-Швейцарийн тэмдэглэл-

Швейцарийн хамгийн бага засаг захиргааны нэгж муниципалит. Манай жишгээр уулын нэг сум болох Давос өнөөдөр дэл­хийн хамгийн алдар­тай газрын нэг. Энэ ал­даршил тэртээ 1800-гаад оны дунд үеийнх. Сонир­холтой нь уушгины бүх төрлийн өвчнийг анагаа­даг гайхалтай эрүүл агаар амьсгалаараа. Ха­рин өнгөрсөн зууны 1971 онд Давост дэлхийн эдийн засгийн чуулга уул­залт болсноор цанаар гулгадаг жирийн нэгэн тосгон өдгөө ертөнцийн чиг хандлагын төв бо­лоод байгаа юм. Германы эдийн засагч Клаус Шваб 1971 онд анх Европын менежментийн форум гэдгийг зохион байгуу­лахаар шийджээ. Баруун Европын 444 гүйцэтгэх захирлыг урьж, Давосын хурлын төвд анхны чуул­ганаа эхлүүлж байсан байна. Тухайн үед К.Шваб Америкийн зах зээлд Ев­ропын компаниудыг хэр­хэн оруулах арга замыг хамтран эрэлхийлэхийг оролдож байсан гэдэг. Ямартай ч бизнесийн хү­рээнийхэн хамтдаа цуг­лаж, хэрхвэл дээр, чиг хандлагыг яавал зөв бо­лох тухай ярихын чухлыг тэр үед олж харжээ. Аш­гийн бус санаачилгаар байгуулагдсан энэ хуралд оролцох хүмүүс жил бүр нэмэгдэж, ач холбогдол нь өссөөр өнөөдрийг хү­рэв. 1987 оноос Дэлхийн эдийн засгийн чуулга уул­залт гэгдэх болсон бөгөөд хэлэлцэх, хөндөх сэдэв  бизнесийн хүрээнээс хальж эхэлсэн байна. Одоо дэлхийн эдийн за­саг, нийгэм, улс төр, улс орнуудын харилцааны асуудлыг Давост ярьдаг болов. Араб, Израилийн дайны утаа дэгдсэн 1973 онд Давост энэ талаар яригдаж, улмаар улс тө­рийн хүрээллийнхнийг ч оруулах нь зөвийг тохирч 1974 онд анхны улстөр­чид зочноор уригджээ. Тэр цагаас хойш дэлхийн халуун цэгүүдийн чухал яриа энд л өрнөж, хилийн чинадад гар барин уул­заж чаддаггүй байсан өрсөлдөгчид Давост нүүр тулдаг болсон юм.

Хар арьстны өлгий атлаа дандаа цагаан арьст Ерөнхийлөгчидтэй байсан ӨАБНУ-ын Ерөн­хийлөгч Фредрик Де Клерк арьсны үзлийн тө­лөө цогтой тэмцэгч Нель­сон Манделлатай 1992 оны Давос дээр гар ба­рин мэндчилэхээс арга­гүй болсон гэдэг. Нутагтаа тэд хоёр өөр арьстай, хоёр өөр үзэл бодлоосоо болоод хүний ёсоор уул­залдаж байсангүй. Бас 1994 онд Израилийн Га­даад хэргийн сайд Шимон Перес Палестиний удир­дагч Ясир Ара­фат­тай Давос дээр л уул­залдан, Газын зурвасын гэрээний төслийг үзэглэж байлаа. Ямартай ч жил ирэх тусам Давосын нэр хүнд өсч, Давосоос ямар чиг өгөх нь вэ, Давос дээр хэн хэнтэй уулзсан, бас уулзалтын дараанаас ямар чиглэл гарах бол гэдэг хүлээлт нэгэнт бий болжээ. Бас Давосын ги­шүүн компани байх, Да­вост уригдана гэдэг нэр төрийн хэрэг болжихуй.

Бас сонин шүү. Хувийн са­наачилгаар байгуулагдсан нэг байгууллагын арга хэмжээнд орол­цох гэж тэгж зүтгэх гэж. Хамгийн гол нь даяаршиж буй энэ дэлхий хамт­даа асуудлаа шийддэг байх тэр орон зайг К.Шваб хэмээх халзан нөхөр түүний хамтрагчид олж хар­санд л асуудлын цөм  байх шиг.

Давосын гишүүн бизнесийн байгууллага байхын тулд өндөр шалгуур давах болдог. Ингэхээс ч аргагүй. Чадалтай нь чадалгүйгээ чирч явдаг хүний орчлонд чадав­хитай чансаатайнууд нь нийлж байж бодлого ярихаас рекламын нөхдөөр юугаа хийхэв дээ. Да­восын гишүүн компани байхын тулд жилд таван тэрбум ам.дол­ларын эргэлтийн хөрөнгө шаард­лагатай. Мөн салбартаа, бүс ну­тагтаа түлхүүр тоглогч байх хэ­рэгтэй. Бас жилд гишүүнчлэлийн татвар 42500, чуулганд оролцогч бүр 18 мянган швейцарь франк тус тус төлөх учиртай. Харин аж үйлд­вэрлэлийн түнш, стратегийн түнш болбол 250 000-500 000 швейцарь франк тушаах гээд явж өгнө. Гэхдээ улс төр гэж баячуудаас мөнгийг аваад ядуучуудаас саналыг  авч найруулахыг хэлнэ гэдэг шиг биш. Давост бизнесийн байгууллагууд өндөр хураамж төлөх ч улстөрч­дөөс мөнгө авдаггүй. Бас жилийн эхний мөнхүү сард Давос хэмээх энэ сум, орон нутгийнхан байр саваа түрээслүүлж, зочид буудал үйлчилгээний байгууллагын орло­гууд талийж өгнө гэж байгаа. Тэнд буудалд нэг хоёр хоног төөрүүлэх байлаа ч долоон хоногоор нь тооцож хөлслүүлнэ. Захиалгаа жилийн эхэнд амжуулахгүй бол хагас жилийн өмнө гэхэд олигтой байр сав нэг ч үлдэхгүй.

Улстөрчдийн хувьд Давос маш том индэр. Гэхдээ  Давосыг зөвхөн хүн хартай уулзах, өөрийгөө том болж харагдуулах зэвсэг болгож ашиглаад, уг эдийн засгийн фору­мын мөн чанар болсон үйл ажил­лагаанд нь оролцохгүй давхиад байвал дахиад урилга ирэхгүй байх магадлалтай гэх юм билээ. Давос руу дуртай нь нисээд оччих боломжгүй. Тэнд уригдагсад л дээгүүр сүлжилдэх нисдэг тэрэг, хатуу чанд харуул хамгаалалтыг давж хуралдаандаа суудаг. Урилга­гүй бол зүглэх  хэрэггүй.

Анх манай улс ардчиллыг уухай­лан, коммунист тогтол­цоо­ноосоо салсны дараа буюу 1991 онд Дэлхийн эдийн засгийн фо­румыг үндэслэгчид хийгээд удир­дах зөвлөлийнхөн хуралдааны урилгаа илгээжээ. Тэргүүн шадар сайд буюу одоогийн  хотын дэд дарга Да.Ганболд Давост Мон­голыг төлөөлөн анх оролцсон аж. Тэгээд өөрсдөө хөл дээрээ зогсох гэж ядаж байсан Монгол дараа дараагийнхад нь оролцож ча­даагүй юм уу, Монголыг тоогоогүй юм уу явсаар 1997 онд Ерөнхий сайд М.Энхсайхан уг хуралд зоч­ноор очиж байжээ. Дараа нь 1998, 2001, 2002, 2003 онд Ерөнхий сайд нарын түвшинд оролцож, 2009 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж оролцож байсан байх юм. Өнгөрсөн жилийнхэд анх оролцсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ихээхэн идэвхтэйгээр байр сууриа илэр­хийлж салбар хуралдаануудад сонирхолтой санал дэвшүүлсэн нь Монгол Улс Давост идэвхтэй байр суурьтай байгааг сануулсан хэрэг болсон гэж  хэвлэлүүдэд бичигдэж байсан билээ.

Давосын чуулганы дотоод үйл ажиллагаанд нь сайтар оролцохгүй, зөвхөн хоёр талын уулзалтуудаар өөрийн хувийн сонирхлоо хэрэгжүүлчихдэг явдал манайд гэлтгүй байдаг хандлага байжээ. Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт сүүлийн жилүүдэд Давосын урилга ирэхгүй, мань хүн тэнд оччих гээд багагүй хичээдэг яриа байдаг. Дарангуй­л­лаар ч болов улсаа хөгжүүлж байгаа тэрбээр сайн менежер л дээ. Гэхдээ Давосын мөн чанарт нийцсэн, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй санхүү, эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг хэлэлцэх зорилгод нийцүүлж ажил­лахаасаа Казахстан руу хийх хөрөнгө оруулалт, хамтрах гэрээ, онгоц худалдан авах тухай яриад байсны тул виз “зуларсан” бо­лолтой юм.
 Өнөө жилийн тухайд дэлхийн томоохон удирдагчид бүгд Давосыг зорьж ирсэн талаар тэндээс ил­гээсэн нийтлэлдээ хангалттай дурдсан.

Өнгөрсөн жилтэй харьцуулахад Давост Монголыг хүлээж авах хандлага эрс өөрчлөгдсөн нь илт анзаарагдаж байна хэмээн Ерөн­хий­лөгчийн багийнхан онцолж байна билээ. Жилийн өмнө Ерөн­хийлөгчийн Давосын уулзалтууд 40-50-ийн хооронд яригдаж бай­сан бол энэ удаад 90-100-гийн хооронд яригдав. Давосын нар ээж, нүд гялбуулсан цасан дунд сэт­гүүлчдэд ярилцлага өгч зогсохдоо төрийн тэргүүн “Энэ бол ерөөсөө Монголын ард түмний л нүүрийн буян. Монголчууд зөв сонголт хийсэн, зөв зам дээр байгааг ха­руулж байгаа хэрэг. Бас Монголын ард түмэнд үзүүлж байгаа хүндлэл. Түүнчлэн Монголын тухай ойлголт, мэдээлэл зөвөөр очиж байгаа­гийнх, зөвөөр эргэснийх, Монголыг сонир­хогчдын тоо нэмэгдэж бай­гаагийнх” гэж өгүүлсэн билээ. Гэхдээ мон­голчууд өргөн уудам нутагтаа л эргэлдээд байх бус гадагшаа харж сэтгэж, үгээ хэлж эхэлсэн гэдгийг Ерөнхийлөгчөөсөө эхлээд үйл хэргээрээ баталж эхэл­сэнтэй энэ бүхэн холбоотой. Өнгөр­сөн жи­лийн уул уурхайн салбар хурал­даан дээр Монголын Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдорж “Бид ашигт малт­малын томоохон нөөцүүдээ ашиг­лалтад оруулах гэж байна. Ингэ­хээр хөрөнгө оруулагч хийгээд Засгийн газар хамтран гэрээ хэл­цэл хийж таарна. Тэгвэл дэлхий нийтэд загвар гэрээ гэж зүйл байх­гүй явж иржээ. Хэдийгээр улс ор­нуудын нөхцөл байдал өөр ч уул уурхайн дэлхийн хэмжээний загвар гэрээтэй болъё” гэсэн санаачилга гаргасныг Давосын форумын зо­хион байгуулагчид дэмжин бүтэн жилийн туршид ажилласаар дэл­хийд нэг тийм гэрээ гараад ирсэн. Тэр нь монгол хүний санаачилс­наар дэлхийн бүс бүсийн мэргэ­жилтнүүд нэгтгэн гаргаж ирсэн гэрээ. Бас өнөө жил Монгол Улсын Ерөнхийлөгч байгаль орчин, цаг агаарын өөрчлөлтийн эсрэг хүчтэй дуу хоолой гаргагч хэвээрээ гэдгээ, уул уурхайн томхон орны удирдагч гэдгээ баталж “Усны найдвартай ирээдүйн төлөөх арга зам”, “Уул уурхай, металлургийн бодлогын удирдагчид”, “Авлигын эсрэг санаа­чилга” сэдэвт олон хуралд оролц­сон. Энэ талаар Давосоос илгээсэн мэдээлэлд дурдсан тул олныг нуршаад хэрэггүй биз ээ. Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч К.Швабтай нэлээд ойр дотно ха­рил­цаатай юм билээ. Нөгөө талаар Харвардынхан, нэг сургуулийнх гэдгээрээ ойр ч байдаг байх. Док­тор Швабтай хийсэн уулзалтаараа төрийн тэргүүн Давосын нэр хүн­дийг ашиглан Монголыг шинэ тав­цанд гаргаж ирэх боломж хий­гээд Зүүн Азийн Давосын уул­залтын 2013 оныхыг Монголд хийх бо­ломжийн тухай ярилцсан юм. К.Шваб ирэх есдүгээр сард Мон­голд хийх айлчлалаа уулзалтын үеэр нотолсон бөгөөд талын Мон­голд нүдээр ирж үзээд ямар боломж байгааг бодитоор мэдрэх биз ээ.

“Шинэ бодит байдлын төлөөх хэм хэмжээ” сэдвийн дор өрнөсөн энэ удаагийн форум үйл явдал ихтэй, өрсөлдөөн мэдэгдэл ихтэй чуулган болж өнгөрлөө. Ерөн­хий­дөө 2009 оны Давос эдийн засгийн хямралтай зэрэгцэн тиймхэн бай­сан бол 2010 оных хямрал үргэлж­лэх, эсвэл зогсохыг тэнссэн маягтай байсан. Харин энэ жилийнх дэлхий нийтээрээ хямралыг давсаныг хүлээн зөвшөөрсөн өөдрөг гэгээн мэдээллээр дүүрэн байв. Энэт­хэгчүүд өргөн бүрэлдэхүүнтэйгээр хөл ихтэй оролцож, харин хятадууд тэгсэнгүй. Николя Саркози евро­гийн үнэ цэнийг улам бүр өргөнө хэмээн мэдэгдэж түүнд дэм өгөхөөр Германын канцлер Ангела Мер­кель, Английн Ерөнхий сайд Дэвид Камерун нар яаравчлан Давост ирсэн. ОХУ-ын Ерөнхий­лөгч Дмит­рий Медведев алан хядагчдад бууж өгөхгүй хэмээн мэдэгдэж, бас олигархижсан төрөө цэвэрлэхээ илтгэв. Цэвэрхнээр тайлбарлавал ирэх жилийн Ерөн­хийлөгчийн сон­гуульд халз тулах В.Путиний бий болгосон тэр нийг­мээс Орос орноо цэвэрлэж авна гэдгээ Давосын индрээс зарлаж байна. Түүнчлэн Оросын эдийн засгийн шинэч­лэ­лийн асуудал хүчтэй яригдсаныг онцлох хэрэгтэй. Японы Ерөнхий сайд Наото Кан кизуна гэсэн япон үгийг дэл­хийд тунхаглахаар шийд­жээ. Өөрөө өөрийгөө нээх гэсэн утгатай энэ үгээр хувь хүмүүс, улс үн­дэстнүүд өөрсдийгөө нээх хэрэг­тэй болсныг тунхаглав. Түүний хэлс­нээр шинэ зуун гарснаар Японы эдийн засгийн хурдацтай хөгжил, хувь хүмүүсийн өсөлт ч намжмал болжээ. Залуучууд улам дотогшоо болох болсныг шүүм­жилж, түгжигд­мэл тэр байдлыг таягдан хаяж өөрсдийгөө нээх болсон гэж тэр хэлэв. Дэлхийн индэр Давосоос ингэж хэлэв. Түү­ний адилаар Мон­гол ч өөрийгөө нээж таниулах цаг иржээ. Давосын дээвэрт залуу идэр Мон­голын хүсэл мөрөөдөл, омог бахархал өдлөх нь дамжиггүй. Ерөнхийлөгч ч үүнийг урамтайгаар өдөөж байна.

Монголд ирж буй урин зөөлөн, сайн цагийн салхийг Давосын зүгээс үлээж улам бүр хөгжөөнө гэсэн итгэл үнэмшилтэйгээр дэл­хийн индэр Давосын дээврээс буцаж ирлээ.