Монгол наадмын түүх зуугаар бус мянган жилээр яригдана. Асар уудам тал нутагтаа арвин сүргийнхээ аяыг дагаж, хээрээр гэр хэцээр дэр хийж, мянга мянган жилээр оторлон нүүж амьдарсан монголчууд зуны дэлгэр улиралд жилдээ ганц удаа чөлөө заваараа цугларч морь уралдуулж, бөх барилдуулж, сур харвадаг уламжлалт зан үйлээ эрийн гурван наадам гэж алдаршуулж өдгөөтэй золгуулжээ. Үүнээс харахад наадам бол анхнаасаа ямар нэг түүхт ойн өдөр байсангүй. Энгийн олны сайн дураараа тэнгэрийн сайхныг шинжиж байгаад аятай өдрөө зохиодог жирийн нэг л баяр байж.

Морь уралдаж бөх барилдахгүй бол ямар ч мунадаг хувьсгалын баярт тархай бутархай малчид 30-40 км-ийн чанадаас цугларахгүй. Мал-газар булсан тарианы үртэй адилгүй. Эзгүйднэ. Тэгээд ч тэдэнд тийм улс төр ёстой илүү зан. Эрх дархаа тэлсэн улаан Оросыг манай коммунистууд царайчилж, өөрсдийнхөө мандуулсан гэх зохиомол хувьсгалаа өргөн дэлгэр ёслон тэмдэглэхэд ард түмний дуртай наадмыг ашиглажээ. Ийнхүү малчдын маань овооны наадам ноёд, лам, нударганчуудыг (чинээлэг малчидыг) хөнөөсөндөө хөөрсөн барлагууд баярлан наадаж буйгаар зуугаад жил улстөржлөө.

Жирийн ардын наадмыг ингэж гуйвуулан ашигласныг эдүгээ ондооноор ухаарагч олшров. Өөрөөр сэтгэхийг эсэргүүн гээд хөнөөдөг улаантны харгислал үеэ өнгөрөөснөөр айдас арилж, өөр өнцгөөс харагчид бүр ил задгай маргаан үүсгэх хэмжээнд даварчээ. Муу нь ч юу байв гэж. Мэтгэлцээн зөвийг олдог. Ганц Лениний онол зөв, бусад бүх номлол буруу бөгөөд хүн төрөлхтөнд гай тарина гэх ухуулга эдүгээ явахаа болив.

Хувьсгалт тогоонд чанагдсан гэж баадуурдаг гол төлөв албан хаагч намын гишүүд болох эрх мэдэл бүхий дээд давхаргад багтагсад наадмыг өөрсдийнхөө ялалтын баяр гэж өмчирхөх хяхуутай явдаг. Тэд “1921 онд үгээгүй ядуус дарлан мөлжигч феодлуудыг устгаж ардын хувьсгал мандсан” гээд итгэчихсэн ихэмсэг дүр эсгэдэг. Цаанаа бол худлаа. МАН-ынхаа ивээлээр том албанд хүрч ахиу хангамж эдлэх гэж жүжиглэж яваа нь тэр. Наадмыг ардын хувьсгалын яруу алдарт ялалтын ой гэхгүй бол наадам хийхээ больё, бөх барилдуулаад ч яах юм бэ гэж эрхэм гишүүн Ц.Нямдорж туйлж байв. Чингисээ харааж явсны шавхарга дусалж буй нь тэр. Хөөрхий тэднийг яалтай ч билээ. Наадмыг гагцхүү ардын хувьсгалын яруу алдарт ойн баяр хэмээн цоллож, санааг нь нэг хэсэгтээ дагуулаад явж байя гэж элит залуус үзэх шиг болсон. Яваандаа учир начир нь төөрөлдсөн хүмүүст илрэх түүх юм чинь одоо хоёрын хооронд маргаад үр дүнгүй гэж түр хүлцэх нь зөв ч биз.

Ард түмний бахархал-түүхт ой олон. Бүгд тус тусын өдрүүдтэй. Тэр өдрүүд нь хуанли дээр тэмдэглээстэй. Хоорондоо зайтай тохиодог ойн өдрүүд болгонд наадам хийх боломжгүй. Түүхт ойнууд дотроос ардын хувьсгалын ялалтын өдөр гэж үндэсний баяр наадмыг нэг намын өмч 90 гаруй жил болгосон дээрэнгүй улстөр ардчилалд дасаж яваа иргэдэд таалагдахгүй болжээ. 1990 оноос хойш ардчиллынхан бас хажууд нь наадмын нэр дээр бусад түүхт ойнуудыг тэмцлийн хэлбэр болгож овоолсон нь хэрүүл тарьсан. Өдгөө улс төржсөн олон гуншинд булуулсан наадам маань жирийн ардын цэнгүүн утгаа алдав. Аль нам эрх барьснаас шалтгаалж гуншингууд солигдох нигууртай.

Сонгуулиас сонгуульд хэрэлдэх булаацалдах зодооны дөрвөн жилд наадам хорслоо тайлах бас нэг сэдэв болсон нь харамсалтай. Хүннү гүрний, эзэн Чингисийн их Монголын, 1911 оны тусгаар улсаа тунхагласны, Ардын хувьсгалын, Ардчиллын гээд энэ бүх ойг миний чинийхээр хуваах ямар ашигтай юм бэ? Хуваалаа гээд намууд юу хожих гээд байна? Өгөөжгүй, утгагүй хоосон маргаанууд дээр “наадам” нэмэгдсэн. Ардчилагчид болон пости коммунистуудад хэрэлдэх сэдэв цөөдөөгүй байлтай. Мянган жилийн түүхтэй ардын наадмыг МАН өөрийн төрсөн өдрийн баяр болгож рейтингээ өсгөх юм гэнэ. МАН төрсөн өдрөө 3-р сарын нэгэн гэх авч энэ нь тун эргэлзээтэй учир олон нийт төдийлөн тоож тэмдгэлдэггүй.

Хүрээнд 7-р сарын 11-нд Гамин Барон аль нь ч байгаагүй. 7-р сарын 11-нд Хүрээнд юу ч болоогүй. Юун хувьсгал? Юун ялалт? Ертөнцөд болоогүй зохиомол ялалтаа хүн тоохгүй болохоор үндэсний баяр наадмыг ашиглаж ирснийг дахин сануулъя. Жилд ганц удаа зуны дэлгэр цагт товлодог ардын уламжлалт наадмаа өргөн дэлгэр хийж буй олныг “Заналт дайсан-хаад ноёдыг устгасан хувьсгалдаа хөөрч баяссан малчин-пролетариуд наадаж байна” гэж гуйвуулсан үзэл суртал болгосон санаатай шүү юм. Ардууд үндэсний баяртаа цэнгэж байснаас бус ардын хувьсгал гэгч хуурамч ухуулгыг дотроо тоодоггүй, бараг нулимдаг биз. Наадмаараа хурд, бяр, уран мэх, цэц мэргэнээ сорилцож явснаас бус аль нэг цус асгаруулсан ялалтыг магтаж, улс төржих гэж цугларч байсангүй.

Дээрх 5 түүхт ойгоос ардын хувьсгал юугаараа давуу гэж? Хоорондоо учир утгагүй алалдсан олон аймгуудыг Хүннү гүрэн, эзэн Чингисийн төр эвлэрүүлэн нэг гарт зангидаж, амар амгаланг эрх биш тогтоосон гэж хүндэтгэн нандигнадаг. Хүннү Чингисийн эхлүүлсэн төрийн бодлогын ачаар эдүгээ Монгол тусгаар улс явна гэж үздэг. Энэ хоёр түүхэн гайхамшгаас ардын хувьсгал ямар гавъяагаар илүүрхээд, яагаад ард түмний эртнээс уламжилж ирсэн улс төржөөгүй үндэсний цэвэр наадам зөвхөн ганц ардын хувьсгалын баярын өдөр гэж тооцогдох ёстой юм бэ? Ардын хувьсгал гэгч улаантны түрэмгийлэл чинь манай хаад ноёд, ван гүн, санваартан хуврагууд, чинээлэг малчид, ерөнхий сайдууд, Бага хурлын дарга нар, сэхээтнүүдийг алан хядаж, цөлж, тамлан зовоосон биз дээ. Бичиг соёлыг яалаа? Айл бүрийн мал сүргийг булаан авч хүчээр бөөгнүүлсэн нийгмийн өмчөө зад өсгөөд, элбэг баян социализм сүндэрлүүлэх төлөвлөгөө нурсан. Энэ төлөвлөгөөг биелүүлж аугаа Зөвлөлт ч чадаагүй, ах дүү социалист орнууд ч бараагүй. Залхуу монголчууд байтугай орос ах нар, зүүн европын хөгжилтэй орнууд замнаад дампуурсан хувьсгалт “онол” гэгчээ далдуур ч атугай магтаж, үндэсний наадамд наадгаа боливол яасан юм бэ? Ах дүү найзууд гэж явсан орнууд чинь иймэрхүү ойнуудаа тэмдэглэхээ аль эрт больчихсон байх шүү. Наадмаа улстөргүй тэмдэглэлээ гээд МАН-ын алдар сэвтдэггүй л юм биш бол хоцрогдсон Монголын ёс заншлыг зуун жил доромжлоод бүдгэрэх нь байтугай ардчиллын жилүүдэд улам гялалзсныг сануулах илүүц буй зээ.

Энэ олон ойн аль нэгний ч гуншингүй, улс төрөөс ангид, намуудаас хол, ямар ч Төрд хэзээ ч хувирашгүй үндэсний цэнгүүнийг минь МАН, АН хоёр бүү оролдооч. Зүгээр л “Үндэсний их баяр наадам” гэвэл Даншиг, Арван засаг гэх хаад ноёдын зохиодог наадам шиг мөхөхгүй, овооны наадам шигээ байж л байх болно. Түүхт ойнуудаа өмчирхөн булаацалдаж, нэгийг нөгөөгийн дээр залж эрэгчин эмэгчнээ үзэлцэх хоёр гол намын мунхаглал. Хүннү, Чингис гэх мэт ойнуудаа наадмын гуншин болгодгоо больж үз. Түүхэн ойнуудыг тэмдэглэх ёстой өдрүүд нь хуанли дээр бэлээхэн бичээстэй байгаа. Тухай бүрт нь дурсаж толгой мэхийлгээд үрлэггүй даруухан тэмдэглэхгүй юү. 

Ядуу зүдүү, дааж давшгүй өр зээлтэй атлаа улс төржсөн наадамдаа яасан ч их зардал гаргадаг юм бэ. Яасан ч өндөр бай шагнал бэ. Түрүү бөхийн бай-даага япон жийпэнд хувирсан биш бөхчүүд допинг хахуульд шившгээ тарив. Хүчирхэг гүрнүүд олимп гэх мэт дэлхийн наадам зохиохдоо орлого, зарлагаа дэнслээд ашигтай л үлддэг байх шүү. Ганц морьт уралдаач, ганц дээлт барилдаач гэж сануулсан үг түүхийн мухраас шивнэсээр. Мануусын хоцрогдлыг залуус минь бүү давт. Үндэсний наадмаа ухаалаг зохио. Та нар чадна. Коммунист худал түүх, тархи хордуулсан үзэл суртлаас даруй сал.

2014-07-15