Бурхан Буддагийн талаар мэддэггүй монгол хүн бараг байдаггүй дээ. Бараг монгол хүн бүр л дор бүрнээ “лам” байх шүү. Ялангуяа Цагаан сарын өмнө, хойно бол. Энд би ямар нэгэн шашны ном таниулах гэсэнгүй, ердөө үзсэн харснаа шарын шашинд гэгээрсэн монголчуудтайгаа хуваалцаж байна. Хонконг дахь найз Я.Ариунболдындоо зочлох далимаараа эхнэр, хүү бид гурав гарчигт өгүүлсэн тэр дэлхийн хамгийн том Буддагийн хөшөөнд зочлон очсон фото цомгоо сонирхуулж байна. Гэхдээ бяцхан тайлбартай, тэр тайлбарыг тойрсон маргаан мэтгэлцээн ч өрнүүлж болох мэт.

Эрт галав үед фото зураг гэж байсан биш Будда гэж чухам хэн байсан юм гэдэг дээр хүмүүс ихээхэн сонирхож, бас эргэлздэг. Манайхны Мэгжид жанрайсаг бол тэр Будда нь мөн үү, биш үү, хэн ч мэдэхгүй. Миний олж үзсэн тэр олон хөшөө, зэс гуулин цутгамал, баримлууд Будда мөн үү, бас л эргэлзээтэй. Би л лав маш олон Буддаг Монголд төдийгүй, Хятадад, энэ Хонконгод, Солонгост, Японд, Энэтхэгт, Таиланд, Тайваньд үзэж явлаа. Босоо, сууж завилсан, бадам лянхуа цэцгээр хүрээлүүлсэн, гол төлөв баруун гараараа залбирал үйлдэж буй Будда нэг бус удаа таарч байлаа. Гэхдээ нийтлэг нэг дүр төрх байх юм аа. Маш том чихтэй, чихний гэдэс нь доошоо урт унжсан, амгалан дүртэй, маш том толгойтой гэхчлэн адил талууд байна.

Ганц л Буддаг дүрслээд байж дээ хэмээн саяхан болтол бодож явлаа. Хүн төрөлхтөнд ганц Буддаг эртний Балбын Люмбинид Бурханаас илгээж, тэр нь Энэтхэгийн Доржданд номд гэгээрсэн, тэр үе бол эдүгээгээс 2050 орчим жилийн өмнө юм гэж ойлгож, итгэж явлаа. Гэтэл балба, төвдийн зарим эх сурвалж шал өмнөөг хэлж өгч байна. Оросын нэрт эрдэмтэн Э.Мулдашевын бичиж туурвиснаар, тэрээр Балба, Төвдөд шинжилгээний ажлаар цөхрөлтгүй явж байхдаа олж мэдсэнээр бол, бидний шүтээд байдаг тэр Будда маань 2050 орчим жилийн өмнө Бурхан Бумбаас илгээсэн хамгийн сүүлчийн Будда, хамгийн өмнөх нь энэ дэлхийд 18 000 жилийн тэртээ ирж, түүнээс хойш бараг 1000 гаран Будда залгамжлан төрсөөр 2050 жилийн өмнөх дээр ирсэн хэмээжээ. Бүр гайхалтай нь тэр олон мянган Будда нь Та бидний мэддэг, таньдаг эгэл жирийн хүн байгаагүй,  Мулдашев гуайнхаар бол лемур-атлант гэх нэртэй хүний шал өөр төрөл (усан галав юүлэхийн өмнөх үеийн) байж гэнэ. Тэд нь олон мянга, зарим нь сая жилээр самадид (амьдралаас бүрмөсөн тасарч бясалгал хийн агуйд хөшиж суухыг хэлнэ) орж суугаад одоо бол эрэл сурал (Мулдашев нь Балба, Төвдөд тэднийг цөхрөлтгүй хайжээ) болж байгаа юм байх. Тэгэхээр бидний шүтээд байдаг тэр Будда маань эгэл хүн биш, тиймдээ ч чихний гэдэс нь хэт доошоо хүзүүндээ хүртэл сунасан, биенээсээ том толгойтой болж төрж л дээ. Би мунхарчихаад бичиж байгаа хэрэг биш, уншсан сонссоноо л буулгаж байна. Миний толилуулах зураг дээрхи тэр Будда маань миний хэлсэнтэй хэр уялдаж байна, уншигч Та эргэцүүл дээ!


Энэ суумал хөшөө, Тэрэлжийн уулсын дунд ном уншиж буй хүний дүрс бүхий хадан цохио хоёр нэг л адил харагдаад байх шиг. Уншигч Танд тэгж санагдаж байна уу? Хүрлээр цутгаж хийсэн, дээшээ 34 метр өндөр, 250 тонн хүнд гэхлээр “дэлхий дээрхи” гэх нэрэндээ яг тохирхоор. Иймэрхүү аварга өөр нэг том Будда Тайландад байдаг. 


“Big Buddha” гэх хаягаар Хонконгийн Лантау арал (Lantau Island) дээрээс агаарын ийм дүүжин кабинд суугаад хүү бид хоёр гарч өглөө. Эхнэр маань манай Ариунболдын гэргий А.Энхтуяатай автобусаар газраар мордлоо. Хэн нь түрүүлж тэнд хүрэхнэв үзье гэж бид шийдлээ. Бараг мурийцлаа.  Бид дэлхий дээрхи үлэмж том нөгөө Буддагаа үзэх гэж явж байгаа маань тэр.



Дүүжин кабинд хүү бид хоёр бараг цаг аялах шиг боллоо. Алсад Хонконг арал харагдахтай үгүйтэй. Харин Лантау арал, энэ хавийн далай тэнгис, уулс, үүлс, тэнгэр хангай, Олон улсын аэрпорт янзтай харагдаж байлаа. Цонхоор тэнгэр, цэлэлзсэн их ус, хаа нэг холын арлыг  харсаар нэг мэдэхнээ очиж газраа тулж иржээ. Ер нь дүүжин кабинаасаа буумааргүй хосгүй аялалд гарчээ бид хоёр. Нөгөө лут хөшөө нь алсад нов ногоон ой дунд ийнхүү дүнхийж харагдлаа.


Энэ ламтай танилцаж энэ хавийн газрыг гайгүй сайн яриулж заалгаж авлаа. Эхнэр, Энхтуяа хоёр ирсэнгүй, бид хоёрын дүүжин кабин түрүүлж иржээ.  Энэ лам бол буддын шашны лам ажээ. Эндхийн По Лин хийдэд (Po Lin Monastery) шавилан суудаг үе удам дамжсан лам гэнэ.


Нөгөө хоёр маань автобусаараа араас иржээ. Замдаа их юм үзсэн гэнэ. Уулс ороогоод л, далай хөвөөлөөд л, ой дотуур давхисаар иржээ. Бид гурав хийд, хөшөө ордог замын аман дээрхи дааман хаалганы өмнө дурсгалын зураг авахуулаад цаашаа аяллаа.


Дааман цагаан хаалга өнгөрөөд ийм олон янзын далбаа хийсгэсэн нэгэн том тавцан хүрлээ. Шашны бэлгэдэл болсон далбаанууд. Улс төрийн өнгө аяс агуулаагүй. Цаад дааман цагаан хаалга өнгөрвөл дээшээ хэд алхаад  По Лин сүм рүү хүрнэ. Наашаа эргээд уулаад өгсвөл ийм шатаар дээшээ нөгөө аугаа том Буддадаа хүрнэ. Хүү бид хоёр тэрхүү  240 гишгүүр бүхий шатны аман дээр байна. Цааш алхвал лав манай Зайсан толгой дээрхи гэрэлт хөшөөний өндөр шиг зайд явахгүй. Гэхдээ цэлмэг тэнгэр гийсэн өдөр бол тэр хөшөөний дэргэдээс Макао харагддаг гэж түрүүчийн хятад лам хэлнэ лээ.


Уулан дээрхи тэр Буддаг хамгаалсан ийм олон жанжны хөшөө нэг бус байх аж. Шашны номд бичээстэй байдаг, бас эртний үлгэр туульсад гардаг жанжид юм болов уу. Бүгд эртний санскрит нэртэй байх аж.


Энэ хөшөө маань хятадаараа бол Tian Tan Buddha гэж нэрлэгдэх ба англиар Big Buddha гэж алдаршчээ. Энэ хөшөөг босгосон уулсыг  Ngong Ping гэх юм. Эсвэл энэ хавийн газрын нэр ч юм уу. Хэл хугалчих шахсан энэ үгийг монгол галигаар буулгасангүй.


Энэ лут хөшөө бол бидний мэдэх нөгөө балбын Бурхан Будда Шагжиймунд зориулагдсан гэж лавлахууд дээр бичсэн байх аж. Buddha Amoghasoddhi гэж англиар бичжээ. Бидний хэлдэг тэдний хэлдэг хоёр шал зөрж байна. 1990-1993 онд барьж босгосон энэ хүрэл цутгамал бол хүн ба байгаль, ард түмэн ба шашны хоорондын эвсэл зохицлын харилцааг бэлгэдсэн энх тайвны хөшөө гэнээ. Хятадын нутагт нийтдээ 5 том аварга Будда байдгийн нэг нь эндхийн Будда ба Бээжин дэх Тэнгэрийн сүмийн нэрээр “Тяньтянь Будда” гэж хуулбарлан нэрлэсэн аж. Будда маань гурван давхар лянхуа цэцгэн суудал дээр заларч байгаагаар бүтээгдсэн, энгэр дээрээ лут том хас тэмдэгтэй, баруун гараараа залбирал хийж бусдыг гэгээрүүлж байгаа маягтай.


Миний хүүгийн цаана байгаа иймэрхүү бурхад зургаа байх аж. Миний хүүгийн нэр нь Дэви, санскритаар “Бурхан” гэсэн үг.  Тэгвэл энэхүү 6 хүрэл хөшөөнүүдийг ”Six Devas" гэх ажээ. Зургуулаа дээд том Буддадаа ямар нэгэн үйл хийж байгаа дүрслэл эндээс харагдана. Тэр “Зургаан Дэви” нь гэрэл гаргаж, цэцэг, жимс барьж, ерөөл хэлж, залбирал хийж, бясалгал хийж байна. Бүгд л нирваан дүрийг олжээ. Дараахи зурагнуудаас энэ тухай харж болно. 


Хөшөөний дэргэдээс эргэн тойрноо тольдоход ийм байлаа. Хонконг бол маш бага газар нутагтай, 7-8 сая хүн чихэлдэн суурьшсан, ёстой алга дарам газраар давчдан суудаг юм болов уу гэж бодсон чинь энэ зурагнуудаас тийм гэх сэтгэгдэл төрөхөөргүй юм. Онгон байгаль, цэвэр агаар, нов ногоон ой, бүр зэрлэгээрээ тайга шиг үлдсэн ой, гол горхи  тэнд л байх бололтой. Хачин юм шүү. Хүн байгалийн эвсэл зохицол гэж чухам үүнийг л Будда сургасан байх даа?