Оюун ухааны дууль
Бид хэзээ ч “төөрөгдөж мунхагласан үхэр”, “мухар сүсэгтэй муур”, “орчныхоо тухай маш буруу ойлголттой ч нохой”-той тааралдаж байгаагүй. Ухаангүй адгуус төөрч, будилж болох ч ухаантайн төөрөгдөлд унахгүй. Илжиг хэзээ ч “тээрэмд хичээн зүтгэвэл хойт насандаа морь болж төрдөг” хэмээн сүсэглэж зүтгэхгүй. Африкийн зэрлэг үхрүүд “лус савдагийг баярлуулах”-ын тулд нэгнийгээ матар буцалсан гол руу зориуд түлхэн унагаад тэрийгээ сайн үйлд тоолохгүй.
Оюун ухааны дууль
Cogito, ergo sum
René Descartes
Төөрөгдөл мунхаглалыг тойрох баталгаатай цор ганц амьтан бол хүмүүн бөлгөө. Учир нь түүнд оюун ухаан бий. Гэвч төөрөгдөж мунхагладаг цор ганц амьтан бол бас хүн юм. Учир нь түүнд оюун ухаан бий.
Харанхуйг анх харж таниад
Хар сүүдрийг гэрлээр үзвэй
Хар сүүдрийг гэрлээр байлгаад
Халхалж наранд татаж үзвэй.
Сүүдрээр хучсэн наргүй хорвоог
Сүлсэн гэрэлтэйд тооцон үзвэй
Сүр, сүлд тэгэхэд тэнэвэй
Сүүлд нь мэдээд ч яалаа, ийлээ!
Гэнэн оюун, охор билгийг
Гэсгээх цаг хэзээ мөдгүй.
Гэрэл байдгийг мэдсэндээ л бухимдаж
Гэнэдэл эндэлийг тэндээс хайваа.
Бид хэзээ ч “төөрөгдөж мунхагласан үхэр”, “мухар сүсэгтэй муур”, “орчныхоо тухай маш буруу ойлголттой ч нохой”-той тааралдаж байгаагүй. Ухаангүй адгуус төөрч, будилж болох ч ухаантайн төөрөгдөлд унахгүй. Илжиг оюун ухаангүй боловч “тээрэмд хичээн зүтгэвэл хойт насандаа морь болж төрдөг” хэмээн сүсэглэж зүтгэхгүй. Африкийн зэрлэг үхрүүд “лус савдагийг баярлуулах”-ын тулд нэгнийгээ матар буцалсан гол руу зориуд түлхэн унагаад тэрийгээ сайн үйлд тоолохгүй.
Ухаан хүрэхгүй асуулт ургах нь,
Ухаангүй араатны хилинц юу вэ?
Уурласандаа зээрийг барьж идээгүй
Улмаан хонзогнож амьдаар нь тамлаагүй
Ус бэлчээрт нь шунаж гөрөөлөөгүй
Уурхайлж хураахаар хомроглон авлаагүй...
Ухаангүй үйлийн хилинц юу вэ?
Ус нэхсэн бие цогцос нь цангаж дохиолсон амьтан гол руу давхилддаг. Харин хүн огт цангаагүй олон зүйлсээ зохион бодож биедээ албадна. Хүмүүн төрөлхтнийг адгуусны хэмжээсээс нэг бол хэт дээш шидэж, эсвэл буцаагаад амьтнаас ч доош нь чулуудах оюун ухаан гэгч юутай тохуутай.
Оюун ухаан бол мунхаг харанхуйн өмнө нээгдсэн гэрэлт цонх юм. Хэн тэр цонхоор үсрэн гараад танин мэдэхүйн байгаль ертөнц рүү дэгдэн хүрсэн нь гэгээрч ухаажна. Харин цонхоор зүгээр л ширтээд үлдсэн нь харанхуйд байснаасаа ч дор болж үлдэнэ. “Харанхуй бол харанхуй” тэнд төөрөгдөл ч үгүй, гэгээрэл ч үгүй. Харин цонхоор ширтээд үлдэгсэд модыг амьтан гэж, амьтныг мод, гэрлийг сүүдэр гэж төсөөлсөөр үлдэнэ. Төөрөгдөл эндээс эхэлдэг. Танин мэдэхүйн цонхоор ширтээд үлдэгдсэд л төөрнө, ухаантай атлаа танихаас залхуурагсад л төөрөгддөг.
Гэгээрсэн Будда “би чамайг аврахгүй” гэж айлджээ. Цонх нээсэн, тэгээд л боллоо, чамайг чирж гулдарч гаргах үүрэг бурханд байхгүй. Бурханд итгэдэг гэж мянгантаа тангараглаад ч нэмэргүй, харанхуй хонгилоос өөрөө л үсрэн гарахгүй бол аврагдахгүй. Буддизм “Бурханд өөрт нь итгэгч”-нарт зориулсан сургааль биш. Харин “Өөрийгээ бурхан” гэдэгт итгэгчдэд зориулсан сургааль ажгуу.
Хамаг амьтныг аврагчийн үг гэхэд сонин байгаа биз? Тэгвэл Бурхан гэж байхын хэрэг юу билээ гэж эргэлзмээр. Үнэхээр ч тэгсэн, бурхан гэж байхгүй, чи өөрөө бурхан гэсэн. “Би Бурхан мөн юм бол, би яагаад бурхан биш байна”...
Чи өөрөө босоод яв, мунхагийн харанхуйгаас үсрэн гар, гэрэл гэгээнд дөтлөн тэмүүлэгтүн. Цонхны цаана алмайраад суугаа чамайг хэн ч авран гэгээрүүлэхээр авч явахгүй. Хүн бүр өөрийнхээ аврагч. Чи өөрөө өөрийгээ аврана. Чи бол Бурхан өөрөө. Одоохондоо сэрж босоогүй учраас төрж амжаагүй Будда.
“Бодь мөрийн зэрэг” сударт
“Будда хилэнцийг усаар угаадаггүй
Бусдын зовлонг гараар арилгадаггүй
Өөрийн эрдэм чадлыг өрөөлд юүлдэггүй
Үнэн жам ёсыг таниулан гэгээрүүлдэг” хэмээн номлосон.
Будда хүнийг сэрээдэг ,гэгээрэн танихуйн үүдийг дэлгээд дууддаг. Мансууран залхуурах оюун сэтгэлээ сэрээн намайг дагагтун, бүгдээрээ гэгээрэгтүн. Бурхан Буддагийн “эх болсон зургаан зүйл хамаг амьтныг аврах” тангараг нь “ Бүгд бурхан” хэмээсэн тунхаг . Хүн бүгд Будда мөн, Шагжаамунь бээр та нарын хэнээс ч илүү биш, хэн чинь ч түүнээс дутуу биш, бүгд Будда. Харин мунхагийн нойроос сэрсэн сэрээгүй цаг хугацааны ялгаа буй.
Үүд хаалга цэлийтэл нээгдэвч
Үзээгүй хүнд бол зураг л харагдана
Орон зайн алсран цэлийвч
Ороогүй хүнд дүрс л үзэгдэнэ.
Харанхуй шоронгийнх нь үүдийг нээгээд, цонхыг нь дэлгээд өгсөн байхад гарахаас залхуурагсад байдаг. “Хэн нэгэн намайг энэ цонхоор гаргана даа”гэж найдан аврагчийг хүлээдэг. Тэд л мухар сүсэг, бурханы нэрээр залилагчдыг бүтээж, хувь заяагаа даатгасан бөлгөө.
Танихаас залхуурагчдын төөрөгдөл л ухаант хүмүүнийг адгууснаас дор болгодгийг бодохуйяа оюун ухааны гэгээрүүлэгч болон егүүтгэн харанхуйлах хүчийг төсөөлөх боломж гарна. Танин мэдэхүйгээр тэтгээгүй оюун ухаан гашилдаг ажгуу. Залхуурал, алхайрал бол оюун ухааныг ээдүүлэн төөрөгдлийн далай болгодог. Гашилж, ээдсэн оюун ухаан юмыг хялбархнаар хүлээн авна. Сэтгэн эргэцүүлэхээс залхуурч “Өө яг л тэгсэн байгаа, тэгсэн байж таарна” хэмээн танин мэдэхүйгээ хялбаршуулахнь төөрөгдлийн эх гэнэм.
Харин эргэлзээ сэхээрэл оюуныг тэтгэн амилуулна. Эргэлзсэн бүхэн сэхээрсэн. Тийм учраас Гэгээрсэн Будда “эхлээд эргэлз” хэмээн захисан бөлгөө. Тэрээр өөрийнхээ сургаалыг номлохдоо, миний үгэнд эхлээд эргэлж хэмээн гайхшруулсан юм. Эргэлзэн шалгах, үнэнийг эрэн одох тусмаа Бурхан багшийн сургаал дээр эргэнэ гэж тэр бас айлдсан.
“Таалагдмаар үнэн”-ээс, “таалагдсан хүний хэлсэн үнэн”-ээс, “таалагдмаар гоё илэрхийлэгдсэн үнэн”-ээс болгоомжил хэмээн Шагжаамунь хичээнгүйлэн захижээ. Учир нь чөтгөд, шимнасын аймгийнхан худал хуурмагийг таалагдмаар болгож зохиомжилж, таалахаас аргагүй үгээр хээлж, таалагдмаар гоёмсог хүнээр хэлүүлсээр ирсэн болоод тэр юм.
Эрүүл ухаан “Энэ яагаад ийм байгаа юм бэ” хэмээн эргэлзэж эхлэх тэр цагаас оюун санаа сэргэн амилна. Дараа нь “яагаад үнэн юм шиг санагдав” гэсэн эргэлзээнээсээ “Би яагаад үүнийг зөв гэж бодох болов” хэмээн өөрийнхээ оюуны шалгуурыг тэнсэхэд хүрнэ. Энэ эргэлзээ бол оюуны буртгийг хийсгэн үргээх салхи болно, ариусган аравнайлах рашаан ч болно. Улмаар, эргэлзээгээр хүрсэн дүгнэлтээ ч эргэцүүлэн шүүдэг болно.
Үнэнд итгэх хэрэггүй. Үнэн нэг янзаараа байдаггүй, нэг газраа зогсдоггүй. Өчигдрийн үнэн өнөөдөр хүчин төгөлдөр байх албагүй. Албагүйгээр барахгүй шинэ үнэнд хүрэх замын чөдөр болж ч мэднэ. Харин худлыг түймэрдэх эргэлзээндээ найдагтун. Тааралдсэн бэлэн “үнэн”-д бус түүнд хүрэх эрмэлзэлдээ, жинхэнэ утгыг танин олох гэгээрэлдээ итгэгтүн хэмээн дорнын мэргэд захисан ажгуу.
Замд таарсан чулуу
Чулуу ч билүү, хэн мэдлээ
Зам руу туссан сүүдэр ч билүү?
Засмал бодол, үзэгдлийн занга
Заавал явалгүй үнэнд хүрэх
Залхуу төсөөллийн зүүд ч билүү?
Эрээгүй байхад олдсон чулуу
Чулуу ч билүү, юу билээ?
Эсвэл, хэн нэгний төсөөллийн
Энд үлдээсэн сүүдэр
Эндүүрсэн зүүдний шархнаас
Эгнэгт үлдсэн сорви ч билүү?
Эрээгүй байхад олдсон бүхэн
Эсвэл зам дээр хэвтсэн бүхэн...
2019 оны нэгдүгээр сарын 9