Баабар: Цаадуул чинь тоондоо муу шүү дээ
Баабартай сонгуулийн хуулийн талаар ярилцав.
Баабартай сонгуулийн хуулийн талаар ярилцав.
-Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргаснаас хойш олон нийтийн дунд сонгуулийн тогтолцооны талаар нэлээд яриа болж байна. Таны “Сонгуулийн тогтолцооноос дүн хамаарна” гэсэн нийтлэл манайханд нэлээд олон зүйлийг эргүүлэн сануулах шиг болсон. Гэхдээ энэ шийдвэр гарснаар улс төрийн үйл явц зогсонги байдалд орж, сонгуулиа яаж явуулах нь мэдэгдэхээ байгаад байна...
-Оросын сонгодог зохиолч Иван Крыловын “Хун, хавч, цурхай гурвын үлгэр”-т гардаг даа. Олсон олзоо тал тал тийшээ чирж, цурхай нь цүнхээл рүү, хун нь агаар руу өнөөх нь ар тийш нь татаад юу ч үгүй үлдэж байгаа тухай өгүүлдэг. Манай улс төрийн намууд Сонгуулийн хуулийг яг тэгэж байгаа л харагдаж байна. Гэхдээ бүгд л буруу тооцоо хийж байгаа харагдах юм даа. Өөрсдөө жагсаалтад багтана гэж бодсон улсууд нэг тийш нь, тойрог олдоогүй нь нөгөө тийш нь чангаагаад байгаа нь ажиглагдаж байна. Хоёр том нам жагсаалтын 28 суудлын арав, арвыг нь авна гэж бодож байх шиг байна. Арвыг авлаа ч одоо дивтаат байгаа хүмүүсийн ихэнх нь жагсаалтад багтахгүй, багтлаа ч найдваргүй, Нам бүрээс 28 хүн жагсаалтад бичигдэх ч арван хүнд нь илүү шанстай, гэхдээ одоо өмнөх шиг тэгэж авах уу гэдгээ сайн л бодох хэрэгтэй. Бараг л дундаа арав, нам бүрээс тав, таван хүн нь жагсаалтаар суудал авах байх. Тэгэхээр тавхан хүний эрх ашгийн төлөө намаараа хожих уу гэдгээ бодох л хэрэгтэй дээ. Ажаад байхад цөөхөн хэдэн хүн л өөрчлөхийг эсэргүүцээд байгаа юм.
-Жижиг мажоритар гэж байгаа, үгүй бол томсгосон мажоритор байж болно ч гэх юм. Ёстой л өөр, өөрийн эрх ашгаа харсан хүмүүс олон санал бодол уралдуулж байх шиг. Та сонгуулийн тогтолцооны сайн, муу талуудын талаар дэлгэрүүлж хэлж өгөөч?
-Томсгосон тойрог бол юун түрүүн намд аюултай. 1992, 2008, 2012 онд сонгуулийг энэ тогтолцоогоор хийсэн. Нам дотроо хоорондоо алалцдаг, тэгээд нөгөө намынхаа хүнтэй хуйвалдаад тойргийн мандатаа хувааж авахаар тохиролцох нь бий. Энд намын зарчим гэж ярих хэрэггүй. Хоёр нам хоорондоо тохирч чадаагүй тохиолдолд, миний бичсэнээр жинхэнэ “хогийн цэг” үүсдэг. Өрсөлдөгчдөө өндөр санал өгүүлэхгүйн тулд хамгийн сул нэр дэвшигчдээ үлдсэн саналаа өгдөг. Ингэхэд хамгийн сул нэр дэвшигч нь гараад ирэх тохиолдол гарч л байсан. Өөрөөр хэлбэл энэ тогтолцоо хоёр нам хоорондоо хуйвалдахад хүргэдэг. Тохирч чадахгүй бол “хогийн цэг” үүсгэнэ. Ийм дутагдалтай. Одоо үүнийг дэмжиж байгаа хүмүүс зөвхөн өөрийн эрх ашгаа бодоод зүтгээд байх шиг. Гэхдээ тооцоо нь буруу л байна даа.
-Жижиг мажориторын хувьд?
-Жижиг мажоритор дээр 76 шөрмөстэй хүн гарч ирнэ гэдэг. Гэхдээ нэг талаасаа нам дамнаж хуйвалдана гэж айхгүй ч гэсэн босго намхан байдаг учраас тухайн тойрогт бусдаасаа яльгүй илүү санал авсан нь бусдыгаа нойллочихдог. 1996 онд Гомбожав гэхэд 25 хувийн саналаар гарч ирж байлаа. Сонгогчдын бусад 75 хувийн санал нь төлөөлөлгүй болж, 25 хувьтай нь манлайлна. Бусад сонгогчдын санал хаягддаг асуудал энд гардаг. Хоёрдугаарт хэрэв нөгөө тал нь дотроо хуваагдвал хуваагдаагүй тал нь бүх суудлыг авчихдаг. 2000 оны сонгуульд гэхэд Ху нам, ардчиллын намууд 50/50 хувийн санал авсан ч ардчиллынхан нь дотроо долоо хуваагдсан байсан учраас нөгөө тал олонхи болж байх жишээтэй. Тухайн үед АН-ын нэр хүнд унасан байсан учраас салж л үзвэл болоод явчхана гэж бодсон хэрэг. Гэтэл өөрт ноогдсон 50 хувиа жижиглээд хаячихаар “хэн илүүг авсан нь бүгдийг нь авна“ гэсэн тогтолцоо болохоор үнэндээ МАХН ганцаараа сонгуульд орсон гэсэн үг. Үр дүнд нь Дундговьд нэр дэвшсэн Ж.Наранцацралтаас бусад нь унасан. Түүний хувьд Дундговиос төрсөн анхны Ерөнхий сайд байсан учраас сонгогчид нь дэмжсэн байдаг. Ингэхээр үнэндээ бие даасан сонгогдогч байсан хэрэг.
-Ингэхэд манайд цэвэр пропорционал тогтолцоогоор сонгууль болж байсан юм гэдгийг таны нийтлэлээс олж мэдлээ?
-Манайхан нийтдээ дөрвөн янзын сонгуулийн нүүр үзэж байгаа хүмүүс. Дээр дурдсан хоёр, мөн холимог, тэгээд цэвэр пропорционал. Цэвэр пропорционалын хувьд 1990 онд Улсын Бага хурлыг байгуулахад ашигласан. Сонгогчдын өгсөн саналын хэмжээгээр тухайн нам парламентад суудал авна. Гэхдээ энэ нь хоёр шаттай сонгууль байсан гэж болно. Намын нэр дээр орж ирэх хүмүүсээс хэн нь дивтаат болохыг Ардын их хурлаар тодруулдаг байлаа. АИХ-ынхан нь өөрснөө мажоритор системээр тойрог болгоноос сонгогдон гарч ирсэн, байнгын ажиллагаатай биш ийм парламент байлаа. Одоо тэр үеийнх шиг хоёр шатны сонгууль явуулах боломж байхгүй л дээ. Шинэ Үндсэн хуулиас хойш хоёр танхимтай парламентын тогтолцоогүй болсон учраас тэр түүхийг давтах боломжгүй юм.
-Пропорциональ болон мажоритор сонгуулийн тус тусын давуу талууд юу бол?
-Давуу тал гэвэл пропорционал нь сонгогчдын санал хаягддаггүй давуу талтай. Гэхдээ яаж хийснээсээ их шалтгаалдаг. Манайд туршсан 2012 оны холимог пропорционал бол үнэндээ пропорционал гэсэн утгыг алдагдуулж гутаасан хэрэг болсон. Тэр жагсаалтад хэн орохыг хэдхэн хүн суугаад шийдсэн шүү дээ. Ядаж гурав, гурван зуун хүн суудаг ҮЗХ, Бага хурлын хэмжээнд тэнд хэн байхыг нууц санал хураалтаар шийдсэн бол ядахнаа төстэй халтуур гэхсэн. Гэтэл хэдхэн хүн, фракц гэгчийн хэмжээнд шийдэж хулхидсан. Ард түмний шалгуураар нэр дэвшигчид нь ороогүй учраас оймсонд хавчуулагсдын төлөөлөл болсон. УИХ бол ард түмний төлөөлөл. Оймсныхон яаж ард түмнийг төлөөлөх юм бэ? Хөөрхий муу Баасанхүүг муу нэртэйгээр нь далимдуулж Нямдорж “оймсонд хавчуулагдсанаар нь” дуудаад л байна билээ. Өөрөө тэгээд ард түмний төлөөлөл мөн юм уу? Адилхан л оймсны хавчуурга.
Дараагийн муу тал нь олон нам парламентэд орохоор Засгийн газраа байгуулж чадахгүйд хүрдэг. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргаж чадахаа байдаг. Гэтэл улс гүрэн гэдэг буруу ч, зөв ч шийдвэр гаргаад явах ёстой. Ийм эвгүй байдал олон улс орны жишээн дээрээс харагдаж байсан. Сүүлийн жишээ гэхэд Голланд, Бельгид яасныг хүмүүс сонссон л байх. Бельгид гэхэд Засгийн газраа байгуулж чадахгүй жил хагас болсон. Тэгэхээр энэ нь төрийг бүрэн чадамжгүй байдалд хүргэдэг. Хүчгүй төртэй болж байгаа юм биш, ерөөсөө төргүй болчиж буй хэрэг шүү дээ.
Олон мандаттай тойргийн хувьд, энэ уулыг араар нь тойрох уу, өврөөр нь тойрох уу гэдэг бол намын программ. Гэтэл нам дамжсан хуйвалдаан болдог болохоор араар нь ч биш өврөөр нь ч биш болно шүү дээ. Дээрээс нь олон мандатын сул тал нь мандатын тоогоор санал өгөх үү, мандатын тоог хүртэлх санал өгөх үү гэдгээс шалтгаалаад хариу нь бас өөр болоод явчихдаг. 1992 оны сонгуульд мандатын тоогоор саналаа өгдөг байлаа. Хэрэв дөрвөн мандаттай тойрог бол дөрвөн хүнийг л дугуйлна. 2008, 2012 оны сонгуульд мандатын тоо хүртэл санал өгснөөр үр дүн нь өөр гарах болсон. Мандатын тоонд тулгаж өгнө гэдэг нь сонгогчийн сонгох эрхэнд халдаж байгаа хэрэг юм. Нэг хүнд нь өгөөд бусдыг нь дэмжихгүй баймаар байсан ч тулгаж өгөхийг шаардсанаар сонгуульд оролцох хүмүүсийн идэвхийг бууруулна. Ийм маягаар цаашид явбал сонгуульд оролцож байгаа хүмүүсийн тоо 50 хувьд хүрэхээ болих нь.
Харин мандатын тоо хүртэлх гээд санал өгөхөөр чухам хэдэн санал орж ирж байгааг тоолох боломжгүй болгочихдог. “Нэг тэгийн онол” гэж бий. Нэр дэвшигчид өгсөн саналын нийт тооны ард хүний нүд хариулж байгаад нэг тэг нэмэхэд үүнийг илрүүлэх бололцоогүй. Мандатын тоонд тулгаж өгсөн тохиолдолд санал өгсөн хүнийхээ тоогоор мандатын тоог үржүүлэхэд тоогоо тулгаж болдог бол сонгогч мандатын тоо хүртэлх санал өгөх бол тооцоолох боломжгүй.
-Гэхдээ мажоритор нь том намуудад ээлтэй, жижиг намуудад халгаатай систем биз дээ?
-Мажориторын хувьд аль аль хувилбар нь хоёр намын тогтолцоо буй болгодог сонгууль юм даа. АНУ, Англи гээд зарим оронд хоёр намын тогтолцоотой нь сонгуулийн ийм тогтолцоотой учраас л тэр. Бусад жижиг намууд болон бие даагчдад халгаатай нь үнэн. Ёстой С.Оюун шиг супер ганц хүнтэй намуудад ганц нэг суудал юу юм гэхээс хоёр том нам л суудлын дийлэнхийг авна.
-Одоо намууд аль нь өөрсөддөө ашигтай вэ гэж хараад тооцоо хийгээд байна л даа. Яг аль нь хаанаа ашигтай вэ?
-Тэр тогтолцоо нь ашигтай, улс орноо бодвол ингэх нь зүйтэй гэж чамтай яримааргүй байна. Энэ бол хууль тогтоогчдын шийдэх асуудал. Өнгөрсөн 25 жилийн дүнд тулгуурлаж анализ хийж буйгаа л хэлж байна. Цаадуул чинь тоонд муу болохоороо дандаа тооцоогоо буруу хийгээд байдаг юм. 2012 онд пропорционал сонгуулийг ярьж байхад хамгийн их эсэргүүцэж байсан улсууд дөрвөн жилийн өмнөхөөсөө тэс өөрийг өнөөдөр ярьж байгааг хүмүүс анзаарч байгаа байх. Тэр ч манайд муу, энэ ч манайд муу гэсээр байгаад хамгийн сүүлд өөрсөддөө хамгийн мууг нь сонгосоор ирсэн. Одоо ч яг тэгнэ, харж л байгаарай.
-Жижиглэсэн мажоритор болговол санал амархан худалдаж авна гэсэн айдас бий. Санал худалдагдахгүй тогтолцоо гэж байна уу?
-Байхгүй. Худалдаж авахдаа хүрвэл ямар ч системд худалдаад л авна. Ийм луйврын бололцоог багасгах боломжийн тухайд л ярина уу гэхээс. Ерөөсөө санал худалдаж авах магадлалыг багасгая гэвэл автоматаар санал тоолох л юм шүү дээ. Гэтэл хар машин шатааж энэ тэр өвчигнөөд л... Өнөөдөр гар утсандаа итгэдэггүй, компьютертээ итгэдэггүй, АТМ-ээс мөнгө авахдаа итгэдэггүй хүн байна уу?
-Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн тал дээр та юу хэлэх вэ? Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй гэсэн жишиг бий биз дээ?
-Сонгуулийн тухай хууль бол УИХ-д л үйлчлэнэ. Түүнээс Үндсэн хуулийн цэцэд хамаагүй. Цэцийн хууль тусдаа. Цэцээс Үндсэн хуулийг зөрчсөн байнаа л гэсэн дүгнэлт гарсан бол үүнийг өөрийнхөөрөө шийднэ. Цэц бол хамгийн дээд шүүх. Хил хязгаар давсан бүхнийг заазуурдан тас цавчих эрхтэй, тйим ч үүрэгтэй. УИХ бол амьд организм. Буруугаа засаад, шүүхийн шийдвэрийн дагуу л явах ёстой... Хөлөө хугалчихлаа, яршиг нэгмөсөн үхье гэдэггүй биз дээ. Эдгээгээд явдаг биз дээ. Түүн шиг УИХ шүүхээс таслан зогсоосон болгоныг хүлээн авч засч залруулаад, төлөвшөөд явж байх ёстой. Манай туршлага бага, бид ардчилсан дэглэмээр төрөө бүрдүүлдэг болоод дөнгөж ганц үе өнгөрч байна шүү дээ. Монголын ардчилал маань хар нялх дээрээ явж байна. Янз янзын юм туршиж үзээд л... юутай ч төлөвшөөгүй юм гэхэд төлөвших чиглэл рүү гэлдэрч явна.
-Тэгвэл сонгууль хойшлуулах боломжтой юу?
-Сонгууль хойшлуулах нь хууль бус. Дөрвөн жилээс хэтэрсэн өдөр бүр Улсын их хурал хууль бус инстүүцэд тооцогдоно.