Эргүү жүжиглэлттэй солонгос сериалуудыг би үзэн яддаг. Тэр нүүрний хөдөлгөөн, тэр тэнэг ааш авир, уба уба гэж наль наль хийсэн алцгар охидууд, бөхөлзсөн гөлөлзсөн хэв маяг, эсвэл нэг их худлаа нүднийхээ үзүүрээр муухай харж хялалзсан жүжиглэлтийг харахаараа бүүр ой гутна. Хажууд нь манай Наамбааваан бол эгдүүтэй хөөрхөн, хэдэн авилгач этгээдүүд нүдэнд дулаахан санагдана. Зарим хүмүүсийн үзэн яддаг киног шимтэнхэн үзэнгээ хүний үс засч буй тэр хүүхнүүдийг ээ. Со киног нь ямар утгагүй хөгийн зүйл болохыг учирлаад учирлаад нэмэргүй.

    Тэгсэн хөлбөмбөгийг ингэж муулж байвал яана. Үндсэндээ сүйрч байгаа спорт л доо. Фифа нь авилгалд идэгдчихсэн, маш уйтгартай сонирхолгүй. Одоо үед цаг хугацаа  хамгийн үнэтэй болоод байхад бүтэн 90 заримдаа бүр 120 минут шал хэрэггүй ямар ч гоолгүй хоорондоо бөмбөг дамжуулсан дүрс телевизээр үзүүлнэ. Нэгэнт Монголд хөгжихөөсөө өнгөрсөн. Цагаа барж бүтэн тоглолт үзсэнээс таван минутын тоймыг нь харахад хамаагүй зугаатай. Дэлхийн дүрмийг тогтоож, сайн мууг ялгахдаа мастер болсон АНУ ах нар энэ явахгүй спортыг тоодоггүй нь учиртай. Барсаа Барсаа гэж дөвчигнөнө, үнэндээ тэр майжига Мэсси нь Монгол гэж улс байдагийг сонсоо ч үгүй яваа. За тэгээд шүүлт мүүлт бол алж өгнө дөө, дээд зэргийн улаан цайм булхайтай шүүлт энэ спортод л байдаг. Цэнгэлдэхэд цугласан олон мянган үзэгчид нь хоорондоо муудалцаж бужигнаад дөчин хүн үхэж 600 хүн гэмтэж байсан тохиолдол бий, соёлт хорьдугаар зууны наяад онд шүү дээ. Тэр дөчин хүн үхүүлдэг Ливерпүүл гэж багийн фанатууд дөрөвхөн жилийн дараа бас нэг цэнгэлдэхэд орох гэж бөөнөөрөө шахалдаад дахиад бараг зуун хүн дарагдаж үхсэн эмгэнэлт явдал болсон. Тэгэхээр хөлбөмбөгийн, ялангуяа Ливерпүүлийн фанатууд гэдэг яавч үлгэр жишээ авахаар улс биш бололтой.

    Зиак зиак зиак, муулж үзлээ, болох л юм амархан л юм. Би өөрөө хөлбөмбөгт нугасгүй, дээрээс нь Ливерпүүлийн улаан фанат хүн л дээ. Хэрэв хэн нэгэн ингэж муулбал дургүй хүрэх л байх. Миний амьдралдаа хэзээ ч хийхгүй хэдэн зүйлийн нэг нь Ливерпүүл Челсийгийн тоглолт гарч байхад сувгаа сольж савангийн дуурь үзэх явдал. Тиймээс мал шиг жүжиглэлттэй нохойн баас шиг солонгос киног нь муулаад унавал дуртай хүмүүст нь яавч сайхан санагдахгүй болов уу.

    Манайхан нэгнийгээ их сайхан муулцгаанаа бас. Өөрийг нь тоогоогүйн төлөө “тэнэг матар охин” гэж сэхүүн загнана, угаас хотын зам ямар гэдгийг нь мэдсээр байж “муу мануухай цагдаа л холион бантан хутгалаа” гэнэ, тархигүй толгойтой зарим шавь нь “муу багш ойлгомжгүй заалаа” гэнэ, сэтгэлгүй халтуурддаг зарим багш нь “одооны хүүхдүүд ямар муу вэ” гэж шүүрс алдана, “энэ муу улаан комунист” гэж муулна “энэ муу цэнхэр талынх” гэж муулна.

     Тэгсэн мөртлөө “энэ хүүхэн ёстой онцгүй дуулж байна” гэж хэлэхээр “өөрөө чадахгүй байж хүн битгий хүн муул” гэж тэнэгтэнэ. “Хоол чинь аймар шорвог юмаа” гэхээр “өөрөө хийгээгүй байж битгий олон юм ярь” гэж донгиотоно. Энэ нөхдүүдийнхээр бол ам барьдаг нэг муу одонцорыг муулахын тулд жавхлан шиг хоолойтой байх хэрэгтэй аж.

    Муулъя гэж муулагсадын хажуугаар муу болчих вий дээ гэж санаа зовсондоо муулах нэг нь байна. Тос түрхсэн нүүрний арьсаа хаврын хавсарганд заваартуулчих вий гэсэндээ л “муу сайртсан нүүрт” гэж нэгнээ муулдаг байх. Наймаа хийж баяжсан нэгнээ “чи муу ямар намын хэнийг авилгадсан бэ” гэж сэрддэг явдал нь “үнэхээр энэ маань нэг даргыг хахуульдах вий” гэсэндээ л санаа зовж буй хэрэг байх. Асашёорюү Давгадоржийг бүдүүлэг балмад гэж муулдаг нь “аварга минь танхайрч хүн зодох вий дээ” гэсэндээ л тэр болов уу. “Даргатайгаа унтдагдаа энэ муу хүүхэн” гэж хов жив ярих нь “хөөрхий битгий завхайраасай” гэж санаа зовсондоо тэр байх.

    Атаархсандаа, шаралхсандаа эсвэл зүгээр л таалагдаагүй зүйлээ сэтгэлийн хөөрлөөр муулна. Магадгүй сайн зүйл бүтээсэн хэн нэгнийг салам муулдаг нь “энэ аягүй бол муу хүн байж магадгүй” хэмээн шалгасан хэрэг байх л даа. Муу зүйл үнэхээр биш л бол муулсан хүмүүс нь залхана дөө.