ХУЦПАА ба ХУЦВАА

Рабинович ажилд орохоор анкет бөглөж байна.
-Танай гэр бүлээс цагаантантай нийлсэн хүн бий юу?
-Үгүй
 Урвагч эсэр, меньшевик дайсны бүлэглэлд орсон хүн бий эсэх?
-үгүй
-Та зөвлөлтийн эсрэг үйл ажиллагаанд оролцож байсан эсэх?
-Үгүй
-Таны яс үндэс?
-Тийм...
Зөвлөлтийн үеийн онигооноос


Оршил

 Еврей хэмээх нэгэн үндэстнийг бид мэднэ. Хуучин түүх шастирт “жүүд худалдаачин” энээ тэрээ гэх маягаар гардаг.  Өнөө “Юун хятадууд, цаана нь цагаан хятад гэж аймаар улс байдаг гэж байгаа” хэмээх Вьетнамын тухай домог шиг. “Еврей гэж айхавтар улсууд байдаг юм гэнэ лээ. Ядуу еврей байдаггүй юм гэсэн”  хэмээх ам дамжсан яриа. Бас тэднийг дэлхийн хоёрдугаар дайны үед их хядагдсан хөөрхийс хэмээн өрөвддөг. Хар шэлээп, дэркоотой, үсээ хачин сүлжсэн ортодокс еврейгээс бусдыг нь би байтугаа монгол хүн хараад танихгүй. Тийм болохоор бидний хэн маань ч еврей танихгүй, үзээгүй гэх аргагүй.

Гэхдээ “хэрмэл жүүд” гэсэн монгол  хэллэг бий нь тэднийг эх оронгүй, гүрэн дамжиж хэрэн хэсч амьдардаг гэсэн санаа агуулдаг. Үнэхээр тийм.

Дэн Сенор, Сол Сингер нарын нотолж буйгаар израйльчууд нийтлэг нэг үндэстэн гэхээргүй улс аж. Хорвоогийн зүг бүрээс ирсэн, зарим нь бүр Этиопын негр жүүд хүртэл багтсан, хятадаас бусад хэлээр хэлд орсон далан үндэстний цуглуулга аж. Тэнүүчилж явахдаа хорвоогийн хаа нэгтэй төрөлх хэлээ гээцгээжээ. Аргаа барахдаа мартагдсан иврит хэл дээр үндэслэсэн хэл зохиож авахав. Манайхан кирилл үсэг дээр үндэслэсэн цагаан толгой зохиосоос хавьгүй хэцүү ажил. Бид 35 үсэг зохиож цээжилсэн бол тэд  ядаж л 30-40 мянган үг зохиож цээжилсэн байх нь. Улс байгуулсныхаа маргааш дайнд орсон Израйльчууд цэргүүдээ ямар хэлээр командлах тухай асуудалтай тулгарсан гэнэ. Цэргүүдийн дотор польшоос ирэгсэд олонхи байсан учраас “баачношч” (номхон), “напшуут” (урагшаа) гэхчлэнгээр командалжээ. 

 Юу яасны “би бол еврей” гэх бахархал, хаа сайгүй учрах “Чи муу еврей” гэдэг дарамт, гадуурхал. 

Гадуурхал дарамт дор хатуужаад ийм болчих вуу? Гэхдээ оронгүй болгон овсгоо болчихдог юм бас биш. Тиймсэн бол курдууд, цыганууд алж хаяж байх учиртай бус уу

Манайд өнгөтэй өөдтэй яваагаа “хужаагийн эрлийз” хэмээн баалдаг бол манай гариг дээр өнгөтэй өөдтэй яваа нь яалт ч үгүй еврейгээр дуудуулдаг юм гэсэн. Нууц нь юундаа байна.  Хүнээс тусдаа ухаантай улс уу, бөөн залины хөрөнгө үү?

Хуцпа ба хуцваа

Израйльчуудын хуцпа гэж чанар гэж байдаг юм байна. Иврит хэлээр бол, бусдын өмнө өөрийнхээрээ байх, өөрийн санаагаа хамгаалах, өөрөө өөртөө эзэн болох гэсэн утгатай ажээ. Манай “хуцваа”-тай их адилхан дуудагдахаас гадна зарим талаараа утга ойр. Хүний өөдөөс бараг л “хуцваа,  тэгж ярих юм бол би өөр санаатай байна” гэсэн үг. Ялгаатай нь манайхан шиг хүнийг хуцуулахгүй атлаа, өөрөө ялгаагүй хуцах гээд байхын нэр бас биш аж.

Жүүдийн хуцпа-д бидэнтэй адил нэг тал бий. Хоорондоо, ялангуяа дээшээ их уралцана. Ул шагайна гэж жигтэйхэн болтой юм аа. Ялгаатай нь, биеэ өмөөрөхийг хэн нь ч тэвчихгүй. Бид хүнийг шүүмжлээд, өөрийгээ өмөөрөөд явдаг бол жүүдүүд хүнийг шүүмжлээд “алж” чаддаг, харин өөрийгээ өмөөрвөл “алуулах” аж.

Манай гэр хорооллын иргэдэд Америкийн төр өөрийн татвар төлөгчдийн мөнгөөр утаа бага гаргадаг зуух бэлэглэхээр шийдснээс үүдэлтэй маргааныг харъя. Утаа бага гаргадаг зуухаа зүгээр өгч үнэгүйдүүлэхгүйн тулд ёслолын чанартай мөнгөөр өгч байна.  Амар байна уу гэсэн биш гай болов гэгчээр бөөн зарга. Угаартуулж байна л гэнэ. Хорлолоо л гэнэ.

Өмнө нь буух эзэнгүй зуух, буцах мөргүй пийшингээс хичнээн олон хүн, айл угаартаж, гэр орноо түймэрдүүлээд юу ч ярьдаггүй байсан юм. Өнөөдөр тарааж байгаа эзэнтэй учраас барих юмтай болж. Ихэнхдээ зуухны аюулгүйн зааврыг зөрчсөн атлаа, сайн ойлгуулсангүй гэж буруушааж байна. Дараагийн ээлжинд өдөр бүр ирж зуух асааж өгсөнгүй гэж гомдол тавина.

Израйльчуудтай төстэй нь бид заргалдаж гомдол мэдүүлж чадаж байна. Ялгаатай нь иргэн бүр агаар цэвэр байлгах үүрэгтэй, нийтийн сайн сайханы үүднээс хүлээсэн хариуцлага, аливаа техникийн аюулгүйн ажилагааны талаархи үүрэг сэлтийн тухай яриа огт алга. Зуухыг ашиглах зааврыг буруу дутуу судалсан тухай үг алга. Орчин үед техникийн ашиглалтын журам зөрчих гэдэг гэдэг амиа хорлох, хүн алах гэдэгтэй утга нэг болсон ойлголт юм шүү.

Харин  үүний оронд жүүдүүд байсан бол  мэдээж эхлээд зуухаа шалгана. Муу зуух байвал дор нь тогтоогоод зохих этгээдийг албанаас нь мулзлана, эрүү үүсгэнэ. Дараа нь хэрэглэгчийг шалгана. Сайн зуух байгаад, өөрөө аюулгүйн заавар зөрчсөн байвал, юун гомдол барагдуулах, харин ч угаартсны төлөө, түймэр гаргасны төлөө буруутгана.

Израйльд даргыгаа матах, “ардын хянан шалгах хороо”-гоор шалгуулах бол хэвийн зүйл. Нарийн яривал Ийсус Христийг матаад Понти Пилатад өгсөн нөхөд. Төр нь бүр сурчихсан, ямар л бол ямар хэмжээтэй шалгалтын комиссыг хэдийд бол бол хэдийд, хэдийг бол хэдийг гаргахад бэлэн. Ямар сайндаа л дайны дундуур армийг шалгах комисс томилон, фронтод байгаа офицерүүдийг байцаахын тулд тулалдаанаа гурван өдөр завсарлуулж байх билээ? Бусад газар бол балрамаар...гэтэл жүүдүүд шалгалт, дайн хоёроо амжилтаар дуусгасан байгаа юм даа.

Ер нь доод хүнийхээ үгийг их сонс гэдэг зарчимтэй. Гэхдээ “доодох нь үргэлж зөв”-дөхгүй.  Энэ нь цэрэгт ч, бизнест ч хамаатай. Алдаа гаргасан, удирдах чадваргүй даргаа цэргүүд  шүүмжлэх, таны энэ тушаал буруу байна гэж хэлэх, улмаар солих эрхтэй. Эрхтэй гэдэг нь “галла” гэхээр нь “дуртайгаараа өөрөө бууд” гээд окопондоо хэвтэх, эсвэл “ерөөсөө чамд захирагдахгүй” гээд яваад өгөхийн нэр биш. Цэргүүд дохих дээд удирдлагад матан, дарга ажлаас нь халуулахын нэр бол мөн. Өөр аль улсын зэвсэгт хүчинд ийм юм байхгүй. Ингэлээ гээд Израйлын арми сул болдоггүй. Үүнийгээ “Дээрээс ямар үүрэг гүйцэтгэхийг тушаана. Харин тушаалын дагуу ажиллахдаа тухайн үеийн нөхцөл байдлыг тухайн цаг үеийнхээр нь үнэлэн, үүргээ хэрхэн биелүүлэх шийдвэрээ доод шатны дарга, түрүүч цэргүүд гаргах” гэхчлэн тайлбарлана.

Генерал ба жирийн цэргүүд нэг танхимд байгааг дэлхийн шилдэг армитай Америкт ба Израйль байгаагаар төсөөлж үзье.  Америкт бол генералаас доош цолтой бүх офицер модойтол номхон зогсохоос эхлэнэ. Генерал суухыг зөвшөөрвөл сууж, генералаа цайгаар дайлна.

Харин Израйльд мэдээж ёслох байх, дараа нь цөм налайн сууж, цэргүүд генералаа хочоор дуудна. Ер нь жүүдүүд яг манайхан шиг нэгнээ хочлох их дуртай гэнэ. Тэд “Хөөе баавгай. Танай аав чинь, Оросоос ирсэн билүү” гэхчлэн генералтай буу хална. Харин кофений машинд хамгийн ойр байгаа нь уух юм аягална. Энэ үүрэг генералд ч таарч болно. Тэр хэрээрээ Израйлийн арми нийт бие бүрэлдэхүүнд харьцуулан, бусад улстай жишихэд хамгийн цөөн офицертэй, хамгийн олон цэрэг, түрүүчтэй.
 
Эрдэмтэй байлдагч

Дэлхийн олон оронд бүх нийтээрээ заавал цэргийн алба хаах хуультай. Израйлаас илүү цэрэгжсэн улс бишгүй. Хойд солонгос байна. Өмнөдөд ч бүх эрчүүл цэрэгт явах учиртай. Израйль арай ялгаатай. Хүүхдүүд цэргийн аль ангид хаахаа конкурсээр шийднэ. Цэргийн ангиуд хүүхдүүдийг уралдаант шалгалтаар авна. Ялангуяа элит ангиудад математик, физикт тулгуурлсан хүн шалгалтын босгыг давж хүрнэ. Хамгийн орчин үеийн техник технологийг судлана. Албаа хаасны дараа дээд иргэний боловсролын аль нэг чиглэлээр суралцан диплом гардах аж. Барууны ертөнцийн ажилд авах зарлалд “Харвард төгсгөсөн, Оксфорд дүүүргэсэн дипломтой...” гэхчлэн заадаг. Харин Израйлын компаниудад орох нөхцлүүд дотор “ ...дугаар ангид алба хаасан байх” , “...элит батальоноос халагдсан байх шаардлагатай” гэхчлэнгээр заах нь энүүхэнд. Гэхдээ компанийн харуулын албанд оруулах гэж байгаа хэрэг биш шүү. Шилдэг менежер, инженерүүдийг сонгож байна. Израйлийн элит ангид алба хаасан олон хүн өнөөдөр NACDAQ-д бүртгэлтэй дэлхийн топ 100 компанийн нэлээд хэдийг удирддаг буюу үүсгэн байгуулсан аж.

Нэг удаа Израйлын нэртэй дээд сургуульд зураг дизайны чиглэлээр сурдаг америк хархүү, жүүд найзынхаа хамт ямар үйлдвэрлэлийн дизайны төсөл хийж байлаа. курсын ажил маягийн ч юмуу даа. Гэтэл нэг зүйл дээр яалт ч үгүй инженерийн тооцоо хийх хэрэг гарчээ. Мань хүн за хаанаасаа ямар инженерээ олдог билээ, хариуд өгөх хөлс мөнгө ч юул билээ, гэсхийн санааширч гарчээ. Гэтэл нөхөр нь “өө энэ юухан байхав” гээд дор нь хийчихэж. Америк оюутан гайхаж “Чи хаана ингэж сураа вэ” гэхэд “Би ...дугаар элит ангид дөрвөн жил суралцсан,  хамгийн орчин үеийн сөнөөгч онгоцны инженер, бас дайнд оролцон онцгой даалгавар биелүүлж явсан” хэмээн ярьжээ.

Эргэн тойрон дайсны хүрээлэлд байгаа Израйль оронд хүн бүр цэрэг байх хэрэгцээ үнэхээр байна. Цэрэгт алба хаах нь залуу хөвүүдийн боловсрол эзэмших, бизнес эрхэлж болох хэдэн жилийн хумсалдаг нь үнэн. Харин Израйльчууд энэхүү боловсролын хяслыг боловсролын боломж болгон хувиргасан байх юм.

Ийм байж л бусдын өмнөөс “хуцпа”-дах эрхтэй жүүд болон боловсрох бөлгөө...

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.