Манай хэвлэл мэдээллийнхэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон гишүүд, сайд дарга нарыг ядахдаа ганц сарын хугацаанд хаашаа ч дагаж явахгүйгээр туршаад үзэхсэн. Цаадуул чинь контороосоо цухуйх ч үгүй, харин баахан хурал, семинар зохиож сэтгүүлчдийг ирүүлэхийг оролдоно. Хөдөө хөхөрч гадаа гандах тухай яриа байхгүй. Гадаад ч явахгүй.

Өнөөдөр сурталчилгаа бол улс төрчдийн амьдрах агаар. Камер, ядахдаа диктофон, үзэг дагуулах хүсэлгүй улс төрч хаана ч байхгүй. Тэр тусмаа сонгуульд нэр дэвшигчийн үхэх сэхэхийг сонинд сайнаар бичигдэж телевизээр гоё гарах л шийднэ. Мянга мянган сонгогчтой уулзсан цуглааныг телевизээр шууд дамжуулж, эсвэл ядахдаа сурвалжлуулж байж санаа амардаг. Хэрвээ телевиз ирэхгүй бол тэр цуглааныг хийх ч үгүй.

Жил жилийн цагаан сараар Улсын сайн малчид, тариаланчдын цол, өргөмжлөлийг хөдөө гэрт очиж гардуулах нь Засгийн газрын гишүүд, дэд сайд нар дээл өмсөөд зурагтаар таахалздаг ховорхон завшаан, хосгүй ёслол бөгөөд УИХ-ын барагтай гишүүнд олдохгүй эрх юм. Тэдний зүгээс гомдолтой хоцордог учраас шалгаруулдаг малчдын тоог байн байн нэмж ирсэн. Эвслийн засгийн газар бутарсны ачаар УИХ-ын гишүүний суудалд гэтэгч Н.Номтойбаяр, Б.Ундармаа хоёрыг НХХЯ ба БСШУ-ны дэд сайдын суудалд суусны дараахан Дорнод аймгийн нэгэн сайн малчны гэрт багтаж ядалцахыг хэдхэн секунд харагдуулахын төлөө бүхэл бүтэн цуваа хотоос хөдөлж телевизийн баг дагасан юм. "Цагийн хүрд"-ээр үзүүлэхдээ Номтойбаярын титрт “Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд” хэмээн өргөмжилж амжсан. Яг төр өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын шинэ сайд Д.Цогтбаатар Дундговь аймагт, Батлан хамгаалахын шинэ сайд Ж.Энхбаяр мэдээж Говь-Алтайдаа тэгэж зогссон. Би зөвхөн шинэ сайдуудаар жишээ татлаа. Тэд сонгууль хүртэлх тав, зургаахан сард салбартаа том юм хийхийн тулд биш зөвхөн зурагтаар ахиухан гарахын төлөө энэ суудалд авирч гарсан билээ. Ямар ч эргэлзээгүй. Уг нь би Цогтбаатарыг сүрхий залуу байж магад хэмээн бяцхан найдсан ч дархан цаазтай Богд уулын Зайсангийн ам байшин барилгаар дүүрч байгааг яах вэ гэсэн сурвалжлагчийн асуултад "Надаас өмнө болсон асуудал учраас би мэдэхгүй" гэж хариулахыг үзээд гутсан.



Телевизээр гарахын тулд заавал тойргоо зорьж зүдэрдэг байсан УИХ-ын жирийн гишүүн Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайд болсныхоо ачаар "Энхбаяр цэцэг өргөхөд байлцав", "Энхбаяр цэргийн ангид очив" сурвалжлагууд тасрахаа байжээ. "Энхбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэв", "Энхбаяр огцорсонгүй" мэтийг тооцохгүй. Чухам үүний тулд Д.Цогтбаатар гадаадад үргэлж явдаг Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргын атаархам ажлаас хааяа Улаанбаатар хотын муу усны төв цэвэрлэх ба "Харгиа" байгууламжийн өмхий үнэрт зогсохыг илүүд үзжээ. Шанд нь сэтгүүлчдийг дагуулан өөртэйгээ адил хордуулж зогсох юм. Хэрвээ сэтгүүлчид үгсээд "сайд аа, бид өнөөдөр сэтгүүлчдийн хуралтай, таныг маргааш дагая" гэвэл зөвшөөрөх байх шүү! Бас нэр дэвших сураг дуулдаагүй Эрүүл мэндийн шинэ сайд Н.Хүрэлбаатар ажлаа авснаасаа хойш Улаанбаатар дахь харъяа эмнэлгүүдээр ээлж дараалан орж үүрэг даалгавар өгөхдөө заавал сэтгүүлчдийг байлцуулж гэрчлүүлдэг нь улс төрчийн шинж орж яваагийн шинж.

Энэ бүхэн сонгуулийн урьдчилсан сурталчилгаа юм. Хуулийн хугацаа эхлээгүй ч хэдийнэ de facto эхэлчихсэн. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Одонтуяа гэж хүүхэн өнгөрсөн 2-3 жил дэлгэцнээс ховхорсонгүй. TV9 телевизийг орой үзэхлээр "Бүсгүйчүүд" нэвтрүүлэгт Одонтуяа сууж л харагддаг. Өөр хүн бол ганц хоёр оролцоод хэлэх санаагаа дуусч залхана, харин Одонтуяа өвөл, зун, хавар, намаргүй сууж л байгаа. Нэг удаа түүнийг алга байхад (гадаад дотоод явсан биз) сонин санагдаж бараг үгүйлсэн шүү. TV9-өөс гадна бусад бүх телевизийг гүйцээсэн гайхалтай эмэгтэй. Мэдээнүүдээс эхлээд "Дуусдаггүй яриа", хоолны нэвтрүүлгүүд, эдийн засагч Д.Жаргалсайханы гадаадынхан юмуу англи хэлтэй монголчуудын голлон урьдаг De facto-д хүртэл ороод амжжээ. Өнгөрсөн өвөл Одонтуяа гурван сувгаар зэрэг гарахыг харснаа нэгэн үзэгч дурсаж "хувцсаа солиод л гараад байсан" гэж билээ. Гэхдээ хоёр нь бичлэг, эсвэл давталт байсан биз ээ. Хүн ингэж их хүсч байхад манайхан ирэх зургадугаар сард түүнийг УИХ-ын гишүүнээр сонгоод өгөөсэй гэж боддог боллоо. Эс тэгвэл дахиад дөрвөн жил телевизийн дотор амьдарч бизнесээ, намын ажлаа, "Иргэн та баялаг" сангаа, тэр ч бүү хэл гэр орноо ч мартвал яана? Юутай ч энэ сонгуулийн өмнө "25-р суваг"-ийн Алтантүрүүг дуудаж хонуулбал гэр орондоо хэвийн эсэхийг мэдэж авцгаая. (Мартсанаас, сүүлийн хэдэн сар Алтантүрүүгийн оронд буцаад Ганзориг айлаар хоножээ. Бас яачихав?)

Сонгуулийн урьдчилсан сурталчилгааны онцгой арга бол нэвтрүүлэг хөтлөх. Нэр дэвших нь эргэлзээгүй "Шударга иргэдийн фронт"-ын Я.Арслан долоо хоног тутам  NBS-ээр ширүүн лекцэлдэг бол Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын Төмөрсүх гэж дарга "цагаан утас" тавьчихсан дуудлага хүлээж сууна. (Саяхан TV9-өөр шинэ нэвтрүүлэг эхэлсэн Г.Уянга мэргэжлийн сэтгүүлч, гэтэл МАХН-ын залуучуудын байгууллагын тэргүүн залуу ток шоу шиг юм хөтлөөд эхэлжээ). Гэхдээ тэд анхдагчид биш. 25-р сувгийн "Дуусдаггүй яриа"-гаар УИХ-ын одоогийн хэсэг гишүүн чуулганы танхимд чадаагүйгээ амаараа гүйцээж "76 дурак"-аас арай гайгүйгээ нотлох гэж хэдэн жил чардайж байгаа бол З.Энхболд гишүүн саяхан болтол TM телевизээр С.Эрдэнэ нарын өөр хэдэн гишүүнийг элсүүлсэн арай цомхон ярилцлага хөтөлж МАН-тай эвссэн өөрийн намыг шүүмжилж суулаа.