Юун соёлын, юун ардын, юун төрийн...
Өчигдөр сайхан мэдээ дууллаа. Нэг талаасаа надад огт хамаагүй юм л даа. Гэхдээ л хэр чинээгээр минь баяр төрөөд байлаа.
Өчигдөр сайхан мэдээ дууллаа. Нэг талаасаа надад огт хамаагүй юм л даа. Гэхдээ л хэр чинээгээр минь баяр төрөөд байлаа. Энэ бол миний хамаатан садан, ах дүүс, “ачит” мачит багш энэ тэр биш, хаа хамаагүй нэгэн хүний нэр олон улсын нэр хүндтэй шагналд дэвшсэн тухай мэдээ байв. Тэр мэдээнд “Монголын хүүхдийн зохиолч Жамбын Дашдондогийн нэр Шведийн Астрид Линдгрэний нэрэмжит шагналд дэвшсэн” хэмээн өгүүлжээ.Миний бага нас социализмын хөдөөд өнгөрсөн. Нам төрийн өмнө буруутан болсон Лоохууз мэтийн этгээдийг малчин болгож залхаадаг байсан болохоор нийгмийн хамгийн доод анги юм болов уу даа. Харин харьцуулж үзээд атаархах юмгүй, жигд тарчиг нийгэмд байсан болохоор бидний хүүхэд нас гутаж гуниад ч байх юмгүй өнгөрчээ. Харин хүүхэд насанд минь баяр хөөр нэмсэн, хүсэл мөрөөдөлтэй болгосон хоёр монгол зохиолч байдаг. Түүний нэг нь Ж.Дашдондог. Энэ хүний “Аав, ээж, би” хэмээх номыг хоёрдугаар ангид байхдаа олж уншсан минь амьдралдаа нэгэн шинэ хуудас нээсэн баяр болон үлджээ. Миний мэдэх олон зохиолч “том хүний нүдээр харсан хүүхдийн тухай” зохиол л туурвидаг бол энэ хүн номоо надтай хамтраад биччихсэн, тэгээд надтай зэрэгцэж суугаад цуг уншаад байх шиг санагдаж билээ. Нэг жаахан дэгс яриатай жаал хөдөө явж ирээд ярьж байх юм. ...Төрсөн жаахан төлийг түрдэг тэргэнд суулгана гэнэ, цэвэр агаарт гаргаж цэцэрлэгт хүрээлэнд хүргэнэ гэнэ...малчид таван давхар гэрт сууна. Нэгдүгээр давхарт тэмээчнийх, хамгийн дээр ямаачных амьдарна...” гээ л залж өгнө. Тэгсэн чинь хөдөө огт явж үзээгүй нөхөр байсан нь баригдана. Тэгээд харандааны үзүүрт алим зоогоод түүнийг гаанс хэмээн сэтгэл их зохиолч Д.Нацагдорж болж тоглоно. Гараа нарны наана барихаар нарнаас том, гараа гэрийн наана барихаар гэрээс том...” гээд энэ ном одоо надад байхгүй ч гэсэн шүлгийнх нь мөрүүд сэтгэлд хоногшин үлджээ. Хүүхдийн тухай бичдэг томчуудын бүтээлийг зөндөө уншсан надад энэ номыг том хүн биш хүүхэд бичсэн юм шиг бодогдоод байсан. Энэ мөчөөс хойш би Дашдондог гуайн номыг гарах тоолонд уншдаг, тэр хүн номоо зөвхөн надад зориулан бичдэг юм шиг санагдсаар олон жилийг үдэж билээ.
Нөгөө нэг зохиолч нь Доржийн Гармаа. Гармаа гуайн “Хөгжөөнтэй тууж”-ийн Цэдэн, Баатар нар миний мөрөөдөл дүүрэн хүүхэд насны хамгийн хайртай найзууд байлаа. Хөгжөөнтэй туужууд нь олон янзын нэртэй цуврал байсан даа. Би туужуудыг гэрт гадаа унаж тусан хөхөрч байж уншина. Хүн харахад өвчин тусаа юу гэлтэй байдагсан. Хөгжөөнтэй туужуудаа уншчихаад дараа нь нүдээ анин Баатар, Цэдэн нартай хамт шинэ шинэ гавъяат үйлс мөрөөдөхөд урамтай болоод жаргалтай. Хүүхэд нас угаасаа мөрөөдлөөр дүүрэн, харин шинэ жаргалтай хүсэл мөрөөдлийг хүүхдэд бэлэглэх нь хамгийг буянтай үйлс биз ээ. Гармаа гуайн туужийг том хүн биш мөн л Цэдэн, Баатар гээд хэдэн хүүхэд л бичээд байх шиг санагддагсан. Энэ хоёр зохиолчид би хүүхэд насыг минь илүү жаргалтай, илүү хүсэл мөрөөдөлтэй болгож өгсний төлөө баярлан баярласаар явдаг. Хүнд хорсож явснаас илүү баярлаж явахад төрдөг жаргал юутай сайхан, бат бөгөөд удаан бэ?
Хүний хамгийн том зорилго бол хүлээн зөвшөөрөгдөх, дэлхийд байг гэхэд улстаа, үгүйдээ аймагтаа, ядаж сумандаа, арга барахад ус голдоо. Албан тушаалаар, арга билгээр, алдар цуугаар... аргаа алдахад шүлсээ хол хаядгаараа ч болов гайхагдахыг хичээнэ. Дээр үед хоёр хүн бие биенийхээ дээр гарах гэж маргаад бараг тэнцэж. Гэтэл нэг нь “Би чамайг бодоход “Матар” сэтгүүлд шоглуулсан хүн” гэж байгаад давсан гэдэг юм.
Удирдагч албан тушаалаараа аймаг хотдоо хүлээн зөвшөөрөгдөж байхад, сая суллагдсан хүнд гар хулигааныхаа хувьд довон дээрэ хүлээн зөвшөөрөгдөх жишээтэй. Энэний төлөө л алдар цол, авилга хахууль, аваа өгөө, одон тэмдэг, ардын мардын..юмс найраа майраа, зодоо цохио болцгооно.Манай зохиолчид, уран бүтээлчид, оюуны бүтээл туурвигчид дэлхийд зөвшөөрөгдөж эхэлж байна. Манай гаригийн хүүхдүүдэд сайхан зохиол бэлэглэсэн, хүүхдийг утга зохиолоор дамжуулан хүсэл мөрөөдөлтэй, зорих ирээдүйтэй болгосон сайхан хүмүүст олгодог Астрид Линдгрэний шагналд монголын зохиолч нэр дэвшжээ. Манай хүүхдүүдийн хамгийн дуртай баатруудын нэг болох “Дээвэр дээр суудаг Карлсон”-ыг зохиосон хүн шүү дээ, Астрид Линдгрэн гэдэг чинь. Бараг хагас сая доллар дагадаг том шагнал ажгуу.
Дашдондог гуай энэ шагналд зөвхөн нэр дэвшсэн нь манай утга зохиол, оюуны амьдралд болж байгаа том үйл явдал билээ. Биднийг найман зууны тэртээ өөд болсон Чингэс богдоор дэлхий мэднэ. Харин одоо цагийн монголыг зэс ноолуур гэхчлэн түүхий эдээр л таних гэхэд хилсдэхгүй. Харин Баабарын “Монголын түүх” ноолуур зэстэй зэрэгцэн олон улс үндэстэнд зарагдах болсон нь тэр хүний хувьд гэхээсээ илүү монгол хүнд бахархал. “Баабарын түүх” гадаадад орчуулагдсан байдлаараа алдарт “Монголын нууц” товчоо”-ны дараа ордог гэсэн яриа сонссон. Бас түүний номыг Швейцарийн нэг хамар хоолойн эмч орчуулаад өөрийнхээ нэрийг тавин хэвлүүлжээ. Хулгай бол муухай, гэлээ ч монгол хүнд ашигт малтмал, түүхий эдээс өөр хүний сонирхол татах, хулгайлчих юм гарчихаад байгаа нь бас л фаакт.
Чинагийн Галсан байна. Өрнөдөд ялангуяа Германд хичнээн ч бүтээл нь хэвлэгдэн, шагнал хамав даа. Манайхан мэдээлэх төдий өнгөрдөг. Гэтэл цаана нь монголд монгол зохиолч байгааг, тэр нь дэлхийн бусад зохиолчийн адил зиндааны ном бичээд байгааг хүлээн зөвшөөрч байгаа баримт байгаа. Бид Германы Карл Марксийг хичнээн жил уншив, өнөөдөр германчууд монголын Чинагийн Галсанг уншиж байгаа нь муу зүйл яавч биш.
Өнөөдөр монголд хүүхдийн зохиолч байдгийг дэлхий дахин мэдсэн нь, тэр нь миний хүүхэд насны хамгийн хайртай зохиолч байсан нь баярлуулж байна. Хэдийгээр шагналыг яг аваагүй, эзэн тодроогүй байгаа ч гэсэн. Иим том шагналд нэр дэвших нь олимпийн эрх авахтэй эгээ л адил зүйл. Нэр дэвшинэ гэдэг бол хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг ээ. Энэ хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг бол “...юун улсын, юун төрийн, юун хөдөлмөрийн, юун ардын, юун соёлын...юунууд ”...тиим шүү.
МЕP