-Сонирхлын зөрчлийг хуулийг УИХ-аар батлуулсанд тань баяр хүргэе. Хуулийн талаарх мэдээллээ аль хэдийн цацаад эхэлчихсэн байна лээ. Харин энэ хууль дээр таныг хамгийн их дэмжиж ажилласан хүмүүс хэн бэ?

-Хуулиа санаачлаад батлуулахын төлөө хамгийн их зүтгэсэн хэд хэдэн хүн байгаа, Ж.Энхбаярыг хамгийн түрүүнд нэрлэх ёстой. Ганц Сонирхлын зөрчлийн тухай хууль ч биш, долдугаар сарын 1-ний хэргээр Хүний эрхийн дэд хорооноос гарч ажилласан ажлын хэсэг, Хүний эрхийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл гээд маш олон зүйл дээр маш хатуу байр суурьтай, итгэл үнэмшилтэй ажилласан. Ж.Сүхбаатар гишүүнийг бас нэрлэх ёстой, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нь өөрөө хууль санаачлагч байгаагүй бол энэ хуулийг ийм хэмжээнд хурдтай бөгөөд утга санааг нь гээчихгүйгээр авч явж чадах байсан уу гэдэг эргэлзээтэй. Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаярт бас талархах ёстой. Яагаад гэвэл Сонирхлын зөрчлийн тухай хууль, түүнийг дагаж гарсан гурван хуулийн өөрчлөлт хоёр хоёроороо салаад Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэгдээд явчихсан. Энэ хоёр байнгын хороон дээр ажлын хэсгийг ахалж ажилласан ажлын хэсгийн ахлагч нарт, Р.Гончигдорж дарга, Су.Батболд гишүүнд баярлах ёстой. Энэ хуулийг хийхэд анхнаас нь тусалж, олон талаар дэмжиж ажилласан таван хүн байгаа. УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, Я.Батсуурь, Э.Бат-Үүл, Х.Баттулга, С.Оюун, Д.Энхбат. Энэ зургаа хэлэлцэхдээ хэлэлцэж, хэрэлдэхдээ хэрэлдэж байж ойр хавийнхаа гишүүдээр санал өгүүлэх бүх л ажлыг хийсэн дээ.

Мэдээж хэрэг энэ хуулийн судалгаан дээр сууж, төслийг нь боловсруулж, анхны баримт бичгийг нь цэгцэлж өгсөн судалгааны багийнханд бас баярлах ёстой. Нээлттэй академи гэж хуулийн чиглэлээр судалгаа хийдэг ТББ байгаа. Хоёр жилийн судалгааны үр дүнгээр боловсруулсан том хуулийн төсөл л дөө. АТГ-ынхан, тэр дундаа Соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайханд баярлах ёстой. Хөрөнгө орлого, сонирхлын мэдүүлгийн загваруудын гаргах журамтай холбоотой зөвлөмжүүд, Авлигын эсрэг конвенцитэй хэрхэн уялдаж байгаа талаарх дүгнэлтүүдийг гаргах гээд олон зүйл дээр хамтарч ажилласан.

-Аз болоход УИХ дахь хуучин хуульчдын нэр огт гарсангүй. УИХ-д хуульчдын шинэ баг гарч ирж байгаа юм байна. Нөгөө талаар бас сүүлийн үед "Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр нар нам дамнасан бүлэглэл байгуулж байна" гэсэн хардлага ч бас сонсогдоод байгаа...

-Нэг хоёр хүн тэгж бичсэн л байна лээ. Бид тендер авах гээгүй. Засгийн эрх мэдэлд гарч сандал ширээ хуваах гээгүй. УИХ-д байгаа хууль тогтоогчийнхоо хувьд, энэ цаг үед улс орны ирээдүй ямар байх вэ гэдэг тэр хариуцлагыг үүрэлцэж яваагийн хувьд "Ийм хэмжээний шинэтгэл байх ёстой юм байна” гэдэг дээр л нэгдсэн УИХ-ын гишүүд. Тэр нь Ардын нам байна уу, Ардчилсан нам байна уу хамаагүй. Хамтарсан Засгийн газарт орсон шиг эрх мэдэл хуваах бүлэглэл фракцийн тухай яриа биш. Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр, Х.Тэмүүжин нар Авлигын эсрэг УИХ-ын бүлгийг байгуулсан. Энэ бүлэг аль намд байх, аль нам нь засаг барьж буйгаасаа үл шалтгаалаад олон олон парламентын үед "Авлига гэдэг зүйлийн хажуугаар ард түмний төлөөлөгчид, хууль тогтоогчид дуугүй өнгөрч, тэвчиж болохгүй юм байна" гээд, авлигын эсрэг ямар нэг байдлаар дуугарч, хөдөлж, эсэргүүцэж, улс төрийн хүсэл эрмэлзлээ илэрхийлж байх шинэ соёлыг л үүсгэж байна. УИХ доторх албан ёсны бүлэг биш шүү дээ, нам дамнасан бүлэглэлийн тухай асуудал бүр ч биш. Бидэнд авлигын тухайд нэг бодол, бодлогын хувьд нэг шийдэл  байх ёстой гэсэн итгэл үнэмшил байсан болохоос биш өөр олон зүйл дээр өөр өөр намын хүмүүс нэг их нэгдээд байхгүй дээ.

-Тэгвэл Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын сайд болох гээд явааг нь дэмжиж байгаа юу?


-Яагаад болохгүй гэж. Аль намаасаа үл хамаараад хүнээр дамжиж өөрчлөлт орж ирээд байна шүү дээ. Ний нуугүй хэлэхэд 20 жил энэ улс төрд явчихсан хүмүүсийг чинь шавхаад шавхаад юм гарах нь өнгөрчихсөн. Харин эсрэгээрээ байгаа зүйлээ хадгалах гэж оролддог, шинэ зүйлийг улдан эсэргүүцдэг хандлага давамгайлаад байна. Энэ хандлагыг шинэ хүмүүс орж ирж л өөрчлөх юм байна. Тийм учраас шинэ залуу хүмүүс аль болохоор олон орж ирээсэй гэж би хүснэ. Тэр нь аль намд байхаасаа үл шалтгаалаад ийм хэмжээний өөрчлөлт явж байгаасай гэж хүсч байна. Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин хоёрын хувьд "Нэг Ардчилал" клубыг яагаад байгуулсан бэ гэвэл Ардчилсан намыг бодлогоо хэрэгжүүлэх түвшний ялалт байгуулж, эрх мэдэл дээр очоосой, тэр бодлого нь энэ хуучин хүмүүсийн бодлого биш, Ардчилсан намын залуучуудын бодлого байгаасай гэдэг үүднээс шинэ залуу хүмүүсийг дэмжихийн тулд энэ клубыг байгуулсан. ҮЗХ-ны хуралдаан дээр фракци гэдгээ зарлачихлаа. Зүгээр хэдэн залуус цуглаад фракци гэж зарлаж байгаа биш. Ардчилсан намыг ялуулахын төлөө, гэхдээ энэ ялалт, нэр дэвшилтэд илүү олон залуучуудыг оролцуулахын төлөө нэгдэж байгаа залуучуудын фракци.  

-Хэдэн хүн нэр дэвшүүлэх зорилго тавьсан бэ, УИХ-ын сонгуульд?

-Одоогоор шийдээгүй байна. Гэхдээ бидний зорилго залуучуудыг дэмжинэ гэсэн болохоос зөвхөн "Нэг Ардчилал"-ын дотроос дэвшүүлэх зорилго тавиагүй. Алтангадас, МоАХ гээд Ардчилсан намын бусад бүлэг, фракциуд байна, сая МҮДН бас фракци гэдгээ зарлачихлаа. Энэ фракциуд дотор залуучууд орж ирж байвал бид дэмжинэ, түүнээс биш зөвхөн "Нэг Ардчилал"-ыг залуучууд гэж харахгүй.

-Саяын танай намын ҮЗХ-ны хурал нэг л бүтэлгүй болсон юм танай намынхан яриад байх юм. Юу нь бүтэлгүй болчихсон, юу бүтээх гэж хуралдсан юм?


-Бүү мэд. Засгаас гарах гэж л хуралдсан шүү дээ, түүнийгээ бол бүтээчихсэн. Өөр юу нь бүтээгүйг мэдээгүй. Ер нь бол ҮЗХ-ноос гадна намынхаа их хурлыг хуралдуулья гэдэг зорилго бидэнд жишээ нь байсан. Тэр нь ойлголцолд хүрч, нэгдсэн шийдвэр гарсангүй. Гэхдээ их хурлыг огт хуралдуулахгүй гэсэн үг бас биш, ҮЗХ дахиад олон хуралдана шүү дээ.

-Оны өмнөхөн та Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж, долддугаар сарын 1-нд цагдаа нарын буудсан сумны хонгиог нийтэд харуулсан. Дараа нь он гарсны дараа Ардчилсан нам засгаас гарахаа илэрхийлсэн. Энэ ямар утга учиртай улс төрийн акци байсан бэ, одоо яагаад чимээгүй болчихов?


-Чимээгүй болоогүй л дээ. Долдугаар сарын 1-ний асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос 2009 оны арванхоёрдугаар сард УИХ дээр нээлттэй сонсгол хийгээд, хүний эрхийн маш олон зөрчил гарсныг тогтоосон. Галт зэвсэг хэрэглэсэнтэй холбоотой маш олон баримтууд Хүний эрхийн дэд хорооны ажлын хэсэг дээр ирсэн. Тэгээд Хүний эрхийн дэд хорооноос дүгнэлт гаргасан. Зөвхөн долдугаар сарын 1-ний хэрэг дээр ч биш, ерөөсөө манай хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанд эрүүдэн шүүх арга хэвийн үзэгдэл болчихсон юм байна гэдэг нь ХЭҮК-ийн 2009 оны илтгэлээс ч харагдсан. Тиймээс ийм зүйл байж болохгүй, үүнийг шийдэхийн тулд хууль шүүхийн байгууллага, прокурорын байгууллагыг яаж өөрчлөх юм, цагдаагийн байгууллага яаж өөрчлөгдөх юм, эрх зүйн орчны хувьд, боловсон хүчин, удирдлага зохион байгуулалтын хувьд яаж өөрчилж, дотоод хяналтыг нь яах юм гэх мэт олон асуудлаар зөвлөмж гарсан. Тэр зөвлөмж дотор таван хүний амь хохирсны төлөө иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалж чадаагүй төр нь уучлал гуйх ёстой гэдэг зүйл байсан. Тэр нь УИХ-ын тогтоолын хэлбэрээр гарах ёстой гэж үзээд, энэ асуудлыг шийдэх гэж хоёр жил болсон. Хууль зүйн байнгын хороо хуралдаж өгдөггүй, УИХ-ын даргын зөвлөлөөр оруулахаар хэлэлцэх асуудлаас байнга хасагддаг, хойшлуулдаг, мартдаг. Олон шалтаг шалгаанаас болоод явахгүй, нэлээд нерв барсан л даа. Тэгж тэгж арай чүү оны өмнө чуулган руу оруулсан чинь “Төр уучлал гуйхгүй” гэдэг нэрийн дор тогтоолын төслийг бүхэлд нь унагачихсан.

-Түүнээс болж сумны хонгиог нийтэд харуулсан хэрэг үү?


-Хүний эрхийн дод хороон дээр ирсэн баримтуудаас ноцтой гэснийг нь прокурорын байгууллага руу шилжүүлээд, "Шүүх, прокурорын байгууллага энэ хэргээ мухарла" гээд явуулсан. Хуулийн байгууллага руу шилжүүлсний дараа тэд “хэргийг шалгаж байна, мөрдөн байцаалтын нууц” гээд мэдээлэл нь хаалттай болчихож байгаа юм. Мэдээллийн энэ хаалттай байдлыг ашиглаад нөгөө улстөрчид чинь долдугаар сарын 1-ний хэргийг тэс өөрөөр тайлбарлаад явчихсан. Уучлал гуйх асуудлыг чуулганаар хэлэлцэж байхад сонссон биз дээ. Тийм учраас “Бодит байдал чинь энэ ээ” гэдгийг хэлж, үзүүлэхээс өөр аргагүй болж байгаа юм.

-Д.Зоригт сайд, Ц.Мөнх-Очир гишүүн хоёрыг хэлж байна уу?

-Яг тэр үед эмоцио илэрхийлсэн нь л тэр хоёр болохоос биш тэр танхимд яг тийм бодолтой маш олон хүн сууж байгаа байхгүй юу. Өөрсдийнхөө зохиосон үлгэрт итгэчихсэн, бодит байдлыг гуйвуулчихсан.

-Бид буудаагүй, цагдаа буудсан гэдгийг ч тогтоогоогүй л гээд байсан биз дээ?

-Тийм. "Цагдаа буудсан бол хариуцлагыг нь толгойгоороо хүлээнэ" гэсэн хүн ч тэр дотор сууж байгаа шүү дээ. Тийм учраас бодит байдал ийм байна шүү гэдгийг сануулахын тулд зөвхөн Хүний эрхийн дэд хороон дээр байсан ноцтой баримтуудыг дэлгэж харуулсан юм. Ийм байхад уучлал гуйж чадахгүй, үүний араас сургамж аваад шинэтгэлээ явуулахгүй, хууль шүүхийн байгууллагыг шинэчлэхгүй гэж бодож байгаа бол эндүүрэл шүү гэдгийг л хэлсэн.

-Тэгээд дараа нь Ерөнхий прокурор хүртэл мэдэгдэл хийгээд эхэлсэн шүү дээ?


-Тэгтэл "Х.Тэмүүжин гишүүн хуурамч баримт ашигласан, хууль бусаар нотлох баримт гаргасан" гээд сүүлдээ хуулийн байгуулллагад шалгагдаж байгаа процессийг хүртэл үгүйсгээд эхлэхээр Ерөнхий прокурор тэсэлгүй "Х.Тэмүүжин гишүүний дэлгэсэн материал зөвхөн нэг хэсэг нь шүү, түүнээс илүү нотлох баримт хавтаст хэрэг, хуулийн байгууллагад бий" гэдгийг хэлж байх шиг байна лээ. Зөвхөн өдрийн тэмдэглэл хөтөлсөн цагдаа биш, түүнээс гадна 3-4 хүн тэр тэмдэглэлд бичигдсэн зүйлүүдийг нотолсон байгаа шүү дээ. Сүүлдээ "хар дэвтэр" гэж яриад байгаа. Цагдаа тухайн өдрүүдэд болсон процессоо бичсэн өдрийн тэмдэглэл болохоос дургүй хүнээ матах гэж бичсэн хар дэвтэр биш. Цагдаа нар бас буруу ойлгоод байх шиг байна, буудсан бүх хүн нь үхсэн гэж. Үгүй, буудуулаад үхээгүй цөөнгүй хүн бий. Тэр хүмүүс долдугаар сарын 1-ний дараа айгаад хэлж чадахгүй байсан үгээ одоо хэлж эхэлж байна. Төр сая уучлал гуйчихлаа. Тийм учраас цагдаагийн хэдэн даргад би нэг үг хэлмээр санагдаад байгаа юм. 2012 оны сонгуулийн дараа, ард түмэн сонголтоо өөрөөр хийгээд, өнөөдөр эрх мэдэлтэй байгаа хүмүүс өөрчлөгдөхөд Хүний эрхийн дэд хороон дээр "намайг битгий хэлээрэй" гээд болсон явдлыг шивнэж хэлж байсан хүмүүс, буудуулаад амьд байгаа иргэд хаана хэн буудсан бэ гэдгийг чангахан дуугаар зарлаад хэлнэ шүү. Та нар яах юм, буудуулаад үхээгүй хүмүүсийг үг хэлүүлэхгүйн тулд ахиад буудах уу? Уучлаарай, амьд гэрчүүд нь байгаа шүү. Буудуулаад ойчиход нь араас нь гүйж очоод эмнэлэгт дамнаад аваачсан 7-8 залуу, хэн буудахыг хажуугаас нь хараад зогсч байсан гэрчүүд. Буудсаныхаа дараа араас нь ирж дэвсчихээд "Шархтай байна, хаяад яв" гэсэн цагдааг хараад хоцорсон хохирогч байгаа. Тэр хүмүүсийг дахиад буудах уу, үгүй л байхгүй юу.

-Жагсагчид дотор ороод "Чулуу шид", "Шатаа" гээд явж байсан зарим хүмүүс дараа нь цагдаагийн дүрэмт хувцастай, баривчлагдсан хүмүүийг байцаагаад явж байсан гэдэг үнэн үү?

-Харамсалтай нь Хүний эрхийн дэд хороонд энэ бүхнийг мөрдөн шалтгах хангалтай хүн хүч байхгүй. Хүний эрхийн дэд хороо дөрвөн чиглэлээр л ажилласан. Иргэдийг баривчилсныхаа дараа зодсон уу, эрүүгийн хэрэг үүсгэчихээд мөрдөн байцаах явцдаа эрүүдэн шүүсэн үү, шүүх прокурорын байгууллага хүмүүсийг яллахдаа хууль зөрчиж, хуулиараа биш дээрээс өгсөн үүрэг даалгаврын дагуу ялласан уу, цагдаа галт зэвсэг хэрэглэсэн үү гэдэг дөрвөн асуудал. Хэрвээ би Хүний эрхийн дэд хорооны биш, УИХ-ын даргын захиармжаар байгуулагдсан Ө.Энхтүвшингийн ахалсан ажлын хэсэгт байсан бол, эсвэл тэр ажлын хэсгийг ахалсан бол саяын таны тавьж байгаа асуултад хариулах хэмжээний ажлыг хийчих л байсан.

-Галт зэвсгийн хэргийг шалгаад шүүх рүү шилжүүлчихсэн. Гэвч шүүх дээр очсон хойноо бас ямар улс төрийн тоглоом, шоглоом болоод, хаашаа эргээд явчихыг мэдэхгүй. Лав ойрын хугацаанд гэм буруутай хүмүүст хариуцлага тооцно гэсэн итгэл үнэмшил надад лав алга...

-Хэрвээ 2012 оны сонгуулийн дараа Ардын нам ялагдаж, Хууль зүй дотоод хэргийн яам, цагдаа, шүүх, прокурор бүхлээрээ өөр улс төрийн хүчний гарт орлоо гэхэд цагдаа дотор байгаа маш олон хүмүүс болсон үйл явдлыг зүгээр л хэлнэ. Одоо "миний нэрийг битгий гаргаарай" гээд л хэлж байна, тэрний дараа бол зүгээр л ярина. Тийм учраас өнөөдөр "Үгүй ээ, тэгээгүй" гээд өмнөх хийсэн хэргээ нуухын тулд дахиад шинээр гэмт хэрэг хийж байгаа нөхдүүд дотроо нэг л зүйлд залбирч байгаа. Хууль зүйн сайд битгий солигдоосой, Ардын нам битгий ялагдаасай, бидний муу муухайг хааж хаацайлж байсан энэ хөшиг битгий ярагдаасай л гэж залбирч байгаа.

-Одоо харахад, шалгагдаж байгаа цагдаагийн дарга нарын хэвлэл мэдээллээр дайж байгаа үг, өмгөөлөгчдийнх нь ярианаас харахад буудсан цагдаа нар луу хэргээ бухчих гээд ч байгаа юм шиг, Онц байдлын штабтайгаа ч хөлөө жийлцээд эхэлсэн юм шиг? Чи үүрэг өгсөн, би өгөөгүй гээд?

-Хүний эрхийн дэд хороон дээр ярьж байгаа зүйл ч гэсэн тэр шүү дээ. Галт зэвсэг хэрэглэсэн үү, хэрэглэсэн. Яаж хэрэглэсэн бэ гэдгийг хуулийнхан л шалгах ёстой. Буу бариад явж байсан цагдаа нарыг буруутгах тухай асуудал биш. Тэр үед цагдаагийн дарга нар юу хийж байсан юм, Онц байдлын штабыг удирдаж байсан хүн юу хийж байсан юм, энэ асуудал л чухал. Түүнээс биш цагдаа нар өөрсдөө буу аваад сайн дураараа буудна гэж байхгүй. Тэр цагдаа нарыг золиосолж, бурууг үүрүүлээд өөрсдөө ард нь мултрах гэж оролцож байгаа цагдаагийн дарга нар, тэдний ард үлдэж байгаа улстөрчидтэй л хариуцлага ярих ёстой.

Хоёроос гурван сонин дээр гарсан зүйлийг харахад "Мөнх-Оргил оо, чи өөрөө үнэнээ хэлээч ээ" гэдэг байдлаар ярьсан байна лээ. Одоо бол цагдаа нар хэн нэгнийг өмнөөс хариуцлага хүлээчих гээд, ял авчих гээд байх бус, үүрэг гүйцэтгэсэн бол гүйцэтгэсэн, тушаал биелүүлсэн бол биелүүлсэн гэдгээ хэлээд л явах ёстой. Гэтэл хэн нэгний аьсыг хамгаалахын тулд өөрсдийгөө улам төвөгтэй байдалд оруулаад, системээрээ, цагдаагийн байгууллага бүхэлдээ ард иргэдийн итгэлийг алдаад байна.

-Онц байдал зарласны дараа "Буудах эрхийг нь өгөөч ээ" гээд нэг хүн орилоод явж байсан тухай яриа ч байдаг. Тэгээд цагдаа нар буудсан юм чинь хэн нэг нь тэр эрхийг нь өгсөн л болж таарч байгаа биз дээ?


-Онц байдал зарлагдсаны дараах нөхцөл байдлыг үнэлээд ирэхээр хичнээн "би биш, надад хамаагүй" гэж ярьж байсан ч гэсэн хариуцлагыг нь үүрэх хүмүүс тодорхой л доо. Өнөөдөр биш юм гэхэд маргааш яригдаж, бодит үнэн сөхөгдөж л таараа.

-Прокурорын хийсэн шалгалтын түвшинд энэ асуудал тодрох юм уу, эсвэл УИХ-ын түвшинд нягталж шалгах ёстой юу?

-Хоёр түвшиндээ л ярина. Прокрорын төвшинд цагдаагийнхан мэдүүлгээ үнэн зөв өгөөд, хэн даалгавар өгсөн, хэн тушаал өгсөн гэдгийг тодорхой яриад мэдээллээ өгвөл хуулийн байгууллагаараа явна. Нөгөөтэйгүүр заавал хуулийн байгууллагаас тэр үйл ажиллагааг шаардахгүйгээр, УИХ өөрөө онц байдлыг хүлээн зөвшөөрч үргэлжлүүлснийхээ хувьд, Онц байдлын үед хуулийг хэн яаж хэрэглэсэн бэ гэдэгт хяналт тавих эрхтэйнхээ хувьд асуудлыг хөндөж болно шүү дээ. Гэхдээ өнөөдөр бол УИХ-д энэ асуудлыг хөндөж, тэр хэмжээнд хянаж шалгах хүсэл эрмэлзлэлтэй хүн цөөхөн байна л даа.

"Монголчуудын амьдрал" сонин