Улаанбаатараас олон улсын нислэгээр өмнөд хөршийг зорино гэж бодож байсан чинь орон нут­гийн онгоцонд сууна гэдгийг сон­соод гайхаж хоцров. Ингээд Дорнод аймаг явах онгоцонд суулаа. Харин Дорнодын нисэх буудлаас Хайлаар луу явах онго­цонд цөөхүүлхнээ сууж цаг гаруй­хан нисээд л хүрчихлээ. Онгоцон дотроос хотыг харахад өнгө өнгөөр дээврээ ижилсүүлэн будсан барил­гууд нь эмх цэгцтэй. Ингээд Хөлөн­буйр аймгийн Хайлаар хотод хөл тавилаа. Цаг агаарын хувьд манайх­тай төстэй, цэвэр цэмцгэр орчин үеийн хот юм. Хүн амын хувьд цөөн ч гадны жуулчдын хөл тасардаггүй гэнэ. Уг нь статусын хувьд манай нэг аймгийн төв л юм шүү дээ. Гэтэл Улаанбаатараас маань том хот болон хөгжиж чад­жээ. Манайхан ойроор нь Эрээн орж тэнд ямар ч монгол хүн учраа олоод яриад явчихдаг бол эндхийн дэлгүүр хоршоогоор ороод хэл ам  ойлголцох нь бэрхшээлтэй. Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймаг гэх боловч хятадууд нь өвөрмонголчуудаасаа их байдаг аж. Барилга байшин нь орчин үеийн өнгө донж, европ,  азийн хосолмол загвар хийцтэй юм. Хайлаар хотын шөнө хамгийн үзэсгэлэнтэй харагдах юм билээ. Шинэ жилийн баяр болж байгаа юм шиг л гэрлэн чимэглэлээр байшин барилгаа элдэв хээ угалз, дүр дүрсээр чимжээ. Тиймээс шөнө нь өдөр шиг гэрэлтэй, өнгө зүс нь илүү гоё болчих юм. Хөлөн  нуур, Буйр нуур хоёрын нэр нийлээд Хөлөн­буйр аймгийн нэр болж байгаа аж. Буйр нуурын 4/1 нь хилийн цаана байдаг.  

Хотын төвөөрөө гол урсах бөгөөд голын дээгүүр тавьсан гүүр нь сүрхий өргөн бөгөөд гүүрний билгэ тэмдэг нь морин хуур.  Ер нь морин хуурыг их дээдэлдэг юм байна. Гадаа байгаа гэрлийн шон­гуудыг ч морин хуурын толгойгоор дүрслэн хийжээ. Энд тэнд босоо монгол бичгээр бичсэн хаяг олонтаа харагдах юм.

Зам дэд бүтэц сайн хөгжсөн газар аж. Хотоо цэцэрлэгжүүлэх моджуулахад ихэд анхаарсан нь тодорхой харагдана. 

Хайлаар, Дачин хот газрын тосон дээрээ тулгуурлан хөгжиж байгаа хотууд.  Байгаль цаг уурын хувьд манайхтай их төстэй. Ерөнхийдөө энэ хоттой танилцах цаг зав бага байсан гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Гол зорилго маань газрын тосны үйлдвэрүү­дийн үйл ажиллагаатай танилцах явдал байв. 

Аяллын багт маань сэтгүүлчдээс гадна Монголд үйл ажиллагаа явуулж буй "Петрочайна Дачин Тамсаг" компанийн төлөөлөл, Магнай трейд, Хятадын хөрөнгө оруулалттай Монголд үйл ажил­лагаа явуулж буй Зон хэн юу туан ХХК, Тэнгри компанийн төлөөлөл багтав. Газрын тосны газар, Уул уурхай, хүний нөөцийн хөгжил төрийн бус байгууллага энэ аяллыг хамтран зохион байгуулсан юм.  

Петрочайна дачин Тамсаг ком­панийн Ерөнхийлөгч Гао Венбао компанийн удирдлагууд биднийг хэдэн өдөрт ээлжлэн хүлээн авч уулзаж үйл ажиллагаагаа бүрэн танилцуулсан юм. Энэ компанийн толгой хөрөнгө оруулагч нь Хятадын үндэсний газрын тос, байгалийн хийн корпораци.

Манай уншигчид санаж байгаа бол АНУ-ын "Соко Тамсаг" компани анх Дорнодын Матадад газрын тосны  хайгуулын ажил хийж тэн­дээс гарсан тосоор  тухайн үед Ерөнхийлөгч асан П.Очирбат энгэрээ мялааж бөөн дуулиан дэгдээж байсан билээ. Одоо Дор­но­дод үйл ажиллагаа явуулж буй "Петрочайна Дачин Тамсаг" бол "Соко Тамсаг"-ийн хувьцааг худал­даж аван өнөөдрийг болтол манай улсад үйл ажиллагаа явуулж буй компани.

Энд бас нэг танин мэдэхүйн чанартай түүх сөхье л дөө. 1960-аад оны дунд үед Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр ажиллаж байсан байдаг.  Мэдээж орос технологиор явж байсан. Манайхны улаан бензин гэж нэрлэдэг байсан А-66-г үйлдвэрлэдэг байсан юм билээ.  Тэр үед Сибирь,  Улаан -Үүд,  Ангарскийн нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орж оросууд "Монголд  ингэж нефть үйлдвэрлэж байснаас шатах тослох материа­лаар Монголыг зуун хувь базах гэсэн санаагаар хямдхан нефть нийлүүлж эхэлсэн байдаг. Бүр Монголын бензин муу, Оросынх сайн гэж ярьдаг үзэл сурталжсан ухуулга ч нийтийн тархинд шингээ­сэн байжээ. Үнэн хэрэгтээ техно­логийнх нь гарал үүсэл нэг л байсан байгаа юм. Уг нь Зүүн­баянгийн үйлдвэр тэр үед тэгж хаагдаагүй бол өнөөдөр ингэж боловсруулах үйлдвэрийн шав тавих гээд зогсохгүй байсан биз. Гэвч барихгүй удсан боловсруулах үйлдвэр Монголд баригдах гээд  шав тавьж эхлээд байхад  нь билгэ дэмбэрлийг бодож хойш нь тавья. Ямарч байсан тэр явдлаас болж  газрын тосны үйлдвэрлэлийн хөг­жил манайд бүтэн тавин жилээр хоцорсон байна. Газрын тосны үйлдвэрлэл тэр үед тасалдалгүй хөгжлийн замаараа, жамаараа  явсан бол ядаж Оросоос неф­тиэрээ хараат байж гал алдахгүй л байсан.  Оросууд тэр үед Хятадыг ч нефтиэр барих гэж үзсэн юм билээ. Гэвч урд хөрш нефтийн үйлдвэрлэлээ чухал салбарын нэг болгон өөрсдөө хөгжүүлж чаджээ.   

Уг нь Хайлаар, Дачингийн  газрын тосны орд газар Тамсагийн орд газар нэг  хонхор дотор байгаа л газрын тосны нөөц. Үүнийгээ Хайлаарын ай сав дахь газрын тос гэх юм билээ. Хоёр хилийн наана, цаана хоёр зуун метр хүрэхгүй зайтай морин толгой бараа бараа­гаа харалцаад газрын тосоо нэрж авч байдаг.  Ялгаа нь энэхүү хонхор дундуур Монгол, Хятад хоёр улсын хилийн зурвас л бий. Гэтэл хилийн зурвасын цаана байгаа газрын тосоо хятадууд ашиглаад ямар түвшинд хүрч бай­гаа, хилийн наана байгаа бид газрын тосоо ашиглаад ямар хэм­жээнд  байгаа нь аяллын явцад хар аяндаа ойлгогдож байгаа юм.

Газрын  тосны боловсруулах үйлдвэртэй болох талаар баахан ярьсны эцэст хэд хэдэн газар шаваа тавьчихаад байгаа манай улсын хувьд бусад улс орны турш­лага судлах шаардлага байгаа. Ердөө хажууханд олон жилийн туршлагатай үйлдвэрүүд зөндөө.  Бид БНХАУ-ын Хайлаарын газрын тосны үйлдвэртэй танилцав. Газ­рын тосны үйлдвэр гэхээр яагаад ч юм нүсэр том айхтар нүргээн чимээтэй, тос болсон газар шиг санаанд бууж байсан нь эсрэгээрээ харин цомхон, дуу чимээ багатай, цэвэр цэмцгэр үйлдвэр байлаа. Ер нь газрын тосны салбар эрсдэлтэй ч үйлдвэрлэл нь хаягдалгүй байдаг онцлогтой гэнэ. Боловсруулсан газрын тосноос гарсан бүх хаягдал, илүүдлийг нь дагалдан босгосон химийн үйлдвэрүүд ашигладаг юм байна. 

Тэдний хувьд Монголын төрийн бодлого тогтворгүй байдаг талаар ярьж байсан.  "Дачин ойл лимитед компани" нь БНХАУ-ыг Үндэсний газрын тос газраас удирд­лагатай бөгөөд төр нь шууд мэддэг. Тэдний зүгээс Монголын төрийн бодлого тогтвортой биш байдагт эмзэглэдэг аж. Ялангуяа уул уурхай, газрын тосны талаар төрөөс баримтлах бодлого нь яаж ч эргэж магадгүй байдаг, мөн хуулиа байсхийгээд л өөрчилдөг нь хөрөнгө оруулагч­дад халтай бай­даг гэлээ.

Мөн ард иргэдэд анх­наасаа ташаа ойл­голт өгснөөс болж асуудалд дандаа сөргөөр ханддаг тухай хэлж байна лээ. Газрын тос Монголд харьцангуй шинэ салбар. Одоогоор тус төсөл нь хайгуулын шатандаа буюу нялх нярай үедээ явж байгаа гэдгийг тус компанийхан уулзалтын үеэр онцлов. Дорнодын Матад суманд Тамсагийн сав газарт удахгүй олон үйлдэл  бүхий нэгдсэн станц бий болох юм байна.  Хайлаарт бидний үзсэн станцтай жишиж үүнийгээ тайлбарлаж байна лээ. Энэ сарын сүүл гэхэд ашиглалтанд орчих тухай компа­нийн удирдлагууд хэлнэ лээ. Бид­ний зүгээс тус компанийн удирд­лагуудаас "Танай компани Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн талаар шуугиан тасрахгүй байсан. Тэр алдаа дутагдлаа зассан уу" гэж асуусан юм.Тэд алдаагаа засч байгаа талаараа ярьж байсан. Төрийн оролцоотой компани учраас дээрээс нь ч хатуу шаард­лага тавьдаг гэж ярьж байсан юм. Бүтээгдэхүүн хуваах гэрээний хувьд олон нийтэд нээлттэй мэдээлэл байдаггүй, иргэд үүнээс болж харддаг гэж хэлэхэд Монгол Улсын Засгийн газар анх "Соко Тамсаг" компанитай хийж байсан гэрээгээр манай компани одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр гэрээг олон нийтэд ил зарлаж болох ч Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрөлтэйгээр л олонд ил болгож болох юм гэлээ. Анх туршлага багатай байх үед бат­лагд­­сан Газрын тосны тухай хуулийг ч эргэн хармаар зүйл их байдаг талаар Хятадын тал ярьж байсан юм. Мөн байгуулагдсан цагаасаа хойш нийт 1.324 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд мөн бусад зүйлд 1.9 сая ам.дол­ларын хандив тусламж үзүүлсэн гэж байв. Харин бид энэ мөнгө чинь бодитой юунд зарцуу­лагдсан талаар асуулаа. Тэд ч баахан зүйл дурдлаа. Тэр нь үлдэц муутай санагдав. Үүнийг нь ч бид шуудхан хэлчихэв. Тэд ч эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд нүдэнд харагдаж, гарт баригдах зүйлд хандив тус­ламж өгөхөөр төлөвлөж  байгаа гэв.  Асуудал шийдүүлэх гээд албаны хүмүүстэй уулзахад төдөн төгрөг өгчих гээд улайм цайм хэлж байсан тохиолдол ч байдаг гэнэ. Үүнийг албан яриан дээр биш албан бус уулзалтын үеэр олж сонссон юм. Тиймээс тэр албан тушаалтны нэрийг хэлэхийг тэднээс хүссэн боловч "Нэгэнт өгөөгүй учраас нэрийг нь хэлээд яахав" гэж бай­сан. Нөгөө л авлигын асуудал энд аандаа сөхөгдөж байгаа нь тэр. Монголд ажил явж өгдөггүй нь үүнтэй холбоотой. Яг ийм жишээ Канадад уул уурхайн томоохон хөрөнгө оруулагчдын уулзалт болж байх үед сөхөгдсөн ч бас л нэрийг нь нууцлаад өнгөрч билээ. Тэгэхээр Монголын төрд авлига байдаг нь угаас тодорхой байгаа биз лээ.

Мөн "Тамсагт дахин очиход урьдахаас өөр болсон байх болно. Заавал очиж үзээрэй"  гэж  "Пет­рочайна Дачин Тамсаг"-ийнхан хэлж байна лээ. Мэдээж үүнийг цаг хугацаа харуулна.

Хайлаарын газрын тосны ордын хайгуул олборлолт Хөдөл­мөр хамгаалал аюулгүй байдлын үйл ажиллагаатай танилцав. Үйлд­вэрлэлийн баазад очив. Шинэ баргын Зүүн хошууны Сүмийн нуурын үйлдвэрлэлийн бааз нэр­тэй. Хатуу харуул хамгаалалттай галын аюулаас найдвартай хам­гаа­­лагдсан гэх үйлдвэр. Ямар ч бай­сан биднийг дотогш нэвтрэхэд биедээ яваа галаа орхихыг сануулж, тэр байтугай гар утастай­гаа орохыг хориглож байв. Нутгийн иргэд анх ойлгохгүй байсан ч одоо өөрөөр ханддаг болсон гэж байв. Энэ үйлдвэрлэлийн баазын ажил­чид уриа лоозон олонтой юм. "Байгаль орчноо цэвэр ариун байл­гах нь ажилчин миний зүрх сэтгэлд байдаг" гэж ирээд л уриагаа танил­цуулав. Үйлдвэрийнх нь авсан шагнал урамшуулал нь тэдэнд их л чухал байдаг бололтой. Бүгдийг нь нэг бүрчлэн тайлбарлаж байв. Гол нь манайх шиг арын хаалга ая тал засч, худалдаж авдаггүйгээрээ шагнал нь үнэ цэнэтэй олддог байх. Үйлдвэрийн агааржуулах системийн хаалганаас чихмэл тоглоомууд дүүжилсэн нь нэг л авцалдахгүй байсан учир юунд хэрэгтэй гэж үүнийг зүүсэн юм гэж сониучирхлаа. Зүгээр л гоёж, чимэг болгосон гэж хариулав. Аюулгүй ажиллагаатай танилцаад гарч явтал биднийг ороход байгаагүй гар бөмбөгийн тор татчихсан хэдэн залуус тоглож харагдав. Жигтэйхэн хүйтэн салхитай өдөр байсныг ч хэлэх үү тэр жаахан үнэмшил муутай санагдлаа. Гэхдээ газрын тосон дээр хот байтугай улс орон хөлжиж, хөгжиж, баяжиж байгааг лав нүдээр үзсэн шүү.
Гэрэл зургуудыг Б.ДАВААХҮҮ