-Ардчилсан нам хамтарсан засгаас гарах тухайгаа мэдэгдэж, өнөөдөр болох ҮЗХ-ны хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргах гэж байна. Та үүнд хэрхэн хандаж байгаа вэ?

-Би Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах шийдвэрийг зөв гэж үзэж байгаа. Харин цаг хугацааны хувьд жаахан хожимдов уу гэж харж байна. Яагаад гэвэл хамтарсан Засгийн газрын сүүлийн нэг жилийн хугацаанд МАН өөрийн хүссэн зүйлээ явуулдаг, хүсээгүйгээ явуулахгүй гэдэг хатуу байр сууриа цөөнгүй зүйл дээр харууллаа. Тэр болгонд нь АН буулт хийсээр ирлээ. Бараг өөрсдийгөө танихгүй болтол буулаа. Тэдний хүссэн зүйл нь уул уурхайн асуудал, томилгоо, их хэмжээний мөнгөтэй холбоотой томоохон төсөл хөтөлбөр л байсан. Гэхдээ тэдгээр хөтөлбөр нь эцсийн дүндээ Монгол Улсын хэтийн төлвийг харсан гэхээсээ илүүтэйгээр хавтгайрсан халамж, сонгуулийн буруу амлалтын зүг чиглэж, түлхүү явж ирсэн.

Гэтэл хамтарсан Засгийн газарт байгаа АН том бүтээн байгуулалт, үйлдвэржилт, 100 мянган айлын орон сууц гэх зэрэг дэд бүтэц сайжруулах томоохон төсөл, төсвийн сахилга бат, орон нутагт эрх мэдэл шилжүүлэх бодлогод илүү анхаарч байсан.  Яг үүн дээр ирэхээр МАН урагшаа ахидаггүй байлаа. Уг нь цаасан дээр тэдгээрийн эхлэл нь тавигдчихаад байдаг, гэтэл мөнгийг нь өгдөггүй. Харин тэр мөнгөө МАН-ынхан зөвхөн халамжийн бодлого уруугаа илүү оруулсаар байсан юм. Үүнд нь манай намын зүгээс хүлээцтэй хандаж, нэгэнт хамтарсан Засгийн газарт байгаа хойно МАН социаль зүүний бодлогоо эхний мөнгөөрөө хэрэгжүүлчихэж байгаа юм байна. Харин дараагийн мөнгөө хөгжлийн бодлогод хөрөнгө оруулалт хийх юм байна гэсэн бодолтой байлаа. Гэтэл дараа дараагийнх дахиад л халамж. Энэ бүхэн эцсийн дүндээ АН-ын тэвчээрийг барж орхисон.

АН бол либерал, барууны чиглэлийн үзэл баримтлалтай. Аж үйлдвэржилт, баялаг бүтээгчид, нийгмийн дундаж давхаргыг дэмжих сонирхолтой. Энэ нь нэг талаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна гэсэн үг. Ингэснээр иргэд хөдөлмөрлөснийхөө төлөө цалин авдаг. Цалин нь амьдралд нь хүрэлцээтэй байх тийм эрүүл системээр улс орон цаашид явна гэсэн бодлого. Ийм бодлого дэмжигдэнэ гэсэн найдлагын дүнд хамтарсан Засгийн газарт АН өнөөдрийг хүртэл байсан.

-АН тэгвэл хамтарсан Засгийн газарт ер нь юу хийсэн юм бэ?

-Ний нуугүй хэлэхэд С.Батболд гэдэг Ерөнхий сайдыг Засгийн газраа тэргүүлж, засгийн газартайгаа байхад нь АН мөрөөрөө тулж өгсөн. АН тулаагүй бол энэ хүн аль эрт өөрөө онхолдож ойчих байлаа. Манай намын хувьд гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг алдан байж ингэж тулж өгч байхад МАН-аас нэг ч өөдрөг санаачилга, бүтэлтэй алхам гарсангүй. Ядаж л манай намын санаачилсан хөтөлбөрүүдэд шаардлагатай хөрөнгийг нь төсөвлөж өгөхгүй байна. Энэ нь МАН-ынхны хэрэв энэ ажлыг хийчихвэл АН-ын сайдууд хийсэн гэх нэртэй болчихно гэж бодсон атгаг санаа, ирэх сонгууль харсан богино бодол гэж бид харж байгаа.

Түүнээс гадна хэлэх нэг эмгэнэлтэй дүр зураг бий. АН, МАН хамтарсан Засгийн газар байгуулсан нь болсон явдлыг нууж, хариуцлагаас хүмүүсийг хаацайлна гэсэн үг биш гэдгийг ойлгоогүй.

-Та долдугаар сарын 1-ний үйл явдлын талаар ярьж байна уу?


-Тийм. Тэд засагт хамтарсан нь асуудлыг нуух биш бодит байдлыг иргэдэд хэлэх үүрэгтэй боллоо гэдгээ ойлгох ёстой байсан. Үнэнийг хэлэх алхам бол уучлалт гуйх асуудал байсан. Гэтэл тэд зоригтойхон шиг уулчлалт ч гуйж чадсангүй. Харин засаг салж байгаад л харамслаа илэрхийлж байна лээ. Бидний үнэт зүйлийн зөрүү үүнд л байгаа юм. Ерөөс МАН-ынхан долдугаар сарын 1, хүний эрх, иргэний амь насны тухай ярихаар л юун гуя гэдэг шиг л манай намыг яагаад муулаад байгаа юм гээд босч ирээд байгаа нь гайхал төрүүлдэг юм. Долдугаар сарын 1 бол Монгол Улсад болсон түүхэн сургамж. Үүнийг аль нам гэдгээс үл шалтгаалаад бодитойгоор үнэлэх ёстой. Гэтэл асуудлыг ярих болгонд “хулгайчийн малгай шатлаа гэхээр малгайгаа дарав” гэдэг шиг л үсэрч босч ирээд заавал сөрж зогсдог, үгүйсгэдэг, эсэргүүцдэг байдал нь хэрээс хэтэрлээ. Энэ нь эцсийн дүндээ энэ нам бол үнэнийг хэзээ ч хэлэхгүй, хариуцлагыг хэзээ ч ярихгүй юм байна. Хүний эрх шударга ёсны чиглэлээр бидний зорьж байгаа зүг рүү МАН хэзээ ч харахгүй юм байна гэдгийг л ойлгуулж байгаа юм.

-Хууль, шүүхийн шинэчлэлийн асуудалд ч нэлээд хойрго ханддаг хэмээн шүүмжлэх гишүүд бий...


-Төрийн алба , хууль, шүүхийн байгууллагын шинэтгэлийн чиглэлд хийх ажлын санаачилга МАН-д үнэхээр дутуу байгаа гэдэгтэй санал нэгтэй байдаг. Энэ Засгийн газар Хууль зүйн яамтай атал энэ салбарт хийгдэх бодлого нь тодорхой бус. Тийм болохоор Ерөнхийлөгч болон зарим гишүүд хажуунаас нь энэ салбарт санаа зовсондоо санаа сэдэл гаргаж байдаг. Гэтэл мөн л тэр бүгдийг эсэргүүцдэг, мартагнуулдаг, аль болох хэлэлцэхгүй байх гэж оролддог явдал нь УИХ дотроосоо гэхээсээ илүү Засгийн газар дотороосоо их гардаг. Энэ байдал нь эцсийн дүндээ нийгэмд хамгийн ихээр хүлээгдэж байгаа авлига, сонирхлын зөрчил, шударга ёсны төлөөх асуудлуудад хариулт өгөхгүй тойрч зугтдаг дүр зураг руу орчихлоо. Манай намын үзэл баримтлал, мөн чанар нь хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэдгээрийг хангахад чиглэгддэг. Тиймээс хамтарсан Засгийн газарт байхдаа үүнийг хийх гэж хичээсэн. Гэтэл хажууд сууж байгаа атлаа “Түгжилдээд” байгаа энэ нөхөртэй хамтрах ямар ч бололцоо алга. Тийм учраас дээр хэлж буй асуудлуудыг мухарлаж шийдэхийн тулд АН хүссэн, хүсээгүй “Түгжилээсээ” салах цаг болсон байсан юм гэдгийг л хэлье.

-Тэгвэл АН хамтарсан засгаас гарлаа гэхэд дээр хэлсэн багц асуудлуудыг тодорхой хэмжээнд шийдэхэд ахиц гарна гэж ойлгож болох уу?

-Мэдээж хэрэг. Засгаас санаачилга гаргаж, хийчих байх гэж найдаад гурван жил өнгөрлөө. Одоо дөрөв дэх жилийнхээ талд нь орж байна. Ингэж АН-ын санаачилсан ажлууд хийгдэхгүй байгаа нөхцөлд бид засагт хамтарсан гэдэг нэрээр бус бие даасан нам гэдгээрээ дээрх асуудлуудыг түлхэхээс өөр аргагүй болж байна.

-Та цаг хугацааны хувьд арай хожуу байж магадгүй гэлээ. Магадгүй нэг жилийн өмнө энэ шийдвэрийг гаргах боломж байсан гэсэн үг үү?

-Засгийн газарт ороогүй, эрх мэдэлд ойр биш байгаа манай намын зарим гишүүдийн хувьд хамтарсан Засгийн газар тэр дундаа МАН-ын зүгээс дээр хэлсэн асуудлуудад ямар ч дэмжлэг авахгүй нь гэдгийг урьдаас хэлж байсан. Харин Засгийн газарт багтсан гишүүдийн хувьд дахин нэг оролдоод, шахаад үзье. Та бүхний ярьсныг бид хамтраад хийлээ, одоо бидний ярьж байгааг хийх гээд үзье гэж хэлье. Тэгвэл юмыг яаж мэдэх билээ явуулчих ч юм  билүү гэдэг хоосон найдлагад хөтлөгдсөөр манай нам энэ хүртэл явчихлаа. Харин энэ итгэлээ хоосон гэдгийг мэдээд намын удирдлагууд ийм шийдвэр гаргасанд үнэхээр талархалтай хандаж байгаа.

-Ерөнхий сайдын хийсэн мэдэгдэлд АН ажлаа дутуу хийлээ гэж байсан. Үнэхээр тийм зүйл болсон юм биш биз?


-МАН-ын засагт хамтрах болсон ажлууд ерөнхийдөө дууссан. Харин манай намын хийхээр төлөвлөсөн ажлууд дуусаагүй. Энэ бүхэн МАН-аас болсон. Тийм учраас ийм хүмүүстэй хамтрах сонирхол алга гэдгээ л хэлж байгаа юм.

МАН-ынхан олон зүйлээр гомдоллож байна лээ. Би түрүүн хэлсэн. АН өөртөө итгэдэг олон хүмүүсийн итгэлийг эвдэн, нэрээ унаган байж хэний төлөө улс төрийн тогтвортой байдлыг мөрлөж зогссон юм. Засаг нь гурван жил тогтвортой байсныхаа төлөө С.Батболд АН-д талархах ёстой. Ний нуугүй хэлэхэд өнгөрсөн намар С.Батболдыг огцруулах санал АН-аас бус МАН-аас гарч байсан шүү. Тэгээд ч зогсохгүй АН хамтарсан Засгийн газраа тогтвортой байлгая гэж хэлж байсны дүнд л энэ засаг оршин тогтносоор байсан. Ингэж гурван жил тогтвортой байлгасны төлөө баярлалаа гээд хэлчихэж чадахгүй гонгинож байна гэдэг бол С.Батболд гэдэг хүн үнэхээр жижигхэн юм, тэр хүний толгойд улс эх орныг хамарсан том цар хүрээтэй ажил бодогдохгүй одоо би яанаа гэсэн арьсаа хамгаалах бодол л байгаа юм байна гэдгийг ойлгууллаа.

-Түүний хэлснээр АН бялуу хуваах гэж л хамтарсан засагт багтсан юм биш үү?

-Манай намыг бялуу хуваах болохоороо нийлчихээд хариуцлага хүлээх үедээ салдаг гэж хэлсэн зарим нэг хүн байна лээ. Энэ ярианаас нь үндэслэн МАН-ынхан бол бялуу л хуваадаг хүмүүс юм байна. Өмнөх Засгийн газруудынх нь туршлагыг харсан ч гэсэн тэгж дүгнэмээр юм байна. Сүүлийн 16 жилийн турш Засгийн эрхэнд байсан явцыг нь харахаар энэ нам ажил огт хийдэггүй. Зүгээр л намынхандаа бялуу хувааж өгдөг байжээ. Тиймээс л авлига гэгч өнөөдөр ингэтлээ гаарсан юм байна. Үнэндээ ажил хуваасан хүмүүс хариуцлага үүрдэг болохоос бялуу хуваадаг хүмүүс хариуцлага үүрдэггүй юм. Тийм болохоор одоо хэлчихье. “Уучлаарай, АН энэ засагт байхдаа ажил хийж байсан болохоос бялуу аваагүй. Ажлаа хийснийхээ хэмжээгээр хариуцлагаа үүрч байгаа” гэдгийг хэлье. Үүний илрэл болгож манай намаас засагт орж  ажилласан сайдууд ажлаа тайлагнах байх. Юу хийсэн, юу хийгээгүй. Ямар учраас хийгээгүй гэдгээ нэгд нэгэнгүй хэлэх биз. Үнэхээр ажил авчихаад түүндээ хариуцлагагүй хандсан байх юм бол бид ч бас тэр хүнтэйгээ ярина. Гэхдээ АН-ын сайдууд байсан салбарт ядаж л эрхзүйн орчин нь шинэчлэгдсэн юм шүү.

-Тэгвэл ер нь хамтарсан Засгийн газар гурван жилийн хугацаанд юу хийсэн юм бэ?

-Би хамтарсан Засгийн газрыг муу ажилласан гэхгүй. Зарим ажлаа огт хийгээгүйн төлөө ингэж шүүмжилж байгаа юм. Тэд хөдөлж чадахгүй байсан уул уурхайгаа хөдөлгөж чадсан уу гэвэл чадсан. Энэ бол хамтарсан Засгийн газрын хийсэн нэг том ажил. Түүнчлэн Төсвийн шинэтгэлийг хийж чадсан. Үйлдвэржилт, томоохон бүтээн байгуулалттай холбоотой төслийг ч мөн гаргалаа. Эд бол хамтарсан Засгийн газрын хийсэн ажил.

Харин төрийн албаны шинэтгэл, хүнд суртал, авлигаас ангижрах тогтолцоо, хууль шүүхийн байгууллагын шинэтгэл, нийгмийн шударга ёс, хүний эрхийн асуудлуудаар юу хийсэн юм бэ. Хариуцлагыг чангатгах асуудлаар юу санаачилсан юм. Засгийн газарт хэлэх юм цөөн. Харин Ерөнхийлөгч, УИХ-ын зүгээс бол санаачилга гарч байсан. Гэтэл тэр санаачилгуудыг нь Засгийн газраас байнга эсэргүүцэж байсан. Дараа нь эсэргүүцэх нь муухай харагдаж байна гээд дуугүй болсон. Гэхдээ дуугүй боллоо гээд энэ нь зөвшөөрч байгаа хэрэг бас биш байлаа.

-АН-д хаягдсан юм шиг харагдаж байгаа нь нэг талаас МАН-д ашигтай байж болох уу?

-Яг үнэндээ МАН өнөөдөр би яах вэ гээд толгойтой үсээ зулгаагаад шалбааг дотор сууж байгаа хүүхэд шиг харагдаж байна. Тэд өөрсдийгөө төчнөөн жилийн түүхтэй, Монголыг өдий зэргийн хөгжилд авчирсан гээд улсын түүхийг өөр дээрээ наагаад байдаг биз дээ. Гэтэл энэ удаагийн үйлдлээр ямар арчаагүй вэ гэдгээ харууллаа.

Би хувьдаа АН хамтарсан Засгийн газраас гарна гэдгийг мэдэнгүүтээ МАН-ын дарга С.Батболдыг “Хамтарч ажилласанд баярлалаа, бид цаашид үргэлжлүүлээд хийх болно” гэж хэлээд явах юм байх гэж бодсон. Гэтэл “Та нар гарч явж болохгүй. Гараад явдаг ямар муухай хүмүүс вэ. Би ҮЗХ-нд нь найдаж байна” гээд үглэн дуулаад байгаа байдал нь ямар сул дорой, тогтворгүй, бодлогогүй Ерөнхий сайдтай, бас өөрсдийн учираа олохоо байсан улс төрийн хүчинтэй бид хамтарч байсан юм гэдгийг ойлгууллаа. Тэднийг үглэн дуулах тусам итгэхэд хэцүү улс төрийн хүчин гэдэг нь харагдах байх даа.

-Хамтарсан Засгийн газрын гэрээгээ зөрчлөө гэж Ч.Хүрэлбаатар сайд хэлж байсан. Түүнд нэг нам дангаар гэрээ цуцлахгүй гэж заасан байдаг юм уу?

-Гэрээгээр амласан зүйлээ хийхгүй байхыг гэрээгээ зөрчлөө гэж ойлгох юм уу, эсвэл амласан зүйлээ хийж чадахгүй байна. Тийм учраас биелэгдэхгүй байгаа гэрээний төлөө зогсох тэвчээр дууслаа гэж хэлсэн хүмүүс нь гэрээ зөрчсөн болж таарах юм уу. Үүний логикийг эрүүлээр харах ёстой.

Хамтарсан Засгийн газрын байгуулсан гэрээнд олон зүйл бий. Хамгийн энгийн жишээ нь сонгуулийн шинэтгэл. Энэ үгийг ойлгохдоо АН С.Баяр гэдэг хүнтэй хамтраад сонгуулийн төгөлдөршлийг хийх юм байна гэж ойлгосон. Ингэхдээ сонгуулийг пропорциональ системрүү нь шинэчлэх юм байна гэж бодсон. Гэтэл цаг нь болоод шинэчлэл яриад эхлэнгүүт МАН тэс өөр зүйл ярьж эхэлсэн. Бидний эхлээд ойлгосон төсөөлөл, бодит байдал хоёр ийн зөрөөд ирэхээр сонгуулийн шинэтгэл дээр МАН-тай хамтарч ажилласан гэж ойлгоход эргэлзээтэй болсон. Ингээд хараад эхлэхээр гэрээгээр хамтарч байгаа олон ажлуудын нэлээд хэсэгт санаачилга байвч гүйцэтгэлгүй болчихоод байна. Тэгэхээр гэрээ биелэгдэхгүй болж таарла. Энэ нь бид гэрээгээ биелүүлэхийн төлөө бус хэн нэгэн хүнийг Ерөнхий сайд байлгахын төлөө хамтарч байгаа мэт ойлгогдож эхэллээ шүү дээ.

-АН, МАН хоёрыг хамтарч байхад МАХН хэмээх сөрөг хүчин байлаа. Одоо АН сөрөг хүчин болчихоор МАХН-ын МАН-д ирэх нөлөө буурч таарна. Энэ нь мөн л МАН-д ашигтай болж таарч байна уу?

-Ер нь МАХН, МАН хоёр сонгуулийн өмнө ямар нэгэн байдлаар нэгдэх байх гэсэн таамаг бий. Яагаад гэвэл, тэдний улс төрчдийг би хуучин гээд хэлчихье. Н.Энхбаяр, М.Энхсайхан, С.Батболд байна уу ялгаагүй. Эдгээр хуучин хүмүүсийн хувьд намын зарчим, бодлого нь ямар байх гэхээсээ илүүтэйгээр би яаж эрх мэдэл дээр очих вэ гэдгээ түрүүлж тавьдаг. Тиймээс тэдний хийх алхмууд эрх мэдэл дээр очих гэсэн ганцхан өгөгдлөөр л явагддаг. Гэхдээ тэд эрх мэдэл дээр очсоныхоо дараа өмнө нь ярьж байсан бүхнээ мартдаг.

Би МАН-ын өмнөөс нэг зүйл дээр айж байна. Учир нь хэрэв хуучин улс төрчид гэж хэлж буй МАН-ын хүмүүс төрийн албанаас холдоод, эрх мэдлээ алдаад тэдний оронд жаахан ч гэсэн эрүүл, саруул бодолтой хүмүүс улс төрд гараад ирвэл олон муу муухай зүйл ил болно доо. Яг л Энхбаяр шиг. Тэр нь гэмт хэрэгт тооцогдоод эхэлбэл бүр ч их юм болно.

-Улс төрд тийм эрүүл хүн гарч ирэх болов уу?


-Сонгогчдод л итгэж байна. Тэд зөв сонголтыг хийх байх. Бид олон жил хууртагдлаа. Өөрчлөгдчих болов уу гэж найдлаа. МАН-д сонгууль болгоны өмнө нүүрээ угааж сонгогчид дээр очдог хүмүүс олон бий шүү. Зарим нь бүр төрөл арилжиж чадна. Гэхдээ эрх мэдэл авсныхаа дараа маш хурдан хуучин төрхөндөө орох чадвартай. Тийм хүмүүсийг таних хугацаа хангалттай өнгөрүүлсэн болохоор сонгогчид одоо зөв сонголт хийх байлгүй дээ. Би залуу хүн учраас ирээдүйгээ гэгээтэй харж байна.

-ҮЗХ хуралдах товыг маш хурдан гаргачихлаа. Үүнийг эцсийн шийдвэрт нь нэлээд яарсны шинж гэж ойлгож болох уу?

-Би өөрийнхөө намыг тэгтлээ ойлгохоо байчихвуу, эсвэл АН-ыг Ардын намын дарга мэддэг болчихов уу. МАН-ын дарга АН-ын ҮЗХ-д найдаж байна гэдэг үгийг сонсоод миний инээд хүрсэн. МАН нам дотроо байгаа бүлэг, фракцаа худалдаж авч болно. Дээрээс нь захирч, дарж болно. Гэхдээ уучлаарай, АН бол АН. АН-ын ҮЗХ-д МАН-ын дарга найдна гэдэг ойлголт бол онигоо байхгүй юу. АН ҮЗХ-оо хурдан хуралдуулж байна гэдэг бол АН-ын олон нийт энэ шийдвэрийг хүлээж байсан гэсэн үг. Зарим хүмүүс өөрийн намдаа биш өрөөлийн намд найдах юм.  Аргаа барсан л хэрэг байх даа.  

Т.Гэрэлмаа  

Өдрийн сонин
2012.01.11. №008 (4023)