Хүний нийгэм нь байгалийн хуулиас гадна өөрийн зохиосон нийгмийн хуулийн дор зохицон амьдардагаараа өөр ямар ч сүргээс ялгаатай. Нийгмийн хууль нь хууль, дүрэм, журам, заншил, уламжлал, зарлиг, тогтоол, зан суртахуун, ёс зүй гээд олон хэлбэртэй. Аль ч нийгэм өөрийн иргэдээ хууль журмаа дагахыг шаардана. Хууль нь шудрага эсэх нь тусдаа асуудал. Алив нийгэм иргэдийн тоогоороо эрх ашигтай байдаг тул хоорондын нэгдсэн зохицолоор амьдрахаас өөр аргагүй. Социализмын төгсгөл үеийн Монголд хуулийн хэмжээний дүрэм журам зарлиг тогтоол 10 мянга орчим байжээ. Яг хууль нь болохоор 20-30 орчим л байсан байх. Яам тамгын газрынхаас авахуулаад Ардын их хурал, Намын төв хороо, Улс төрийн товчооны тогтоол шийдвэрийн нийт дүн шүү дээ, энэ 10 мянга нь. Орчин үеийн улс үндэстнүүд мянга орчим хуулийн дотор оршин тогтнодог гэсэн онолын баримжаа байдаг. Улс орон нь том жижигээсээ үл хамаараад ийм тооны хууль зайлшгүй хэрэгтэй байдаг гэнэ.

    Нийгмийн аль ч гишүүн хуулийг хүндэтгэж, хуулийн дор амьдрах ёстой. Хуулийг зөрчиж болохгүй, тойрч болно гэсэн үг ч байдаг. Үүнийг “хуулийн цоорхойг ашиглах” ч гэж нэрлэдэг. Хууль зүйт төрд иргэд зохицож амьдрахын тулд урт удаан хугацааны дасал хэрэгтэй. Ялангуяа иргэншсэн хуульт нийгэмийн иргэд юун түрүүн иргэнших ёстой нь туйлын ойлгомжтой. Иргэд хуулийг хүндэтгэдэг, хуулийн дор зохицон амьдарч дасган сургах хамгийн гол хууль нь: Татварын хууль, замын хөдөлгөөний дүрэм хоёрыг хэлдэг.

    Татвар бол иргэдээс мөнгө хурааж төрийн санг зузаатгадаг төдий зүйл биш, иргэдийг нийгмийн хариуцлагатай болгодог хамгийн хүчирхэг хүчин зүйл гэдэг юм билээ. Иргэншсэн орчин үеийн ертөнцөд магадгүй эхнийхээсээ хоёр дахь шалтгаан нь илүү ач холбогдолтой биз. Англид гуйлгачингаас татвар хураадаг систем буй болж байна. Тэдний орлогыг тооцоод тодорхой бага татвар авдаг болж байгаа нь төр тэр мөнгөөр дутсандаа биш, тэднийг нийгмийн өмнө хариуцлагаа хүлээдэг болгох гээд багаа хэрэг. Яг үнэндээ тэднээс татвар авах процесс нь олохоосоо гарлага нь илүү болж байгаа байх. Гэтэл манайд огт татваргүй орон болох төсөл санаачлагдчихаад явж байна. Сонгууль ойртсон учир хэсэг дурак ард түмэндээ таалагдах гэж байгаа юм байх. Хариуцлагагүй дээрээ сайхан бантан болсон нийгэм болох нь дээ.

    Иргэдийг нийгмийн өмнө хариуцлага хүлээж, эмх журамтай, хуулийг хүндэлдэг мөрддөг болгоход сургадаг өөр нэг чухал хууль бол замын хөдөлгөөний дүрэм гэнэ. Иргэншсэн оронд, тэр дундаа хотожсон газар хүн болгон явганаар, унаагаар өдөр тутам замын хөдөлгөөнд ордог. Иймээс аль ч оронд замын хөдөлгөөний дүрэм хатуу чанд байхаас гадна хууль дүрмийн биелэлтэд төр онцгой анхаардаг аж. Торгууль нь маш өндөр, шийтгэл нь ширүүн дориун, давтан зэрэг үйлдэл нь дахиж хотын замын хөдөлгөөнд оролцомгүй болгоод хаячихана.

    Манайд хамгийн задгүй хууль бол замын хөдөлгөөний дүрэм дээ. Шилжин ирэгсэд буюу хот газар урьд нь амьдарч байгаагүй хүмүүс олноор буй болсон нь зам хөндлөн явган гарахаас авахуулаад эксэл, микрогоор дамжин, паркинг зогсоол хүртэл хавтгай үзэгдэл болжээ дээ. Манай иргэд өдөр тутам цаг минут болгонд ажиглаж бухимдаж, боож үхэж байдаг тул энэ болгоныг цөм арван хуруу шигээ мэднэ.

    Өнөөдөр Улаанбаатарт бараг 200 мянга шахам авто хэрэгслэл хөдөлгөөнд орж байна. Энэ тоо жил бүр 20 мянгаар нэмэгдэж байгаа ба хэдхэн жилийн дараа хагас сая автомашинтай хот болно. Үүнийг хэн ч хорих арга байхгүй. Гэтэл Улаанбаатар нь ийм их замын хөдөлгөөнд зориулж төлөвлөгдөөгүй юм. 1990 онд хотын нийт машины тоо гурван мянга, түүний дотор хувийн машин ердөө зуу байжээ. Хүн ам ч 520 мянга байсан бол одоо сая гурванзуун мянга болчихоод байна. Нэгэнт хүмүүсээ хөдөө хөөж болохгүй, машинуудыг нь хурааж аваад байхгүйгээс хойш энэ шинэ нөхцөлд таарсан дүрэм журам зохицолдоон хэрэгтэй болоод байна.

    Сүүлийн хэдэн жил улс орон ч баяжсан юм байлгүй хотын замыг өргөсгөх, дахин засах, шинээр тавих явдал эрс нэмэгдлээ. Гэтэл зам өргөсгөснөөр машины урсгал биш зогсоол паркингийн зай л үнэн чанартаа ихсээд байна. Өргөсгөсөн замын талаас илүү зай нь гарааш зогсоол паркинг болж машин явдаг зам нь хуучинтайгаа адилхан хоёр машин дөнгөж зөрөхүйц нарийн хэвээрээ.

    Гадаад орнуудад байдаг шиг зогсоолын цагдаатай болмоор байна. Машинаа буруу паркингласан бол торгууль бичээд явдаг хүнийг ингэдэг юм билээ. Хичнээн олон ажлын байр шинээр нэмэгдэнэ гэж санана. Төрөөс үүнд нэмэлт хөрөнгө гаргах шаардлагагүй, тэд харин ч орлого оруулна. Үр дүнд нь замын хөдөлгөөн сайжрана, замууд үнэн хэрэгтээ өргөснө. Мөнгө оролгүйгээр замаа өргөтгөх нь байна шүү дээ. Үүнээс гарах хамгийн гол үр дүн нь иргэд хуулийг хүндэтгэдэг болно, нийгэм иргэншинэ.

    Нөгөө нэг асуудал нь гарааш гэдэг хөдөлгөөн өрнүүлмээр санагдах юм. Энэ талаар хотын газрын албаны дарга гээд нэг залуу өгүүлэл бичсэн байна билээ. Дэмжмээр санал. Ганцхан гайхаад байгаа нь тэр ажлыг хариуцдаг ухаантай юм бол тэрийгээ яагаад хэрэгжүүлэхгүй өгүүлэл энэтэр бичсэн шиг суудаг юм бол? Өндөр өндөр барилган гарааш барих, эсвэл газар доогуурхи гарааш энд тэндгүй буй болгох арга хэмээ авбал удахгүй хагас сая машинтай болох гэж байгаа нийслэл хотын маань амьдралыг нэлээд хөнгөлнө дөө. Хувийнханд энэ талын бизнес хөгжүүлэх бололцоог нь л олгочих л доо. Тэд мэдээж хэрэг хотын захиргааныхнаас олон арав дахин сүйхээтэй, арга чаргыг нь илүү ухаалаг олно. Тэгээд ч хувийн хэвшлийнхэн яг үнэндээ төрөлх хотдоо хотын захиргааныхнаас илүү хайртай байж таарна даа. Юутай ч тэднээр зүлэгжүүлэх ажил хийлгүүлсэн бол хотоор нэг паластмаасан цэцэг, нийлэг эдээр хийсэн зүлэг засахгүй. Тэнэг хүн хувийн аж ахуй эрхэлж улс орондоо татвар төлөөд явахгүй шүү дээ. Тэнэгүүд нь татвараар буй болсон мөнгийг үрж л суудаг байхгүй юу.
2011.7.26