжруулахын тулд бүтээмжийн менежер, хяналтын менежер томилох шийдвэрийг Засгийн газар дээр гаргасан.
-Хяналтын менежер АН-аас томилогдож байгаа гэсэн үү?
-Уг нь АН-аас томилогдох ёстой. Гэхдээ би тэр процессыг мэдэхгүй байна. Яг томилохдоо Засгийн газар санал болгоно. Тэгээд ТУЗ, захирал, бүтцийн өөрчлөлт гээд олон юм болох байх.
-АН-ын гишүүдийг ажил албан тушаалд томилохгүй байна гэх шахааны үндсэн дээр томилж байгаа юм биш үү ?
- Манай АН-ын гишүүд дунд тийм яриа, санал байгаа. АН-ын гишүүд найман жил төрийн албанаас хасагдсан. Намаар гадуурхагдсан. Үүнийг бүх ард түмнээрээ мэдэж байгаа биз дээ. АН-ын гишүүн эсвэл АН-ын гишүүдийн үр сад төрийн алба болоод бусад албанд орохгүй явж ирсэн. Хавтгай ярьж байгаа шүү дээ. Хамтраад засаг барьсан юм бол доошоо эдгээр хүмүүсийг ялгаварлан гадуурхдаг байдлыг одоо зогсооё...гэж хариуллаа.
...Дээрх яриаг хүмүүс янз бүрээр л хүлээж авч харагдана. Гэхдээ Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн үг худлаа үг биш. Энэ үгнийх нь хариуд “төрийн албанаас намууд савраа тат” , “муусайн АН-ынхан хэзээ ажил хийж чаддаг байсан юм”, “Эд төрийн албаны шинэтгэлийн бодлогыг нь ингээд унагаад хаях нь тодорхой боллоо” гэх мэт сэтгэгдлүүд хөвөрч байгаа ч туулсан амьдралын үнэн дээр бол тас зогсоох үг МАН-д ч, олон нийтэд ч байхгүй.
Сүүлийн найман жил манай намын гишүүд төрд ажиллаагүй, үндсэндээ гадуурхагдсан шүү дээ...гэх Л.Гантөмөр даргын үгэнд намын гишүүдийнх нь хоолой зангирч байгаа нь аргагүй.
Нөгөө талаас монголын нийгэмд бий болчихсон энэ боловсон хүчний бодлогын гажуудлыг өнөөдрийн залуус хийчхээгүй. Тийм болохоор яагаад ийм болчихсон юм гэх мэт асуудлыг тэд тэгтэл нарийн авч үзэх ч үгүй. Залуус маань “ Монголд мөнгө хийх хоёрхон л арга байна. Уул уурхайгаар мөнгө хийх, мөн улс төрөөр мөнгө хийх” гэж ярьдаг болсон байна. Зөвхөн ярих ч биш, бүр ойлголт болчихсон юм билээ.
Уул уурхайгаар мөнгө хийхийн тухайтад бол лиценз олж авлаа, зээл авч чадлаа, ухаж чадлаа, борлуулж чадлаа. Үр дүнд нь мөнгө бий болно. Тэгвэл, улс төрөөр яаж мөнгө хийдэг вэ хэмээн асуухад “...Эрх мэдэлтэй боллоо, сонгогч олонд таалагдсан жаахан ажил хийлээ, ард түмний амьдрал бага боловч дээшиллээ, улстөрчийн замнал ч мөн л дээшилж явдаг. Бас тэр уул уурхайн “чадлаа” гэдгийг ч улс төрийн эрх мэдэл зохицуулж явдаг. Улс төрийн нам ч энэ бүгдийн төлөө сонгуульд оролцдог биз дээ” гэж хариулж байна. Үгүй ээ, тийм биш шүү дээ гэж онолын цагаан тайлбар хөврүүлээд тэд сонсохгүй.
Ийм хатуу бодолтой гишүүд нь намдаа шахалт үзүүлж байна. Хэрэв улс төрийн нам сонгуульд амжилт үзүүлж чадсан бол үр шимийг нь ч хүртэх ёстой. Насаараа намынхаа төлөө, намдаа үнэнч явсан гишүүд нь төрд ажилд орж, улс орныг удирдалцаж, улсынхаа хөгжлийн төлөө ажиллаж, түүнийхээ үр шимийг хүртмээр байна гэж тэд намдаа хэлж байгаа. Намын дарга нь ч хүлээж авч байна.
Ахуйн шинжтэй түүх ярихад Ардчилсан нам энэ тал дээр маш хойрго ханддаг. Ах нар нь өөрсдөө улс төрийн өндөрлөгт хүрчхээд гишүүдээ тоохгүй хаядаг уламжлалтай. Анх М.Энхсайханыг 1996 онд Ерөнхий сайд болсны дараахан кабинетынх нь зарим гишүүн “ Төрийн эрхэнд гараад ирэнгүүт ардчилсан холбооны муусайн партизанууд хүртэл ажил нэхдэг байна шүү” гэж ирээд басамжлан инээж байж билээ. Энэ үеэс өөрсдийгөө элит гэж үздэг эгнээ энэ намд үүсэж эхэлсэн төдийгүй, доод суурь хэсгээ партизанууд гэх зэргээр өөрсдөө ангилж, үл тоож эхэлсэн юм. За, тэгээд Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг...гээд өөр хэн байдаг юм, бүгд гишүүдээ хаясан. Н.Алтанхуяг энэ тал дээр нутаг усны үзэл давамгайлсан ч арай дээр хандлага тээж байсан болов уу. Доошоо эрх мэдэл бүхий том албан тушаал хашиж байсан бусад нь ч энэ ойлголтыг элгэндээ авч яваагүй. Тэдний энэ сэрүүн хандлага доод шатаа баллаж хаясан. Хөдөө орон нутагт Ардчилсан намын гишүүд ямар байдалтай аж төрцгөөж, яаж адлагдаж амьдарч ирснийг бид мэднэ. Сүүлдээ бараг АН-ын гишүүн гэхээсээ ичдэг болоод дуусаж байгаа бололтой юм билээ. Аргатай, зальтай нь ах дүүсээрээ хоёр намд хуваагдаж ороод сум орон, баг бригадын даргаа ээлжилж аваад явдаг ч болсон байх шиг.
...АН-ын лидерүүд гишүүдээ төр засгийн ажилд итгэж тавьдаггүй. Харин ч эсрэгээрээ доод шатнаасаа эхлээд МАН-ын, амаараа дүүрэн ардчиллыг зүхээд гүйж явсан хүмүүсийг л сум орныхоо толгойд залсаар ирсэн нь түүх юм. Сонгуульд ялж, өөрсдөө дээд түвшинд эрх мэдэл олж аваад л хэдэн муусайн гишүүдээ элдвээр хэлээд, ажил алба хүсэх, сайхан амьдрал мөрөөдөх сэтгэлийг нь мохоогоод, буурин дээр нь орхидог зантай. Хүний үнэргүй гэмээр ийм зуршил энэ намд бий. Ардчилсан хувьсгалд оройлон оролцож, түрлэг нь болж, мөрөө өгч гишгүүлэн томчуудаа дээш нь өргөж явсан, хамаг сэтгэл зүрхээрээ тэмцэж явсан хүмүүсийн ихэнх нь зольсон бүхнийхээ үр шимийг ч хүртэж чадалгүй бурхны оронд очсон. Нийгмийн өөрчлөлтийн асар том үр дүнг гардан хийлцсэн хүмүүс нь ингэж дууссан гэхээр гашуун байгаа биз. Нэгэн үеийнхний амьдралыг үрж хийгдсэн өөрчлөлт шүү дээ.
...Энэ намын ах нар ийнхүү эгэл бор гишүүддээ итгэж байгаагүй учраас ийм төлөвшилтэй айл болсон. Үүнд өөрсдөө буруутай. Тийм ч учраас өнөөдрийн Л.Гантөмөр даргын үгийг гишүүд нь эмзэглэл дүүрэн хүлээж авч байна. Тэгэхээр Л.Гантөмөрийн зовлон жаргал сүлэлдсэн үгс өмнөх үеийн дарга ах нарт нь ч, гудамжинд алхаж яваа эгэл хэсэгт нь ч олон бодлыг хөврүүлж байгаа бололтой.
...Төгсгөлд нь:
Ер нь бол намын гишүүн төрийн албанд ажилладаг жишгийг монголын төр халах ёстой. Намуудын энэ алдаатай бодлого төрийн албыг чадваргүй, сул дорой болгосон. Намын томилолт, намын шахаа нэрээр яг одоо ч Засгийн газрын зарим сайдууд дундуур нь хутган гүйж, төрийн албыг самарч байгаа. Төрд мөрөөрөө ажиллаж байгаа олон арван залуусыг тэд эгдүүцүүлж, урмыг нь хугалж байна. Ажил хийлгэдэггүй, дур зоргоороо дарамталдаг, дуртай үедээ хөөж туудаг байдал хавтгайрч байна. Энэ хорон юмаа “АН-ынхан шахаад байна” гэх мэтээр хутган хэрэгжүүлж буй жишээ ч олон арваараа гарч байна. Чоно борооноор гэдэг дээ...
Л.Гантөмөр дарга намынхаа залуу гишүүдэд төрд ажиллаж, мэдлэг оюунаараа өрсөлдөх боломжийг олгохын төлөө ажиллах хэрэгтэй. АН л гарч ирвэл ямар нэгэн том албан тушаалд очдог тогтсон хэдэн нөхөр энэ намын залуу үеийг өнөөдөр төлөөлөхгүй. Тиймээс томилгоонууд тань шударга, басхүү зарчимтай явж байж төрийн албаны нуруу нахилзахгүй, иргэдийн дургүйцлийг ч төрүүлэхгүй шүү дээ. Өчнөөн жил төрд ажиллахдаа ялгарч чадаагүй, хөгжөөгүй, өөрөө хүч чадалгүй дунд шатанд цалин аван үлбийж суусан нөхөр гэнэт намаа ялангуут даргын чадвар суучихна гэж байдаггүй юм.
Нам нь гарахаар төрийн албанд хурган даргын сэнтийд ирж суучхаад, нам нь буунгуут яваад өгдөг усны шувууд шиг нөхдүүдээ битгий төрийн албанд шургуулж байгаарай. Үнэндээ хийсэн, бүтээсэн юмгүй намын далбаан дор зүгээр л завшиж амьдардаг хүмүүс намуудад олон юм даа...гэх уншигчийн сэтгэгдлээр энэхүү бичвэрээ өндөрлөе.