Аливаа үндэстэн ястныг таних гол тэмдэг нь арьсны өнгө, хэл яриа хоёр юм. Үнэндээ арьсны өнгөнөөс ч илүүтэйгээр биднийг бусад үндэстнээс ялгаатай харагдуулж байгаа зүйл маань эх монгол хэл маань билээ. Өнөөдөр монгол хэлийг балран доройтоод сүйрэн мөхөхийн даваан дээр байгаа тухай “Хайран ч монгол хэл минь, гайхамшигт монгол бичиг минь” хэмээн халаглан үүний төлөө “амиа тавих” шахан хэтэртэл хайрласан нэг хэсэг байхад үүнийг өчүүхэн төдий ч тоодоггүй нөгөө нэг хэсэг бас бий. Гутранги болон өөдрөг үзэл бодлууд...

Бид аливаад иймэрхүү сэтгэлийн хөөрлөөр биш бодитой хандах цаг одоо нэгэнт болжээ. Яг өнөөдрийн хувьд монгол хэлний байдалд маань тулгараад байгаа бодит аюул юу байна, бүүр тэгтлээ харамсан гаслах хэмжээнд тулсан гэж үү, аль эсвэл ямар ч асуудалгүй байна уу? Ямартай ч монгол хэл маань мөхөж байгаа хэл биш гэдэг нь лавтай. Магадгүй хөгжиж байна. Хүн ам өсч байна гэдэг ядаж л монгол хэлээр ярьдаг хүний тоо олон болж байна гэсэн үг, Монголыг сонирхогч гадныхан их болж байгаа энэ үед хэлийг маань сурч судалж байгаа хүний тоо нэмэгдсээр байгаа нь лавтай. Тэгэхээр эх хэлэнд маань тулгарсан айхтар том аюул одоохондоо хол байна.



Заримдаа бидний бахархал маань ихдээд дээрээс доошоо бичдэг дэлхийд ганцхан монгол бичиг, монгол хэл бол дэлхийн бусад хэлнээс хамгийн баялаг, хамгийн яруу сайхан гээд монголчууд л ганцаараа тасарчихсан мэт “суу ухаантай”, “хөх толботой” юм ярьдаг. Ийм туйлшрал ч бас хэрэггүй. Хэл бүхэн хүн төрөлхтөний үнэт зүйл, бичиг болгон тухайн ард түмний соёлын өв билээ. Хэл бүрийн цаана тухайн ард түмний соёл, түүх, урлаг, дуу хуур, аман зохиол, сэтгэлгээ, эрх чөлөө гээд бүгд бий.
   
Мөхөх сүйрэх дээрээ тулаагүй ч бидний монголчууд харийн хэл, гадны соёлд нийслэл Улаанбаатар хотынхоо гудамжнаас эхлүүлээд л дээрэлхүүлэн яваа нь харин үнэн. Жишээлэхэд л, хөдөө мал маллаж амьдардаг Монгол улсын маань бүрэн эрхт иргэн хүн гэхэд л улсынхаа нийслэлд ирээд аль нь дэлгүүр хоршоо, аль нь ууш зуушийн газар болохыг үл ойлгон харь хэлний нөлөөнд дээрэлхүүлэн алхаж байна. Дүүрэн хятад, солонгос, япон, орос, англи эрээн мяраан хаягууд. Гадаад хэл, латин бичгийг эх орондоо байгаа хүн болгон шаардлагагүй бол заавал сурах албагүй шүү дээ. Энэ бол эх хэл, бичгээ бид хэрхэн үнэлж байгаагийн маань захын жишээ.
   
Энэ олон эрээн мяраан хаягуудыг цэгцлэх шийдвэр гардаг л гэдэг, араас нь нэхэл дагал болоод сольдоггүй, аль эсвэл торгоод хашраагаад байгаа ажил аль нь ч байхгүй. Харь хэлнээс орж ирж байгаа үгсийг ингэж бичнэ гээд л хариуцсан албан байгууллага нь өгүүлэл ном гаргаад л байдаг. Мөн гараг эсвэл гариг, эмхэтгэл эсвэл эмхтгэл, эрвээхэй эсвэл эрвээхий гэсэн бичлэгийн аль нь зөв болох тухай нөгөө муу хэлүүлээд байдаг эрдэмтэд нь хуралдаад тохироод журамлаад гаргачихдаг. Гэтэл үүнийг нь үзсэн хүн байдаггүй, тоодог хүн байдагггүй, шинээр гаргасан ном, толь бичгүүддээ ч хэрэглэдэггүй. Бидний өдөр тутмын бодит хэрэглээ болсон латин үсгийн талаар л гэхэд лав энэ жил Стандартчиллын үндэсний зөвлөлөөс “Монгол кирил үсгийн латин хөрвүүлэг” хэмээх стандарт баталсан. Үүнийг мөрддөг хүн алга. Харин хийсэн юмаа олонд таниулах, олон нийттэй харилцах, сурталчлах гэдэг одоо цагт судлахаасаа ч дутуугүй анхаарах чухал зүйл болсныг эрдэмтэд маань ухаарах хэрэгтэй болжээ.

Бие даасан, тусгаар улс орон, ард түмнүүд оршсоор байх цагт эх хэл бичгийн асуудал байсаар байх нь гарцаагүй. Харин тухайн улсын болон хэлний том жижиг зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж өөр өөрийн онцлогт тохирсон хэлний бодлоготой байдаг. Ерөнхийдөө хүн ам, эдийн засгийн хувьд тэргүүлэх улс орнууд (Хятад, Орос гэх мэт) өөрийн хэл соёлоо улам түгээн дэлгэрүүлэх, даяаршуулах бодлоготой байдаг бол эсрэгээр хүн ам цөөн, жижиг манайх шиг улс орнууд өөрийн хэл соёлоо даяаршлын энэ их түрлэгээс хамгаалж авч үлдэх зорилготой байдаг.

Манай улсад төрийн хэлний тухай хуулийг 2003 онд УИХ-аас баталсан билээ. Сайхан сайхан хуулиудыг “дээрээс” бөөн бөөнөөр үйлдвэрлэн гаргаад байдаг, тэгсэн мөртөө “доор” амьдралд ердөө хэрэгждэггүй. Тухайлбал, хамгийн энгийн нэгэн жишээг авахад л бичиг үсэгт тайлагдсан хэн бүхний дагаж мөрдөх “Зөв бичгийн дүрэм” гэж байдаг. Уг нь хэрхэн зөв бичихийг хэл бичгийн эрдэмтэд нь хэрэндээ л толь бичгүүд дээрээ журамлаад, маргаангүйгээр тогтоосоор байхад л хаа сайгүй буруу бичсэн хэвээр байна. Гудамжинд байгаа энэ олон гадаад нэр хаягийн тухайд ч шийдэж чадахгүй олон жил хий ярьсаар байгаад шүүмжилдэг, шүүмжлүүлдэг аль алиндаа сонирхолгүй сэдэв болох нь.

Эх нутагт минь харийн хэлний үнэлэмж өндөрт байна. Магадгүй, гадаад хэл мэддэг хүн өнөөдөр бусдаас илүү мэдээлэл, мэдлэг хүлээн авч байна, энэ хэрээрээ өндөр цалин орлоготой, хөдөлмөрийн үнэлгээ нь өндөр байгаа учраас монгол хэлнээс илүү гадаад хэлийг өндөрт тавьж байгааг буруутгах арга алга. Гэхдээ бид ямар ч тохиолдолд эх орондоо эх хэлээ нэгдүгээрт тавих ёстой шүү дээ. Монгол хэл минь ердөө дэмий юм бурдаг биш дэлхийд үнэлэгддэг, гадныхан үл тоодог биш илүү сонирхдог, эх хэлээ төгс эзэмшсэн нь илүү цалин авдаг “үнэ цэнэтэй” хэл болох ёстой. Тэгэхээр бид монгол хэлнийхээ үнэлэмжийг илүү дээшлүүлэх шаардлагатай байна. Ямар арга байна вэ?
   
Ийм нэгэн арга байж болох юм. Та бид сайн мэднэ, тухайлбал англи хэлний төвшин тогтоох Америкийн “TOEFL” шиг хэлний шалгалт улс болгонд байх ажээ. Тухайлбал, Их Британи улсад “IELTS” (International English Language Testing System), Японд “JLPT” (Japanese Language Proficiency Test), Хятадад “HSK” (Hanyu Shuiping Kaoshi), Францад “TCF” (Test de Connaissance du Franзais), Орост “ТРКИ” (Тест по русскому языку как иностранному) гэх мэт. Харин монгол хэлний түвшин тогтоох ийм шалгалт манайд одоогоор алга.

Үүнийг манай хэл бичгийн зарим эрдэмтэд олон жилийн өмнөөс ярьсаар ирсэн, одоог хүртэл биелээгүйг болоход ямар нэгэн саад байх шиг байна. Одоо тун ойрын хугацаанд ийм шалгалттай л болж авъя. Ерөнхий боловсролын сургууль төгсөхөд нь, их дээд сургуульд элсэхэд нь, төрийн албанд ороход нь, мөн түүнчлэн гаднаас ажиллах хүч авахдаа ч гадныхнаас монгол хэлний шалгалт заавал авдаг болъё. Ингэх л юм бол бидний шийдэж чадахгүй байгаа олон асуудал шийдэгдэж, эх хэлний маань үнэлэмж ч үүнийг дагаад тун амархан дээшлэнэ дээ.