Сайн сайхан, хайр халамж, аз жаргал бүгдээрээ Монголд замхарч арилаа юу хэмээн сэтгэлээ нухлах олон хүн бий. Капитализмд инээмсэглэл бүхэн үнэ цэнэтэй, хэрэв чи сайхан инээд нэхвэл тодорхой үнэ төлөх учиртай. Хүүхдийн төлөө газрууд, ахмадын холбоод, дотоод гадаадын олон ч төрийн бус байгууллага, хувь хүмүүс манай улсад буяны үйл ажиллагаа явуулна. Зовлонг намжаасны шагнал их олон янз. Телевизийн шоу болгож үзэгчдийн сэтгэлийг уяраана, өөрсдийнхөө нэр хүндийг өсгөж элдэв сурталчилгаанд бүүр сонгуульд хүртэл ашиглана, зарим нь зүгээр л шашиндаа орохыг “хүснэ”. Харин хүн хүндээ туслахын сайхныг сэтгэлээсээ мэдрэх ховорхон шүү. “Одоогийн охид залуус мөнгөний төлөө л гүйдэг болж, сэтгэл гэдэг юмыг огт үнэлдэггүй” хэмээн гаслагчдаас өөрсдөөс нь асуумаар санагддаг юм. Мөнгөнөөс илүү гарах тэр сайхан сэтгэл чинь хаана байна?

Манай томоохон сайтуудын нэг gogo.mn –ийн блогийн цэс тун давгүй. 2007 оноос хойш өдийг хүртэл олон янзын хүмүүс тэнд блог нээж, нэгнийхээ бичсэнийг уншсаар бие биентэйгээ танилцжээ. Зарим нь хоорондоо дотны нөхөр, бүүр эхнэр нөхөр болсон нь хэд хэд бий. Анги, ажил гэм мэт ойр тойрноос тааралдаж биш, интернетээр, тэр тусмаа блогоор дамжиж хоорондоо нөхөрлөсөн залуус нэг хамт олон шиг болсон нь сонирхолтой. Дунд сургуулийн хүүхдээс эхлээд дөч гарсан хижээл эрийг багтаасан сайхан хамт олон. Бөөнөөрөө зугаална, аялна, шинэ жилээ тэмдэглэнэ. Мэдээж байнга зугаалаад баясаад явахгүй л дээ, тэд бас ямар ч үнэ нэхээгүй, реклам шаардахгүйгээр буян хийдэг ховорхон хүмүүс. Сайн хүмүүс нь муугаасаа олон гэдгийг өнөөгийн нийгэмд цөхөрсөн цөөн хүмүүст ч гэсэн ухааруулж, сэтгэлийн галаар өрийг нь бүлээцүүлэх нэн таатай.



Хамгийн анх тэд долдугаар сарын 1–ний үйл явдалын дараа уран зургийн галлерэйд хандив цуглуулж байжээ. Дараа нь Бат-сүмбэрийн ахмадуудыг эргэж, зудны үеэр Говь-алтайн малчдад буян хураасан үйлс шил шилээ дарав. Улаан загалмай, дэлхийн зөнгийнхөн гэж андуурав, нэг ч тийм нийгмийн идэвхитэй хэнхэг хүн эдэн дунд үгүй. Баячууд бас бишээ, энгийн л багш, сэтгүүлч, мужаан, оюутан, нябо, цахилгаанчин, програмист гээд тэдний мэргэжил хөвөрнө. Энэ хорвоогийн барааныг зүхэж суухаар ганц ч болов лаа асаах хэрэгтэй хэмээх хэлцийг л амьдралд утгаар нь буулгагчид. Хэн нэг нь санаа гаргана, бусад нь өөрсдийн сэтгэлээр дэмжинэ. 5000 –аас эхлээд 50 мянга хүртэл, зарим нь 100 мянга хүртэл төгрөг нэмэрлэхэд овоо хөөрхөн мөнгө босчихдог аж. “Эхний ганц хоёр тусламжийн дараагаас л хүн баярлуулахын амтанд орсон байх... Бидний тусаар жаргал бүтэх нь ч юу юм... жаргалын хэмжүүр нь ч юу юм... гэхдээ л хэсэгхэн хугацаанд ч болов хүний сайхан сэтгэлийн хариуд баярлан инээх нь жаргалын л хэлтэрхий... баярлаж байгааг нь харах ч бидэнд бас л сайхан байдаг...” хэмээн өөрсдийгөө даруухан тайлбарлана.

Өнгөрсөн өвөл 10 сард Чингэлтэй дүүргийн 70 –р цэцэрлэгт тоглоом цуглуулж өгсөн аж. 20x40 сантиметрийн хэмжээтэй гуравхан тавиур дээр л багтах картоноор хийсэн геометрийн дүрсүүд, түцэнд л зарагддаг хятад пиавран, нүд хуурсан тоглоомнууд төдийхөн анх байсан гэнэ. Ямар сайндаа багш нар нь “...эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх танхимтай. Тэнд график гаргаад бусад ангид ээлжлэн ордог...” гэж байхав дээ. Монголын хамгийн ядуу цэцэрлэг мэдээж биш л дээ, хэн нэгнийх нь хамаатан танил ч биш, ер нь бүх цэцэрлэгт тоглоом зөөх үүрэгтэй хүмүүс ч gogo блогчид биш. Харин тэд бол зүгээр л идэж буй хоолоо орхиод шинэ тоглоомнууд руу умбан шумбан дайрч, хөгжилдөн шохоорхох хүүхдүүдийн жаргалтай харцыг хараад баярладаг энгийн л хүмүүс. Нийт чихмэл тоглоом 61, машин 87, жижиг тоглоом 61, том тоглоом 6, үлгэрийн ном 41, фалмаастэр, усан будаг, баримлын шавар, өнгийн харандаа гэх мэт 22, оюун ухаан хөгжүүлэх тоглоом 16, дэвтэр, бичгийн цаас 22, хүүхэлдэйн кино 3, сээга тоглоом 1, бөмбөг 6, дээр нь суугаад дэвхцдэг бөмбөг 2, дээр нь суугаад дэвхцдэг унага 3, хүүхэд бүрийн тоогоор жүүс. Зарим нь цоо шинэ тоглоом, зарим нь дүү нарынх нь уйдсан машин эсвэл уншаад дуусчихсан ном г.м.

Тэдний дараагийн хийсэн ажил бүүр ч онцгой. Зээ охинтойгоо гурвуулахнаа уулын мухарт, блокоор эв хавгүйхэн өрж босгосон, жавар халхлах хашаагүй байшинд амьдардаг нэгэн хөгшинд цагаан сарын өмнөхөн тусалж. Хөгшиний охин Отгонцэцэг, Отгонцэцэгийн охин зургаан настай Эмүүжин гурав эдний гэр бүлийг бүрдүүлнэ. Эмээ ээж охин гурвын зэврүүхэн амьдралд тусалж, байшинг нь болон сэтгэлийг нь дулаацуулсан хүмүүс бол gogo блогчид. Цагаан сарын өмнөхөн байсан тул тавгийн идээ, 21 боов еэвэн, чихэр, 10 ширхэг сүү, 10 кг бууз, гурил, будаа аваачиж өгсөн байна. Мөн тэд 40 мянган төгрөгийг бэлнээр өгч түлээ нүүрс аваарай гэж аминчлан захисан ажээ. Гэхдээ энэ гэр бүлийн хамгийн том зовлон бол цагаан сараар өлсөж суух биш, уулын мухарт амьдардаг нь ч биш, магадгүй охин Отгонцэцэг өрөөсөн гаргүй нь ч биш. Харин эдний хамгийн хүнд зовлон бол өрөөсөн чихнийх нь хэнгэрэг хагарснаас юм сонсохгүй болсон зээ охин нь байсан. Охины аав нь сүрьеэгээр нас барсан бөгөөд хоёр настайдаа аавынхаа өвчнөөр халдварлагдаж, улмаар хэнгэрэг нь хагарчээ. Эмүүжин охин хэнгэргээ цаашид нөхүүлэхгүй байсаар байвал ярьж чадахгүй болох аюултай байлаа. Залуус охиныг эмнэлэгт үзүүлэхэд чихний үрэвсэл харьцангуй гайгүй гэсэн бөгөөд харин хамрын гамерит тусаад тэр нь нилээд хүндэрсэн байжээ. "Охин азтай юм. Жаахан л хоног алдсан бол гамерит нь хүндэрээд менингит болох шахсан байж" хэмээн эмч хэлсэн аж. Долоо хоногт гамеритийн эрчим эмчилгээ дуусч, компьютер томографийн зураг авхуулахад хагалгааны эмч Жаргалхүү дараахь дүгнэлтийг хийжээ:

...Үзлэгээр чихэнд холестом ургасан, чихний суваг идэгдээд сонсголын яс өгөршсөн, холестомын идээ тархинд ороход тун дөхсөн аюултай байдалд байна. Яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай. Хагалгаа хийхэд:

... - Чихний хөндий цэвэрлэх

- Сонсголын ясны нөхөн сэргээлт

- Хэнгэрэг нөхөх ажилбар хийгдэнэ.

...Хүнд хагалгаа бөгөөд мэдрэлийн гаралтай сонсгол бууралт бол хагалгааны үр дүн тааруу, чихний эмгэгтэй холбоотой сонсгол бууралт бол сонсгол сэргэх магадлалтай.  Хагалгааны дараах 1 сарын хяналтад хэр сайн явахаас үр дүн шалтгаална... гэж дүгнэжээ

Түүнчлэн эмчлэгч эмч Заяа: “... зүүн чих огт сонсголгүй, баруун чих /аппараттай/ 50% сонсголтой, чихний сонсголын бууралт нь 50% мэдрэлийн гаралтай, 50% чихний эмгэгтэй холбоотой байна, эхний ээлжинд баруун чихэнд хагалгаа хийнэ...” гэжээ. Дээрхи эмч нарын дүгнэлтээс байдал маш ноцтой байсан нь харагдана. Мэдээж гурван цаг үргэлжилсэн охины хагалгаа амжилттай явагдаж зургаан настай нэгэн охин энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг сонсох хувьтай болжээ. Нийт 700 мянга орчим төгрөгний зардал гарсан байна.

Залуус үүнд ханалгүй дараагийнхаа буяныг төлөвлөчихсөөн. Монголчууд бидний мөс чанар тэгтлээ муудчихаагүй юм. Харин үүнийгээ ойлгоход жаахан хугацаа, жаахан сэтгэлийн дэм л хэрэгтэй бизээ. 600 мянган төгрөг бол зарим нэгний ганц өдрийн зугаа цэнгэл, магад нэг авлигачыг нэг удаа дайлж эрхлүүлэх л үнэ. Харин мөнгөнөөс илүү сайхан таашаалыг ойлгож мэдэрдэггүй, сүнсээ хүртэл худалдахад бэлэн авлигачид, хулгайчид, авлигач хулгайч болохыг мөрөөдөгч залуус хэчнээн өрөвдөлтэй вэ. “Хүнд юм өгсөнөөрөө хоосордоггүй ээ, хүний буян нь дуусахаар л хоосордог юм” гэсэн хэлцээр нөхдөө магтсан хэдэн муу эрээчилтээ жаргаая даа.