Бүтээл:Ховдоос Харвард руу
Ховдоос Харвард руу номыг зөвхөн дэлхийн шилдэг сургуулиас тэтгэлэг авах зөвлөгөө гэж ойлгож болохгүй. О.Батнайрамдал гэдэг хүн төрснөөсөө аваад өнөөг хүртэл туулсан амьдралаа бичсэн. Энд амьдралыг харах өнцөг, өөртөө өгсөн үнэлэлт бас дүгнэлт юм. “...миний дэлхийн тэргүүлэх сургуулийн элсэлтэд бэлдсэн тэр хоёр жил надад тийм ч дааж давшгүй хүндрэлтэй санагдаагүй. Би юуг үзэж туулснаа мэднэ, юу хүсэж буйгаа мэднэ, би юу чадахаа ч мэднэ. Нэг үгээр би өөрийгөө мэддэг болсон байлаа. Энэ л миний амьдралдаа олж авсан хамгийн том амжилт, юугаар ч орлуулшгүй үнэ цэн байсан юм. Тэр ч утгаараа амжилт над дээр Харвардад орохоос хамаагүй өмнө ирсэн байлаа” гэжээ.
Италийн кино зохиолч, найруулагч Федерико Феллинни “Аливаа бүтээл бол намтар юм, сувд бол хясааны намтар” гэсэн буй. Таван Оскар, Каннын кино наадмын “Алтан дал модны навч”-ийн эзэнтэй санал нийлэхгүй яах билээ. Урлагийн аливаа бүтээлд уран бүтээлчийнх нь үзэл санаа, ааш аяг гарцаагүй шингэнэ. Хүний намтрын тухайд бол чухам хэн гэдгээс нь хамаараад хачин чамин, нандин гоёмсог, этгээд сонин, ховор живэр сувдыг атга атгаар нь овоолчихсон мэт л харагдана. Намтар хоёр янз буй. Хөндлөнгийн хүн бичсэн, өөрөө бичсэн гэж. Өөрөө бичсэн намтар бол уран сайхны бүтээл хараахан биш. Харин уран бүтээлийн гал тогоонд боловсруулсан эрдмийн ажил гэвэл зохилтой.
Туулсан замнал, хүрсэн амжилтынх нь жор талаас харвал өөрөө бичсэн намтар аль ч өнцгөөсөө сонирхолтой. Басхүү амьдралын тэмдэглэл гэдэг талаас нь авч үзвэл зүс мэдэхээс цаашгүй хүний нарийн нандиныг олж харахын учир уйдаах нь үгүй. Бүр байг гэхэд хувь хүний хөгжил ч юм уу, хүн судлалын шинжлэх ухаан сонирхогч нарт хэрэгтэй гарын авлага. Ер нь бол хүний амьдралд хошуу дүрэх дуртай хүмүүний төрөлх зангийн хорхойг дарах хужир юм.
Тухайн бичээчийн хувийн амьдралаас гадна түүний туулсан цаг үе нь хамтдаа харагддаг учир түүхэн үнэ цэнтэй. Ямарваа үйл явдлыг хүн дангаараа бүтээдэггүй нийгмийн тодорхой орчин нөхцөлд өрнөдөг. Тэр бүхнийг зохиогч өөрөө ч анзааралгүй тоочин зурагладаг учраас цаг хугацаа өнгөрөх тусам үнэт мэдээлэл болж үлдэнэ. Жишээ нь, хүмүүс Анна Франкийн тэмдэглэл-ийг уншихдаа хөөрхий охины хувь заяанаас илүүтэй тэр цагийн явдлыг сонирхдог билээ.
Энэ бүгдийг нуршихын учир нь Отгоншарын Батнайрамдалын Ховдоос Харвард руу номын тухайд бөлгөө. Та түүнийг тухайлан танихгүй бол нийгмийг машид бухимдуулсан “Боловсролын сангийн зээлийн хулгай”-н дуулианаар Фэйсбүүкт шуугиан тарьж, бас хэвлэлийн бага хурал хийсэн залуу гэвэл санаж магад.
https://ikon.mn/n/2v43 Чухам яагаад Боловсролын зээлийн сангийн хулгайтай холбогдуулан О.Батнайрамдалыг сануулах гээд байна вэ гэвэл мань эр тус сангийн шалгуурт “тэнцээгүй” ч бие даан хоёр жил бэлтгэж Харвардын тэтгэлэг авсан түүхээ дэлгэрэнгүй өгүүлжээ. Түүх гэхээсээ илүү гадаадын тэтгэлэгт бэлтгэх арга барил, сэтгэлзүйн бэлтгэл, бүр заавар зөвлөмж гэсэн ч болмоор. Гадаадын шилдэг сургуулиас тэтгэлэг авахад шударга тогтолцоо хамгаас чухал ажээ. О.Батнайрамдал “Хэрвээ тэргүүлэх сургуулиудад элсэх өрсөлдөөн шударга бус байсан бол надад түүнд тэнцэх боломж угаасаа байхгүй. Надад бусдаас илүү гарахаар мөнгө төгрөг, нэр нөлөөтэй танил, тал тохой татчихаар хэн ч, юу ч байхгүй... Шударга ёс гэдэг, шударга тогтолцоо гэдэг итгэл найдварын галыг үргэлж өрдөж байдаг. Харин шударга бус, авлигажсан, элдэв бусармаг байдлаар зүй ёсыг гажуудуулдаг тогтолцоо хүсэл мөрөөдлийг үргэлж унтраадаг” гэсэн байна.
Тогтолцоо нь шударга байлаа гээд бас санаан зоргоор тэтгэлэг авчихгүй. “Бэлтгэл хийнэ гэдэг нь амаргүй. Жишээ нь, зүгээр л анхаарлаа төвлөрүүлж сурах. Жи-мат шалгалтын үргэлжлэх хугацаа таван цаг байдаг. Тиймээс түүнд бэлдэж байгаа хүн таван цагийн турш нэг л зүйлд тасралтгүй анхаарлаа төвлөрүүлэх чадварыг өөртөө заавал суулгах шаардлагатай. Иймэрхүү чадварыг хүн зөвхөн дадлаар л олж авдаг. Олон дахин давтаж, ахин дахин хийхээс өөр ямар ч аргагүй” гэдгийг О.Батнайрамдал яс махаараа мэдэрчээ. Хамгийн гол нь “Би өөрийгөө огтхон ч голоогүй. Өөрийгөө тэдгээр сургуульд суралцаж чадах бүрэн боломжтой гэдэгтээ тун чиг итгэлтэй байлаа. Өөрөөр хэлбэл тийм том зориг, өөртөө итгэх хүч надад суусан байсан юм. Би шалгалтад бэлтгэж эхлэх үеэсээ л тэс өөр нэгэн болж хувирсан” байна.
Ховдоос Харвард руу номыг зөвхөн дэлхийн шилдэг сургуулиас тэтгэлэг авах зөвлөгөө гэж ойлгож болохгүй. О.Батнайрамдал гэдэг хүн төрснөөсөө аваад өнөөг хүртэл туулсан амьдралаа бичсэн. Энд амьдралыг харах өнцөг, өөртөө өгсөн үнэлэлт бас дүгнэлт юм. “...миний дэлхийн тэргүүлэх сургуулийн элсэлтэд бэлдсэн тэр хоёр жил надад тийм ч дааж давшгүй хүндрэлтэй санагдаагүй. Би юуг үзэж туулснаа мэднэ, юу хүсэж буйгаа мэднэ, би юу чадахаа ч мэднэ... нэг үгээр би өөрийгөө мэддэг болсон байлаа. Энэ л миний амьдралдаа олж авсан хамгийн том амжилт, юугаар ч орлуулшгүй үнэ цэн байсан юм. Тэр ч утгаараа амжилт над дээр Харвардад орохоос хамаагүй өмнө ирсэн байлаа” гэжээ.
Намтрыг хөдлөнгийн хүн бичих, өөрөө бичих хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Хүн бусдыг хэзээ ч бүрэн дүүрэн нээж чадахгүй. Бодол санааг нь төгс илэрхийлэхгүй. Яагаад гэвэл зохиогч тухайн баатрын амьдралаар амьдраагүй. Жаргал, зовлонг нь эдлээгүй. Түүн шиг сэдэрч, сэтгэх боломжгүй. Зохиогч олсон баримт материалыг өөрийнхөөрөө хүлээж аваад, өөрийнхөөрөө дүгнэдэг. Хөндлөнгийн хүн бичсэн намтрыг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ тийм намтарт нэг зүйл сонх дутна - Би. Намтар бол “Би”-ийн тухай цадиг. Намтрыг хэрэвзээ хоол юм гэвэл хөдлөнгийн хүн бусдын тухай бичсэн намтар бол хэчнээн сонгино, сармис, гогод, гондиор амтлаад ч “Би” гэдэг давсгүй учир цаанаа л нэг үлбэгэр шөл. Өөрөө бичсэн намтар харин өөх тосгүй ч гэлээ өнөө “Би” нь ханхалдаг учир амттай гэж...
Отгоншарын Батнайрамдал Ховдоос Харвард руу