Дэлгэр-14
Долдугаар бүлэг
Ээжийнхээ хэлж байгаа үгийг би дахин дахин тунгаан бодож суув. Би өрөвдөлтэй хөөрхийлэлтэй нэгэн ажээ. Би хүсэл, хүн чанар сэтгэл зүрхээ зөв жолоодож хэрэглэж, зөв зүгт залж авч явж чадахгүй явж ирсэн ажээ. Хүсэл сэтгэлийн шуналыг залуурдан жолоодож, түүнийг дарж барьж болдгийг би ээжийнхээ хэлсэн үгнээс ойлгож сэрээж чадсан билээ. Энэ бүгдийн уг гарал, үндэс суурь нь болбоос илүү их нарийн нандин зүйл болохыг би ухаарч танив.
Тэгээд миний ээж надад хэлэв. «Миний хүү чи инээж бай. Инээмсэглэж яв. Инээмсэглэл бол мэргэн ухаан, тэсвэр тэвчээр бас зориг зүрх. Энэ бол зорилго. Энэ бол арга хэрэгсэл, зэр зэвсэг, хүч чадал. Энэ бол учир мэдэхгүй сул доорой байдлаасаа салаж хагацах боломж. Тийм учраас хүү минь чи инээж бай. Инээмсэглэж яв» гэлээ. Ингэж хэлээд тэр алга болов.
Миний ээж надад яаж ирсэн. Яг тэгээд алга болсон билээ. Тэгээд би... Ийм л байдаг ажээ... хэмээн өөрөө өөртөө хэлээд хэсэг зуур чимээ үгүй бодлогоширон суусан билээ.
Тийм ээ! Эх хүний хайр нь гүн. Сэтгэл нь агуу. Сэрэх нь гайхамшиг. Тийм учраас тэр хайр юуг ч бий болгож чадна. Тэр хайранд амьгүй юмс амилдаг.Тэр хайраар хүн өөрөө бүтээгдсэн юм. Тэр хайранд бүх юмс оршдог.Тийм учраас ээж бол Бурхан. Ээж бол хайр. Эхийн хайр мөнх билээ. Би ингэж бодов. Бороо яаж орж эхэлсэн, яг түүн шигээ зогсов. Тэгээд би бас цааш нь ийн бодов.
Юуны учир, юунд би хүсэн шунаж Бурхан болсон ээжийгээ бас би өөрөө өөрийгөө яахын ийн зовооном билээ? Тэр хариулт миний дотор сэтгэлд зүрхэнд байлаа. Хүний сэтгэл шунал гэдэг дуусашгүй их ажээ. Тэр бас дийлдэшгүй. Гэхдээ би бодох ёстой бус уу? Хэн нэгэн зөвхөн миний хүсэл сэтгэлээр байх алба үгүй. Би бас адилхан чадахгүй билээ. Харин би өөртөө байдаг, бусдаас давуу тэр сайн сайхан чанаруудаа илүү их хөгжүүлэх ёстой. Түүнийгээ би түүнд Хуланд харуулах хэрэгтэй. Түүний төлөө би хөдөлмөрлөж тэмцэж, ялж дийлэж чадах ёстой ажээ. Би ингэж бодов.
Ингэж бодоод хэд хоногийн дараа Хуланд би захидал бичлээ. Хариу ирсэнгүй. Би дахиад бас нэг захидал бичив. Хариу алга. Юу болоод байгааг би үл ойлгоно. Тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам, би түүнийг бага багаар ойлгох болов. Тиймээ би түүнийг зөн совингоороо мэдэрч эхэлсэн юм. Би түүнийг биш. Харин би өөрөө өөрийгөө л өөрчилж чадах ёстой ажээ. Миний ээж надад үүнийг хэлсэн. Би ухаарав. Миний зүрх надтай аяархан дуугаар ярьж эхлэв. Тэрээр «Юмс үзэгдэл бүгд энгийн хялбар хийгдсэн. Юмыг хүн өөрөө л хэцүү адармаатай болгодог гэж ээж чинь чамд хэлсэн» гээд тэр «Дэлгэр ээ чи өөрөө өөртөө итгэж бай. Түүнд чи хэрэггүй болсон байж мэднэ шүү дээ» гэж надад хэллээ. Би дуугарсангүй. Зүрх надад дахин учирлан өгүүлнэм. «Бүх зүйлс чамд байгаа. Бүгдийг чи өөрөөсөө асуу. Гунихын учрыг чи өөрөөсөө асуу. Сэтгэлээсээ асуу. Мунхаглалын учрыг чи өөрөөсөө асуу. Хүсэл ийгээд шуналаасаа асуу. Харин амар амгалан энх тунх оршихуйн учрыг бол чи ээжээсээ асууж бай» гэлээ.
«Ээжээсээ!!!» гэж би түүний үгийг таслав. «Тиймээ ээжээсээ асуу» гэж зүрх хэлэв. «Яагаад гэвэл. Бие сэтгэл, хүсэл шуналыг барьж дарж, хорьж чаддаг бай гэж чиний ээж чамд хэлсэн бус уу? Бүх зүйлс чамаас өөрөөс чинь эхэлдэг билээ гэж тэр бас чамд хэлсэн. Бодож бай.» гэж хэлээд зүрх чимээгүй боллоо. «Бодож бай! гэж!Би түүнийг Хуланг бодоод л байдаг... бодоод л байдаг» гэж би бувтнав.
«Ойлгохгүй байна уу?» гэж зүрх надаас асуугаад «Юу ч шийдэхгүй юманд бол бодол хэрэггүй. Бодол өөрөө нэгдмэл нэг тулгууртай байх ёстой юм. Тэгээд бас тэр бодол буцаж, эргэж хөрвөж чаддаг байх ёстой билээ. Нүдээ нээ. Юм хар. Юмыг хараад биш, юмыг бодож ойлго, сонгож чаддаг бай гээд хэлээд байхад чинь!!!» хэмээн зүрх надад хатуурхав. Ийм л байдаг ажээ. ... Би тун их ядарчээ. ...
Тиймээ. Эх хүний хайр нь гүн. Сэтгэл нь агуу. Сэрэх нь гайхамшиг. Тийм учраас. Тэр хайр юуг ч бий болгож чадна. Тэр хайранд амьгүй юмс амилдаг.Тэр хайраар хүн өөрөө бүтээгдсэн юм. Тэр хайранд бүх юм оршдог.
Нар сар од гаригс, тэнгэр Бурхад навч цэцэг уул ус ой мод бүгд түүнтэй ярилцдаг. Тэд түүнийг ойшоож үздэг. Тэд түүнийг хүлээж байдаг. Тийм учраас тэр хайрыг гадна харагдах байдлаар нь бодож дүрсэлж чадахгүй. Тэр хайрыг тайлбарлаж хэлэх арга үгүй. Хэрвээ тайлбарлаж хэлж чадах аваас, тэр хайр эхийн хайр лав биш. Тэр хайр өөр хайр байдаг билээ.
Би ингэж бодов.
Тийм ээ. Эхийн хайр гэдэг аваас угт нь хүрэх арга үгүй гүн их гэдэг билээ. Тийм учраас. Ээж бол бурхан. Ээж бол хайр. Эхийн хайр мөнх оршдог ажээ. ...