Жилдээ 7 сая зочин жуулчин хүлээн авдаг, монгол жуулчид ч очиж үзсэн байхаар нэгэн сонирхолтой газар эхнэр, хүү бид гурав саяхан очлоо. Тэр нь гарчигт өгүүлсэн тэр нэгэн музей бөлгөө. Ер нь мадам Тюссо Музейг (Madame Tussauds) гүйцээе гэх бодол манай гэр бүлийнхэнд бий. Анхлан би өөрөө Амстердам дахь тийм нэгэн музейг 1994 оны хавар  үзчихээд тэр талын сонирхолдоо хөтлөгдсөн. 2000 оныг гэр бүлээрээ яг тэнд тэр музейд угтсан гэхэд бараг болно. Дараа нь Лондон, Берлин, Вашингтон дахь музейнүүдэд зочлоод, сая Хонконг дахь салбарт нь очсон нь тэр. Дэлхийн 10 хотод салбартай (Лондонгоос гадна) гэж үзвэл бидний хувьд 4 дэх нь юм. Гэхдээ иймэрхүү үзмэртэй, бүр илүү ч байж болох “Музей  Гревин” (Парис), “Улс төрчдийн хөрөг” музейг (Бейрут) гэр бүлээрээ үзсэн. Сонин л юм билээ.

Английн барималч эмэгтэй Мария Тюссогийн үүсгэн байгуулсан энэ лут музей бол хүн төрөлхтөний соёлын өв санд бүртгэгдэх хосгүй бүтээл, урлаг-соёлын төдийгүй түүхийн асар том бүтээл, сан хөмрөг гэдэгтэй маргах хүн үгүй биз. Өмнө орж үзсэнтэйгээ харьцуулбал Хонконгийнх нь өндөр уулын оройд, бүр оргил дээр нь (дан хотын төвд, төв гудамжинд байрладагийг бодвол) байрлажээ.


Тийшээ очих нэгэн өвөрмөц цахилгаан тэрэг–трамвайгаар бараг уулын эгц өөд мацах аж. Тэр өдөр, өглөөгүүр  бид гурвыг  Оргил цамхаг (The Peak Tower) руу тэр Peak Tram гэдгээр нь гарах үед Хонконг арал бүрхэг, манантай, бүгчимдүү байв.  


Бидний зорьж очсон энэ этгээд байшинд нөгөө музей маань бий. Хагас дугуйг дээш нь харуулчихсан, дарсны хундага аятай энэ байшин барагцаагаар 10 орчим давхар юм. Тэр дээвэр гэх үү, тавцан гэх үү, тэр орой дээрээс хэдэн тийшээ харж болдог үзмэрийн газар байна. Мөн зэргэлдээ галарейн орой дээрээс ч хэдэн тийшээ харж болно.


Peak Tram гээд байгаа нөгөө уулын трамвай зорчигчдоо авахаар буудалд зогсож байна. Эгц уул өөд 45 градусын налуугаар сүнгэнэх энэ ид шидтэй унаа 120 жилийн өмнөөс явж эхэлсэн гэнэ. Суудлууд нь өгсүүрт тохируулаад арагшаа налдагаар хийсэн, уруудахдаа арагшаа харсан чигээрээ буух аж. Мэдээж сандал нь өөд өөдөөсөө харсан байвал уруудахад баахан хүн нүүрээрээ газар шааж унамаар.


Трамвай хотын төвөөс хөдөлж дээшилсээр энэ сүрлэг байшин дотор орж зогслоо. Танилцуулгыг нь урьдчилан уншаагүй бид гурав юу юугүй л нөгөө музей рүүгээ яараадахсан чинь буруутлаа. Музей нээгдээгүй, эрт очжээ. Ингээд хотыг дурандаж цаг нөгцөөхөөс аргагүй болов. “The Peak” гээд байгаа энэ байшин дотор ганц музей ч биш,  Lions View Point Pavilion гэх нэртэй тавцан, Peak Galleria гэх олон дэлгүүр, хэд хэдэн ресторан, мөн нөгөө музей байх аж.  Энэ хавиар хөлөө цуцтал аялаад их хотыг баахан дурандлаа. Миний дуранд хот ингэж буулаа.  


Музей 10.00 цагт үүдээ нээхэд бид гурав анхных нь зочид болов. Музейн орох хаалганы харалдаа лааны тосоор урласан  Брюс Ли угтлаа. Ер нь хятад үзмэрүүдээр арвин болж таарлаа. Улс улс болгон л өөрийн үндэс угсаанаасаа тодорсон гарамгай, алдартай хүмүүсээр музейгээ чимсэн байдаг даа. Тэр л болж таарлаа.


Хэрэв Та Вашингтоны музейг сонирхох аваас АНУ-ын 44 Ерөнхийлөгч дарааллаараа сууж, зогсож угтахтай тааралдана. Берлинд бол Карл Маркс, Адольф Гитлер, Ардчилсан Германы удирдагчид гэхчлэн. Энд бид баахан хятадыг үзэх нээ гэж бодсоор дотогшоо орлоо. Гол асрын цаахна барималч эзэгтэй Мария Тюссо Таныг ингээд угтах вий.  


Та дээрхи үзмэрүүд жинхэнэ эзэдтэйгээ хэр адил болж вэ гэдгийг харьцуулж үзээрэй. Хэн хэн гэгч байгааг энд нэрлэх, эсвэл тайлбар зүүлт хийх нь илүүц биз. Харин тэр нэг япон өвгөнийг мэдэхгүй байж болно. Тэр бол дайны дараахи Японы эдийн засгийн шинэчлэлийг хийж, хөгжил дэвшлийн үндсийг тавилцсан Ерөнхий сайд Ёшида гэгч. Азидаа үнэлэгддэг юм байна гэж ойлголоо. Нийтэд алдаршсанаас жүүд эрдэмтэн Эйнштэйн энд байна. Урлагийн оддыг бол энд нэрлэх хэрэггүй, уншигчид тааллаараа болгоох биз ээ.


Бид энэ музейд бүтэн 2 цаг саатаад гарч иртэл Хонконгод нар гийсэнгүй, бүрхэг, манантай хэвээрээ угтлаа. Дахиад хэдэн тийшээ дурандаж баахан саатлаа. Хонконгийн төвийн дүүрэг, Күнлүүн арал тэр чигтээ дуранд бууж байх аж.  Энэ оргилын оройгоос алсыг хардаг зугаацдаг тусгай газрыг 1901 онд анхлан бий болгож, 1947 онд үйлчилгээний цогцолбор болгожээ. Газар нутаг давчуу, хүн ам чигжүү суурьшсан, гэхдээ өндөр уулсаар арвин энэ арлын хамгийн өндөр оргил дээр нь ийм иж бүрэн аялал жуулчлалын цогцолбор байгуулсан нь судлаж үзүүштэй загвар мэт. Манайхан Зайсан толгой дээрээ бэлэг дурсгалын ганц нэг мухлаг, ТҮЦ байгуулаад байгаа нь хэр билээ дээ?