Цаг хугацаа оршдоггүй
Хамгийн том оньсого, магадгүй тэр бол цаг хугацаа
Хөдлөхөө болиод юу ч хийхгүй. Юу ч бодохгүй, юу ч болохгүй. Ердөө л цаг урсахыг чих тавин чагна!
Энэ бол бидний мэддэг цаг хугацаа. Биднийг хайр найргүй хөөн туудаг өнөөх этгээд. Агшин хором, сар жилийн урсгал биднийг амьдрал тийш түлхэн гаргаж, үхэл рүү чангаан татна… Бид усанд хөвөх загас адил цаг хугацааны дотор амьдардаг. Тийм ээ, бид бол цаг хугацааны доторх оршихуй. Цаг хугацааны бүүвэй биднийг бойжуулж, хорвоог өмнө минь дэлгэнэ. Түгшээж, айлгаж, тэгснээ бас аргадна. Ертөнц ч бас цаг хугацаанд хөтлөгдөн ирээдүй тийш тэлж, цагийн эрэмбэд захирагдан оршино.
Хиндү шашинд ертөнцийн их мөрөн бүжиглэн буй Шива бурхны дүрээр залардаг. Шива бурхны бүжиг ー ертөнцийн урсгалыг захирагч тэр бүжиг болбоос цагийн урсгал авай. Үүнээс илүү үнэмлэхүй, тэгээд бас илэрхий зүйл гэж өөр чухам юу байх сан билээ?
Тэгэвч явдал тийм ч амаргүй. Илэрхий мэт санагдах цаг хугацаа мэдрэгдэх байдлаасаа дэндүү ялгаатай. Дэлхий хавтгай мэт санагдавч үнэндээ бөмбөрцөг. Нар тэнгэрт эргэлдэх мэт харагдавч эргэлдэж буй нь үнэндээ бид өөрсдөө. Цагийн бүтэц ч бас мэдрэгдэх байдлаасаа тэс өөр буюу нэгэн жигд абсолют урсгалгүй. Оюутан байхдаа физикийн номоос үүнийг уншаад зог тусан цочирдож орхисон сон. Цаг хугацаа мэдрэгддэг шигээ биш гэж юу гэсэн үг юм бол?
Түүгээр зогсохгүй тэдгээр номд цаг хугацаа хэрхэн ажилладгийг яг нарийндаа бүрэн тогтоогоогүй гэж бичсэн байж билээ. Цаг хугацаа бол хүн төрөлхтөнд үлдсэн магад хамгийн том оньсого. Тэрхүү жигтэй утасны үзүүр оюун ухааны жинхэнэ төрх хийгээд ертөнцийн эхлэл, хар нүхний тавилан, амьдралын үүсэл зэрэг бусад олон тайлагдаагүй оньсоготой орооцолдоно. Бид үргэлж ямар нэг мөн чанарлаг зүйлд хөтлөгдөх бүрдээ буцаад л хачин жигтэй цаг хугацааны нууцтай мөргөлдөнө.
Гайхшрал. Энэ бол бидний мэдлэгт тэмүүлэх тачаалын ундарга. Цаг хугацаа бидний ойлгодгоос өөр гэдгийг мэдэх тусам тоогүй олон асуулт төрнө. Өдийг хүртэл бидний онолын физикчдийн судалгааны цөм хэсэг чухамхүү цаг хугацааны үнэн төрхийг олж тогтооход чиглэж иржээ. Тиймээс одоо та бүхэнд хүн төрөлхтний цаг хугацааны талаар олж мэдсэн бүхэн, цаг хугацаатай хөөцөлдөж ирсэн замнал, тэгээд хараахан бүрэн төгс биш ч бүүр түүрхэн харагдаж эхэлсэн гэж санагдах тэр бүхний талаар хүүрнэн өгүүлэхийг хичээе.
Яагаад бид өнгөрснийг санаж чаддаг атал ирээдүйг санаж үл чадна вэ? Бид цаг хугацааны дотор оршин байна уу? Эсвэл цаг хугацаа бидний дотор оршин байна уу? Цаг хугацаа “урсах” гэдэг хэллэг чухамдаа яг юуг илэрхийлнэ вэ? Юу бидний субъектив мөн чанарыг цаг хугацаатай холбодог юм бол?
Цагийн урсгалд чих тавих үед үнэндээ бидэнд юу сонсогдоно вэ?
Энэ ном урт богино гурван хэсгээс бүрдэж буй. Нэгдүгээр хэсэгт орчин үеийн физикийн ухааны олж нээсэн цаг хугацааны талаарх мэдлэгээс хөнгөхөн танилцуулна. Цаг хугацаа гэдэг яг л алган дээр буух цасан ширхэг мэт судлах тусам хайлж, эцэстээ хурууны завсраар урсан хаашаа ч юм алга болно. Тийм байтал бид бүхэн ердийн үед цаг хугацааг энгийн хялбар бүтэцтэй фундаменталь үзэгдэл хэмээн сэтгэж, өөр бусад юунаас ч үл хамааран өнгөрснөөс ирээдүй рүү нэгэн жигд урсаж, мөнхүү бугуйн цагаар хэмжих боломжтой мэтээр тооцдог. Энэ ертөнцийн үзэгдлүүд цагийн эрэмбээр өрнөж, өнгөрсөн, одоо, ирээдүйн аль нэгд харьяалагдана. Тэгээд өнгөрсөн шийдэгдсэн байдаг ч ирээдүй хараахан шийдэгдээгүй... Гэтэл энэ бүх ердийн ойлголтууд ташраараа буруу болох нь тогтоогдсон.
Цаг хугацааны онцлог шинж нэг бүр нь бидний харах өнцгөөс төрсөн төөрөгдөл, эсвэл яв цав бус барагцаа таамаглалууд байдаг. Яг л бидний нүдэнд дэлхий хавтгай, нар биднийг тойрч харагддаг шиг. Бидний мэдлэг хуримтлагдах хэрээр цагийн ухагдахуун бага багаар нуран унаж ирсэн. Бидний цаг хугацаа гэж нэрлэдэг тэр зүйл болбоос үнэндээ олон янзын давхарга бүтэц бүхий ээдрээтэй нэгдмэл биет юм. Тэдгээрийг лавшруулан судлах тусам давхрага нэг бүр нь хууларч, хууларсан ялтас бүр ууршин алга болно. Энэ номын нэгдүгээр хэсэгт цагийн ухагдахуун хэрхэн нуран унахыг үзүүлнэ.
Хоёрдугаар хэсэгт уг нурангиас үлдсэн зүйлийн талаар өгүүлнэ. Салхи жихүүнээр исгэрэх тэр зэвэргэн дүр зурагт цаг хугацааны ул мөр бараг юу ч үлдээгүй мэт харагдана. Хүйтэн хөндий, жихүүн тал. Гэвч үнэндээ тэр л чухам бидний харьяалагддаг ертөнцийн бодит төрх. Уулын оргилд гарсан мэт... цас, хад, тэнгэрээс өөр үзэгдэх бараа үгүй. Эсвэл саран дээр буусан хөлгийн ахмад Нил Армстроны харсан тэр дүр зураг шиг. Мөн чанараас бусдыг нь авч хаясан ертөнц гэдэг үзэсгэлэнтэй боловч хоосон, цэлмэг хэр нь ээ хүйтнээр гялалзана. Квант гравитацын онолоор дамжуулан энэхүү аймшигтай хийгээд үзэсгэлэнтэй дүр төрх, цаг хугацаа гэж байхгүй ертөнцийг ойлгож, түүнд учир утгатай тайлбар оноохыг зорино.
Гуравдугаар хэсэг бүр ч ярвигтай, тэгсэн хэр нь ээ хамгийн амьд; бидний өөрсдийн оршихуйтай нягт холбоотой. Цаг хугацаа гэж байдаггүй ертөнцөд юу байдаг болоод бид тэндээс цаг хугацааг буюу эрэмбэтэй, өнгөрсөнтэй, ирээдүйтэй, үргэлж урсдаг өнөөх танил дотно тэр мэдрэмжийг авна вэ? Бидний хувьд цаг хугацаа гэхээр зүйл ямар нэгэн хэлбэрээр бидний эргэн тойронд үүсч байдаг нь гарцаагүй. Үгүйдээ л бидний размерт тохирсон, бидэнд зориулагдсан хэлбэрээр.
Энэ бол бидний нэгдүгээр хэсэгт ертөнцийн суурь зарчмыг эрэлхийлж явахдаа гээж орхисон "цаг хугацаа"-гаа эргүүлэн олж авах аялал юм. Яг л детектив зохиол шиг, цаг хугацааг төрүүлэн гаргадаг чухам тэр хэргийн эзний эрэл хайгуул. Бидний идээшиж дассан тэрхүү “цаг хугацаа”-г бүрдүүлэгч хэлтэрхийнүүдийг нэг нэгээр нь дахин илрүүлээд явна. Гэхдээ энэ удаад бодит ертөнц дээрх суурь бүтэц гэхээсээ болхи бөгөөд тоомжиргүй хүн гээч амьтанд зориулсан бүтцэд дөхүүлэн угсарна. Учир нь бид өөрсдийн оршихуйн онцлогоор цаг хугацааг мэдэрдэг төдийгүй тэр онцлог нь БИД гэх оршихуйн хамгийн гол шинж чанар байхыг ч үгүйсгэхгүй. Эцсийн эцэст цаг хугацааны оньсого гээч нь ертөнцийн тухай бус бидний өөрсдийн тухай асуудал юм. Дэлхийн хамгийн анхны агуу детектив болох Софоклын “Эдип хаан” зохиолд гардаг шиг жинхэнэ хэргийн эзэн нь мөрдөгч өөрөө байх магадлалтай.
Энэ мэтчилэн ном маань илт ойлгомжтой, эргэлзээтэй бүрхэг олон янзын хурц ширүүн санаануудын хайлш холимог болно. Хэрэв танд саатан үдлэх чинхүү хүсэл байгаа бол цаг хугацааны талаар таньж мэдсэн гэж санагдах өнөөдрийн өндөрлөг, хараахан тайлж чадаагүй тоогүй олон асуулт мандал дээр нь одод мэт гялтганах гадаад их далайн уудам мандал тийш таныг дагуулан аялахыг минь зөвшөөрнө үү.
Ном худалдаанд гарлаа: Онлайн захиалга