Нийслэлийн шинэ дарга Х.Нямбаатар өчигдөр ажлаа хүлээж авчээ. Хотын даргын албан тушаалын төлөө УИХ-ын гишүүний бүрэн эрх, Сонгинын иргэдийн итгэж өгсөн мандатаас татгалзсан (сайдын суудлыг яах вэ, үеэл нь өгсөн юм байж) түүний хүсэлтийг өчигдрийн чуулган ёсоор болгов. Айхтар муухай жишиг тогтож байна даа. УИХ-ын гишүүний мандат гэдэг албан тушаал наймаалцдаг хэрэглүүр болчихлоо шүү. Өмнө нь Сумьяабазар нэг удаа мандатаа буцаасан. Тэр үед ядаж л нийслэлд намаа ялуулчихаад хот руу ирсэн л дээ. Харин Х.Нямбаатар гэдэг хүн өчигдөр “2024 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй. Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуустал ажиллахыг хүсч байна” гэж донгосчээ. Ирэх онд нийслэлд сонгууль явахгүй гэсэн үг үү? Энэ нөхөр өөрийгөө арай дөрвөн жилийн хугацаатай томилогдсон гэж эндүүрээгүй биз дээ. Бүр 2020 оны сонгуулийн дараа, 

УИХ-ын гишүүн болчихоод байхдаа л "Нийслэлийн иргэд зөвшөөрвөл би хотын дарга болмоор байна" гээд шүлсээ үсэргээд явж байсан нөхөр шүү дээ. Тэр үед нь тавьчихсан бол хуулийн салбар өнөөдөр  ийм болтлоо дампуураа ч үү.

Хоёр дахь нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдэгдэл. Тэр Х.Нямбаатарт хотын даргын тамгыг хүлээлгэж өгөхдөө “дунд шатны авилгыг цэгцлэх” үүрэг өгчээ. Үүгээр хотын даргыг НИТХ-ээс нэр дэвшүүлэх биш, Ерөнхий сайд шууд томилсон шалтгаанаа зөвтгөж байгаа юм шиг байна. Ингэхэд бид хотын даргатай болчихов уу, эсвэл хотын асуудал эрхэлсэн Хуулийн сайдтай болчихов уу? Нүүрсний сонсгол, ногоон автобусны хэргээ хааш нь чихэж орхиод ирэв?

Уг нь хотын дарга хотын иргэдэд үйлчлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангах, нийтийн тээврийг сайжруулах, агаар, хөрсний бохирдлыг арилгах, өвөлд нь хөлдөөчихөлгүй онд оруулах (уг нь ганцхан өвөл үлдээд байгаа) үүрэгтэй. Аль ч шатны авилгыг илрүүлэх, таслан зогсоох чинь хуулийн байгууллагын, хууль сахиулагчдын үүрэг. Атал Хууль зүйн сайд байхдаа нам доторх авилгаа цэгцэлж чадаагүй хүн одоо хотын дарга болчихоод "авилгатай тэмцэнэ" гэдэг нь яг юу гэсэн үг вэ?

Ийм л нэг тэмээ гэхээр ямаа ярьдаг, ямаа гэхээр тэмээ руу чирдэг буруу ишилсэн сүх шиг хоёр нөхөр нийслэлийг хуваан захирахаар боллоо. Тэгээд “Засгийн газар нийслэлд бүгдийг даатгаад орхисон нь асуудлыг ужигрууллаа. Энэ удаа Засгийн газар нийслэлийн асуудалд дэмжлэг үзүүлэх биш, шууд оролцож ажиллана” гэв. 

Юу яасан нөгөө Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах ёс, орон нутгийн бие даасан байдал. Төсвөө баталдаг, хяналтаа тавьдаг НИТХ-ын эрх мэдлийг бол зад авлаа, байхгүй болголоо.

Атал манай “ард түмэн” нөгөө хоёрт чинь амжилт хүсээд, алгаа хорстол ташаад сүйд гэнэ ээ. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу л гэдэг. Ер нь тэгээд иймэрхүү үл бүтэх, хууль ёс, хэм хэмжээг үл сахих, уландаа гишгэх хонгио толгойтой нөхдийг оройдоо залчихаад, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэхийг нь хараад толгой дохиод сууж байгаа бидний л буруу шүү дээ. Бид л өөрсдөө өөрсдийнхөө нүд рүү хуруугаа хийсэн болж таарлаа. 

inews.mn