Б.Хурц ба Ерөнхий сайдын айлчлал
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 27-ноос Англид айлчлах урилгатай байв.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 27-ноос Англид айлчлах урилгатай байв. Гадаад айлчлалыг эртнээс дипломат шугамаар төлөвлөдөг учраас уг айлчлалыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг баригдахаас хамаагүй өмнө товлосон хэрэг. Гэтэл Д.Энхбатыг хил дамнуулсан хулгайн хэргээр Б.Хурц Англид баригдав. Түүнийг шүүх хуралдааныг энэ сарын 15-нд товлосон байлаа. Ерөнхий сайдын айлчлал эхлэх 27-ноос өмнө Б.Хурцын асуудал нэг тийш шийдэгдчих тул айлчлалын бэлтгэлийг хангуулахаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар ч Английг зорьсон байв. Гэвч үйл явдал энд төлөвлөснөөр болсонгүй. Тэнд Б.Хурцыг шүүх хурал ирэх оны нэгдүгээр сарын 5-ныг хүртэл хойшлов. Ингэснээр товлосон хугацаандаа Англид айлчлах уу, эсвэл хойшлуулах уу гэдэг сонголт Ерөнхий сайд С.Батболдын өмнө ирэв. Зөвхөн С.Батболдын өмнө ч биш, Монгол Улсын өмнө ирлээ. Магадгүй сонголт хийхдээ Үндэсний аюугүй байдлын зөвлөлийн төвшинд ярьж болох юм. Уг нь энэ айлчлал гүйцэтгэх засаглалын тэргүүний хэмжээнд төлөвлөсөн, Лондонгийн хөрөнгийн биржийнхэн манай Хөрөнгийн биржийг удирдах менежментийн хувьчлалыг сонирхож байгаа цаг үед таарснаараа ач холбогдолтой нь гарцаагүй. С.Батболд өөрөө Их Британид зах зээлийн эдийн засгийн боловсрол эзэмшсэн анхны Ерөнхий сайд учраас түүний нэр хүнд гэж бий. Энэ хэрээр англичууд ч манай Ерөнхий сайдад нааштай хандах биз. Айлчлалын үеэр хоёр улсын эдийн засагчид, бизнесмэнүүдийн уулзалт болох учир Монголд орж ирэх өрнөдийн хөрөнгө оруулалт ч нэмэгдэх байх. Гэхдээ ийм цаг үед эдийн засгийн утгатай бизнесийн эрх ашгийг нэгдүгээрт тавибал ардчиллыг тугаа болгож хүний эрх эрх чөлөөг дээдэлдэг улс орнуудад магадгүй, англичууддаа ямар харагдах бол оо.
Б.Хурц бол одоо баригдаад байгаа Англи, шилжүүлж авъя гээд байгаа Герман, Франц улсад бол хүн хулгайлсан гэмт хэрэгтэн мөнөөс мөн. Харин Монгол Улс Б.Хурцыг Европын орнуудад тамхи зөөгөөд баригддаг дипломатууд, БНХАУ, Казакстанд хар тамхины хэргээр хоригдсон иргэд, Солонгост хулгай хийгээд саатуулагдсан монголчуудтайгаа адилтгаж, тэдний төвшинд үзэж арай болохгүй юм. Б.Хурц тухайн үедээ нутаг нэгтнээ хулгайлж хууль ёс, хүний эрхийг дээдэлдэг улс орнуудад байж болшгүй гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Гэхдээ тэр энэ хэргийг өөрийн санаачилгаар, өөрийн дураар хийгээгүй. Монгол Улсын Засгийн газрын даалгавраар Засгийн газрын нэрийн өмнөөс гүйцэтгэх ажиллагаа хийж тусгай үүрэг гүйцэтгэсэн л хүн. Хүн хулгайлсан үйлдэл нь хууль бус ч, Засгийн газрыг тэргүүлдэг Ерөнхий сайдын харьяанд багтдаг Тагнуулын ерөнхий газраас томилж явуулсан гэдэг утгаараа хуучин цагийн ойлголтоор хэтрүүлбэл бараг л эх орны даалгавар биелүүлсэн юм биш үү. Үүнээс гадна сая баригдахдаа төрийн өндөр албан тушаалтан буюу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албаны даргын төвшинд дипломат эрх ямбатайгаар мөн л төрийн ажлаар явсан. Аль ч улсад төр засгийн ажил залгамж чанартай. Манайд ч тэр. Тухайн үед Н.Энхбаяр гэж хүн Ерөнхий сайд байсан учраас Б.Хурцын асуудал С.Батболдын танхимд огт хамаагүй гэсэн ойлголт байхгүй. Тийм учраас үе үеийн Ерөнхий сайд нарыг багтаасан Монгол Улсын Засгийн газарт хамаатай. Гэтэл өнөөдөр энд эх оронд нь хэвлэлээр балбаад л, тэнд баригдсан улсад нь Засгийн газрын тэргүүн нь айлчлаад явах нь тушаал биелүүлж үүрэг гүйцэтгэсэн төрийн албан хаагчаа золигт гаргаж байгаа юм шиг л харагдах юм биш үү. Үгүй юмаа гэхэд Б.Хурцын шийдэгдээгүй асуудал нь өөрөө Ерөнхий сайдын айлчлалын амжилт, яриа хэлэлцээний эрч хүчийг сааруулахыг ч үгүйсгэхгүй. Ямар ч л гэсэн Засгийн газрын даалгавар биелүүлсэн хүн нь хоригдож байгаа улсад Засгийн газрын тэргүүн нь айлчлах нь гадаад ертөнцөд таатай харагдаж, хүний эрх эрх чөлөөнд эерэг үзүүлэлт болохгүй болов уу. Тэр тусмаа Гадаад харилцааны сайд нь Б.Хурцыг суллахыг шаардсан мэдэгдэл хүргүүлсний дараа Ерөнхий сайд нь яваад очвол танхимын зарчмаа зөрчсөн л хэрэг болно. Үүний оронд харин Д.Энхбат агсны гэр бүлээс, түүнийг хулгайлж авчрахдаа хилийг нь дамнуулсан улс орнуудаас Засгийн газар албан ёсоор уучлалт гуйж болдоггүй юм болов уу, сайн мэдэхгүй юм.
Англи их гүрэн, Монголын Ерөнхий сайдын айлчлалаар ангац цангахгүй нь тодорхой. Айлчилсангүй гэж айгаад Б.Хурцыг тавиад явуулчихгүй. Тэнд хууль номоороо л явна. Харин манай улсын хувьд Ерөнхий сайд айлчлалаа хойшлуулах нь даалгавар биелүүлсэн тусгай ажилтнаа өмөөрч хамгаалж чаддаг ардчилсан төртэйгөө харуулна. Хамгийн гол нь нөлөөлөхгүй ч гэсэн, Б.Хурцын асуудлыг нааштайгаар шийдүүлэх тэмцлээ хамгийн хүчтэй хэлбэрээр илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх засаглалын тэргүүний айлчлалаар, түүгээр шийдэх байсан улстөрийн эдийн засгийн олон чухал асуудлаар дэнчин тавин нэг талын бойкот үзүүлэх юм. Гадаад харилцаа, дипломат ёсонд ч бойкотолдог ийм арга түгээмэл. Хамгийн сүүлд гэхэд ОХУ-ын Ерөнхийлөгчийг Курилийн аралд зочилсны төлөө японууд Москвагаас Элчин сайдаа татаж үзэв. Үүнээс өмнө өнгөрсөн есдүгээр сард Японы тал Хятадын загасчдын ахлагчийг баричилснаас болж Хятадын Ардын их хурлын өндөр албан тушаалтан Японд хийх айлчлалаа цуцалсан удаатай. Бүр Англид гэвэл тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерон Пакистан улсыг алан хядлагын эсрэг тэмцэхгүй байна гэж хэлсний төлөө Пакистаны тагнуулын албаныхан тус улсад хийх айлчлалаа цуцалж байжээ.
Бүр жижигрүүлж харвал улстөрч С.Батболдын улстөрийн карьер, нэр хүндэд ч халтай. Манайхан хардах хэтрүүлэхдээ гарамгай. Ерөнхий сайд айлчлаад, түүний дараа Б.Хурцын асуудлыг яаж ч сайнаар шийдсэн саар болгоод л ярина. Монголын нэг сүмоч унахад л тэнд айлчилж байгаа Ерөнхийлөгчөөс боллоо гэх дүгнэлт хийдэг мэргэн хүмүүс олон бий дээ. Үүн шиг хэрвээ Б.Хурцыг суллахгүй бол С.Батболд айлчилснаас л боллоо, тэр л очоод захиалга өгчихлөө гэж хардана. Хэрвээ суллачихвал С.Батболд мөнгөтэй хүн учраас нэр хүндээ өсгөхийн тулд англичуудад төдөн саяыг өгсөн юм гэнэ лээ гэж цуурна. Аягүй бол Лондонгийн хөрөнгийн биржийнхэнд Монголын хөрөнгийн биржийг өгөх болзолтойгоор Б.Хурцыг суллуулсан юм гэнэ гэж цуурна. Ингэж ярихдаа хүрвэл Англид авлига манайхаас хамаагүй бага, Английн хууль шүүхийнхэн хөндлөнгийн нөлөөнд ордоггүй гэдгийг ёстой тооцохгүй бурна даа.
Гэхдээ ач холбогдлын хувьд С.Батболд гэдэг улстөрчийн нэр хүнд нь даалгавар биелүүлсэн Б.Хурцын асуудлыг нааштайгаар, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндэд хохирол багатайгаар шийдэхээс хамаагүй бага хэрэг ээ.