Ер бусын зун юм аа. Сэт­гэ­лийн­хээ орчиныг эвдчих гээд хаа­шаа ч явмааргүй. Хэзээ ч юм хугарчихсан жигүүр гэнэт амь ороод өндөрт дүүлэн нисч яваа мэт. Нээрээ би жигүүртэй байл уу...Нээрээ би жирийн биш байл уу...Явдал суудал минь урьд нь яагаад тэнгэрийн биш байв аа гэж өөрөөсөө асуумаар болоод эгэл биш явнам.  Эгэл биш явахад эгэл биш өдрүүд зочлон  ирнэм. Тийм нэгэн энгийн бус үдэш манай хотод Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн нээгдэв. Дөрвөн их ой давхацсан үндэсний их баяр наадмын сүрлэг хөшгийг энэ үдэш бидний хувьд нээсэн ч гэж хэлж болох юм.

Хотын төвийн тэрхүү “А” зэрэг­лэлийн бүсэд ямар нэгэн зочид буудал, орон сууц барьж болох л байсан. Тийм шийдвэрийг хотын дарга гаргахад болохгүй гэх га­зар­гүй л дээ. Гэвч манай хотын хэгжүүн мээр тэр газрыг барилгын компанид биш алдарт найрагч Бэгзийн Явуухуланд “бэлэглэх”-ээр шийджээ. Компаниуд зөндөө олон жил энэ газрын төлөө ил далд лобби хийж, түүнийхээ төлөө элдэв арга саам хэрэглэн довтолж байсан юм билээ. Угаасаа энэ мээр өөрөө хэн рүү ч, юу руу ч довтолдоггүй хүн. Тэгсэн хэрнээ довтолгоог зөөлнөөр сөрж нураа­даг хэцүү зантай. Энэ хэцүү чанар нь өнөөдөр түүнийг өдрөөс өдөрт хүчирхэг болгож байгаа. Гэсэн ч тэр ямар нэгэн дарга нарын дэр­гэд мэхэлзэж зогсохын оронд элгэн хүрэм өмсч ноосон малгай духдуулчихаад таксинд гар өр­гөөд замын хажууд зогсч бай­даг. Ам­рал­тын өдрүүдээр зам засварын газруудаар хэсч, дуугаа өн­дөрс­гөхгүй ч завьжиндаа хачирхалтай инээмсэглэл зурсхийлгэн эелд­гээр нягталж, шалгаж бас шаар­даж явдаг. Энэ утгаараа тэр зөв­хөн ажиллахын төлөө төрсөн юм шиг “уйтгартай” хүн.

Дандаа шороо бужигнуулаад, энд тэнд зам ховхолж хаяад яваа харагдан дургүй хүргэвч, хажуу­гаар нь нууцхан завсар зайд урлагийн гэмээр гэгээлэг орчин бүтээж, түүнийхээ үүд хаалгыг нэг их сүржигнэлгүй нээчихээд л яваад байгааг нь харахаар хүнд­лэл төрөх...Өнгөрсөн хавар нэг­дүгээр хорооллын “Хархорин” захын дэргэдэх хогийн цэг шиг талбайг цэцэрлэгт хүрээлэн бол­госон. Усан оргилуураас болор­тон цацрах долгисыг харан хуучин тэнд хоног төрүүлж явсан тэнүүл­чид нь “одоо бид хаачна даа” гэ­сэн шиг эвшээж зогсоо сонир­хол­той өгүүлэмж зургийн ап­па­ра­танд минь үлдэн хоцорчээ. Нэг амьд­ралыг чимээгүйхэн тарааж, нө­­гөө амьдралыг цогцлоож буй нь энэ.

Шинэхэн цэцэрлэгт хүрээлэн­гийн харуул “Хэцүү л байна шүү, тэнүүлчид шөнөөр согтуу ирээд хашааны хаалга нүдэж, бид хаана хонох юм бэ, хуучин хогийн цэгийг минь яачихав” гэж нэхэх юм гэж ярьж байж билээ. Намайг өглөө­ний нартай уралдан очиход нөгөө нөхдүүд хэдийнэ босчихсон цэ­цэр­лэгт хүрээлэнгийн сараал­жин хашаан дээгүүр толгойгоо цухуйл­гачихсан, дотроо бөөн зөрчилтэй нүдээр  санаашрангуй харцгааж бай­сансан. Одоо тэд байдаг л байгаа даа.

Урьд нь цог золбоотой явсан тэд. Урьд нь залуу явсан тэд. Урьд нь хайрлан дурлаж явсан тэд. Урьд нь юм юмтай явсан тэд­...­ Яагаад ингэтэл гудайсан юм бол....Ийнхүү бодол хөвөрнө. Сайхны араас би яагаад ийм хачин бодлууд тээдэг юм бол....

Явуугийн цэцэрлэгт хүрээ­лэнгийн нээлтэд ирнэ үү гэсэн бичиг сачиггүй, ямар нэгэн хүндэт­гэлгүй тэр өдрийн надад яг зохи­сон “урилга” харилцуурын цаа­наас “ирж” би ч цүнхээ шүүрэн гарлаа. Очилгүй яахав. Энэ чинь Явуугийн цэцэрлэг шүү дээ­... Иймэрхүү маягаар утга, соёлын хүрээний нөхдүүд бүгд тийшээ очсон байх. Үнэхээр тэр үдэш Монголын бүх зохиолч тэнд цуг­ларсан байх.

Бавуугийн Лхагвасүрэн Баа­сан эгчтэй дөнгөж одоо уулзаж байгаа юм шиг ямархан нэгнийг шивнэлдэн сууж, Долгорын Нямаа авгай ихэмсэг тэргүүнээ өргөн хүмүүстэй мэндчилж, Ш.Дулмаа хатагтай шавь нараараа бүчүүлэн түшлэгтэй сандалд залран тас тас инээж, Бөхийн Бааст бүх хүний хүндлэл дор мишээж, нөгөө мээр хэдэн жижиг дарга нарын хамт тайзнаа гарч ирсэн ч нэг ч үг хэлэлгүй бууж ахин гайхаш төрүү­лээд л, цаадуул нь баяртайгаар үг хэлээд л, зохиолчдын эвлэлийн дарга, хатагтай Гомпилдоогийн Мөнхцэцэг өвөг дээдсийн үед биднийхээ өмнөөс мэхийгээд л, ерээд оныхон урьдынхаараа бужигнан “Явуу”-тай зургаа та­туулж, Х.Чилаажав охидтой ч патиараан даруулж, орж гарах улстай ч мэнд мэдэн  юм юмыг амжуулж... Арлааны Эрдэнэ-Очир уянгалаг бүсгүйгээсээ мултран ирж утасны дугаар аваад л... Яг л дуулиант найргийн он жилүүд эргээд ирсэн мэт тансаг юм аа.

Их найрагчийн “Би хаана тө­рөө вэ” шүлгийг хүрээлэнгийн хоймор чулуун ханан дээр сийл­жээ. Харин миний сэтгэлд шал өөр шүлэг хөвөрнө. Хамгийн алдартай шүлгийг нь “Би хаана төрөө вэ”-г гэж олонхи хүн боддог байх л даа.

Хөх манхан тэнгэрийг эзэг­нэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэр­лэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэг­нэн­хэн төрлөө би...
гээд л. Гоё л доо. Бадрангуй...Эх оронч...Яруу сайхан...

1950-иад оны сүүлч, 60-аад оны эхээр Монголын яруу най­рагт гарсан цоо шинэ шинэчлэл, үзэгдэл гэж түүний уран бүтээлийг үнэлдэг. Нэг ёсондоо тунхгийн шинжтэй яруу найргийг халж, уянга яруу дүрслэл, гоо сайхны элементүүд орж ирсэн гэсэн үг байх. Тунхгийн шинжтэй, үзэл суртал ханхалсан, сүржин шүл­гүүдийг газар унаган дээрээс нь Явуугийн шүлгүүд бороо шиг яруу сайхнаар шивэрсэн байх л даа.

Ханан дээрээс би хамгийн алдар­тай шүлгийг нь нүдээрээ уншиж  байна. Харин миний сэт­гэлд       

Зорин ирэх амрагаа хүлээ­хэд
Морин төвөргөөн зүрхнээ хоног­шино
Шөнийн чимээгүй гадаа на­лайн
Унийн углуургаар саран гэрэл­тэнэ
Өнчин дэрэн дээр нойр хулжсан
Ухаангүй дурлалын урхинд   бай­хад
Мөнгөн хазаарын бүдэг чимээ
Онгон зүрхийг цочоон баяс­га­на...
гэсэн өнө эртний яруухан мөрүүд уншигдана.  Яагаад ч юм зарим нэг юмтай дотроо зөрчилдөөд ирдэг зан маань хөдөлж байна... Явъя даа.  Дуу хуур­тай, хүн хөлтэй газар удаан тогтдоггүй зангаараа цэцэрлэгт хүрээ­лэнг би орхин гарлаа. Санаа сэтгэл ямар нэгэн төгс төгөлдөрийн зүг нисэн оччихоод тогтож өгөхгүй нь сонин оо.

Тэр үдшээс хойш олон өдөр өн­гөрчээ. Харин би хар өглөөгүүр ган­цаардан зовж байна. Хаа нэг тийшээ оч­моор... Хамаг нулимсаа, хамаг хөн­дүүрээ асгамаар байна.

Өглөө эрт би зорьж явна. Мөнөөх үдшийн цэцэрлэгийг. Анир гүмхэн өглөөгүүр Явуугийн цэцэрлэгийн бүх хаалга нээлттэй. Цагийн ажил хийж байгаа болов уу гэмээр оюутан байрын хоёр охин хогийн савнуудыг нэг нэгээр нь дамжлан явж, хэсэг хугацааны дараа шинэхэн сав болгон авчирч тавина. Усан оргилуур ажиллаж эхлэх болоо­гүй ажээ. Хүмүүсийн шидсэн ундааны савнууд, чих­рийн цаас сэлтийг цэвэр­лэж байж ажиллуулна. Хүмүүс юунд ингэнэ вэ. Яагаад ингэж бүдүүлэг авирлана вэ... Магадгүй энэ аран­шин хэзээ ч засрахгүй. Засар­даггүй учраас манай хотын гоё гэх газар бүхэн тэр шинжээ дорхноо алддаг биз...­ Сатаа­ран би ийнхүү эмзэглэв. 

Харуулын хувцастай за­луу зүлэг усалж байна. Ха­жуу­ханд нь хос хоёр сууж байна. Үдшээр биш өглөө эртээр бүсгүй нь уйлж байна. Харин дурлалт эр нь гэдийн суужээ. Аргадаж аргадаж тэр залхсан бололтой. Хөөрхий дөө, хүүхнүүд бид уйлж бай­гаад л тэднийг залхаачихдаг юм байна даа гэж бодов. Уг нь хэлж чадах­гүй зөндөө их үг, хэчнээн тэвчивч барьж дийлэхгүй их хайр тэр гэм зэмгүйхэн урсах нулимсанд нь шингээстэй байгаа шүү дээ гэж өмөөрөв. Даанч тэд ойлгохгүй чигээ­рээ, бид ухаа­жиж хэрсүүжих­­гүй хэвээ­рээ үлдэх  юм даа... Ийм гоё зураг харж, дотроо ичиж, дотроо өөрийгөө өм­гөө­лөх гэж өглөө үүрээр наашаа зорьсон байна. Са­наа сэтгэл минь тайтгаран гийж ямархан өнгөөр туна­р­на вэ... Ахиад би мөнөөх алдартай мөрүү­дийн өмнө очив.

Сайхан бүсгүйн сэт­гэ­лийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаа тали­маарах алаг нүдний мэл­мэрээнд
Саалийн үнэр хан­хал­сан дээлийн хормойн нуга­лаасанд
Санан санан уярах цэ­вэр ичимтгий аашинд
Сайхан бүсгүйн сэт­гэ­лийг эзэгнэнхэн төрлөө би...
Харин миний сэтгэлд огт өөр шүлэг нь уншигдана.

Хавирган сар нэмэн нэм­­­сээр дүүрдэг шиг
Хайрын сэтгэл минь улам чамд дасаад байх юм
Сарны гэрэлд лянхуа навчсаа хумьдаг шиг
Сайхан чиний хайрын илч чинь буураад байх юм
Өвсөнд буусан үүрийн шүүдэр хийсдэг шиг
Арилах болов уу,
Усанд унасан борооны дусал хатдаггүй шиг
Амьдрах болов уу?
Чиний дурлал...


Хүмүүст бол ханан дээр сийлсэн шүлэг агуу са­нагд­даг. Харин надад энэ шүлэг тасархай санагддаг. Өнөөд­рийн байгаа миний өөрийн ер­­төнцөөс ч шалт­гаалж байж болох л доо.

Би яагаад ингэж өөрөө өөртөө амархан бууж өгдөг юм бол. Би яагаад энэ цэцэр­лэгт үүр цүүрээр хөндүүр зүр­хээн тэврээд хүний чимээ­нээс хол гав ганцаараа  га­нирч зогсоо юм бол...­ Өөр­тэйгөө үлдэх газар иржээ би. Өө­рийгөө өрөв­дөх газрыг олжээ би. 

Баярлалаа...ноён хотын дар­га аа, ийм орчин бэлэг­лэ­сэнд.