Үнэт өв үү, хог новш уу?

Өнөөгөөс хорих гурван жилийн тэртээ Монголчууд туйлширлын эсрэг боссон авч ахиад туйлширчихжээ. Коммунизм бол хүн төрөлхтний туйлшрал байсан, дагаж туйлшраад хоцрогдлоо, одоо бид туйлширдаггүй нийгэмд орно гэж тунхагласан авч бас л байдаггүй. Энэ туйлшрал бидний яс цусанд шингэсэн үндэсний менталитет (сэтгэлгээний онцлог) юм байна. Туйлшралаас салах нь ямар ч хувьсгалаас илүү чухал бололтой юм.

Бөөгийн шашныг халж, шарын шашинд орохдоо Түмэдийн Алтан ханы хэлсэнчлэн “Цусаар цалгисан далайг сүүгээр бялхсан буяны далай” болгохын тулд бөөгийн эсрэг бидэнд бүдэг бадаг мэдэгдсэн цуст хядлага хийжээ. Монголдоо л инквизаци болсон байна. Монголууд тэнгэрт амьдардаггүй тул дэлхийн жам ч нөлөөлсөн байх, тэр зуун дэлхий дахинаа түүхийн давтамж ёсоор ёрын зуун нүүрлэсэн байж. Түймрийн өөдөөс гал тавьдаг шиг “цусыг цусаар” хариулж буй нь тэр. Түүнээс өмнөх ч гашуун түүх бий. Монгол газрын хүн чулууд толгойгүй байдаг нь өмнөх эзэнт гүрний мөнхийн бэлгэдлийг дараах эзэнт гүрнийхэн сүйдэлсний гэрч. Махан толгой байтугай чулуун толгойг ч тас цавчдаг их туйлшрал бидний өвөг дээдсийнх.

Хүннүгийн үеийг Сяньби нар, Сянбийн үеийнхнийг Табгач нар оргүй болгох гэж зүтгэнэ. Хамгийн сүүлд Зүүнгарыг яалаа. Манж, Халх, Өвөрлөгч нийлж байгаад үнсээр хийсгэж дуусгав. Хэрэв ингэхгүй бол ойрадууд нь мохоол мушгилгүй болгох гээд байсан юм. Худал гэвэл ойрадууд хасаг, ногайг яалаа? Хятадууд бол ингэддэггүй, эд мөнгө, сайхан хүүхэн, цол хэргэмээр л алгуур шингээчихдэг. Ингэлээ гээд их сайндаа талыг нь, өмнөд Хүн, Зүүн түрэг, Тоба-вей, киданыг алгуур уусгасан. Палеонтологичид Монгол махчин үлэг гүрвэлийн, хятад өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн нутаг байсан гэдэг, сонин л юм.



Харин Хятадад дургүйдээ үнэнч, Хятадаас тусгаар “өөрийн эрхээр зовж” үлдэгсэд нь дараагийн эзэнт гүрний хядлагаас зугтаж өрнийг тэмцэнэ. Хүн нар Панангийн хөндий хүртэл зугтжээ. Өмнө нь скиф энэ тэр ч бий. Дараа нь Сяньби нар, тэгээд жужан нар, түрэг, уйгур, киргис, хар кидан, мэргидүүд, сүүлд торгуудууд Ижил мөрний эрэгт тогтов. Тэдний үр хойчис ямар боловч үнсээр хийсэлгүй олон зуун, олон мянганыг дамнан оршсоор уусдаг. Нутагтаа үлдвээс түүхийн хугацааны агшин зуурт үндэсгүй хядуулна. Зүрчид Монголын дунд хавчуулагдсан Татарууд тэрэгний цүүд хэмжүүлэн сүйдсэн. Тэгээд л дуусаа. Монголын үеийн “Мохоол мушгилгүй болгох” гэж айхтар үг байна. Сорхон шарын хэлснээр нөгөө талд “үнсээр хийсэх” аюул буй.

Үүнээс харвал манай түүх “байлгах эс-байлгахын” туйлшрал дунд өрнөж иржээ. Өмнөхөө сүйтгэн устгаж, цоо шинийг шохоорхон хэрэглэх нь магадгүй нүүдэлчдийн уйдамтгай сэтгэлгээний онцлог байх. Хурааж хуримтлуулсан тэр их “хог новшийг” чирч явах нь нүүдэлчин хэт угсаатанд тээртэй. Тиймээс устгаад, эсвэл хаяад “нүүгээд” явчих нь дээр. “Илүү сайн “хог новш” ертөнцөөр нэг байгаа. Энэ их хог новш л биднийг дуусгана”. Тиймээс суурин иргэдийн шүтдэг тэр зүйлс биднийг яг хавханд орсон чоно лугаа адил болгоно. Тиймээс тэр хавхыг чангаагаад байгаа хөлтэйгөө тас хазаад хая.

Их хядлага, их сүйтгэлийн зуун

ХХ зуунд ч бид хангалттай туйлширчээ. Коммунист дэглэмд ороод 750 сүм хийд (сүүлийн үеийн нарийвчилсан тооллогоор 820 гаруй болсон), бурханы шашин дэлгэрснээс хойш 400 жил хурааж хуримтлуулсан оюуны болоод биет соёлын их өв, урлагийн бүтээлийг үнсээр хийсгэжээ. Дараа нь ганц Мэгжид Жанрайсэгийг босгох гэж бүгдээрээ хөдлөж байв шүү дээ. Өнөөдөр Халх нар Буриадын Итгэл хамбын шарилд мөргөх гэж мөнгөө барж байх. Гэтэл Халхын сүм хийдүүдэд олон “Монгол муми” байсан. Бүр Монголын занданшуулдаг технологи хүртэл боловсорсон байжээ. Энэ аргаар занданшуулсан Богд хааны шарил 1944 оныг хүртэл тэсээд сураггүй болсныг хайсаар л байна. Харин багшийнх нь Ёнзон хамбын шарил азаар үлджээ. УТТ-ныхон хязгаарлагдмал хүрээнд Чойжин ламын сүмд нууцын ном хурдаг байснаас хадгалж үлдээсэн, энэ уламжлал одоо ч тасраагүй гэлцэнэ.   

1990 оны Ардчилсан хувьсгалын дараа энэ их соёлын өвийг алга болгосон коммунистуудыг үгээ дуустал хараасан. Коммунизм байгуулах гэж байгаа Монголчуудын нүдэнд хүрээний өндөр хог, өндөр Жанрайсэг хоёр яг адилхан хог новш болж харагддаг байсан биш үү? Өвтэй хамт тэр өвийг нь ариглах, хөгжүүлэх соёлыг оюун ухаандаа хадгалсан лам нарыг “хүн чулуу” болгосон. Хүн бүрт үнэт зүйлс байдаг, тэр тусмаа сүм хийдээ устгуулаад хараад суухыг тэвчээгүй лам нар боссон. Дотоод хүчээр дийлэхгүй тул Банчин лам, Япончуудаас тусламж гуйсан нь ч бий. Хариу хядлага бол зарим талаар дайны бэлтгэл байсан. Хэдийгээр өнөөдөр бид бүгдээрээ лам нар, хэлмэгдсэн сэхээтнүүд бүгдээрээ “манай тал” байсан гэж боддог авч Японы тагнуул туршуул олон байсныг үгүйсгэх аргагүй л дээ. Япончууд эзлэх гэж байгаа орныхоо дотоодод “тавдугаар цуваа” үүсгэхгүй дайснаа нэгдэхийг хараад зүгээр л суугаад байсан байв гэж.

Нөгөө талаас “шар хятад-улаан империализм буюу орос”-той нийлэлгүй, үлгэрлэвээс “Швейцарь лугаа”, “Япон лугаа”, “Герман лугаа”,”Франц лугаа” хөгжихийг эрмэлзэгсэд ч байсан л байж таараа. Чухам иймээс Франц, Германд сургууль төгсөгчид хуугаараа хэлмэгдсэн, баруунтан болоод. Түүхийн сайн нь ч манайх, муу нь ч манайх. Ингээд Монголчууд сүм хийдүүдээ, 500 жилийн соёлын өвөө шатаачихаад, дээр нь улаан империалистын гар хөл болоогүй шинэ сэхээтнүүдээ сүйтгэдгээрээ сүйтгэчихээд дахиад шинэ Монголыг бий болгохоор зүтгэжээ.

Үүний дараа бүтээн байгуулалт, аж үйлдвэржилт гэж өнөөгийн бидний уриа болгоод өвчигнөөд байгаа үгийг бодит байдал болгох ажил эхэлсэн. Монголчууд сүйтгэхдээ цөөддөггүй, бүтээн байгуулахад хүн хүч дутна. Дайны сэргээн босголт бол байгаагүй, дайнд манайх сүйдээгүй, угаасаа сүйдэх юм ч байгаагүй. Японы онгоцууд сүм хийдүүдийг нь үнсэн товорго болгож өгвөл харин ч баярлах байсан. Өөрсдөө сүйтгэснээ сэргээх шаардлагагүй байсан. Алдсан нь хөгжлийн зам орох цаг хугацаа л хойшилсон байх.

Дайн дуусаж, ЗХУ дайнд сүйдсэн аж ахуйгаа сэргээсний дараа 1960-аад оноос Монголд бүтээн байгуулалт эхэлсэн юм. Оросууд “Эхлээд Пушка, дараа нь Пушкинаа илгээв”. Эсгий хотоо өөрчилж, олзны япончуудаар орчин үеийн хотын анхны барилгуудаа, бүр төрийн ордноо бариулаад буцаажээ. Сүйтгэх гэж ирээд босгож өгөөд явж. Дараа нь урвагч Власовын армийнхны цусаар төмөр замаа тавиулав. Далан нь булш, зам нь тэдний хөшөө болсон юм. Дараа нь Хятад ажилчдаар 40, 50 мянгат, засмал зам, Энхтайвны гүүр гэх мэтээр овоохон юм хийлгээд хөөгөөд гаргачихав. Дараа нь хоёр системийн өрсөлдөөн дундаас аж үйлдвэржилтээ хийлгэж авчээ. Дандаа дайснаараа хийлгэжээ, байгаа бүхнээ. Коммунизмын төгсгөл үед ирсэн Америк сэтгүүлчийн хэлснээр “Цагаан арьстныг зарцалж буй цорын ганц шар арьстан” байв. 1990 онд Ардчилсан хувьсгал ялсны дараа “Мориндоо мордсон” Монголчууд морин дээрээс буулгүй ардчиллыг хөгжүүлэх гэж үзжээ. Мориндоо мордсон Монголчууд яадаг билээ? Тэр л болж, өнөөдөр мориноосоо буух гээд хартал бүхнийг сүйтгэчихжээ. Тэгээд л дараа нь иргэний хөдөлгөөнийхөн мориндоо мордсон юм даа.

XX зуун бол их сүйтгэлийн зуун байсан юм. Буддизмын үеийн хийгээд коммунизмын үеийн өв сангаа сайхан сүйтгэжээ. За тэр харж байгаа биз, би хүртэл ингэж бичиж байна. Уг нь тэр өв бол Буддизмынх ч биш, коммунизмынх ч биш, Монголынх л байсныг одоо л ойлгохчоо аядаж байгаа хэр нь. Энэ бол Монголчуудын хагас мянганы туршид хурааж хуримтлуулсныг 100 жил “үнсээр” хийсгэсэн түүх юм.

Харин үүнийг л хэлчихсэн чинь Монголчууд огт өөрийгөө буруутгахгүй байна гээч. Харин ч гэмгүй шахам төвдүүд, оросуудыг буруутгаж байна. Муусайн Төвдүүд Монголыг устгагч биш бясалгагч болгосон юм. Тэгээгүй бол бид бүгдээрээ морьтойгоо их бууны идэш болсон бол амар. Эсбөгөөс Оросууд л ашиггүй үйлдвэр барьж өгсөн, ашигтай үйлдвэр бариад өгсөн бол юунд “устах” вэ? ч гэх шиг.

Эцэст нь нэг л үнэнийг олж мэдлээ. Ер нь бол тэр бүхнийг бий болгох гэж бид хөлсөө урсгаагүй юм байна л даа. Төвдүүд, хятадууд, япончууд сүүлд цагаан арьстнууд босгож өгөөд явж. Тиймээс үнэ цэнэгүй л байгаа байхгүй юу. Тиймээс бид устгаагүй, өөрөө хараал хүрсэн юм шиг л устчихаж. Түүнээс биш өөрийнхөө махыг идэж хэдэн юм шовойлгосон бол амь шигээ л хайрлах байсан. Гэхдээ л яаж ч бодсон, өөрсдөө барьсан бариагүй өөрийн юмаа ингэж сүйтгэсэн улс үндэстэн баймгүй л юм. Монголчуудын бүхнийг өөрөөсөө зайлуулдаг энэ зан нэг юм хэлээд байна. XX зууныг ингэж үджээ.

Хорин жилийн хойно

Намайг намын “үзэл суртал” хариуцаж байхад Ардчилсан хувьсгалын 18 жилийн ойг тэмдэглэж байсан юм. Ардчилал эрийн цээнд хүрлээ гээд л. Арван найман насыг хүрээд аавынхаа гэрт тогтохоо болих болов уу гэтэл харин аавындаа ороод суучихсан юм. Ардчилсан хүчин ажилсаг аавынхаа хөрөнгийг үрэн таран хийдэг анхиагүй хүү шиг л аашилсныг нь хэлэхээр гэмшихийн оронд уурлаад байх юм. Монголын үйлдвэрүүдийг биш коммунизмын үйлдвэрүүдийг устгасан гэж хөлсөө арчаад л. Тэгээд яагаав, одоо аж үйлдвэржилтийн хувьсгал хийх гэж байна гэнэ. Аж үйлдвэр нь байдаг бол хувьсгахгүй юу, байхгүй юмыг одоо яадаг байна? Нарийн ярьвал яг энэ капиталист нийгэмд аж үйлдвэрийн хувьсгалыг нам биш хөрөнгөтнүүд л хийдэг байхгүй юу. Коммунизмын үед тэр нам нь хийдэг байсан юм. Ингээд бодохоор манай ардчилагчид ч коммунист хэвээрээ л байна даа. Нэр нь либерал, санаа нь коммунист.

Тэгэхээр хорин жилийн сүйтгэлийн дараах гялайх гялтайх юм нь уг нь энэ хэдэн хөрөнгөтнүүд юм шүү дээ. Төрөөс төрсөн тэрбумтнуудыг хэлээгүй шүү. Авилга, хээл хахуулиар баяжсан цагаан захтнуудыг ч хэлээгүй байна. Ганзага үүрч, реэкспорт хийж, спирт зөөж, орон шоронд орж, зээл авч, хиншүү ханхалтал шатаж, хөлсөө дуслуулж зүтгэсэн хэдэн хөрөнгөтөн бий.

Олны мэддэгээс 17 чингэлэг спирттэй Х.Баттулга, эмгэн шиг насаараа цамц нэхсэн Б.Жаргалсайхан, улс төрчдөд зөвлөгөөнд дээрээ нэмээд юм өгдөг сурагтай ч одоо Азид данстай баячуул болсон Ж.Оджаргал, Ж.Од, “ХААН” банкыг дампууруулаагүйдээ дандаа бурууддаг Ц.Баатарсайхан, “Номин”-гийн Ш.Баярсайхан, нэг орд ч болов гадныханд өгөхгүй гэсэндээ лицензийг нь аваад явдаг “рекетчин” “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван, анхны автозасварын газраа “АПУ”-гаар сольсон Г.Батхүү, MCS-ээс ч хол гишгэсэн байж магадгүй атлаа мэргэжлийнхээ дагуу “нууц ноён” болсон Б.Нямтайшир, мэдээлэл мөнгөнөөс үнэтэйг мэдэрсэн “Бодь”-ийнхон гэх мэтээр цөөхөн хэдэн хүн бий. Хүмүүс муугаар нь сайн мэддэг учраас нэрд гарсан нь л эд болохоос олон мянган бизнесмэн бий.

Сүүлийн жилүүдэд Монголын улс төр Монголынхоо бизнесмэнүүдэд халгаатай болж эхэллээ. Төрд ажилласнаас ТҮЦ ч ажиллуулж үзээгүй нөхөд бизнесийн зовлонг мэддэггүй учраас алдаж байгаа юм. Гадаадынхан ХОГ, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хууль хоёр байхад л манай үндэсний хөрөнгөтнүүдийг нутагт бутниргэчихэж байна. Гадныхны өгдөг хахууль үндэсний хөрөнгөтнүүдийн өгдгөөс давсан тул манай улстөрийнхөн өөрийхнөөсөө нүүр буруулж эхэлсэн л гэж би боддог.

Тиймээс “Ухаа худаг” Монгол компанийн биш, гадаадын компанийн мэдэлд байсан нь дээр, тэгвэл 10 хувь ньард түмэнд очно гэх юм. 100 хувь Монголын мэдэлд байсныг гадныханд өгөөд 10 хувийг ньавна гэж бодож болох уу? та минь ээ. Төмөр замыг Монголчууд биш Оросууд тавьбал дээр ч гэх шиг. Хятадуудаар тавиулж болохгүй гэсэн болохоос өөрсөө тавьж болохгүй гэж хэн ч хэлэхгүй байх. Нөгөө л залхуу зангаараа хүнээр ажлаа хийлгэх гэж байгаа нь тэр. Эсвэл дотоодын шулаач арилжааны банкуудыг гадаадын цэвэр шударга, нэр хүндтэй банкаар солино гэнэ.

Гэхдээ эхлээд манай хөрөнгөтнүүд улстөрчдөө авилгаар угжиж хөлд оруулсан буруу бол бий л дээ. Эхлээд авилгачид гуйж авдаг байсан бол одоо гуядаж авдаг болж. Гуядуулсаар байтал одоо үндэсний хэдэн компани сүйрдэггүй юм гэхэд уруудах болж. Улстөрийн тусгаар тогтнол улстөрийнхөнд байдаг юм байж, гэтэл эдийн засгийн тусгаар тогтнол бол хөрөнгөтнүүд дээр л тогтдог. Японы үндэсний үзлийн суурь нь нэр муутай байсан худалдаачдаа хөрөнгөтөн болгож чадсанд байх юм. Хятадын хүчирхэгжлийн үндэс нь эдийн засгаа либералчилж шинэ хөрөнгөтнүүд төрүүлсэнд бий. Манайхан эдийн засгаа либералчилж байгаа нь энэ гэж бүхнийг буцаагаад нийгэмчилэхдээ тулж байхад, Хятадууд яамаа хүртэл корпораци болгож либералчилж байжээ. Өнөөдөр манай яамд компаниудтайгаа дотоод зах зээлд “чөлөөтэй” өрсөлдөж, яам нь компани болоод, сайд нь монополь компанийн эзэд болж хувирчээ. Монголын онцлогтой либерализм, аан?. Бид яагаад юмыг дандаа эсрэгээр нь хийдэг юм бол?

Буруугаас бултах заншил 

Монгол үгийн их утга айхтар. “Аман хуур” кинонд өвгөнөө авдраа өргөж даахгүй мунгинахыг харсан хөгшин нь “Үгүй, чи юундаа удаад байна аа” гэж аашлахад “Даагдахгүй л байна шүү” гэдэг. Өөрөө “даахгүй” байгаа юм биш, авдар нь “даагдахгүй” байж л дээ.

Буддын өв соёлыг хэн устгасан? Коминтернийхэн. Социалист аж үйлдвэрийн баазыг хэн устгасан? Гадаадын эдийн засгийн алуурчид. Одоо МАНАН-ынхан нэгнээ “коминтернийн шээс, шинэ колоничлогчдын баас” энэ тэр гэж суух хэрүүлийн бэлэн сэдэвтэй болсон. Энэ хэрүүл яг солонгос сериал шиг л үргэлжилнэ. Бидний тархийг угаагаад бидний гараар устгуулсан, бид буруугүй, гадныхан буруутай. Тэгээд бид өөрдөө юу хийж байгаа юм бэ? Ардчиллыг л байгуулж байна даа. Нөгөө социализмын үеийн онигоог санаж байна уу? Энэ үйлдвэрийг Польш, тэр үйлдвэрийг Румын, энэ уурхайг Оросууд, энэ гүүрийг Хятадууд барьж өгсөн юм гэх тайлбар сонссон гадаад нөхөр “Тэгээд та нар яг юу хийж байна вэ?” гэхэд “Бид социализмын материал техникийн бааз байгуулж байна аа” гэж хариулсан юм гэнэ билээ.

Харин өнөөгийн тэр польш, унгар, югослав нь манай хэдэн хөрөнгөтнүүд байхгүй юу. Капиталист нийгэмд орсны гол шинж бол “капиталист анги” бий болоход байгаа юм. Түүнээс дан “Ард” ангиас бүрдсэн нийгмийг капиталист гэдэггүй.  Манайдаа л капиталист болохоос дэлхийд “буржуй хавьцаа” нөхөд ч бий. Нөгөө гэр ахуйн барааны дэлгүүрийн эзэн Кармелио гэдэг шиг.  

К.Марксын нэмүү өртгийн тодорхойлолт үл ялиг засвартай хэвээрээ л байгаа. Онол нь өөрчлөгддөггүй, хүн нь, нийгэм нь өөрчлөгддөг. Маш энгийнээр бол Марксынхаар, үйлдвэрийн нэмүү өртгийн ихэнхийг капиталист завшиж, ажилчинд тун өчүүхэн оногддогоос баялгийн хуваарилалт шударга бус болдог. Иймээс багыг хүртэж буй олонх, ихийг хүртэж буй цөөнхөөс баялгийг хүчээр булааж авах ёс суртахууны эрх үүсэж байна. Энэ бол олон зууны мөлжлөгийн үр дүн агаад коммунист манифесто яг үүнийг хэлснээр дэлхийн түүхийг өөрчилсөн баримт бичиг болсонюм. Чухам баялгийн энэ хуваарилалтаас болж антогонист буюу эвлэршгүй зөрчил үүсч, эцэстээ коммунизмд хүрэх ёстой. Улстөрийн эрх сонгууль бол олонх энэ баялгаас аль болох ахиуг өөртөө наах эрхийг илэрхийлдэг болохоос болохоос дан улстөрийн эрх чөлөөгөөр хүн амьдардаггүй байхгүй юу.

Өнөөдөр бол мөлжигч эзэн ба мөлжүүлэгч ажилчин ангийн асуудал биш хэрэглэгч, үйлдвэрлэгчийн асуудал яригдаж байна. XX зууны эхээр Х.Форд, Ж.Рокфеллерийн үеэс Марксын “Нэмүү өртгийн”, “Мөлжлөгийн онол” обьектоо сольж эхэлжээ. Тэр цагаас капиталистууд ажилчдаа биш, хэрэглэгчээ шулдаг нь илэрчээ. АНУ-д “Монополийн эсрэг хууль” гарав. Энэ ч бараг л монополь-капиталистуудын эсрэг хийсэн Марксист алхам шахуу юм. Хуйвалдааны онолоор”Ротшильдийнхэн Рокфеллерийнхний эсрэг хийсэн алхам” ч гэдэг. Дэлхийн эдийн засгийн цуврал хямралын дараа монопольчлолын эрин дуусахад олигополь эдийн засаг, олигархууд үүсэв.

1990 оны Ардчилсан хувьсгалын дараа нийгмийн өмчийг ХОЭБ-ээр ёстой нэг тэгшитгэн хуваасны дараа Монгол үйлдвэргүй үлдсэн юм. Капитализмд орох коммунист алхам.  Капитал бол муугаар бол мөлжлөгийн зэвсэг, сайнаар бол хуримтлал. Энэ хуримтлал улс орныг өөд нь татах ёстой. Харин тэр хуримтлал улсад биш хүмүүсийн гарт байх ёстой. Ийм нөхцөлд л улс орон хуримтлалтайг нь дэмжиж, тэр хуримтлалыг нь хөрөнгө оруулалтад чиглүүлж байж босох ёстой. Түүнээс улсын, улстөрчдийн гарт байвал амлалт энэ тэрээр дамжаад гарын 76 салаагаар савирчихдгийг бид харж байна.

Гэтэл манай төр дотоод хуримтлалд биш гадаад хуримтлалыг татан авахад шохоорхсон тул үндэсний эдийн засгаа баллаж эхэлж байна. Ийм эрин цагт үндэсний эрх ашиг, үндэсний үзэл санаа аанай л дэвэрч байна. “Баялгийн үндсэрхэл” энэ тэр ч гэдэг. Хөрөнгө оруулагч ашиг олох сонирхлоо урдаа барихаас өөр замгүй. Ийм нөхцөлд үндэсний баялгийг, хөрөнгө орулалтыг үндэсний эрх ашигт захируулах шаардлага урган гарч байна. Харин гадныхан манай үндэсний эрх ашгийг хүндэтгэх нь юу л бол. Чухам иймээс томоохон гадаад хөрөнгө оруулалт манайд дам ашиг өгөхөөс шууд ашиг байхгүй, яагаад гэвэл тэд өөрийн үндэстэнтэй. Ингээд баялаг эрх ашгаас салж, ашгийн хэрэгсэл болж байна. Хөрөнгө оруулалт бол гадаад бодлогын том зэвсэг юм. Манайх хөрөнгийг гуйж авдаг, урьж оруулдаг гэж ойлгодог байсан бол 2007 оны Ашигт малтмалын хуулиас хойшхи сургамж бол хөрөнгө оруулалтаар дамжуулж баялгаа шулуулах замд ордог болохыг ойлгодог болсон байна.

Өнөөдөр манайд зайлшгүй хэрэгжүүлэх бодлого бол дотоодын хөрөнгөтнүүдийг дэмжихэд чиглэх ёстой. Тэд л гадны капиталын түрэлтийг дотоодод ашигтай болгож чадна. Түүнээс авилгад автсан улстөрчид улам л цаашаа яваад байдаг юм. Ер нь Монголд бүгдээрээ тэгш ядуу, нэг ангит нийгэм байгуулах гээгүй биз дээ? Төр засаг өөрөө гадны санхүүгийн хүчний өмнө хүчгүйгээ батлаж байна. Ийм нөхцөлд хөрөнгийг хөрөнгөөр л сөрж чадна. Энгийн логикоор хөрөнгөтнийг хахуульддаггүй, улстөрчийг л.

Одоогоос 23 жилийн тэртээ социализмын үед эдийн засгийн хөгжлийн зах зухыг амталсан Монголчууд “бар” болно, экспортын үйлдвэрлэлийг дэмжинэ гэж сагаж байсан. Харин өнөөдөр үхснийх нь “бар, луу” байх вэ? Экспортын үйлдвэрлэл хөгжүүлэх боломжоо алдаад зогсохгүй, дотоод зах зээлээ яаж хамгаалахаа ч мэдэхгүй болчихжээ. Манай хөрөнгөтнүд дотоод зах зээлээ мэдэлдээ авсан цагт гадныхныг шахаж чаддаг болохоос төрөөс мангар шийдвэр гаргаж шахдаггүй л байхгүй юу. Өнөөдөр Монголчууд “неолиберал-шинэ колоничлолын бодлогын” золио болж голомтондоо нидрүүлэхдээ тулж байгаа нь үндэснийхээ хөрөнгөтнүүдийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, дотоод хуримтлалаа сүйтгэж, банк санхүү, хуулийн дэмжлэгээ татаж, дотоод зах зээлээ гадныханд нээж, гадныханд байдгаа барьж, хөрөнгөжиж буй нэгнээ үзэн ядаж байгаатай л холбоотой. Ийм нөхцөлд төрийн тогтолцоог яаж ч сайжрууллаа гээд хөгжлийн амжилт олохгүй, тиймээс ерөөсөө бодлогын эргэлт нь дотоод хөрөнгөтнүүдээ л дэмжихэд байна.

Хөрөнгөтөнд өнөөдөр мөлжих ажилчин биш, бүтээгдэхүүнийг нь авах хэрэглэгч, зах зээл хэрэгтэй. Хэрэглээ, зах зээлээ тэлэхийн тулд тэд олон нийтийн амьжиргааг сайжруулах, бүтээгдэхүүнээ хямдруулах боломжийг хайна. Манай өнөөгийн инфляцийн нэг гол шалтгаан бол гадныханд эзлүүлсэн дотоод зах зээл хумигдсанаас манай компаниуд бага зах зээлээс ашиг олохыг эрмэлздэг болсонд бий. Цөөн баянтай үй олон ядуустай улсад цөөхөн баячуулынх нь мөнгийг суйлах “брэнд” гэгч л хуримтлал бий болгодог. К.Маркс хэлжээ. “Капитал бол бирдийг домбоноос нь сулласантай адил” гэж. Харин манайх өөрийн капиталыг домбонд нь лацдаж, булаад гадны бирдийг уриад байгаа нь л гол алдаа юм биш үү? 

Мөнгөтөн, хөрөнгөтөн гэж хэн бэ?

Мөнгөтэй хүн, хөрөнгөтөн хоёр ондоо. Оросын эзэнт гүрэн мөнгөтэй феодал баячуулаар дүүрэн байсан. Тэд хөөгдөөд алт мөнгөө асгаж цутгаад чирээд явсан ч тэр хязгааргүй баячуулын үр удам өнөөдөр бүгд л эгэл хүмүүс болжээ. Мөнгөтэй хүн ч, мөнгөгүй хүн ч адилхан л хэрэглэгч, харин капиталист бол хэрэглээг бий болгогч, мөнгө өсгөгч байдаг юм.

Өнөөдөр мөнгөтэй, төрөөс төрсөн тэрбумтнууд өөрийн бузар булай аргаар олсон зөөснөө нуухын тулд үндэсний хөрөнгөтнүүдийн араар нуугдахыг оролдож байна. Тэд “Та нарын хөрөнгийг хураах гэж байна, надад мөнгөө өгөөдөх, би та нарыг хамгаална” гэж байна. Үгүй юм аа, шударгаар олсон мөнгөөр лаагаа ч идэж болно, харин шударга бусаар олсон мөнгөөр лууван ч авч болохгүйд л асуудал байна.

Манай авилгачид өөрсдийгөө бизнесмэн, төрийн албаа бизнес гэж ойлгоод байна. Тэгээд олсон мөнгөө ил гаргаж, бизнес хийж болохгүй учраас гадагшаа гаргаж байна. Мөнгөө, үнэндээ өөрсдийн булхай нууцыг хадгалуулсныхаа төлөө мөнгө төлж байна. Ямар их мөнгө гадагш гарч, тэндэхийн бизнесийг дэмжиж байгаа гэж бодно?

Капитал бол мөнгө биш гэдгийг Марксизмын үед ч ойлгоогүй, өнөөдөр ч ойлгохгүй байна. Гагцхүү капиталыг үзэн ядах хүмүүжил л үлджээ. Капитал бол өсөн нэмэгдэх, нэмүү өртөг бүтээх хэрэгсэл. Мөнгө бол үргэлж хорогдож байдаг цаас. Хэрэглээнээс гадна инфляц гэж нэг мөнгөний хүр хорхой бий. Монголд цэвэр феодализм тогтсон байна. Хөрөнгөтэй капиталистууд нь бойжиж дуусаагүй байхад үй олон мөнгөтэй феодалууд бий болчихож. Феодалууд нь мөнгө хүүлэл, авилга (рент) дээр эрх мэдлээ барьж байна. Ийм нөхцөлд ард түмэн хийгээд хөрөнгөтнүүдийн гол дайсан бол гадныханд зуйрагч, тэдний мөнгөөр үндэсний эрх ашгаа худалдагч, авилгаар баяжсан хувалзнууд феодалууд юм. 

Өнөөдөр сэтгэлгээний өөрчлөлт хийхгүй бол эргээд ард нь нуугдсан авилгачдыг хусах гээд үндэсний хөрөнгөтнүүдийнхээ үндсийг тасалчихаж магадгүй байна. Оросод бол тэгсэн л дээ. Яагаад гэвэл Орос орон өөрөө феодалын харилцаанд байсан юм. Дөнгөж 1870-аад оноос л хамжлагыг халах шийдвэр гаргасан шүү дээ. Харин соёлжсон Германд зүүнийхнээс айсан хөрөнгөтнүүд нь нацистуудад “хөрөнгө оруулчихсан” юм. Тэгээд л нацизм бирд болсон доо. Өнөөгийн манай нөхцөл байдал яг л XX зууны эхэн үе шиг байна. Нацизм, коммунизм хоёрын нэгийг сонго гээд байвал би л лав нацизмыг сонгоно доо. Ийм хандлага ч байна.