УИХ 2019-2024 онд хууль боловсруулах, хэлэлцэх шатанд иргэдийн оролцоог хангах зорилгоор цахим парламент буюу “D parliament.mn” сайтад хуулийн төслүүдийг байрлуулж санал авдаг болсон. Үүнтэй холбогдуулан тус сайтад байршуулсан Жагсаал цуглаан хийх тухай журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаархи саналаа олон нийттэй хуваалцъя.

Учир нь энэ хуулийн төсөл нь иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, төрийн үйл хэрэгт оролцох эрх зэрэг бусад эрхтэй салшгүй холбоотой. Үүний нөгөө талд тухайн улсын Засгийн газар иргэдийн тайвнаар жагсах, цуглах үйл ажиллагааны явцад жагсаалд  оролцож буй болон нийт иргэдийнхээ эрх, аюулгүй байдлыг бүрэн хамгаалах ёстой байдаг.
Монгол Улсын Үндсэн хуульд “иргэд итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж заасан. Жагсаал цуглаан хийх журмыг нь тийнхүү хуулиар баталснаас хойш 30 жилийн нүүр үзэх гэж байна. Тэр үеийн буюу, одоо мөрдөж байгаа хуульд заахдаа “гудамж талбайд жагсаал цуглаан хийхдээ Засаг даргад мэдэгдэл хүргүүлж, Засаг дарга нь 3 хоногийн дотор шийдээд бичгээр хариу өгөх, бүртгэсний дараа жагсаал цуглаан хийх талаар мэдэгдэж зохион байгуулах, хэрэв бүртгэхээс татгалзсан бол шүүхэд гомдол гаргахаар зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, засаг захиргааны байгууллагад бүртгүүлчихээд зохион байгуулсан бол хууль ёсны, бүртгэхээс татгалзсан байхад зохион байгуулсан бол хууль бус жагсаал цуглаан болно гэсэн утга агуулжээ. Мөн жагсаал цуглааныг зохион байгуулахыг бүртгэхээс татгалзсан засаг захиргааны шийдвэрт гомдол гаргаад, шүүхээс Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгосон ч бас л шүүгчийн захирамжийг Засаг даргад мэдэгдэж байж зохион байгуулахаар заасан байдаг.

Одоогоор ийм хууль мөрдөгдөж байна. Энэхүү 1994 онд баталсан хуульд нь өнөөдрийг хүртэл 5 удаа өөрчлөлт орсон боловч “бүртгүүлэх, зөвшөөрөх” гэгч механизм нь байсаар байдаг. Цаг үеийн нөхцөл байдал, хүмүүсийн итгэл үнэмшил, эрх чөлөө, ардчилал, амар тайван амьдрах эрхийн талаарх ойлголт нь 30 жилийн хугацаанд өөрчлөгдөхгүй улс орон гэж баймааргүй. Өөрөөр хэлбэл, жагсах эрхтэй гээд жагсаж буй иргэдийн цаана “Би амар тайван амьдрах эрхтэй, амь нас, эрүүл мэнд минь санаандгүй байдлаар хохирох ёсгүй, миний эрх зөрчигдөөд байна” гэсэн иргэдийн эрх гэж бий. Тэд мөн л цагдааг дууддаг. “Жагсаалаа болиул” гэдэг. “Шөнө унтаж чадахгүй байна”, “Дэргэдүүр нь өнгөрч явахад айдас хүйдэстэй байна”, “Зам хааснаас болоод хохирол амсаж байна” гэхчлэн гомдол ирүүлдэг. Бас л хамгаалах үүрэгтэй эрхүүд мөн. Эдгээрийн дунджийг яаж зохицуулж эмх замбараагүй байдлыг хангангаа эрх чөлөөг нь эдлүүлж үзэл бодлоо илэрхийлэх боломжоор нь хангах вэ гэдэг нь хуулийн зохицуулалт сайн байх ёстойг шаардаж байна.

Гэтэл өнөөдрийн байдлаар цахим парламент буюу www.d.parliament.mn Сайтад байршсан хуулийн төсөлд ямар өөрчлөлт орсныг хараад зарим зүйлийг ойлгосонгүй. Тухайлбал, Жагсаал цуглаан хийх тухай журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3.3-т “Тодорхой үйл явдалтай холбоотойгоор иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэн цуглаж, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх жагсаалыг аяндаа үүссэн цуглаан гэнэ” гэжээ. Улмаар 10’.1-д “Аяндаа үүссэн цуглааныг мэдэгдэх шаардлагагүй”, мөн “10’.2 Мэдэгдээгүй нь түүний аюулгүй байдлыг хангуулахаас зайлсхийх нөхцөл болохгүй” гэжээ.

Та бүхэн ойлгож байна уу? Хэн, хаанаас үүсгэсэн нь мэдэгдэхгүй, хэн ч хариуцлага хүлээхгүй хүмүүсийн олонлог дур зоргоороо цуглаж, хэрвээ эмх замбараагүй үйлдэл гарч, иргэдийн амь нас, эрүүл мэнд, амар тайван байдалд аюул учрахад “Бүх иргэдийн аюулгүй байдлыг хангуулна”? Хэн? Цагдаа, дотоодын цэрэг л байлгүй дээ. Засгийн газар л хариуцах нь?

Энд өнөөх төвөгтэй асуудал үүсгэдэг “Бүртгүүлэх” гэгчийг байх шаардлагагүй гэснээрээ одоо мөрдөж буй хуульд заасан “Жагсаал цуглааныг заавал зохион байгуулагч байна” гэсэн зохицуулалтыг “устгаж” байгаа юм байна. Тэгэхээр цагдаа очих шаардлагагүй мэт. Гэтэл “иргэдийн аюулгүй байдлыг хангуулна” гэж байгаа юм. Яаж? Үүнийг уг хууль санаачилсан эрхэм гишүүн О.Цогтгэрэл, А.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Б.Бейсен, С.Ганбаатар, Н.Ганибал нараас асууя!

Бусад улс оронд бол “Жагсаал цуглаан хийхдээ мэдэгдэх механизм байх нь эрх чөлөөг хэрэгжүүлэх арга хэрэгсэл” гэж үздэг. Хэн, ямар зорилгоор, хэр хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулж байгааг засаг захиргаандаа мэдэгдсэнээр төрийн байгууллагаас зам талбай чөлөөлөх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийх, жагсаалд оролцогч иргэдийн болон жагсаагүй иргэдийн аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрэлддэггүй юм уу? Энэ зохицуулалтыг зөв хийснээр жагсаалд оролцож байгаа иргэд ч үзэл бодлоо илэрхийлээд, дэргэдүүр өнгөрөх хэн нэгэнд чулуугаар шидүүлчихгүй, зодуулж цохиулахгүй амар тайван эрх чөлөөгөө эдэлмээр байна. Оролцоогүй иргэд ч цаг хугацаа, нөхцөл байдлаа тооцоолж ажлаа алдахгүй, эрүүл мэндээрээ өртчихгүй, ямар нэг хохирол амсахгүйгээр амар тайван амьдрах эрхээ эдэлнэ.

Гэтэл “Эс мэдэх зүгт зорчиж үл мэдэх зүйлийг авчир” гэдгийн адил яг энэ хуулийн төсөлд бичсэнээр “Хэнд ч урьдчилж мэдэгдэхгүйгээр, хэний ч зохион байгуулсан нь мэдэгдэхгүй цуглаанд, хэзээ дуусах нь үл мэдэгдэх ямар нэг үйл явдлаас бүх иргэний аюулгүй байдлыг ханга!”.

Уг нь цагдаа хаана ч, юу ч болж магадгүй гээд ажилгүй тэнэж явдаг хүмүүс биш. Мөн дээрх төсөлд заасан шиг “Аяндаа үүссэн цуглааныг мэдэгдэх шаардлагагүй”,“Мэдэгдээгүй нь түүний аюулгүй байдлыг хангуулахаас зайлсхийх нөхцөл болохгүй” гэж заасан байдаг гээд жагсаж магадгүй санагдсан хүмүүсийг үргэлж мөрдөөд явж байх завгүй. Яагаад гэвэл Хотын даргын захирамжид заагдсан үүргээр газар чөлөөлөх маргаан дээр, хог ачих “үйл явдал” дээр үүрэг биелүүлээд явж байж болзошгүй шүү дээ. Ганц хүн лоозон бариад зогсож байсан ч тэнд очиж хамгаалахыг энэ хуулиараа тушааж байгаа юм чинь.

Үнэхээр энд заасан шиг “аяндаа” жагсаал цуглаан үүсчихсэн тохиолдолтой “тааралдлаа” гэхэд жагсагчдын ч, жагсаагүй иргэдийн ч амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үүргээ биелүүлж л таарна. Тэгсээр ч ирсэн.

Дахин сануулахад, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн судалгаагаар 2020-2022 оны хооронд улсын хэмжээнд нийт 728 удаагийн жагсаал цуглаан, өлсгөлөн, суулт зохион байгуулагдсанбайх юм. Энэ тооноос хойш, зөвхөн 2023 он гарсаар улсын хэмжээнд нийтийг хамарсан арга хэмжээ 334, жагсаал, цуглааны хэлбэр агуулсан 67 удаагийн арга хэмжээ зохион байгуулагдсанбайгаа юм. Гэтэл зөвхөн 2022 оны байдлаар 238 цагдаагийн алба хаагч халдлагад өртөж, хохирчээ. Ийм л зүйл болдог.

Цаашилбал, уг хуулийн төслийн 6.7-д Төрийн ордон, Сүхбаатрын талбайг иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх хэсгийг хориглосон зурвасыг хэсэгчлэн тогтоохдоо Үндсэн хуульд заасан чиг үүргийг мөрдөх ба Төрийн ордон болон тусгай хамгаалалтын газрын талбайн зөвшөөрөгдөх хэсгийг иргэдэд нээлттэй индэр байдлаар ашиглахыг хориглохгүй байж болно” гэжээ. Энд мөн л Төрийн ордныг болон тусгай хамгаалалтын газрын талбайн аюулгүй байдлыг хэн хамгаалах вэ, тусгайлсан хуулиудтай хэрхэн зөрчилдөх вэ гэдгийг бодолцох ёстой байлаа. Эрхэм гишүүд “халдашгүй дархан байдлаа” бодолцсон л байлгүй. Зарим гишүүний яриад байгаа шиг “лай болоод” байгаа бол хуулиасаа “аваад хаячих” хэрэгтэй. Энэ хуулийг чинь мөрдөн хэрэгжүүлэхгүй бол хууль зөрчсөн болох учраас хамгаалдаг юм шүү дээ, гишүүд ээ!

Төслийн 9.З-т Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор түүний бэлтгэл ажлыг бүрэн хангуулах үүрэгтэй“ гэжээ. Энд “Зөвшөөрөх” гэсэн үг байхгүйг зориуд анхаараарай. Тийм ч учраас 9.5-д “Жагсаал, цуглаан зохион байгуулах тухай мэдэгдлийг Засаг даргад хүргүүлснээр зохион байгуулах эрх нээгдэнэ” гэж оруулжээ. Мөн Засаг дарга “мэдэгдэл хүлээн авснаас хойш 24 цагийн дотор бэлтгэл ханга” гэж байгааг анзаарна уу. Үүнд 9.4-т “Засаг дарга зохион байгуулагчтай харилцаад бэлтгэл ажил, жагсах чиглэлийг нь зөвшилц” гэсэн нь “Жагсаал цуглаан зохион байгуулах мэдэгдлээ өгөнгүүт тухайн Засаг дарга жагсагчдын мэдэлд шилжиж үйлчлэх” агуулга ойлгогдож байна.

Хуулийн төсөлд одоо мөрдөж буй Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10-р зүйл, 9.5 ба 9.6 дах зүйлийг хүчингүйд тооцсугай” гэсэн байна. Үүгээрээ жагсаал цуглаан зохион байгуулах орон зай, цаг хугацаа тодорхойгүй, түүнд тавих хяналт бүгд үгүй болж зөвхөн “Аюулгүй байдлыг хангуулах” үүрэг л ганцаараа торойж хоцорчээ.

Монголчууд бидний, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлж үг хэлэх эрх чөлөөгөө эдлэн жагсаал цуглаан хийх талаарх хууль тогтоогчдын ойлголт, зохицуулалт ийм л байна. Өөрөөр хэлбэл бид нэг хүний эрх, нөгөө хүний эрхээр хязгаарлагдана гэдэг зарчмыг 30 жилийн дотор ойлгоогүйг УИХ-ын эдгээр зургаан гишүүний санаачилсан хуулийн төсөл ингэж харууллаа. Төр гэж юу вэ гэдгээ ч ойлгоогүй Төрийн “түшээд”-дээ баярлалаа.