Улс үндэстнүүдийн мандалт ба доройтол: эдийн засгийн өсөлт, стагфляци, нийгмийн склероз


Макро эдийн засгийн бодлогын хувьд хамгийн чухал дүгнэлт: хамгийн сайн макро эдийн засгийн бодлого бол сайн микро эдийн засгийн бодлого юм. Нээлттэй, өрсөлдөөнт орчныг өөр юугаар ч орлуулж болохгүй. Хэрэв зах зээл дээр элдэв төрлийн монопол нэгдлүүд ноёрхож, төр онцгой сонирхлын нэр барьж эдийн засагт байнга оролцоод байвал нөхцөл байдлыг сайжруулах макро эдийн засгийн бодлого олдохгүй. Хүмүүсийг төөрөгдөлд оруулдаг Милтон Фридман, Эдмүнд Фэлпс нарын бичсэнээр ийм тохиолдолд “ажилгүйдлийн жам ёсны түвшин” өөрөөр хэлбэл төлөвлөсөн үнийн түвшин инфляцын хурдац нь гүйцэтгэлтэйгээ тохирч байгаа үед байх ажилгүйдэл нь их өндөр байдаг юм. Илүү сайн микро эдийн засгийн бодлого, илүү сайн инстүүцүүд шаардлагатай болохыг Британийн эдийн засагч Жэймс Мид “жам ёсны ажилгүйдлийн түвшин нь хэт жам ёсны бус өндөр байна” хэмээн дүгнэсэн байдаг. Энэ дүгнэлт зөвхөн түүний эх орны хувьд зөв төдийгүй, тодорхой хэмжээгээр бусад орнууд, түүний дотор АНУ-ын хувьд зөв байдаг юм. 

Хоёрдугаар дүгнэлт бас их энгийн: өнөөдөр олон улсад шаардлагатай байгаа инфляцыг багасгах бодлого нь шийдвэртэй, итгэл дагуулсан байхаас гадна тогтвортой, үе шаттай байх ёстой. Хүмүүсийн “хүлээлтийг” чухалчлан авч үздэг эдийн засагчид хэрэв засгийн газар, эсвэл төв банк үнэхээр инфляцын эсрэг бодлогыг тууштай, хангалттай удаан хугацаанд хэрэгжүүлнэ гэдэгтээ хүмүүсийг итгүүлж чадвал богино хугацааны бизнесийн идэвхжилийн бууралт асуудлыг шийдвэрлэж чадна гэж үздэг юм. Харин ийм бодлого зөвхөн хуваарилалтын эвслүүд цөөнтэй нийгэмд л хэрэгжиж чадах бөгөөд олон эвсэлтэй газарт хэрэгжиж чадахгүй. Тэдгээр эвслүүдийн шийдвэр гаргах үйл явц хэт удаан учраас тэд засгийн газрын бодлогод хэдий итгэлтэй байсан ч шинэ нөхцөл байдалд түргэн зохицох чадваргүй байдаг. Номын гуравдугаар бүлэгт авч үзсэн Данийн картелийн жишээг дахин авч үзье. Ашиг байхгүй мөртөө түүний бодлогын өөрчлөлт арван жил үргэлжилсэн юм. Онцгой сонирхлын бүлгүүд эрт орой хэзээ нэгэн цагт өөрчлөгдсөн нөхцөл байдалтайгаа зохицдог жишээ олон байдаг. Жишээлбэл үйлдвэрчний эвлэлүүд заримдаа “тэдний” фирм дампуурахдаа тулсан үед цалингаа бууруулахыг зөвшөөрдөг билээ. 

Гурав дахь буюу макро эдийн засгийн бодлогын сүүлчийн дүгнэлт: Ажилгүйдлийн жам ёсны түвшнийг бууруулахад зориулагдсан татварын схем, татаас зарим оронд мэдэгдэхүйц, түр зуурын эерэг үр дүн өгч болох юм. Үүний тулд сайн боловсруулсан мөнгөний болон төсвийн бодлоготой хослох ёстой. Харин ажилгүйдлийн жам ёсны түвшин хэт өндөр байвал түүнийг өөрийн цалингаа эдийн засгийн дундаж бүтээмжийн илүү өндөр хурдцаар фирмүүдэд онцгой татвар ногдуулах замаар тодорхой хэмжээгээр бууруулж болно. Эсвэл тухайн фирмийн авч буй татаасыг цалингийн өсөлттэй уялдуулан бууруулж болно. Ингэснээр фирмүүд цалингийн өсөлтөө бага байлгаж улмаар илүү олон ажилчин хөлслөн ажилгүйдлийг бууруулна. Энэ бодлогын нэг муу тал нь фирмүүд өндөр мэргэжлийн ажилчдын хувийн жинг нэмэгдүүлэх сонирхлыг багасгаж эдийн засгийн үр ашгийг бууруулдагт оршино. Ийм учраас иймэрхүү бодлого түр зуурын шинжтэй байх ёстой бөгөөд бүхнийг аврагч, хамгийн сайн шийдэл гэж үзэх хэрэггүй юм. Мансур Олсон энэ бодлогыг арван жилийн турш ярьж байгаа бөгөөд Хэнри Воллич, Сиднэй Вэйнтрауб (эдгээр схемийг анхлан санал болгогчид) нар үүнээс ч удаан хугацааны туршид бичиж байна. Сүүлийн жилүүдэд олон нэртэй эдийн засагчид энэ талаар дуу хоолойгоо нэгтгэсэн боловч улс төрийн тодорхой амжилтад хүрч чадахгүй байгаа юм. Харин энэ номын зохиогч ийм бодлого хэрэгжих ёстой гэж үзсээр байгаа. Энэ тохиолдолд тухайн бодлогын улмаас хохирч буй бүлгийг (жишээлбэл ажлын байрандаа эзэн болсон ахмад ажилчид) дэмжих бодлоготой хослуулах нь зүйтэй. Томоохон фирмүүд үнээ өсгөсөн тохиолдолд мөн онцгой татвар ногдуулж болно. Энэ бодлогын бас нэг хувилбар бол ажилгүйдлийн түвшин өндөр бүлгүүдээс ажилчид хөлслөн авч ажилчдын тоогоо нэмэгдүүлсэн фирмүүдэд цалингийн татаас олгох явдал юм. Иймэрхүү арга хэмжээнүүд бүх өвчнийг эдгээх эм болж чадахгүй бөгөөд ухаалаг макро эдийн засгийн бодлого, мөнгөний болон төсвийн сайн бодлогыг орлож чадахгүй гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.

Мансур Олсон