Нэг. Тэмцлийн давтамж 

Ийм гарчгаар 2017.02.03-нд бичсэнээс хойш бүтэн хавар, зун, намрыг өнгөрөөчихжээ. Тэр үедээ миний тэр нийтлэл тэр өвлийн утааны эсрэг тэмцлийн шувтрага болсон болов уу. Учир нь монголчууд хавартай золгоод өдөр уртсаад цас хайлаад утаа замхраад, зун залгаад найр наадам эхлээд үргэлжилсээр намрыг үдэж, одоо утаагаа дахин ярьдаг цаг гэсэн шиг улс төрчид, иргэний хөдөлгөөн, эрүүлийг хамгаалах, төрийн бус байгууллагууд ам шүдээ билүүдээд эхэллээ. Энэ өвөлжингөө ярина. Хавар цас хайлахаар замхрана. Зун мартагдана. Ирэх өвлөөс нааш ам ангайхгүй. Ийм зохиомжоор утааны эсрэг тэмцэл явагдах вий хэмээн би үнэхээр айж байна. Хэрэв ингэвээс лав 20 жил ийм зохиомж үргэлжилнэ.

Миний найз Х.Хангайсайхан цөхрөхдөө ингэж шүлэглэсэн:

Утааны хорm мананд умбасан
Улаанбаатар нийслэл хот маань
Үүрийн сүүмгэр гэгээн доор
Шөнийн нойрноосоо сэрж байна
Дутуу бариад царцаасан
Үлэг гүрвэлийн араг яс гэлтэй
Өндөр барилгуудын бараа
Зэвхий даан харагдаж байна

Утаанд бууж өгөөд ямар ч авралгүй боллоо гэдгээ зарлаж тэрээрингэж бичсэн хэрэг. Утаа ийм болох нээ, иймдээ тулах нээ гэдгийг олон жилийн тэртээ нийтлэлдээ бичиж байсан өөр нэг хүн бол би юм. 


Хоёр. Утаатай нь биш ээ, цаад эзэдтэй нь

Ардчилал ялахад л утаа аль хэдийнээ Улаанбаатарыг маань олзлоод авсан юм. Хаана оршин суух газраа чөлөөтэй сонгох сонголт л Улаанбаатарыг маань алах юм байна даа хэмээн шинэ Үндсэн хууль баталж байх үест миний санаанд буусан, тэр бодолтойгоо явсаар өнөөг хүрч байна. Нотлогдож байна.

Утааны эсрэг эцэг, эхчүүдийн жагсаал, “Боож үхлээ” жагсаал, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Утааны эсрэг урлагийнхан, бусад ТББ-ууд, нийслэл рүү шилжихийг нэг жил хориглох гэх мэт нь ямар ч үр дүнд хүргэхгүй. Эзэн холбогдогчгүй тэнгэрт суунаглах утаат агаартай тэмцээд ямар ч үр дүн гарахгүй. Тэр бол буруутан нь биш. Эзэн холбогдогч нь хүн, тодорхой хэлбэл гэр хорооллын монголчууд. Хэрэв эзэн холбогдогчтой нь тэмцэхгүй бол энэ янзаараа дээр доргүй санаа зовинон, элдэв шийдэл хайсаар байтал 20-30 жил Улаанбаатарын хорт манан хэзээ ч арилахгүй, энэ бол миний үзэл бодол. 

Монгол Улс дөрөв дэх Ерөнхийлөгчийнхөө өнгөн дээр хүрч байж утааны аюулыг мэдэрсэнд нэг талаас хорин хэдэн жилээ тооцоод харамсмаар, харин тийм иргэний зориг гарган томоостом хүчтэй дуугарсан өмнөх Ерөнхийлөгчид бол талархмаар. Улаанбаатар хотод хүн амьдрахад аюултай хот боллоо хэмээн тэрээр 2009 онд анх удаа хэлж байжээ. Гэтэл энэ 8 жилд УИХ, Засгийн газар нь дэмжих нь яав хэмээн харуусан сууна.

Ноён Ж.Эрдэнэбатын Засгийн газрын өнгөн дээр ийм нэг хороо ажиллаж эхэлжээ. Том дэвшил байсан нь гарцаагүй. “Ерөнхий сайд толгойлсон гамшгийн үеийн онцгой байдлын хороо”гэж. Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрсний дараахи Зөвлөлт улс нүднээ буух шиг. Өтгөн хорт утаанд умбасан өнөөгийн Улаанбаатар чинь жижигрүүлсэн Чернобыль болчихоод байгаа бус уу хэмээн тэр хороо хүн ардаасаа шууд бусаар асуусанбайж болох юм. Одоогийн Ерөнхий сайдын өнгөн дээр тэр хороо ажиллаасай л билээ.

Гурав. Ял тулгамаар буруутан нь

Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх Улаанбаатарт үгүй боллоо гэдгийг өмнөх Төрийн тэргүүн 2017 он гараад бүр ч зоригтой хүлээн зөвшөөрсөн билээ. Эхийн хэвлийд байгаа хүүхэд амьгүй болох хэмжээнд хүрсэн гамшиг хэмээн шууд нэрлэж билээ. 

Нэрлэхийн сацуу гэм буруутныг шууд зааж өгсөнсөн. Миний олон жил хүсээд байснаар гэм бурууран нь монголчууд гээд нэрлэчихсэн. Утаа гаргаж байгаа зуухны ард монгол хүн сууж байдаг, утаа гаргаж байгаа айлуудыг хар, тоол гэж хэлсэнсэн. Бүр яг тэгж хэлсэн байгаа. 

Энэ их гамшгийг төр, засаг өнгөрсөн өвлөөс ийнхүү ойлгодог, хүлээн зөвшөөрдөг болсон нь том дэвшил юм. Тэгэхдээ нэгдсэн шийдэлд хүртлээ ихээхэн зүрх зориг шаардсан ажил өрнүүлэх ёстой хэмээн би улам догиож хөөргөж байна. Айх юм алга.

“Ихээхэн зүрх зориг” гэж юуг хэлнэ вэ? Утааны гол буруутан нь монголчууд, утаа таригч нь монголчууд учраас монгол хүнийхээ эсрэг, монголчуудынхаа эсрэг, тодорхой хэлбэл хорт утааны 80 хувийг хувийн зуухнаасаа үйлдвэрлэж суудаг гэр хорооллын борчуудын эсрэг ажиллах зүрх зориг гаргана, тэдэнд өршөөлгүй хандана гэсэн үг шүү дээ.

Монгол гэр, шавар амбаарт суугчдыг өрөвдөх хэрэггүй, тэднийг ичээ, илчил гэж лав өмнөх Төрийн тэргүүн зориглон хэлсэн. Ичтэл нь илчлээд өгөхөөр утаа гаргадаг үйлдлээ зогсооно гэчихсэн. Улаанбаатар хот руу шилжин ирэлтийг хоригло гэж хэлж ч үзсэн. 

  • Улаанбаатарыг нэгэнт гамшгийн бүс гээд зарласан болохоор онцгой горимоор ажилладаг болох хэрэгтэй. Тэгээд гамшгийн үеийн онцгой байдлын хороо байгуулж, Ерөнхий сайд ахлах болсон. Төр ингэж ажиллах хэрэгтэй. Гамшгийн бүсэд ардчилал ярих хэрэггүй. Үүний цаана мөнгө ярьж хэрэггүй. Хүмүүс утаанаасаа салж байвал мөнгө төгрөг яах вэ гэж байна.

Ардчилал хамаагүй, түүнд бүү найд гэсэн санаа энд хэлэгджээ. “Гамшгийн бүсэд ардчилал ярих хэрэггүй” – ямар гайхамшигтай эшлэл байв аа? 

Улаанбаатар руу уриалан дуудахаа боль хэмээн хойш хойшдын улс төрчдөд Төрийн тэргүүн маань тэр үед анхааруулж сэрэмжлүүлжээ. Гамшгийн бүсээс иргэдээ нүүлгэе гэдгээр нийслэлийн даац хэтэрснийг багасгая зогсооё гэсэн санаа цухалзжээ. 

Нэг сая гурван зуун мянга давсан нийслэлийн хүн амыг цөөлье, хөдөө орон нутаг руу нь буцааж илгээе хэмээн Төрийн тэргүүн тун зоригтой уриалж байжээ. 

Гэхдээ түүний хэлээгүйг би нэмээд хэлчихмээр, шийдвэр гаргагчдад санаа сэдэл өгчихмөөр санал зохиогч надад бас байсан юм. “Орон нутгийн удирдлагууд аймагтаа үйлдвэр байгуулж, иргэдээ дуудах хэрэгтэй. Нийслэлээс нүүнэ гэдэг эдийн засаг тэлж байгаа юм. Орон нутаг руу уралдаж хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй” хэмээн тэр үед Төрийн тэргүүн маань хэлсэн нь хэнэггүй монголчуудад нөлөөлөхгүй байж магад хэмээн би тун эмзэглэж байсан, байна чиг. Яриад өнгөрдөг, хэрэгждэггүй монгол зан үлдчих вий! “Монголын хууль гурав хоног” гэдэг дээ!

Дөрөв. Яаж?

Орон нутгийн удирдлага гэдэг нь аймaг, сумдынхаа уугуулуудыг Улаанбаатараас татаад авчихдаг ид шидтэн биш, харин эдэнд албадлагын хүч нэмэх хэрэгтэй. Нийслэлийн агаарын бохирдолд зарцуулдаг тэр олон тэрбум төгрөгөө хөдөө рүү буцах хүн нэг бүрт, айл өрх нэг бүрт хуваарилаад хөдөө аймаг руугаа нүүх хөшүүрэг болгон, нүүгсдийг “худалдан авах” хэрэгтэй. Эргэж Улаанбаатарт нүүж ирэхээргүйгээр хуулийн зохицуулалт хийж өгнө гэсэн үг. Хэрэв төрөөс мөнгө авч нүүчихээд тэр мөнгөө идэж ууж, үрчихээд эргээд нүүж ирнэ гэвэл ёстой гонж гэтэл нь хуульчилж өгөгтүн! 

Хөдөө орон нутагтаа очсон иргэдэд малжуулах төсөл хэрэгжүүл хэмээн өмнөх ба одоохи Төрийн тэргүүн нар маань үзсэн. Үүрэг болгож байна. Тэгэхлээр үүн рүүгээ ч яаралтай орогтун, Засгийн газар аа, УИХ-ын гишүүд ээ!

Хорт утаа үйлдвэрлэгчдийг Улаанбаатараас гаргах мэргэн арга бол нийслэлийн газрыг үнэ хаялцуулан худалдаалах явдал байж болно. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдгийн өртгийг өсгөөд өг. Хэн ч авч чадахааргүйгээр үнэ хүргэ. Энэ бол хялбар биш. Утаа үйлдвэрлэгчдийг нүүж дүрвэтэл нь газраар нь хавчаад өг. Хотжихгүй, соёлжихгүй байвал өршөөлгүй гэдгийг нь мэдрүүлээд өг! 

Хорт утаа үйлдвэрлэгчдийг Улаанбаатараас гаргах бас нэг мэргэн арга бол өндөр торгууль. Хорт утаа ялгаруулах гал түлбэл торгууль ногдуул. Түлэхгүй болтол нь, эсвэл Улаанбаатараас дүрвэж гартал нь торгоод өг. Олон удаа торгуулиад ирэхээр нийслэлээс явахын түүс болно.

Улаанбаатар ирээдүйгүй хот боллоо гэдгийг өмнөх Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрснөөрөө маш томиргэний зориг гаргасан байх. “Байгаль өөрөө Улаанбаатарын утааг шүүж чадахаа байсан”– энэ ч бас анх удаа түүний амнаас унасан үгс.

  • Авлига Монголыг муухай харагдуулдаг гэж би хэлж байсан. Утаа ч мөн муухай харагдуулж байна. Тиймээс бүгд утааны асуудалд сэтгэл гарган хандах хэрэгтэй.

Ийнхүү утаан дотроо угаартан хахаж цацан, өвчлөн суухын оронд нийслэл хотоо Хархорин руу шилжүүлэх тухай ноён Ц.Элбэгдоржийн 12-13 жилийн өмнөх санаачилгыг хүлээн авах минь яав даа гэх харуусал манайханд цухалзсангүй юү, эсвэл тэгснийг нь хэвлэлүүд мэдээлсэнгүй юү хэмээн би өмнөх нийтлэлдээ бичсэнсэн. 


Тав. Шинэ Ерөнхийлөгч утааны эсрэг тууштай зогсоно

2017.10.23-ны мэдээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран Төрийн ордны Их танхимд зохион байгуулжээ.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг нээж Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэхдээ өмнөх Ерөнхийлөгчийн хэлдэгийг давтая гэсэнгүй, харин ч хүч оруулж шинэлэг дүгнэлттэй хэллээ. Тэрээр: 

  • 1990 оноос хойш өнгөрсөн 27 жилийн хугацаанд бидний шийдэж чадаагүй хамгийн том эмгэнэлтэй асуудал нь утаа. Бид өнөөдөр утаагаа шийдэж чадахгүй бол, Улаанбаатартаа амьдрах нөхцөл бүрдэхгүй бол улс орноо удирдаж чадахгүй. Улс төрөө ойлгож чадахгүй. Энэ дээр та бүхэн санал нэг байгаа байх гэж бодож байна. Утаагаа шийдсэний дараа бид улс орноо хөгжүүлнэ.
  • Бид өнөөдөр хөдөөдөө мөнгө цацаж, хөдөөгөө хөгжүүлэхгүйгээр энэ их нүүдлийг зогсоож, газаар нутгаа эзэнтэй байлгаж чадахгүй.
  • Утааны тухай бид олон жил ярьсаар байгаад энэ нь бизнес болж хувирсан. Өнгөрсөн хугацаанд ямар их мөнгө юунд зарцуулсныг энэ чуулганаар ярих байх. Гадна, дотнын хэчнээн олон сая ам.долларыг утаагүй зуух, нүүрс, гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулсан бэ гэсэн статистик тоо гарах байх. Энэ тоог бид олон жил ярьсан. УИХ-аар 2010 онд баталсан Хөгжлийн бодлогыг үргэлжлүүлэх юм бол тэнд шийдэл нь байна.
  • Нийт хүн амын 50 орчим хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Үүнээс 51-ээс илүү хувь нь гэр хороололд амьдардаг. Өнөөдөр гэр хороололд байгаа хүмүүс яагаад гэр хорооллоосоо салахгүй нүүрс түлээд байна вэ гэвэл тэр хүмүүсийн орлого тогтмол биш. Өрхийн орлого нь орон сууцны моргейжид орох боломж байхгүй. Энэ нь дахиад ядуурал, ажилгүйдэлтэй холбоотой. Тогтмол орлого байхгүй, тогтмол ажил байхгүй.

Тэрээр шинэ Засгийн газар, шинэ Ерөнхий сайдад утаатай тэмцэх хугацаат үүрэг өгчих шиг боллоо. “Дараагийн сонгууль хүртэлх хугацаанд” хэмээн тэрээр 2020 оныг шууд зааж өгчээ. Тэр болтол энэ гурав хүрэхгүй жилд ажилгүйдэл, ядуурал, утаагаа зэрэг зэрэг шийднэ гэсэн сэтгэлтэй Засгийн газар байгаасай хэмээн тэрээр ерөөчихлөө.

Ерөнхийлөгч Х.Баттулга гарцыг бүр тодорхой зааж өглөө. Үүнд:

  • Улаанбаатар хотыг өнөөдөр яах вэ? Бид дагуул хотуудыг хөгжүүлэх ёстой. Дагуул хотуудын төслийг би ЗТХБ-ын сайд байхдаа ҮАБЗ-ийн бодлогын дагуу гаргасан. Германы өндөр мэргэжилтэй эрдэмтэд, архитекторуудаар төслийг хийлгэсэн. Энэ нь Төв аймгийн нутагт байрлах Майдар хот. Энд 300-400 мянган хүн амьдарна. Эко хот болно. Бид шинэ хотыг засаг захиргааны хот болгоно. Яамд, гадаадын Элчин сайдууд, их, дээд сургуулиуд, өнөөдөр ашиглаж чадахгүй байгаа байгалийн музей, үзэсгэлэн зэргийг засаг захиргааны хот руу нүүлгэж Улаанбаатар хотоос гаргая. Тэнд 300-400 мянган хүн амьдраад эхлэх юм бол Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийг хийе гэсэн төлөвлөгөөг УИХ, Засгийн газарт оруулсан байгаа.

Энэ бол нийслэл хотоо Хархорин руу шилжүүлэх тухай ноён Ц.Элбэгдоржийн 12-13 жилийн өмнөх санаачилгын боловсронгуй хувилбар бус уу? Харин ч илүү бодитой харсан мэт.

Ноён Х.Баттулгын мэргэн үгсийг цааш нь эшлэе:

  • Харамсалтай дахиад улстөжилт гэдэг зүйл бидний толгой дээр гараад суучихсан. Атгаг бизнес, улстөрийн бүлэглэл энэ ажлыг бүгдийг гацаачихсан байгаа юм.
  • Утааныхаа асуудлыг бид шийдэж чадахгүй бол улс орныхоо асуудлыг шийдэж чадахгүй гэдэг дээр энэ чуулган маань нэгдсэн саналтай баймаар байгаа юм.
  • Өнөөдөр улстөржихгүйгээр утаанаасаа салъя. Улстөржихгүйгээр улс орноо хөгжүүлье гэдгийг дахин дахин хэлээд байгаа юм.

Эцэст нь утааны эсрэг төр засгаас ийнхүү эрс тэс тэмцлийн зам сонгож байгаа бол, түүнээсээ ухрахгүй гэж байгаа бол, утаа таригч гол буруутан нь монголчууд бид өөрсдөө, утаа таригчид нь гэр хорооллын иргэдийн ихэнхи нь гэж үзэж байгаа бол түүнийгээ ил зарлаад дээр миний бичсэн шиг торгох, хавчих, хөөх, нүүлгэх бүх аргыг хэрэглэх цаг нь болсон. 

Утааны эсрэг, утаа таригчдын эсрэг зүрх зориг гаргаж, өршөөлгүй хандагтун!