Дүүлж яваа дүү хэний хэн бэ?
Б.Мөнхбаатар гэгч залуу Улаанбаатар хотын намын хорооны дарга болжээ. Энэ мэдээлэл Т.Билэгт огцрох өргөдлөө өгчээ гэсэн мэдээллээс илүү сонирхолтой мэдээ байлаа.
Сүүлийн үеэс Б.Мөнхбаатар гэх залуу гэнэт тодорч, албан тушаалын карьер нь ер бусын хурдаар суга өсч, улс төрийн хүрээнийхний нүдийг орой дээр нь гаргах болжээ. МАХН-ын архаг гишүүд бүгд эл томилгоонд эгдүүцэж байгааг үзэхэд бас ч гэж хэт давруу ажиллагааг нэг бүлэглэл нь явуулчихжээ. Намын удирдах зөвлөлийн нүдийг аниулж байгаад ар хударгаар нь хийчихсэн уг томилгооны эзэн Б.Мөнхбаатар гэж ингэхэд хэн юм бэ.
1975 онд төрсөн, эдүгээ 34 настай. Говь-Алтайн гаралтай ч Төв аймагт өсч өндийсөн. Энэ байдлаа дагаад хоёр аймгийн хоёулангийнх нь фракциуд руу гүйдэг. Дорвитой намтар сэлтгүй, богино хугацааны дотор баахан дипломны цуглуулга хийчихсэн, нам дагаж яваа, хэн нэг лидер дагаж яваа алин болохоо сайн ойлгоогүй, энэ байр байдлаасаа болоод орчин цагтаа баахан гологдож харагддаг өрөвдөлтэй залуучуудын нийтлэг дүр төрхийн илрэл. Сүүлийн үед элбэгшсэн цахилгаан шатаар хурдалж яваа сэргэлэн пацаануудын нэг. Хэдэн жилийн дотор хэдэн сургууль төгсчихсөн байв аа...мөн гайхамшиг аа гэсэн шог аястай яриа түүний тухай мэдээллийг хачирлан түгэж байгаа нь ямар цаг үеийн ямар бүтээл болохыг нь хэлээд өгч байх шиг.
МАХН-ын хотын намын хороог удирдаж явсан үе үеийн дарга нар дотроос түүнтэй адилхан гучаадхан насандаа энэ суудалд заларч байсан хүн байхгүй. Тийм болохоор гэрлийн хурдаар дүүлж яваа азтай дүүг томчууд ийнхүү гадарлаж доторлон сонжиж, ил тод голж, басч, хөтөлж авчирсан хүмүүсийг нь харааж зүхэж байгаа нь гайхаад байх явдал биш.
Энэ явдал нэг талаар МАХН хэмээх их айлыг боловсон хүчний нөөц нь дундарч, нэр хүнд нь гундаж, хэн ч биш хүүхдүүд хор найруулж байгаад юунд ч хүрч болдог, эзэнгүйдсэн, урьдын хүчирхэг шинжээ алдсан, уруудаж тарж яваа айл шиг харагдуулж байна гэж зарим хүмүүсийн үзэж байгаа оргүй зүйл биш байж мэднэ. МАХН залуучуудаа дэмжихгүй бол болохгүй гэж шийджээ. Гэхдээ тэр залуучуудынх нь идеал Б.Мөнхбаатар гэхээр ямар сонсогдож байгаа бол.
Тэрбээр том улс төрийн анхааралд Баянзүрх дүүргийн засаг даргаар гэнэтхэн томилогдсоноор орж ирсэн. Тэр үеэс залуу даргын талаар чих улайлгасан элдэв паян дуулдах болсон юм. Лав л анхны шахам ярилцлагаараа „Би Э.Мөнх-Очирын хийсэн балгийг цэвэрлэх ажил л хийж байна” гэж цүл пал хийтэл мэдэгдэж, хавийн улсуудыг инээлгэж, Ху намынхнаа уурлуулж байсан. Ажлыг нь авчихаад өмнөх даргынхаа араас угаадас цацахыг улс төр өөрөө үзэж чаддаггүй гэдгийг ойлгоогүй явсны шинж биз. Ямартай ч амнаас унагасан анхны мэдэгдлүүдээрээ „манай дүү” нэг иймэрхүү оноо авч байсан санагдана. Одоо бол том дарга болсон сурагтай. Б.Мөнхбаатарын гэх залуучуудыг хүртэл бий болгож, энд тэндэхийн жижиг албан тушаалууд руу шургуулж, хөөрхөн амжуулж хүрээгээ тэлж яваа гэх. Нэгэнт ах нар боломж олгож байхад, далимдуулж гар хөлөө сунгаж авахын буруу гэж юу байхав. Монголын улс төрийг тэртээ тэргүй өнөөдөр иймэрхүү арга барилын үр хөврөл л тодорхойлж байна шүү дээ.
Юутай ч МАХН-ын нэр хүнд тодорхой хэмжээгээр унасныг саяны болж өнгөрсөн сонгууль илтгэлээ. Харин нэр хүнддээ тийм хүчтэй цохилт авсан МАХН хариуцлагын тухай ийм болчимгүй авч хэлэлцэж байгаа нь гайхаш төрүүлж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нийслэлийн намын хороо ялагдал хүлээж, намын дарга Т.Билэгт өөрөө өргөдлөө өгөн огцорч харагдавч цааш нь ухаад үзэхэд бүх зүйлийг бэлэгдлийн шинжтэй, оромдон өнгөрөөж байгаа сонин байдал үзэгдэнэ. Өөрөө огцрох хүсэлтээ гаргасан гэх Т.Билэгтийн өргөдөлд сонгуульд ялагдал хүлээсэнтэй нь холбоотой нэг ч үг өгүүлбэр байгаагүй талаар улс төрийн хүрээнийхэн ид ярьж байна. Тэгэхээр хотын намын хорооны дарга нь нас явсан, хувийн амьдралд асуудал гарсан, залуучууддаа боломж олгоё гэх мэт золбин шалтгаанууд тоочин бэлгэдлийн өргөдөл тэрлэсэн явдлыг гадагшаа нам дотроо хариуцлага ярьсан болж харагдах гэсэн төдий алхам гэж харах нь зөв бололтой. Тэгэхээр Т.Билэгтийн нэг албан тушаалаасаа татгалзаж, нөгөөтэйгөө үлдэн жүжиг тавьсан эл үйл явдлыг улс төрийн соёлоор тайлбарлагдах зөв жишээний тоог нэгээр нэмлээ гэх мэт сүржин дүгнэлтээр хулдах нь ёс зүйгүй, хуурмаг явдал болж таарах нь.
МАХН-ын дотор эдүгээ хамгийн хүчирхэгт тооцогдож байгаа нэгэн бүлэглэл уг халаа сэлгээний сценарыг бичсэн гэдэг үнэн бололтой. Гэхдээ жаалхүүгийн нэрийг ганцааранг нь оруулахаас нэрэлхэхдээ хотын дарга Г.Мөнхбаярын нэрийг хамт оруулж ирсэн нь хэтэрхий хуншгүй явдал болжээ. Г.Мөнхбаяр мөн л өмнө нь хэсэг хугацаанд хотын намын хорооны даргын ажлыг хийж байсан. Гэвч МАХН-ынхны дотоод хар сэр түүнийг тэрний ч хүн, энэний ч хүн гэсэн уламжлалт авираараа боогоод ажиллуулаагүй. Өөрөө ч зууралдаагүй хаячихаад гарч одсон. Харин албан тушаалтай зууралддаггүй, авъя гэхэд нь өгчихдөг сийхгүй сэхүүн зан одоогийн хотын даргад байдаг. Түүний нам, төрд ажилласан намтар нь орон л онгойвол очиж толгойгоо шургуулчих гээд байдаг „дуртай амьтан” биш гэдгийг харуулдаг. Тийм болохоор дандаа таамгаар, дам мэдээллээр чалчиж байдаг зарим сэтгүүлчийн Г.Мөнхбаярыг МАХН Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд өрсөлдүүлэхээр зүтгүүлж байна гэх мэтээр нисгэж байгаа хов живэнд итгэх үндэслэл алга.
МАХН хэвлэл мэдээллийн албаныхаа даргыг мөн сольжээ. Хандлага нь бас л буруу явж байгаа харагдана. Саяын сонгуулийн сурталчилгаа олон толгойтой явсан нь, намын амьдралаас хол, сонгууль болохоор л гэнэт гарч ирдэг хөндлөнгийн PR- чдын гарт бүх мэдлийг итгэж атгуулсан нь намын удирдлагын л алдаатай бодлого болохоос хэвлэл мэдээллийн алба тааруу ажилласны буруу биш. Хэвлэл мэдээллийн аливаа байгууллагууд бол байнга олон нийтийн сэтгэл зүйтэй ажиллаж байдаг, тэдний өмнө байнга хариуцлага хүлээж байдаг, амьдралаараа нийгэмтэй салшгүй холбоотой явж ирсэн хаашаа ч хийсч одохгүй хүчин. Тиймээс тэднийг гэнэт сэрж гарч ирээд, баахан дураараа тоглож байгаад хамаг мөнгийг нь хамж аваад алга болчихдог, хаана ч хэний ч өмнө хариуцлага хүлээдэггүй хөндлөнгийн тоглогчид болох PR- чидтай адилхан авч үзэж болохгүй юм. Товчхон хэлэхэд энэ хоёрыг нэг нь сууж үлддэг, нөгөө нь нүүж оддог гээд ойлгочиход буруудахгүй. Мөн чанарын хувьд ч, хүн чанарын хувьд ч зүйрлэшгүй өөр араншинтай улсууд гэдгийг улс төр хийж байгаа намууд, улс төрийнхөн өөрсдөө ойлгох, ялгаж салгах цаг нь ирснийг саяны сонгууль тодорхой харууллаа. Ийм ил тод харуулаад өгч байгаа юман дээр хариуцлага тооцох гэж оролдохдоо хүртэл ойворгон хандаж болохгүй гэдгийг ажиглагчид хэлж байна.
Сонгуульд ялагдал хүлээсэн нам дотооддоо хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг. Гэхдээ оромдож болохгүй. Одоогийн байдлаар ял зэмээ ийш тийш үсэргэж, хахь хамаагүй улсууд руу бурууг тохох гэсэн санаархал их цухалзаж байна. Н.Энхбаярын төлөө хотын намын хороо огт хөдөлж өгөөгүй л гэнэ. М.Энхболдын тэргүүлдэг „Хотын бүлэг” эсрэг явсан л гэнэ. С.Баяр ерөөсөө гэдийчихээд дандаа далдуур унагах гэж ажилласан л гэнэ. Ингэж хоёрыг хутгаж, хол ойрыг самарсан юм хэвлэлээр гулгуулж байдгаа аль аль улс төрийн хүчин больчихвол монголын улс төрыг тунгалагшуулах мөрөөдөлд дөхөм болох юм. Улс төрийг улстөрчид, улс төрийн хүчнүүд өөрсдөө булингартуулдаг. Дараа нь харин тулаад ирсэн зовлон зүдгүүрээ туулж гарах гэж ард түмнээ хөлдөө чирдэг гэдгийг сануулах юун билээ...