Өнөөдөр 18 настай хүүхдээр улсынхаа хилийг байтугай үүдээ мануулах байгууллага ч байхгүй
Энэ сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн Тэшиг суман дахь хилийн цэргийн ангийн хоёр алба хаагч улсынхаа хилийг манаж зогсохдоо орголоо. Тэд бол 18 нас хүрч ардын цэргийн албанд татагдсан Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ сумын хөвгүүд болох ахлах байлдагч Г, Б нар юм.
Энэ сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн Тэшиг суман дахь хилийн цэргийн ангийн хоёр алба хаагч улсынхаа хилийг манаж зогсохдоо орголоо. Тэд бол 18 нас хүрч ардын цэргийн албанд татагдсан Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ сумын хөвгүүд болох ахлах байлдагч Г, Б нар юм. Улсынхаа хилийг шөнийн 23:00 цагаас өглөөний 07:00 цаг хүртэл манах үүрэг хүлээж, тангараг өргөсөн тэд тогтсон хугацаандаа харуулынхаа байрлалд ирээгүй байна. Ингээд л хэрэг манджээ. Тэдний талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгч, Сэлэнгэ аймгийн таван сум, Булган аймгийн нэг суманд самнан хайх ажиллагаа явуулснаар байршлыг нь тогтоожээ. Нөхдүүд хилийн манаанд албан ёсоор олгогддог байлдааны буу, морин уналга, холбооны хэрэгсэлтэйгээ оргосон аж. Замдаа Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумийн иргэнд буу тулган машиныг нь авсан байна. Бүрэн автомат байлдааны зэвсэгтэй тэднийг цагдаагийн албан хаагчид суурин газраас холдуулж, Шаамар сумын нутагт шөнийн 01 цагийн орчим баривчилжээ. Одоогоор Г-г цагдан хориод байгаа бол Б эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна. Ийм мэдээлэл өнгөрсөн долоо хоногт мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж олны анхаарлыг татав. Оргосон цэргүүд дэлхийн хамгийн хүчирхэг байлдааны зэвсэг “АК” бууг хүмүүсийн өөдөөс хэрэглэсэн бол яах вэ. Сэлэнгэ, Эрдэнэт, Дарханы бүс бол хүн амын нягтаршил хамгийн өндөр газрууд. Ийм газарт автомат буу тачигнаагүй нь бурхны аврал. 18 настай армид татагдсан Г,Б гэж энэ хоёр хүүхэд бол америк кино үзэж, нисдэг тэрэг унаад, хүн алаад явахыг байдаг л зүйл гэж ойлгосон,фэйсбүүк, твиттерээр хүмүүжиж, PC тоглоомд донтсон нөхдүүд байхыг үгүйсгэх аргагүй. Эсвэл сумандаа атаман шүтэж өссөн нөхөд ч байж мэднэ. Тэдний 18 нас бол эмзэг, энхрий болчихсон, ажил амьдрал, хариуцлагын тухай ямар ч ойлголтгүй нас юм. Аав, ээж нь болохоор тэднийг бага ч болтугай “юм” үзэг гэж цэрэгт явуулсан байж ч мэднэ.
Тэгэхээр 18 нас гэдэг бол өнөөдөр нялх нас юм аа. Юун улсын хил манах вэ. Өнөөдөр ямар ч байгууллага, аж ахуйн нэгж 18 настай хүүхдэд итгэж байгууллагынхаа манаач, жижүүрийг хийлгэхээ больчихсон шүү дээ. Ядаж 40 өнгийж, дөр сууж, ажил амьдралд нухлагдаж үзсэн хүмүүсээр байгууллагаа, өмчөө харуулах болсон. Гэтэл Монгол Улс л 18 настай алдрай жаахан хүүхдүүдээр хилээ мануулж байна. Ийм л наснаасаа эх орныхоо дархан хилийг манаж, хамгаалж ирсэн уламжлалтай юм гэж хэлэх хүмүүс гарах байх. Тэр үе, өнөөдрийн үе хоёр тэнгэр газар шиг өөр болсон. Коммунизмын үед 18 настай цэрэгт татдаг байхад монголчуудын дундаж наслалт 36 байсан юм. Тийм болохоор 18 нас идэр залуу, юм үзсэн нас байлаа. Одоо бол монгол хүний дундаж наслалт 68.05 болсон. Хүний хөгжлийн индексийн үндсэн үзүүлэлтийн нэг болох дундаж наслалтаараа Монгол Улс дунд зэргийн хөгжилтэй орны тоонд хэдүйн багтсан. Ийм цаг үед 18 нас бол алдрай бага болчихоод байгаа юм. Цаг үе нэгэнт ийм өөр болчихоод байхад бид хуучнаараа 18 нас хүрлээ, ардын цэргийн албанд явна аа гэдгээ болих хэрэгтэй. Гэхдээ социализмын үеийн 18 настнуудын төлөвшил хил манах хэмжээнд очсон байсныг ер нь бол хэлэх ёстой. Яагаад гэвэл соц нийгэмд хүүхэд бага ангидаа баатарчуудын байгууллагын гишүүн болж хүмүүждэг байлаа. Залгуулаад дунд, ахлах ангидаа пионерийн байгууллагаар хүмүүжнэ. Тэгээд төгсөх ангид нь эвлэлийн гишүүн болгож аваад “Эх орноо амиараа хамгаална... залуучуудын эвлэлийн гишүүн Аюуш, Даваадорж, Тэгшээ нар эх орныхоо төлөө алтан амиа өргөсөн юм” хэмээн баатарлаг түүхийг уншуулж хүмүүжүүлдэг байв. Үүгээр ч зогсохгүй “...хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач байж, социализмын өмч ширхэг бүрийг алхам тутамдаа нүдлэн хамгаална...” гэж үхтэл нь цээжлүүлдэг байсан юм. Намын бодлогыг дэмжигч эдгээр гурван байгууллага ирээдүйг ингэж бэлдээд эх орны хилийн манаанд гаргахаар тэд юу гэж өнөөдрийнхөн шиг жулдрайдаж “Гэрээ санаад байхаар нь оргочихсон юм” гэх шиг цэцэрлэгийн хүүхдийн юм яриад зогсож байхав.
Өнөөдөр ийм алдрай насныхнаар хилээ хамгаалуулахаар явуулдаг тогтолцоо хаана ч байхгүй. “Боко харам” бүлгийнхэн хүртэл хүүхдүүдэд зэвсэг бариулахдаа 1-2 жил өдөр шөнөгүй бие сэтгэлийн бэлтгэл хийлгэдгийг дэлхий шуугиж байгаа. Дэлхийд өрнөж байгаа бүс нутгийн хийгээд шашин хоорондын мөргөлдөөнүүд, элдэв дайн дажинд оролцож байгаа цэргүүдийн нас нь дунджаар хэдүйн 30 нас гарчихаад байна. Цэргийн эвслүүд болон энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цэргүүд, хөлсний армийнхны дундаж насыг 35-аар тогтоож эхэллээ. Олон улсад цэргийн нас ийм байдал руу орлоо. Ийм нөхцөлд Монголын хилийн цэргийг мэргэжлийн болгож, дорж хаяж 23 наснаас дээш хүмүүсээр хилээ мануулмаар байна. Хамгийн гол нь мэргэжлийн болгомоор байна. Хилчдийн нийгмийн асуудлуудын хамгийн тулгамдсан нь болох гэр бүлийн байдал, зан суртахууны төлөвшил, бие сэтгэлийн хат, залуу насандаа үзэх ёстойгоо үзсэн байх шаардлагуудыг хилийн цэрэгт тавимаар байна. Энэ бүхэн эхний шат байгаад тэгээд мэргэжлийн цэргүүдэд хил хаалгаа даатгая. Ингэхгүй бол хил дээрээс байлдааны буу зэвсэгтэйгээ оргосон бацаанууд нэг л шөнө америк кинонд итгэдэг шигээ Улаанбаатарт орж ирээд түйвээвэл яах болж байна. Сошиал ертөнцөд амьдрах болсон, түүгээр хүмүүжин төлөвшиж буй бүхэл бүтэн үе бий болж байна шүү дээ. Тэд амьдралыг сошиал медиагаар өгч буй өгөгдлөөр ойлгож, хүлээн авч, итгэл үнэмшлээ болгож байна. Түүний үр дагавар нь ч хүн бүрийг хиртхийлгэсэн залуусын үйлдлүүд. Сүүлийн үеийн бүх айхавтар гэмт хэргүүдийн үйлдэгчид нь 18, 19 насныхан байгааг анхаараарай. Үе нь өөрөө тийм эмзэг, хэврэг, амьдралыг амар хялбараар ойлгодог болчихоод байхад тэднээр хил мануулна гэдэг эрсдэл юм. Ер нь бол цаг үеэ мэдрэх хэрэгтэй болжээ. Бусад улс орнууд хилээ манахдаа маш өндөр технологи ашигладаг боллоо. Хил хязгаар нь нэлэнхүйдээ камержиж, сансраас хянаж, бүх цэг дээрээ мэдрэгчүүд тавьсан улсууд бий. Сүүлийн үед хилээ хянаад явж байх тодорхой маршруттай роботууд ч бүтээгдэж байгаа тухай яригдах боллоо. Бид юунд хоцрох билээ, хүн төрөлхтөний ашиглаж буй эдгээр технологийг авч ашиглая. Тэгээд аль болох буу зэвсгээс залуу үеэ хол байлгая.
Ер нь бол Монгол Улс ямар хүмүүст “Хилээ мана” гээд буу өгөөд явуулж байна гэхээр архины мөнгөө олохын тулд 70 настай эмгэн дээрэмдэж байгаа хүүхдүүдэд л өгөөд явуулдаг юм байна шүү дээ. Тэдгээрийнх нь байж байгаа царайг хар. Буу зэвсэгтэйгээ оргоод. Тэгээд тэдэнд “Эх орноосоо урвасан” гэх маш том ял онооно. Магадгүй хүний нийгэм дэх хамгийн том ял энэ байх. Тэгвэл маш том ялыг дагаж маш том хариуцлага яригдана. Маш том хариуцлагаа 18 настай бацаанууддаа ойлгуулах, ухамсарлуулах ажил хийсэн юм уу. Ер нь хийдэг юм уу. Ядаж нэг баатарчуудын байгууллагын хэмжээнд. Нэг жилийн цэрэгт хэн ч байсан эх орны тухай ухамсар суухгүй. Ядаж тэдэнд гурван жилийн цэрэг байх стандарт, хал цэргээ дагаж байж цэрэг болдог, асман цэргийг хоёр жил дагасны эцэст буу зэвсэгтэй харьцдаг хуучны тогтолцоо ч байхгүй. Аав ээжийнхээ асрамжаас гараагүй, Америкийн киноны детектив үйл явдалд хөтлөгдсөн, амьдралыг дэндүү амар хялбараар ойлгосон, амьдралд хариуцлагатай байж хүн шиг амьдардаг тухай өчүүхэн ч бодолгүй, 18 настай алдрай бяцхан жаалуудад автомат буу үүрүүлээд улсын хилийг мана хэмээн явуулж байгаа нь эмгэнэл юм байна. 18 нас бол өнөөдөр нялх нас гэдгийг үйл явдлууд харуулж байна.