Дөчин мянган жилийн өмнө бид арван мянгуулаа Африкийг орхин гарчээ. Хоол хүнс хайн ийн нүүдэллэсэн нь тэр. Африкт олон зуун жил үргэлжилсэн ган гачиг, байгалийн таагүй байдал хүмүүн хэмээх хомо сапиэнс шинэ зүйлийг бараг устгах шахсан хэрэг. Хоол хайгчид богино хугацаанд дэлхийг тэр чигээр нь эзэлжээ. Тэд Австрали хүрсэн, Хойд мөсөн далайд суурьшсан, Номхон далайн том жижиг бүх арлыг эзэлсэн. Хүй нэгдлийн тэр үеийг түүж идэгсэдийн гэж тодорхойлдог. Ан хийнэ, загас барина, бэлэн зэлэн жимс ургамал түүнэ. Ийм байдлаар амьдрагч 25 сая хүнийг л манай дэлхий тэжээж хүчрэнэ гэдгийг өнөөгийн эрдэмтэд хэдийнээ тооцоолжээ.

    15 мянган жилийн өмнөөс хүмүүс зарим амьтныг гэршүүлж сурсан байна. Анхных нь нохой. Гэхдээ хүнсний зориулалтаар биш шүү. Дараа нь ямаа. Сүүг нь ууна, алаад иднэ. Сүү ууснаас болж одоогоос 8 мянган жилийн өмнө Европт амьдрагсадын дунд хөх нүдний ген анхлан буй болсныг генетикчид саяхан тогтоолоо. Хүн хүнсний зориулалтаар олон амьтан гэршүүлсэн. Сонирхолтой нь Хойд Америкт цацагт хяруул, Өмнөд Америкт лам гөрөөс, гуну, Африкт илжиг гэршүүлсэн, бусад бүх гэрийн тэжээмэл амьтад нь азийнхны бүтээл ажгуу. Хүн шиг хоол тэжээл болох амьтнаа хайрлан өсгөж маллан тэжээдэг өөр ганц л зүйл амьтан байдаг нь шоргоолж. Хүн тэжээж буй “хүнсээ” тэжээхийн тулд билчээр ус бараадан нүүдэллэх болжээ. Ингэж нүүдлийн соёл үүссэн байна. Одоогоос ердөө хоёр мянган жилийн өмнө Номхон далайгаас Хойд Африк хүртлэх бүхий л нутаг нүүдэлчдийн эзэмшилд байв. Тарпан хэмээх зэрлэг адууг тэд гэршүүлж чадсанаар байлдааны онцгой хэрэгслэлтэй болж авсан. Тэр хэрээрээ хүчирхэг болжээ. Орчин үеийн танк, тэр үеийн адуу хоёр цэрэг байлдааны хувьд утгаараа нэг зүйл юм. Адуу нь хоол хүнс гэхээсээ анхлан суурьшиж эхэлсэн иргэдийн хоол хүнсийг булаах тулалдааны зэвсэг байлаа.

    Одоогоос 6 мянган жилийн өмнө дэлхийн дулаарал болж цаг уур гэнэт ая тухтай болж эхлэх үеэр хоёр мөрний эрэг хавиар нэгэн зүйл ургамалын шинэ мутаци гарчээ. Хэд хэдэн ургамалын эрлийз хольц болох тэр шинэ зүйлийг улаан буудай гэдэг. Хүн арчлахгүй бол байгальд өөрөө цааш амьдрах чадваргүй тэр ургамал арвин түрүү өгч байлаа. Үүнийг таригсад буй болсноор хүн анх удаа нөөцөлж болохуйц их хүнстэй болов. Үүнээ дагаад газар, ус хуваарилах гэх мэтийн хууль хүмүүст үйлчилж хот тосгон буй болон, бидний иргэншил гэж нэрлэдэг нийгмийн цоо шинэ харилцаа үүсэх нь тэр.

    Үүнээс хойш цагаан будаа, хүнсний ногоо зэрэг олон ургамалыг хүмүүс тарьж сурсан боловч аяндаа газар хавчаад ирлээ. Манай дэлхийн нийт гадаргын гуравны хоёр нь ус. Хуурай газрын ихэнх нь ургамал тарих байтугай хүн амьдрахад нэн тааламжгүй. Хүн ам өсөх хэрээр хүнс тэжээл дутах болов. Дэлхийн бүхий л дайн байлдаан явж явж хүнсний төлөөх тэмцэл байсан юм. XIX зуун хүртэл өлсгөлөн нь дэлхий даяар нийгмийн ердийн байнга давтагддаг үзэгдэл байлаа. Нийтийн өлсгөлөнгийн талаар Библид ч дурьдсан байдаг. Европт нийтийг хамарсан өлсгөлөн 10 жил тутамд нэг тохиолдож байв. XVIII зууны Ирландын өлсгөлөнгөөр энэ үндэстэн алга болохтой шахсан. Өмнөд Америкаас төмс хэмээх гайхалтай таримал ургамал орж ирснээр Европ мөнхийн өлсгөлөнгөөс аврагдсан гэдэг. 1125 оны өлсгөлөнгөөс болж Германы хүн амын тал нь үхсэн гэдэг. Нийтийг хамарсан өлсгөлөнг дайн, өвчин дагадаг нь жам болж хувирсан.

    Английн аугаа эрдэмтэн Томас Мальтус хүн амын өсөлт ба хүнсний хүрэлцээний харилцан хамаарлын талаар гайхалтай ном бичиж бөөн шуугиан тарьжээ. Нэгэнт газар хязгаарлагдмал тун хүнс хязгаарлагдмал гэсэн үг. Гэтэл хүний өсөлт хязгааргүй руу тэмүүлнэ. Хоол хүнс хүрэлцэхээ байхаар дайн байлдаан болж өвчин эмгэг тархан хүний тоо хүнснийхээ хэрэгцээ хүртэл цөөрдөг. Мальтусын ажигласан энгийн үнэн энэ байлаа. Үүнээсээ болж аугаа эрдэмтэн эхлээд сүм хийдийнхний зүгээс, дараа нь социалистууд коммунистуудын зүгээс хүчтэй шүүмжлэлд өртөн бараг л нэр нь хараал болж хувирсан. Уг нь Мальтус ингээд байна гэсэн болохоос ингэх ёстой гэж хэлээгүй л дээ. Харин түүнээс олон жилийн дараа Чарльз Дарвин Байгалийн шалгаралыг нээхдээ гол нь Мальтусын онолд түшиглэсэн юм. Амьтан ургамал ч тоо толгой нь ихдээд ирэхээр хүнсний гачигдалд орон олноороо үхэж үрэгдэн тоогоо тохируулж авч явдаг аж.

    Хүний түүхэнд байнга тохиолдож байсан нийтийг хамарсан өлсгөлөн нь цаанаасаа байгалийн шалтгаантай байдаг байсан бол ХХ зуунаас үзэл суртлын зорилготой зориудын өлсгөлөн гээч цоо шинэ гай гамшиг буй болсон байна. Анхныхыг нь хамтралжуулах гэдэг шалтгаанаар Сталин 1930-аад оны үед зохион байгуулсан. 10  сая орчим хүн энэ зориудын өлсгөлөнгийн золиос болж үхсэн байдаг. 30 орчим жилийн дараа Мао Хятадад энэ туршилтыг давтсанаар хэд дахин олон хүнийг өлбөрүүлж үхүүлжээ. Ийм зохиомол өлсгөлөн одоо ч Солонгосын хойгийн хойд хэсэгт болж байна.

    1970 оны Энхтайвны Нобелийн шагналыг нэрт эрдэмтэн Норман Борлуг хүртжээ. Тэрээр Мексикийн улаан буудайн ургацыг гурав дахин нэмэгдүүлсэн шинэ сорт гаргаж авсан юм. Түүний буй болгосон давжаа буудай Энэтхэг, Пакистан, Бангладешийн ургацийг 60 хувиар нэмэгдүүлснээр тэнд нүүрлээд байсан өлсгөлөнгийн аюулыг зайлуулж чадсан байна. Үүнийг Ногоон хувьсгал гэж нэрлэх болсон. Хөтөлбөрийн хүрээнд хиймэл цөөрөмд ердийнхтэй харьцуулахад хэд дахин хурдан үрждэг загас буй болгов. Ногоон хувьсгалаас хойш дэлхий даяар нийтийг хамарсан өлсгөлөн байхгүй болсон. Өлсгөлөнгөөр бөөнөөрөө үхэх явдал өдгөө зөвхөн Африкийн эвэр гэгдэх Сомали, Этиоф, Жибутти, Эритрэйд л байна.

    1980 оноос биотехнологи буй болсноор цоо шинэ үржил шим өгдөг амьтан, ургамал, бичил биетнүүд зөндөө буй боллоо. Мальтус алджээ. Хүнс тэжээлийг зөвхөн газартай харьцуулж харсан тэрээр хүний их ирээдүй, техник технологийн аугаа амжилтыг харж чадсангүй. Өнөөгийн технологийн төвшинд манай дэлхий америк стандартаар 10 тэрбум, япон стандартаар 25 тэрбум хүн тэжээж чадна. Маргаашийн технологи энэ тоог хэдэд хүргэхийг мэдэхгүй.

    Гэхдээ өнөөгийн дэлхийд өлсгөлөн огт байхгүй гэж хэлж болохгүй. Хүнсний байнгын дутагдалд 900 сая хүн нэрвэгдэж байна. Энэтхэгт 200 сая, Хятадад 150 сая, Конго, Бангладешт тус бүр 40 сая хүн байнгын хүнсний дутагдалд өлсөж байгаа хэмээн Дэлхийн хүнсний байгууллага тооцсон байна. Цаанаасаа шаардлагатай калорлиг хүнс хүртэж чадахгүй байна гэсэн үг. Арай ч тураад үхчээгүй боловч байнгын өлсгөлөнгөөс болж өвчин эмгэг ядуурал гуйранчлалд өртөгсөд.

    Төв Азийн нүүдэлчид бол хэзээ ч нийтийг хамарсан өлсгөлөнд нэрвэгдэж байгаагүй нийгэм. Будаа тариа ургуулах байгалийн нөхцөл үгүй энэ орон зайд хамгийн тохиромжтой бараг ганц аж ахуй нь нүүдлийн мал аж ахуй аж. Нүүдлийн малын тоог билчээр нь хязгаарладаг тул өнөөгийн Монголын нутаг дэвсгэрт 20-30 сая мал багтах хязгаартай. Ийм тооны малыг сая хүрэхгүй малчин адгуулна. Хүний тоо нэмэгдэхээр билчээр хүрэлцэхээ болино. Тиймээс үе үеийн турш Монголын нутгаас маш олон дайн байлдаан, шилжилт нүүдэл байнга болдог байжээ. Эндээс нүүсэн, хиргис, уйгар, түрэг, аваар, татаар, халимаг гээд олон үндэстнийг нэрлэж болно. Хотжил, иргэншил нэвтэрсэн учраас л хүн ам 1960 онд нэг сая, 2000 онд хоёр сая, одоо 2,7 сая хүрчээ. Өнгөрсөн жилийн тооллогоор нийт хүн амын 70 хувь нь том хотуудад амьдардаг, өөрөөр хэлбэл нүүдлийн мал аж ахуйн бус орлогоор амь зуудаг юм байна. Цаана нь бас 15 хувь нь жижиг суурингуудад амьдрана. Дэлхийд хүнсний хамгийн хүрэлцээтэй орны нэг. Махны хэрэглээ маш өндөр, үнэ нь дэлхийд хамгийн хямд. Дагаад жингийн хэтрэлт гэсэн өөр нэг гамшиг нүүрлэж эхэллээ. Судалгаагаар үзэхэд нийт хүн амын 30 хувь, 35-аас дээш насны 62 хувь нь жингийн хэтрэлттэй, хэт таргалалттай байгаа юм байна. Энэ ч бас шинэ гамшиг шүү.
2011.10.15