Утаан дундахь Улаанбаатар минь
Хотын шуудан…хотын чихэр… союз бохь…айлчин гийчид цүнх дүүрэн гоё юм тээж ирэхийн баяр гээд одооны хүүхдүүдэд ойлгогдохын аргагүй сонин содон зүйл бидний бага насанд байжээ.
Хотын шуудан…хотын чихэр… союз бохь…айлчин гийчид цүнх дүүрэн гоё юм тээж ирэхийн баяр гээд одооны хүүхдүүдэд ойлгогдохын аргагүй сонин содон зүйл бидний бага насанд байжээ. Ялангуяа хөдөө төрж өссөн бидний амьдралд. Тэр үед бидний үзэж хараагүй, үлгэрт л баймаар гоё сайхан бүгд зөвхөн хотод л байдаг байж. Холын хүний үг дуулах гэж зочин ирсэн айлыг хөл дарж орхино. Холын хүн гэдэг нь хотын л хүн байна. Холын хүний үг тэгэхээр хотын хүний үг байна.
Домогт хорьдугаар зуун төгсгөл рүүгээ нэлээн дөхсөн 70 аад оны дундуур гэхэд монголын хөдөөд амьдрал ийм л байсан. Сумынхан аймаг руугаа л зорчино. Тавин гурав хэмээх ачааны машины задгай тэвшин дээр дах нөмөрч хэвтээд ч хамаагүй энхэл донхол шороон замд нүдүүлсээр байгаад хүрнэ. Аймгаас бараагаа авна, аймагт эмнэлэгт үзүүлнэ, аймагт бүх шийдвэр гарна. Хот бол харин хүршгүй, халдашгүй газар. Яагаад тэгдэг байсныг бүү мэд. Ямар ч л байсан хүмүүс хот руу замын машинд суугаад хонон өнжин урт зам туулж байж хүрдэг байсан. Тэр замын уртыг яана. Уул даваад л байна, даваад л байна. Одоо энийг л давбал үлгэр домгийн Улаанбаатар байгаа…ингэж явсаар байгаад тэсэлгүй нам унтаж орхино. Нэг сэрэхэд өглөө хар үүрээр гарсан бид шөнийн харанхуйд өвс ногоон дундуур жигдхэн урагшлах машины чимээнд бүүвэйлэгдэн давхиж явна. Үүрээр хорин хоёрын товчоогоор өнгөрөх ёстой гэх аман яриаг дагаад тэр үү, ерөөсөө явсаар байгаад тэр үү яг л үүр цүүрээр нөгөө товчоон дээр сая нэг ирнэ. Товчоо өнгөрөөд л Улаанбаатар гэж итгэнэ. Бас л байхгүй. Яваад л байна.
Онц сурвал хот руу сургуульд явна. Онц сурвал хотын хүн болно. Хүмүүс хүүхдийг ямар нэгэн амжилт хүсч мялаах энэ тэр болвол чихэр өгч үнсээд за, том болоод хотын ганган цагаан хүүхэн болоорой, хотын хархүү болоорой л гэдэгсэн. Дэгс үг биш шүү. Ихэвчлэн л ийм байсан. Бодоод байхад бага балчир ахуйгаас бүх мөрөөдөл ийнхүү хот руу л чиглэж байжээ. Онц сураад хот руу сургуульд явна. Их эрдэм сураад тэндээ ажиллаж амьдарна. Хаалгандаа дин дон хонх дуугардаг олон өрөөтэй гоё байшинд амьдарна. Нууцгүй хэлэхэд хотын гоё залуутай гэрлэнэ. Тэгээд наадмаар цэв цэнхэр волга машин унасан нөхрөө дагаад сумандаа ирнэ. Сумандаа ирэхдээ заавал гялгар түрийтэй хар лаакан гутал л өмсөх юм шүү…гэж ирээд хэдэн бор охин хунгарласан элсэн дээр түрүүлгээ харж хэвтчихээд мөрөөдөж байдагсан.
Мэдээж сургуульд орж сурагч болсон үеэс хойш ийм мөрөөдлийн хагас хугас нь тэгэсхийгээд алга болно л доо. Гэхдээ л хот руу зорьсон нь хэвээрээ.
Тэр үеийн Улаанбаатар үнэхээр мянга мянган залуусын сэтгэл зүрхний дуудлага байсан. Одоо ч бөглүү холын аймгийнхан наашаа зүтгэлсээр байгаа нь аль тэртээ хүүхэд ахуйн хүсэл мөрөөдөлтэй нь шууд холбоотой гэж би хувьдаа боддог. Хожим бидний амьдралд эргэсэн агуу их мэдээллийн хуудас өөрийн гажиг согогтойгоо нэмэр хандив болж өгсөн ч хамгийн гол нь хүүхэд ахуй наснаас зүүд нойрыг эзэмдэн дуудсан амтат мөрөөдлөөс нь л улбаатай. Нэгэнт сэтгэлд хургасан мөрөөдөл тийм амар дарагддаггүй. Хоосон нойтон ч хамаагүй, хотод олигтой ах дүүгүй нь бүр падлийгүй, очоод л учраа олно, ажил хийж мөнгө олно гэсэн багцаагүй хүслээр цээжээ дүүргэсэн баахан нүүдэлчид өнөөгийн Улаанбаатарын захын хорооллыг тэлж байна. Орж шингэж л байвал оршуулгын газрын хажууд ч байсан тэдэнд хамаагаа алджээ. Нөгөө ариун дагшин, ёстой төртэй хөдөөгийнхөн маань ийн наашаа зүтгэн зүтгэн ирээд амаараа шороо үмхэн унацгааж байна. Энэ бол шинэ зууны шинэ эмгэнэл.
Хотын идеал хааччихав аа
Мишээсэн дагина шиг
Миний Улаанбаатар
Зүг зүгийн хүслээр
Зүрхэнд минь гэрэлтэнээ…Улаанбаатараа бид ийнхүү мөрөөдлөө болгодог байлаа. Улаанбаатараа бид дагинатай зүйрлэдэг байлаа. Одоо харин юутай зүйрлэхээ мэдэхээ байв. Хотын маань нэр Улаанбаатар ч Утаанбаатар болоод удав. Удирдлагаа л солиод байхаас, утаагаа алга болгосонгүй. Магадгүй би энэ сэдвээр хамгийн сүүлд дуугарч байгаа сэтгүүлч байж мэднэ. Хүн бүхэн хашгираад, тэмцээд, шүүмжлээд, сүүлд нь хоолой нь хорсон бахардаж дуу нь ч гарахаа байж байх шиг. Утаанбаатар хотынхон бид уушиг ч үгүй болж байна. Хотын сүр хүчийг хөшөө дурсгал, байшин барилга, үүх түүх нь бүтээдэг. Бас эрүүл ахуйн баталгаат орчин хийгээд амар амгалан шинж дотроос нь тодорхойлолцоно. Манайд эдгээр ойлголтуудыг мэдрэх бололцоо байхгүй ч юм шиг.
Азийн хамгийн залуу хотуудын нэг атлаа өвчинд нэрвэгдэж, үс зүс нь гундаж, цагаан шүдээ ч яралзуулаад инээмсэглэчих тэнхэлгүй хэвтэрт орж, дуугаа хураасан золгүй залуу хүн шиг болжээ.
Хотын соёл гэж бид их ярьдаг. Хотын соёлыг хотын иргэн л тээнэ. Ингээд бодохоор хотын хүн өөрөө имижээ алдчихсан ч юм шиг. Хотын унаган иргэд дөчин мянгат хавиа ч хамгаалж, хадгалж чадахгүй холион бантан болжээ. Өнгөрсөн жил тэнд ерөнхий сайд тэргүүтэй битлменүүд соц үеийн алдарт дөрвөл болох “Битлз” –ийн хөшөөг босгосон. Аятайхан л орчин үүссэн байна лээ. Нэг хэсэг нь ийм ажил сэдэж, өөрсдийнхөө санаачлагаар хотын соёлд хувь нэмрээ оруулж байхад нэг хэсэг нь үнэхээр хачирхалтай юм хийж явдаг. Жишээ нь овоо босгоод, хадаг яндар хийсгээд, тахилга махилга гэсэн инээдтэй юм хийгээд явж байгаа дүүргийн залуухан засаг даргыг харж байсан. Ёстой ичиж үхмээр санагддаг юм билээ. Одоо УИХ-д сууж байгаа тэр залууг харсан маш олон хотын унаган иргэд уурлаж бухимдаж байсныг мэдэх юм. Тэгэхээр хотыг хоцрогдсон, хуучинсаг, хотын тухай ойлголтгүй нөхдүүд удирдаж болохгүй ч юм шиг.
Бидэнд нэг том согого байна. Ажил алба хашч байгаа, ялангуяа өндөр зэрэглэлийн албан тушаалд ажиллаж байгаа нөхдүүд улс төрийн талын хариуцлага, улс төр дагасан хэлхээ холбоогоо л хадгалж ажиллахыг эрмэлздэг. Бүр хотын удирдлагууд нь хүртэл тэр зүг рүү харж ажилладаг. Энэ зүгийн айдас нь тэдний зоригтой хөдлөх, юм хийх бололцоог нээж өгдөггүй. Нэг давхар гүүр барих тендер зарласан ч улс төрийн акулуудын санал болгосон багийг ялуулах үүрэг ирдэг. Тэрнээс нь гажиж, жинхэнэ гоё сэтгэсэн, сайн, орчин үеийн технологи санал болгосон багийг шалгаруулчих эрх мэдэл дутдаг. Дээрээс ирж байгаа чиглэлийг зоригтой сөрж чаддаг, бие даасан кадрууд л тэгэхээр хотыг удирддаг баймаар. Хотын удирдлагыг улс төрөөс салгаж өгмөөр. Энэ согогыг нь засаж, хуулийн орчныг нь дэлхийн жишигт нийцсэн байдлаар зохицуулж, элдэв чөдөр тушаанаас нь салгаж өгөхгүй л бол Улаанбаатар хотын хувь заяа улс төрийнхний гарт умарч байдаг өнөөгийн жишиг арилахгүй. Гадны орнуудад хотын дарга нар шиг нь том улсууд байдагүй юм билээ. Манайд бол захын гишүүн өрөөндөө дуудаж томордог. Үүрэг даалгавар өгдөг. Биелүүлэхгүй жаахан гэдийвэл зуудаг, цааш нь нааш нь үгэнд орохгүй пээдийчихэж гэх маягийн хов нисгэдэг, тэгж байснаа сонин хэвлэлд захиалж балбуулдаг, ингэсээр байгаад хотын дарга шиг муухай хүн байхгүй болгож аван унагаж, өөрийн хүнээ гаргаж ирдэг жишиг тогтсон.
Хотын даргыг утсан хүүхэлдэй болгож байдаг байдлаасаа гарах хэрэгтэй. Тэд нь ч гэсэн энд тэндэхийн болсон болоогүй ТҮЦ-ний үүдэнд очиж тууз хайчилж зурагтаар гардаг улс баймааргүй байна. Хотын тууринд нэрээ сийлдэг, хотын дарга шиг дарга баймаар байна.
Энэ удаа шинээр томилогдоод байгаа Г.Мөнхбаяр хотын идеалийг сэрээж, хотын соёлыг хөгжүүлж, хорт утаанаас салгахын төлөө л зүтгээсэй. Их улс төрийн хараа зангаан дор биш их хотын хөгжил цэцэглэлтийн төлөөх бүтээн байгуулалтын уриан дор алхаасай. Сэтгүүлчид шинэхэн мээрт нялууран тал засах биш хорт утааны баг илгээмжээр явуулж баймаар байна. Өглөө ажилдаа ирэхэд нь нүүрсний утаанд түлэгдэж тас хар болсон маск дугтуйд хийгээд ширээн дээр нь тавьж байх хэрэгтэй. Сонин болгон утаат хотын гамшгийг улайн цайм үзүүлсэн амьд мэдээллээр хотын даргын амрыг эрж баймаар байна. Ийм шударга хамтын ажиллагаа л хотыг аврана.
Манай дарга нар бүгдээрээ зайсангийн цэвэр агаарт аж төрдөг болохоор бидний зовлонг мэдэхгүй байна. Өлгийтэй хүүхдүүдээ салхинд гаргах аргагүй ахарсан хар утаан дотор амь тэмцэн аж төрж байгаа бидний бодит амьдралыг олж харахгүй байна.
Хөдөөнийхөн л нүүж орж ирээд үгүй хийчихсэн гэж үү
Уншигчид маань уурлаж бухимдан, зарим нь бүр уйлан хайлан утасддаг боллоо. Сүүлийн үед хүйтний эрч чангараад ирмэгц хорт утаа байж суухын аргагүй хоолой хорсгож, нүд аргуулах болов. Яагаад утаа огцом ингэж мэдрэгдээд байна вэ гэх асуултын хариуд олон шалтгаан гарч ирж байна. Жишээ нь, гэр хорооллын айлууд түлээ түлшээ худалдаж авч хүчрэхээ болжээ. Арга буюу осгохгүйн тулд хогийн цэгүүд, дугуй засварын газрууд зэргээр явж хаягдал дугуй цуглуулан түлш залгуулж байна гэнэ. Дугуй түлэхээр илчээ удаан барьдаг гэж тэд ярих юм. Гэтэл дугуйны утаа хүний уушгийг цоолох хүртэл хордуулдаг гэсэн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарчээ. Ийм тохиолдолд бид яах ёстой вэ. Зарим иргэд хатуу арга хэмжээ авахыг хотын удирдлагуудаас шаардаж байна. Дугуй түлж байгаа айлуудын цахилгааныг тасалж бойкот хийсэн ч буруудахгүй гэх харгис шаардлагыг тэд тавьж эхэллээ. Утаагүй түлш гэх мэт урагшгүй хөтөлбөрийг хотын удирдлагууд олон жил ярьсан. Гэвч тэр нь амьдралд хэрэгжиж, үр дүнгээ өгсөнгүй. Одоо тэгээд яах вэ.
Нөгөө алдарт барилгажилт эдийн засгийн хямрал, дааж давшгүй үнэ хоёроос болоод зогсчихлоо. Монголын бүх мөнгө дуусаагүй барилга руу ороод гацчихсан.
“Хүмүүсийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гэр хорооллыг халж, Улаанбаатарыг утаанаас салганаа гээд суугаад байх нь хэтэрхий үр дүнгүй, бүтэшгүй, хоосон яриа болж байна. Утаанаас ангижрахын тулд тал талаасаа чармайж, арга саам болгоныг сүвэгчлэх ёстой болоод байна” гэж сая хотын ажилтай танилцсан Ерөнхийлөгч мэдэгдлээ. Утааны сэдвээс улстөрчид зугтаж, эрх мэдэлтнүүд бүгд дөлж байгаа энэ үед улсын Ерөнхийлөгч утаатай гудамжинд зогсч байгаад ийн хэллээ. Утаанд яг манайх шиг нэрвэгдэж, түүнийгээ шийдэж чадсан гадны том хотуудаас туршлагыг нь авмаар байна. Магадгүй энэ ажлаар хотын олон эрх тушаалтан томилолт өвөртөлж ниссэн байх. Очоод ганц хоёр албаны уулзалтад оролцсон болоод л буудалд хэвтэж байгаад ирдэг биз.
Одоо бол уушиг зүрхийг цоо идэж байгаа утааны сэдвийг ор нэр төдий маягаар авч үзэх эрх алга.
Хотын иргэд бухимдахдаа муусайн бүдүүлэг хөдөөнийхөн орж ирээд л Улаанбаатарыг ийм болгосон гэж хэлж байна. Долоо наймдугаар анги төгсөхөөс хэтрээгүй, тэгэсхийгээд л мал дээр гарчихсан байсан нөхдүүд зах зээлийн хөлд сөхөрч, хамаг малаа зуд турханд алдах нь алдаж, зарж үрэх нь үрээд хот руу нүүгээд ирсэн. Бүгдээрээ нэг нэг халтар эксел авч унаад таксинд явж мөнгөтэй болоод давгүй амьдрана гэж мөрөөдсөн. Хөдөлгөөнд хөл тавиад л хавиралдаж шүргэлцчихээд хүний машин тэрэгний өрөнд орж, тэр чигээрээ баларч байгаа айлуудын тоо дэндүү их. Тэдэнд ажил байхгүй. “Мишээсэн дагина шиг Улаанбаатар”-ыг мөрөөдөж мөрөөдөж ирсэн хөдөөнийхөн маань ийн замарч, зарим нь хэрэг төвөгт орж муугаа үзэж байна. Мөрөөрөө нутагтаа хэвтэж байх минь яав гэж тэд одоо харамсч байгаа. Гэвч хаачих билээ дээ.
Төгсгөлд нь
Гэвч бид дотоодын цагаачдынхаа хөлд нэрвэгдэж, гэр хорооллын утаанаасаа болоод хотын гэх бүх шинжээ өдрөөс өдөрт алдаж байгаа Улаанбаатараа утаан дундаас нь босгож ирж л таарна. Бид нийслэлээ нүүлгэн шилжүүлэхгүйгээс хойш тэмцэх л ёстой болж байна. Мэдээж энэ утаатай шүү дээ. Зарим иргэд хотын хаалгыг түр хаах хэрэгтэй ч гэж үзэж байна. Гэвч энэ нь хүний эрхийн алтан зарчмуудаас гажсан, ардчиллын үнэт зүйлсийн өлмий дээр гишгэсэн алхам болох биз. Тэгэхээр одоо яах хэрэгтэй вэ. Уншигч та бидэнд захидал бичээрэй. Бүгдээрээ хэлэлцье.
Дуундаа жаргааж, дуртгалдаа амилуулж ирсэн Улаанбаатар хотоо утаанаас нь салгахын төлөө ярилцъя.
Хотын маань идеал хааччихав аа. Ганцхан хөдөөнийхөн нүүж орж ирээд л үгүй хийчихсэн гэж үү. Тэдний наашаа зорьсон замбараагүй урсгалаас болоод хөдөө маань хөдөө биш, хот маань хот биш болж хувирсан ч бид бие биенээ хэмлэж, хөөж туух утгагүй шүү дээ. Одоо тэгээд яах вэ.
Зочин