Дэлхийд


Аль ч улсын сүр хүч, эдийн засгийн цар хэмжээг улстөрчид, удирдагчид нь гэхээсээ нэрд гарсан компаниуд нь илүү илэрхийлдэг. Ардчилсан оронд улстөрч, удирдагчид дөрвөн жилд, удлаа гэхэд найман жил болоод л солигддог бол дэлхийд танигдсан компаниуд олон жилийн түүхтэй байдаг. Тэр компаниуд өндөр ашигтай, олон хүн ажиллуулдаг, татвар төлдөг байхаас гадна хамгийн орчин үеийн технологи шингээсэн барилга байшин барьж, оршин байгаа хотынхоо өнгө үзэмжийг чимдэг. АНУ “Женерал электрик”, “Боинг”, “Кока кола”, “Пепси кола”, ХБНГУ “Мерседес бенц”, “BMW”, Финланд “Nokia” гэх мэтээр орон бүр өөр өөрийн, алдартай брэнд болсон олон арван үйлдвэрлэгч компанитай байдаг. Гэхдээ аль ч орны эдийн засгийн гол тулгуур нь нийт хөдөлмөрийн хүчний дийлэнх нь ажилладаг жижиг дунд үйлдвэрүүд буюу гүйлгээний эргэлт, ажиллагсдын тоогоороо бага буюу дунд ангиллын компаниуд байдаг. Тэднийг эдийн засгийн ноён нуруу нь ч гэж хэлдэг.

Том, дунд, жижиг компаниуд нийлээд зах зээлийн эдийн засагтай орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь болдог учир тэдний тухай бодит тоон мэдээлэл, бизнесийнх нь ерөнхий төрх байдал, өрсөлдөх чадвар бол тухайн улс орны эдийн засгийн эрүүл мэндийн чухал үзүүлэлт юм.

Монголд

Гэтэл Монгол Улсад байгаа нийт аж ахуйн нэгжийн 40 хувь нь аж ахуйн үйл ажиллагаа явуулдаггүй, байдаг эсэх нь тодорхой биш ажээ. 2011 оны аравдугаар сард улсын хэмжээнд нийт 66.5 мянган нэгж, байгууллага, үүний дотор 56.4 мянган аж ахуйн нэгж, 4000 төрийн байгууллага, 6000 төрийн бус байгууллага тоологдов. Улсын хэмжээнд нийт аж ахуйн нэгж, байгууллагын 68.6 хувь буюу 45.6 мянга нь нийслэл Улаанбаатар хотод байрладаг. Аж ахуйн нэгж байгууллагуудын 85 хувь нь ес хүртэлх ажиллагсадтай гэж Үндэсний статистикийн газар мэдээлжээ. Хэрэв 40 хувь нь ганц хүнтэй, тэгээд үйл ажиллагаа явуулдаггүй бол энэ “9” гэдэг бодит биш, ахиад л статистикийн дундаж тоо.

Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудын тоо энэ оны нэгдүгээр сарын эцсээр 88.000 хүрч, өнгөрсөн гурван сард 20 мянгаар өссөн нь хувийн компани бүрт Тавантолгойн хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр нь өгөх шийдвэр УИХ дээр яригдсантай холбоотой. Монголын төр засаг бэлэн мөнгө амласаар иргэд төдийгүй компаниудаа ч төрөөс хамааралтай болгож эхэллээ. Хувийн компаниа орхиод улс төрд орж, төрийн албан тушаалд гарахын тулд намдаа асар их мөнгө хандивлаж байгаа нь энэхүү гаж хандлагын тод илэрхийлэл юм.

Үйл ажиллагаа явуулдаггүй компаниуд “икс” буюу “чагтан” тайланг жилээс жил дамнуулан гаргасаар, ихэнхийнх нь эзэн хаана яваа, юу хийдэг нь тодорхой биш болжээ. Эсвэл нэг хүн дээр 100 компани, компани бүр дээр нэг лиценз байдаг гэнэ. Зарим компаниуд уул уурхайн хайгуул, ашиглалт болон бусад тусгай зөвшөөрлөө зарахдаа татвар төлөхийн оронд компанитайгаа цуг зарчихдаг байдал газар авчээ.

Компани байгуулахад нэг л сая төгрөг хангалалттай манай улсад тэдгээрийг бүртгэх, татварыг нь авах, татан буулгах нь маш үнэтэй бөгөөд татан буулгах, дампууруулахын оронд тэр чигээр нь хаяад алга болох нь хямд ажээ. Эсвэл бүртгүүлсэн компани бүрийн нэрээр гадаадын 2-3 хүнийг эзэн болон захирал нэрийдлээр хилээр оруулах эрх авч, биеийн хүчний ажил хийлгэж байгаа нь гадаадын хүн ажиллуулсны төлбөрөөс зугтах бас нэг шалтгаан болж байна.

Төрийн үйлчилгээний чанар

Ийм олон мянган сүнс компаниуд байгаа нь Монгол Улсын төр засаг ажлаа хийж чадахгүй, яам агентлагуудын үйл ажиллагаа уялдаа холбоогүйг тодоор харуулж байна. Үр дүнд нь саарал эдийн засгийн хэмжээ томорч, татвар төлсөн компаниуд нь хохирч, төлдөггүй нь завшиж, улам бүр өсөж байгаа авлигатай зэрэгцэн банкны гадуурх бэлэн мөнгөний гүйлгээ томорч, инфляц өсөх бас нэг нөхцөлийг бүрдүүлсээр.

Улмаар агуулгаа мартсан, ойлгомжгүй татвар олширч, татвараас чөлөөлөх заалтууд нэмэгдсээр, ямар хууль хэнд үйлчилдэг нь тодорхой биш болсоор байна. Жишээ нь НӨАТ-ын татвар төлөгч том компаниуд өгснөө бүртгэж байгаад улсаас буцааж авдаг бол НӨАТ-ын татвар төлөгч биш ихэнх компани төлсөн татвараа буцааж авч чаддаггүй. Уг нь бол НӨАТ-ын (10 хувь) оронд худалдааны татвар (5 хувь ч юм уу) нэвтрүүлж, төлсөн хоол хүнсний барааны үнийн дүнгээс баримтыг нь үндэслэн тодорхой хэсгийг нь бага орлоготой хүмүүст буцааж олговол хэн, юу зарж байгааг гаргаад ирэх боломжтой. Мөн зарим худалдан авалтыг, түүний дотор эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авсан бол татвараас хасдаг болговол авсан, зарсан хоёуланд нь ашигтай. Заавал хил гааль дээр хүчиндэж байхын оронд дотооддоо зохицуулж болно.

Татвар хураах төлөвлөгөөнд сүнс компаниудыг оруулсан байдаг учир баригддаггүй сүнстэй хөөцөлдөхийн оронд татвараа төлдөг бодит компаниуд дээр татварын байцаагчид илүүтэй анхаарч, тэдний шүүсийг сайн шахахын төлөө ажиллах болжээ. Тиймээс бодит компаниуд сүнс компаниудын зардлыг төлж байна.

Компаниуд татвараас зугтаагүй гэдгээ батлахын тулд гаалиар бараа оруулж ирэхдээ гаалийн татвараа төлсөн эсэхийг өөрөө Гаалийн байгууллагад очиж цаасаар магадлагаа авдаг, эсвэл гэмт хэрэг хийгээгүй гэдгээ Цагдаагийн газрын цаасан лавлагаагаар гэрчлүүлдэг гэх мэт түмэн шат дамжлага нь сүнс компани оршин буйн бас нэг шалтгаан болой.

Төрийн үйлчилгээг шуурхай болгоно, дүрэм журмаа цөөрүүлнэ, мэдээллийн сангуудаа холбоно, эсвэл бүртгэл мэдээллээ төгөлдөршүүлнэ гэх зэргээр Засгийн газар бүр амладаг ч бодит өөрчлөлт гарахгүй хэдэн төрийн нүүрийг бид үзэв. Төр засгийн удирдлагуудын том машинуудын тавынх нь үнээр л бүх мэдээллийн сангуудыг холбож, маш олон хүний үнэт цаг, бензин шатахууныг хэмнэж болохыг мэдсээр байж хийхгүй байгаа нь түшмэдүүдэд далд орлого нь илүү чухал болохыг л харуулж байгаа юм.

Бүх компаниудын бараг тал нь сүнс байгаагийн цаад шалтгааны заримыг тодруулж харахад ийм байна. Зах зээлийн орнуудад жилд тодорхой тооны компаниуд шинээр бүртгүүлж, бас зарим нь дампуурч, бүртгэлээс хасагдаж байх нь хэвийн үзэгдэл.

Гагцхүү энэ хөдөлгөөнийг хууль журмын дагуу энгийн, төвөггүй байхаар зохицуулах шаардлага Монгол Улсад зайлшгүй байна.