“Doesn’t time fly” гэдэг хэлцийг оюутан байхдаа мэддэг болсон, байн байн аманд орж ирнэ. Нас ахих тусам цаг хугацааны мэдрэмж муутай болж мөч хормууд нисээд л нисээд л өнгөрөх мэт. Хүн болгон л “цаг яасан хурдан өнгөрч байнаа” гэж дор бүрнээ хэлцгээж зуу татацгаан шинэ жилийнхээ баярыг тэмдэглэдэг.

2010 он нээрээ ёстой гялс мялс өнгөрөөд дууслаа даа. Хөлбөмбөгийн ДАШТ болсон, хүсэн хүлээж байсан тоглолтууд нэг л мэдэхэд дуусчихсан гэх мэт. Жилийн өмнөхөн өдийд хавьцаа өөрийн анхны хэдэн сараачилтаа баабар.мн дээр гаргаж Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүн болсондоо их хөөрч баярлаж байсан.

    Цаг хугацаа ямар хурдан өнгөрнө вэ. Хүмүүс, байгууллагууд, улс орнууд жил болгоны төгсгөлд сайн муугаа эцэслэн дүгнэдэг. Үндсэндээ хэдэн чухал зүйлийг энэ жил ойлгож авлаа, магадгүй заримынх нь хувьд инээдтэй санагдах байх гэхдээ яахав, миний л бодол.

    Нэгдүгээрт, Улс удахгүй хөгжих нь үнэн бололтой. Таван зуун мянган төгрөгний цалин дундаж хэмжээнд тооцогддог болж, цаашдаа ч өсөх байх. Тиймээс ирээдүйд яг нэг зүйлээ тултал нь чадварлаг эзэмшсэн хүмүүс мөнгө, цалингаар дутахгүй амьдарна гэж бодох юм. Одоо үед  эсрэгээрээ ажлын хажуугаар заавал нэг халтуур хийж байж амь зогоодог. Халтуурдсан юм гэдэг халтуурны ажлыг л хэлнэ шүү дээ. Хүн зөвхөн урдахь ажилдаа л бүх эрч хүч, авъяас чадвараа зориулбал тэр ажил нь ямар сайн хийгдэх бол. Одоо үед хэн амттай талх барьж чадна тэр сайхан машин унана.

    Хоёрдугаарт, сайн хүн муу хүний хооронд жижигхээн л ялгаатай. Бүүүүүр нэг новшийн амьтан л биш бол. Өнөөдөр бат таалагдаад, маргааш болд арай давгүй санаа нийлэх ч юм шиг санагдаж байснаа гэнэт хоёулаа сонин ааш гаргаж ч болно. Хүн болгон л сайнтай муутай, төгс хүн гэж байдаггүй шүү дээ. Нэг замаар цуг явж болно, зөрж явж болно, салаад эргээд зэрэгцэж явж болно гэх мэт. Хэн нь яг нөхөр, хэн нь яг дайсан гэдгийг тухайн үеийн ситуци биш цаг хугацаа л харуулах байх.

    Гуравдугаарт, хүнийг өөрийнхөө юманд сэтгэлээс нь хандуулна гэдэг их хэцүү. Сэтгэл гаргаж хийгээгүй зүйл удаан бөгөөд чанаргүй гүйцэтгэгдэнэ. “Өө найз нь ёстой сэтгэлээрээ тэээ“ гэж мянгантаа найраад нэмэргүй болсон цаг. Өөрт нь ашигтай санагдсан юман дээр л хүн хамтарч ажиллана шүү дээ, бас сэтгэлээсээ. Гол нь хүнээс юм авах гэж байгаа бол түүнд юу өгөх гэж байгаагаа л их сайн ойлгуулах нь их чухал зүйл. Үнэхээр гэгээнтэн байх гэж төрсөн хүмүүсээс бусад нь зөвхөн өөртөө ашигтай өөртөө чухал санагдсан зүйлийн төлөө л сэтгэлээсээ ханддаг.

    Маш энгийн, хүн болгон л дотроо эргэцүүлдэг зүйлс байх л даа. Гэхдээ л би энэ онд дээрхи гурван юмыг гайгүй ойлгож авах шиг боллоо.

    Нэгэнт шинэ жил юм чинь талархалын хэдэн үгээ хэлэх хэрэгтэй. Өөрийн шинэ ертөнцийг нээхэд чиглүүлсэн Баабар ахдаа баярлалаа. Миний муу бичсэн хэдэн юмнуудыг уншиж болгоодог бүгдэд нь баярлалаа, 2011 онд өөр олон сонирхолтой зүйлсийг сараачиж та бүгдтэй бодол санаагаа хуваалцах болно. Намайг муулсан, намайг магтсан, надтай найзалсан бүгдэд баярлалаа. 90team –ийн “нүгэлт” найзууддаа баярлалаа. Гөгө блогчдын хамууддаа баярлалаа. Олон шинэ хүмүүстэй танилцаад бага зэрэг огоорсон ч хуучин хэвээрэй ханддаг багын найзууддаа баярлалаа. Ажлын хамт олондоо баярлалаа. Бодох, бичих бяцхан авъяасыг заяасан ээж аавдаа баярлалаа. Үе үе мөнгө нэхдэг ч дүүдээ баярлалаа. Дандаа уурлуулдаг ч намайг тэвчсээр байдаг чамдаа баярлалаа.

Энэ бол нийтлэл биш, бичлэг биш шинэ жилийн мэндчилгээ юм шүү. Шинэ жил болох гээд хүн болгоны сэтгэл гэгэлзээд нэг л гоё шүү...