Нэпко хэвлэлийн газар, Хүмүүн хорвоо нийгэмлэг хамтран ХХ зууны “Түүхэн эрхмүүдийн цадиг” хэмээх цуврал ном гаргаж байгаа билээ. Энэхүү цувралын эхний ботиуд Бодоо, Нацагдорж, Дамдинсүрэн, Чин Ван Ханддорж, Батмөнх, Намдаг нэрээр дахин хэвлэгдэн худалдаанд гарлаа.

Энэ удаад бид Чойбалсан намтар номыг уншигч та бүхэндээ хүргэж байна.


ВОРОШИЛОВТ ТААЛАГДСАН ХАРХҮҮ

Гэндэн бол Сталины хүссэн “монгол Сталин” болж чадахгүй болох нь ойлгогдож эхэлж байсан 1934 оны намар Гэндэн, Сталины уулзалтад саяхан “Лхүмбийн хэрэг”-т орооцолдсон Чойбалсан байлцсанаар барахгүй шууд Ерөнхий сайдын нүдэн дээр түүний орлогчоор “томилогджээ”. Энэ үед Ерөнхий сайдын орлогчийг Сангийн яамны сайдтай давхар гүйцэтгэж байсан Гэндэнгийн нутгийн Довчин сайд өмнөхөн нь Сталинтай уулзаад өөрийнхөө тохиромжтой хүн биш болохыг ойлгуулчихжээ. Тэрээр Сталинд Монголд ажиллаж байгаа зөвлөлтийн мэргэжилтний зарим нь шаардлага хангахгүй байгааг зориглон хэлснээр барахгүй Монгол дахь орос иргэнийг цөөлөх тухай санал улайм цайм шууд тавьсан аж. Иймэрхүү “ичгүүргүй” саналд Сталин яаж хандах нь мэдээж, тэр үедээ дуугүй өнгөрсөн авч сүүлд нь Гэндэнтэй уулзахдаа орлогчоо өөр ажил давхарддагүй хүнээр тавих нь зүйтэй гээд тэр нь Чойбалсан юм шүү гэж ойлгуулав. Чойбалсан “Би мал аж ахуй дээрээ ажилламаар байна” хэмээн ёсыг бодож татгалзаж буй байдал гаргахад Сталин “Та энэ ажилд очлоо гээд малаасаа холдохгүй харин ч ойртоно” гэж хариулснаар асуудал шийдэгдэх нь тэр.

Данзанг устгах ажилд идэвхтэй оролцсоны шанд Бүх цэргийн жанжин гэсэн түүний албан тушаалыг авсан Чойбалсан 1926 оны тавдугаар сард цэргийн хэлэлцээ хийхээр Москва оржээ. Гадаад хэргийн ардын комиссариат Чичерин энэ айлчлалтай холбогдуулан албан тоот үйлдэж, Чойбалсангийн тодорхойлолтын хамтаар Батлан хамгаалахын ардын комиссар Ворошиловт илгээсэнд:

Чойбалсан намын зүүн жигүүрт багтдаг боловч жинхэнэ лидер Дамбадорж, Жадамба нарыг бодвол хүч сул, тууштай бус. Ихэвчлэн залуучуудын эвлэл, зарим үед МАХН-ын ТХ-д ажилладагийн хувьд улс төрийн ажилд оролцдог. Улс төрийн ажлын ачаалал нь цэргийн хэрэгт суралцахад нь саад болдог... Монголчуудын нийтлэг саналаар бол гуйвамтгай, төлөвшиж чадаагүй... албан тушаалд их дуртай, өөрийгөө хүндлүүлэхийг хүсдэг, бас удирдлагынхаа өмнө бөхөлздөг. ЗХУ-д хэрхэн ханддаг нь тодорхой бус...

Ийм л тодорхойлолттойгоор тэрээр анх Ворошиловтой уулзан танилцжээ. Үүнээс жилийн дараа бас дахин уулзсан. 1932 оны Ардын бослогын дараа Сталин Монголын хэрэгт цаашид Коминтерныг оролцуулахгүй байхаар шийдэн БХКбНамын ТХ-ы дэргэд Монголыг хариуцсан комисс байгуулан Ворошиловоор ахлуулжээ. Сталин прагматик хүний хувьд Гадаад Монголд коммунизм байгуулах гэж яарч байхаар ирээдүйд аюул учруулах Японы асуудалд илүү анхаарал тавьж, жийргэвч бүс болох Монголд цэрэг дайны асуудлаар анхаарлаа хандуулах нь зөв гэж үзсэн учир Батлан хамгаалах хариуцсан Ворошиловт энэ хэргийг даатгасан байх. Энэ албыг авахдаа түүний ганц таньдаг монгол нь Чойбалсан байлаа.

1933 оны есдүгээр сард буюу Чойбалсан Москвад “тав, зургаан сар суучихаад” нутаг буцдаг өдрөө Ворошиловт захидалд бичжээ:

…Намайг Москвад байх хугацаанд Та туйлаас нөхөрсөг хандаж үнэлж баршгүй гүн итгэл хүлээлгэснийг бидний нийтлэг үйл хэргийн төлөө чин үнэнч тэмцлээр хариулж, түүнийг би үлдэж буй амьдралынхаа зорилго болгоно... Олон зүйлийг ойлгохгүй, чадахгүй байсныгаа одоо мэдэрч байна...

Тангараг уу? Амлалт уу? Ач буян санасан талархал уу? Тэрээр захидалдаа сургуульд суралцаж мэргэжлээ дээшлүүлэхийг гуйжээ. Харин Ворошилов таван сарын дараа бичсэн хариу захидалдаа “Монголын өнөөгийн гадаад, дотоод хүнд нөхцлийг ойлгох хэрэгтэй” гээд Чойбалсан шиг хүн өөрийн туршлага мэдлэгээ энэ хэрэгт дайчлах шаардлагатай байгаа тул сурах хэргээ хэдэн жилээр хойшлуул гэжээ. Тэрээр “Одоо үед туршлага дадлагатай ажилтныг дээд зэргээр ашиглах явдал БНМАУ-д шаардагдаж байна. Энэ нь танд бүр их холбогдолтой... Байдал тайван болмогц таны суралцъя гэсэн хүслийг биелүүлэх талаар чармайх болно” гэжээ. Захидлаас үзэхэд Чойбалсанг шоронд сууж байхад нь Ворошилов татаж авсан шинж харагдана. Түүгээр ямар нэг чухал юм хийлгэх гээд байгаа бололтой. Чойбалсан тэрхүү итгэж хүлээлгэсэн ажлыг бүтээхийг үлдсэн амьдралынхаа зорилго болгоно гэж тангараглаад байгаа юм биш үү? Харин ямар ажил болохыг дурдаагүй авч энэ захидлаас хагас жилийн дараа тэрээр Москвад ирж Гэндэнгийн орлогч болсон билээ.

Ворошилов захидал бичсэн яг тэр өдрөөр огноолсон өөр нэг захидлыг Монголд элчин төлөөлөгчөөр ажиллаж байсан А.Я.Охтин Чойбалсанд бичжээ: “...Тэр нэгэн онцгой хэрэг дууссан бололтой. “Лхүмбийн хэрэг”-ийн талаар ямар ч эргэлзээгүй боллоо. Энэ нь танай ард түмний эрх чөлөөтэй, бие даан оршин тогтноход юухнаар ч гэсэн саад болохыг дайснууд маш их хүсч байгааг дахин нэг нотлов. Тэдгээр дайсантай хайр найргүй тэмцэх хэрэгтэй. Эс тэгвээс үхэл.” Энд Чойбалсанг “Лхүмбийн хэрэг”-т холбогдолгүй болсныг мэдэгдээд цаашид дайснуудтай үхэх сэхэхээ үзэн тулалдахыг сануулжээ. Дайсан нь хэн бэ?

Ворошиловыг цэргийн ардын комиссарын ажил дөнгөж хүлээж аваад байхад мань Чойбалсан 1926 онд Москвад айлчилснаар энэ хоёр хүний хооронд “өвөрмөц” итгэл холбоо үүссэн бололтой. Дараа нь тэрээр Улс төрийн Товчоонд Монголыг хариуцах болсноор чухам Чойбалсанг ирээдүйн “монгол Сталин” гэж анх түрүүн үнэлсэн байж болох юм. Ер нь ч түүнийг УБХ-ын дарга болгоод дараа нь Зөвлөлт Холбоот Улсад хагас жил эмчлэх нь их л нэр хүндтэй хэрэг болно гэж аль 1928 оны сүүлчээр Трубочев Шеко, Шмераль нар үзэж байсан ба Ворошиловын захиасаар түүнийг Москвад авчирч удаан хугацаагаар суулган сэнхрүүлж нөөцний хүн болгон бэлтгэх төлөвлөгөөтэй байсан бололтой. Юутай ч тэрээр энэ үеэс эхлэн Кремльд Монголын удирдагчдыг матдаг нууц мэдээлэгч нь болжээ.


УЛСТАЙ МАРШАЛ, МАРШАЛТАЙ УЛС

1934 оны шувтаргаар Ерөнхий сайд Гэндэн Сталинтай уулзахад цаадах нь Чойбалсанг Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч болго гэж тулгасан байна. Гэндэн, Сталин хоёрын харилцаа муудах тутам Чойбалсангийн Монгол дахь үүрэг роль улам өсч нэмэгдэж байлаа. 1935 оны гуравдугаар сард Сталин Монгол руу ер бусын бэлэг илгээлээ. “Газ” маркийн суудлын 20 автомашиныг Чойбалсангийн нэр дээр бэлгийн журмаар явуулсан нь зөвхөн Сталинаас л гарч болохуйц түрэмгий мөртөө цаанаасаа сайтар бодсон хутган үймүүлэлт, сүрдүүлэлт байлаа. Энэ бэлэг Кремль хэнийг дэмжиж, хэнийг заналхийлж буйгаа улайм цайм хэлсэн хэрэг юм. Чойбалсан эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй хүний зангаар машинаа тараав. Мал, тариалангийн яамны сайд байсан тэрээр сайд нар болоод аймгийн дарга нарт олдошгүй гоё лимузинг аймгуудын мал аж ахуй хариуцсан дарга нарт тарааснаас гадна сууж байгаад салсан эхнэртээ ч бэлэг болгон өгөхийг мартсангүй.

Гэндэн, Сталин нарын хамгийн сүүлчийн “аймшигт” уулзалтын дараахан Чойбалсан, Дэмид нарыг “БНМАУ-ын Маршал” цолоор шагналаа. Зөвлөлт Холбоот Улсад маршал цолыг буй болгон 5 хүнд өгснийг дуурайсан хэлбэртэй харагдавч Чойбалсанг товойлгох нь зөвлөлтийнхэнд илүү чухал хэрэгтэй байжээ. Чойбалсанг өргөхийн тулд л далимд нь Дэмидийг дагалдуулаад маршал болсон байх. Учир нь Монголд хоёр маршал нэг дор удахгүй гэдгийг Сталин сайн мэдэж байсан байх. Ялангуяа нэгийг нь илт дэмжээд, нөгөөг нь үл тоомсорлоод байвал асуудал өөрөө шийдэгдэж таараа. Гэндэнгийн тэгтлээ зүтгэж эсэргүүцээд байсан ДЯЯ-ыг байгуулан шинэхэн маршалыг 1936 оны хоёрдугаар сарын 26-нд сайдаар нь томилсноор Зөвлөлт Холбоот Улсад 2 жил шахуугийн өмнө нэгэнт эхэлчихсэн Их аллага Монголд давтагдах үндсэн бэлтгэл хангагдлаа.

Дотоодын хамгаалах газрыг Дотоод явдлын яам (ДЯЯ) болгож томсгох хурал яг л сталинист загвараар болж уг газрын дарга Намсрайг золигт гаргав. “Монгол Ягода” болсон түүнийг тал талаас нь ганц сайн авч өглөө. Дараа нь шинэ яамны шинэ сайд ба орлогчоор Чойбалсан, Өлзийбатын нэр гарахад тэрээр:

Нөхдөөс ДЯЯ-ны сайдад Чойбалсан, дэд сайдад Өлзийбат нар гэж байна. Өлзийбатын тухайд бол зөвшөөрнө. Чойбалсан гэсэн тухайд татгалзана. Учир нь нэгд бие муу, хоёрт Засгийн газрын ажилтай хавсрахад бие гүйцэхгүй, гуравт ДЯЯ-ны эрхлэх ажлыг огт мэдэхгүй, дөрөвт нас залуу биш, бичиг үсэг мэдэхгүй. Гэвч намын даалгаврыг гүйцэтгэгч гишүүн мөн тул намаас заавал ДЯЯ-ны сайдаар очуулахыг даалгаваас хүлээхээс өөр аргагүй...

Ерөнхий сайд Гэндэн өөрөө энэ шийдвэрийг туйлаас эсэргүүцсэн боловч хэн ч хэрэгсээгүй нь хаанаас заавар гарсныг илтгэнэ. Асуудал юу руу, хаашаа чиглэж байгааг Гэндэн сайн мэдэж байлаа. Сталин, өөрийг нь гүйцэтгэ гээд шахаад байсан ажлыг нь эдүгээ Чойбалсан хүлээн авчээ гэдэг нь түүнд тодорхой байсан тул арга барагдсандаа Чойбалсанг “Зөвлөлт, зөвлөлт гэж гүйхээс өөр юм мэдэхгүй амьтан” хэмээн харааж байв. Чойбалсан ч түүнийг үзэн яддагаа нууж байсангүй. Тэр муу Арвайхээрийн хулгайч, хазгар Гэндэнд одон тэмдэг биш ногт чөдөр л өгвөл таарна” гэх мэтээр хүмүүст ярьж явжээ. Хурлын дараа Гэндэн өөрөө юу ч үгүй хоцров. Бүх өөрчлөлт Москвад урьдчилан шийдэгдсэн нь тэр ажгуу.

Япон-Хятадын дайн эхэлчихээд байсан энэ үед Сталин Алс Дорноддоо тун ч зальжин бодлого явуулах ёстой байлаа. Хэрэв ямар нэг алдаа гаргавал япончууд хамгаалалт муутай Алс Дорнод руу цөмөрч орох аюултай байсан тул Японы гарыг сул байлгахгүй ухаалаг хутган үймүүлэлт түүнд маш хэрэгтэй байсан юм. Ийм сайтар найруулсан жүжиг тавихын тулд Монгол орон түүний гарт бүрнээрээ байх хэрэгтэй атал, Гэндэн, Дэмидээр толгойлуулсан Монголын удирдагчид ази маягийн заль гарган түүнийг элдвээр аргалахыг чармайж байжээ. Гэвч Сталин ч Азийн хүн! Иймдээ ч Монголыг юун түрүүн энэхүү “зальжин” удирдагчдаас нь бүрэн цэвэрлэж өөрийн итгэлт хүнийг тавих, дараагийн гарч ирснүүд нь дахиж ингэж баширлаж зүрхлэхгүйгээр хашрааж өгөх хэрэгцээ түүнд гарчээ. Монголчууд дальдчаад эгцэлж харж зүрхэлдэггүй тийм айхавтар орон нутгийн дарангуйлагч Сталинд хэрэгтэй байлаа. Тэр дарангуйлагч нь Сталинаас сүнсээ зайлтал айдаг байвал чухам түүгээр дамжуулаад л бусдыг нь атгаж болно. Ийм хүн нь Гэндэн болох болов уу гэж эхэндээ найдаж байсан. Тэгээд болохгүй болохоор нь нөөцөөсөө Чойбалсанг гаргаж ирсэн нь тэр юм.

 
НЭПКО Хэвлэлийн газар