1921 оны 2-р сард, өөрөөр хэлбэл, ардын хувьсгалаас 5 сарын өмнө Барон Унгернтэй хамжилцан Нийслэл хүрээг гамингаас чөлөөлсөн монгол цэргийн жанжин, сэргээгдсэн Богд хаант автономит Монгол улсын сангийн сайд, тэргүүн тайж Лувсанцэвээн нарын 80-аад хүнийг “цагаантантай нөхөрлөсөн” гэж 1921 оны 7-р сард хөнөөснөөр ар Монголд далан жилийн гамшиг нүүрэлжээ. Миний авга Дамдин гүн энэ аллагад өртсөн юм гэнэ лээ. Тэр бээр орон нутгаасаа цэрэг дайчлан Нийслэл хүрээг чөлөөлөхөд оролцсон хүн.

Залгуулаад 1921 оны 12-р сард, өөрөөр хэлбэл, хувьсгал мандсан гэх 1921 оны 7-р сарын 11-нээс хойш дөнгөж 5 сарын дараа “Богдын сэм дэмжлэгтэйгээр ардын засгийг эсэргүүцэн босохоор бэлтгэж байсан” гэх зохиомол ялаар Богдын торгон цэргийн дарга саж лам Жамъянданзан нарын 48 гэмгүй хүнийг буудан хороосноор улаан Орос улангасчээ.  

Бурхны хүлцэнгүй шашинт ХХ зууны хамгийн ядуу буурай оронд хэлмэгдэл нээлтээ ийнхүү бадрангуй хийсэн байна. Нээлтээ хийснээс хойш 8-хан сарын дараа буюу 1922 оны 8-р сард хувьсгалт аллага улам гаарч, халхуудыг цустай нь нилийтэл хутгасан нь оросууд их яарсан болтой. Гэхдээ үүнийг яргалал биш хэлмэгдэл гэж бичих ёстойг би мартах гээд л байна. Цаазлуулагчдын дунд Ерөнхий сайд асан Бодоо, Дотоод яамны сайд да лам Пунцагдорж, Түр засгийн газрын Ерөнхий сайд асан Шагдаржав нар оржээ. Товчхондоо манай удирдагчид.
Үүнээс 7 сарын дараа 1923 оны 2-р сард Ардын цэргийн жанжин Д.Сүхбаатар сэжигтэй нас барав. Хамгийн хачирхалтай нь Сүхбаатарыг цэргийн яамны тэргүүн сайдаас орон тооны цомхотголоор албан байгууллагын манаач адил хасаж, гудманд сулдаа ганхах жанжнаар хаяжээ. Хүрээнд орж ирсэн улаан цэрэг хэлэлцээ ёсоор буцах хугацаа өнгөрчихөөд байхад зайлахгүй аллага, дээрэм, хүчирхийлэл үйлдэж эхэлсэнд Д.Сүхбаатар дургүйцэж, тэднийг хөөж гаргах санал Богдод гаргаснаар Улаантны хараанд өртсөн гэдэг. Ажилгүй болсон цаг мөчдөө хорин хэдхэн настай эрүүл чийргээрээ гайхагдсан цэргийн Жанжин хамрын шуухинаагаар нас барсан нь эргэлзээ төрүүлдэг. Эхлээд албан тушаалыг нь, дараа нь амийг нь авсан ч юм шиг.

Сүхбаатарын үхэлтэй зэрэгцээд шахам 1924 оны 4-р сард Бээжинд Караханы гэрээ гэгч Зөвлөлт-Хятадын хэлэлцээр болж, “Монголыг Хятадын салшгүй нэг хэсэг” гэж хоёр тал хүлээн зөвшөөрч үзэглэсэн. Сарын дараа 1924 оны 5-р сард Богд хаан мөн учир битүүлэг үхсэн. Үүнээс 3-хан сарын дараа 1924 оны 8-р сард Солийн Данзанг буудан хороосон. Мөн гурван улсын Хиагтын гэрээнд томилогдож, Орос Хятадын ихэмсэг дээрэнгүй түшмэдтэй хүч тэнцвэргүй хэлэлцээнд үзэлцэж явсан Ширнэндамдин, егзөр хутагт Галсандаш, манзушир хутагт Цэрэндорж, баатар гүн Гомбо-Идшин гэх зэрэг нөлөө бүхий язгууртныг буудаж, “ноёд”-ын гэх намыг устгасан байна. Эдгээр нь түүхийн ботиудад дурдсан баримтууд.
   
Улаан Орос энэ аллагыг юуны төлөө ийнхүү үтэр түргэн үйлдсэн бэ гэвэл Манжийн холбоотон улс байсан ар Монголыг салгаж, Кавказ, Дундад азийн жижиг улсуудын нэгэн адил болъщевик улс болгон эзэгнэх гэжээ. Энэ бол коммунизмыг тэлэх Лениний төлөвлөгөө. Эн түрүү ар Монголыг үндсэн хуультай болгож, тусгаар тогтнол гэгчийг зарлуулахаар яаравчлав. Гэтэл Монголын хуварга, язгууртнууд Англи, Швецари гэх мэт орны үндсэн хуулийг 1911 оноос хэр хэмжээндээ судалж, улаан Оросын болъщевик харгис замналд үл итгэх хандлага цухалзуулжээ. 

Хаант болон бүгд найрамдах засаглал сонирхож асан Бодоо, Данзан нарыг зүүн цуут алуурчин Я.Блюмкин нар устгаж, амьд бурхан гэж шүтэгдсэн Богдыг хорлосноор “Хаангүй болсон учир одоо хаант засаг хэрэггүй” гэж Монголын шүтлэгтэн олны хүслийг мохоох гэжээ. Гэвч энэ ов мэхэнд хэн ч хууртаагүй. Цуст хүчирхийлэлд автаад чимээгүй өнгөрсөн. Ар Монголд тааруулсан хөрөнгөтний бус хөгжлийн замыг сонгох үндсэн хуулийг Оросын 1918 оны хуулийн загвараар Всесвятский, Рыскулов, Элбэгдорж-Ренчино, мөн Б.Цэрэндоржийг хэлбэр төдий хүчээр оролцуулан боловсруулж, 1924 оны 11-р сарын 26-нд цус урсган байж баталсан. Энэ үндсэн хуулийн харгис заалтуудаар 50-60 жил “хөрөнгөтний бус хувьсгалыг гүнзгийрүүлж байна” хэмээн хар шар феодал, ардын дайсан, эсэргүү, нударган, японы тагнуул нарыг толгой дараалан буудаж, төөрсөн сэхээтэн, намын эсрэг бүлгийн олон зуун гишүүнийг насаар нь цөлж, монгол гүн ухаан, соёл, шашин, бичиг үсэг ер үндэсний үнэт уламжлал юу байна бүгдийг устгав. Эцэст нь айлуудаас малыг нь булааж авсан. Энэ бүгд хөрөнгөтний бус замаар хөгжих анхдугаар үндсэн хуулийнхаа заалтуудыг ширхэгчлэн ажил хэрэг болгож байгаа хувьсгал шүү дээ. Ийм гамшиг Зөвлөлтийн бүх яс үндэстэнийг дайрсан. Ленин багш хэдэн сая, эцэг Сталин хэдэн сая хүн хороосон гэдэг болоо вэ? Аймаар тоо шинэ үеийн орос түүхчид гаргасан байна лээ.  

Энэ хуулиар эмэгтэйчүүд сонгуульд саналаа өгөх эрх эдэлсэн нь Азийн улс орнуудад эхлээ ч үгүй олзуурхам шинэ дэвшил болсон ч харамсалтай нь өөрөө толгой мэдэж сонгох бус дээрээс тушаасан хүнийг сонгодог хууль байлаа. Эртний монгол бүсгүйчүүд сонгуульд санал өгөх эрхгүй байсан гэж шүүмжлэх аргагүй. Яагаад гэвэл тэр цагт сонгууль гэж ерөөс байгаагүй юм чинь. Тиймээс анхдугаар үндсэн хуулийг сонгуульд оролцох эрхгүй байсан хүүхнүүдийг эрхтэй болгосон гэж магтах утгагүй болоод явчихав. Харин анхдугаар үндсэн хуулиар алтан ургийн язгууртны удам-ван гүн, хохь тайж мөн хуваргуудын эрхийг хасчээ. Хар шар феодал гэгч тэр үеийн бүдүүлэг харанхуй Монголд юмны учир гадарлах тэргүүний хэсэг нь байв. Тэдний нэр сүрийг шороотой хутгахын тулд шанзав Бадамдорж гэгч ная дөхсөн, ламын хатуу сахилаар ганц биеэр насыг элээсэн өвгөн, ерөнхий сайд Намнансүрэнд хор өгч алсан, Данзан журмын анд Бодоотойгоо сөргөлдөж хөнөөснийг нүдээр үзсэн гэрчүүд мэт, сая 11-р сарын 26-ныг МАН амралтын өдрөөр тунхаглаж, салхи хуучин руугаа эргэсэнд оодорсон түүхчид баахан хувьсгалт үг хавчуулав. Гэхдээ эх сурвалжаар нотолсон баримт ганцыг ч дурсалгүй, гөрдөөд өнгөрөв.

Хятадын нэг муж болголгүй, (цус дэндүү урсгасан ч гэлээ), биднийг тусгаар улс болгосон Оросын ач буяныг мартах ёсгүй. Гэвч түүх үнэнээрээ бол зүгээр сэн. ХХ зууны эхний хагаст болж өнгөрсөн яргаллын зах сэжүүрийг нийтэд дэлгэлээ гээд монголчуудыг тусгаар улс болгосон Орос ахын ач буян бүдгэрэхгүй гэж би итгэдэг хүн. Тиймээс “муу нуухаар сайн илчил” гэх гүн утгатай үг энд гоц таарч буйг манай түүхчид эцсийн эцэст мөрдөж, сайн талыг нь өсгөх гэж, муу талыг нь нуух гэж арчаагүй бялдуучилдаг зовлонгоосоо салаасай билээ. Түүхч та нарт гэгээрсэн олон уншигч эргэлздэг болсон юм биш үү. Анхдугаар үндсэн хууль батлагдсан 11-р сарын 26-ны баярын өдрийг омогшин тэмдэглэхдээ энэ хууль ямар тэмцлээр бүтсэн, зорилтуудаа ямар аргаар гүйцэтгэсэн намтрыг хойч үе эрхбиш гадарлаж байж баярлавал утга төгөлдөр болно. Энэ ойг монголчууд тэмдэглэх ёстой. Би ч гэсэн энэ хуулийг батлахад оролцсон гайхамшигт хүмүүсийн өмнө толгой бөхийлгөн дурсаж, зул өргөлөө. Хорвоод цав цагаан дангаараа оршсонтой би таарсангүй. Ленин ч улаан толботой. Октябрийн хувьсгал бол бүр ч улаан алаг. Тэндээс угшилтай ардын хувьсгал шийр алаг төрсөн нь мэдээж. Анхдугаар үндсэн хуулийг хун шиг цагаан ч биш, хэрээ шиг хар ч биш, шаазгай шиг алаг гэж ойлгоод дурсан тэмдэглэх юу нь буруу байх билээ. Гэхдээ цагаан харыг ав адилхан шүүн тунгаавал залуус та нарын мэдлэг тэнцвэржинэ шүү. Цагааныг нь хэтрүүлэн магтаад, харыг нь сөхсөн иргэнээ хөнөөгөөд ирсэн түүхтэй өвөө нь эвлэрч чадалгүй бичсээр яваад дуусаж байна. Та нарыг бурхан өршөөг.          
                                                                                                                     2016-11-29