Киноны үйл явдал, дүр, хийцийн тухай олон сайхан шүүмж нэгэнт өрнөжээ. Тэгэхээр... “Кино шүүмж” гэдэг айхтар үгнээс нэрэлхээд, үзээд төрсөн сэтгэгдэлээ бичие. Жаахан урт комэнт гээд л ойлгочиход бараг болно доо..

Манай ихэнхи түүхэн кинонд нэг том алдаа байдаг юм. УАЗ машиныг япончууд “Сайн машин л даа, гэхдээ хүн сууна гэдгийг мартжээ..” гэдэг шиг. Тэр ч уг нь сайн “Сайн кино л доо, гэхдээ хүн үзнэ гэдгийг мартжээ..” гэдэг сэтгэгдлийг би олон түүхэн кинонуудад хэлж байлаа. Манай залуус яагаад түүхэн кинонуудаа үзэх дургүй байна вэ? Буруутгах аргагүй л дээ, хэн нь түүхийг илүү сонирхолтой байдлаар “өгүүлнэ” олон нийт түүнийг л үзнэ. Ёслол хүндэтгэлийн гэмээр уйтгартай кино хийчихэд “Залуус түүхээ сонирхохгүй байна..” гэж албатай юм шиг зарим найруулагч ярих нь харамсалтай. Солонгос киноны “Тэ Жун” баатрыг бүгд мэдээд байдаг хэрнээ өөрсдийнхөө баатрыг мэддэггүй. Манай зохиолч, найруулагч нар өөрийгөө л “илэрхийлээд” байхаас биш үзэгчдээ ерөөсөө “тоохгүй” шахам. Энэ алдааг хамгийн түрүүнд “Бүү март” кинонд засчээ, уйдаж байгаа хүн нэг харагдсангүй, киноны төгсгөлд үзэгчид бүгд алгаа ташиж байна.

“Бүү март” киноноос муу талын баатар эхлээд хайв, ямар ч киноны онолд антогонист нь гэнэт, хүчтэй, эмоцитой гарч ирдэг. Эхний ээлжинд оросуудыг гэж бодлоо, биш байна. Манай нэг том дарга, юм уу болов уу? Тухайн үеийн “Номенклатур” /одоогийнхоор олигархи/ эсрэг дүр юм болов уу? Залуус үнэхээр л нийгмээ өөрчлөх гээд жагсаж байхад цэрэг, танк сумлаад л, Монголчуудаа байлдуулах гээд л. “Эсрэг дүр” нэг том генерал, юм болов уу? /Мягмарнаран гуай/. Энэ генерал антогонист юм байна, одоо л бүгдийг алаад өгөе гэхээр нь манай “протагонист” /эерэг дүр/ гарч ирээд зогсоох юм болов уу? Тян Ань Мин шиг танкаар арай хүн дайраагүй ч ямар нэг нууц түүх байсан юм биш биздээ? Үзэгчдэд “аймар юм” харуулах гэсэн кино юм биш биздээ? Арилжааны кино юмуу? Улс төрийн кино юм уу? Пиарын кино юм уу?... Аль нь ч биш, яг л бодит явдал харуулав. “Бүү март” бол түүхэн кино байна.

Ардчиллын түүх харуулсан учир Ю.Цэдэнбалыг эсрэг дүрээр гаргах болов уу гэж бодсон юм. Гэтэл ЗХУ –ын нэг гүйцэтгэгч гэрийн хорионд оруулаад гаднаас нь хаалга хааж, Ю.Цэдэнбал цонхны цаана хоцорч байна. Орос машинд, орос хамгаалалтанд, орос технологийн дор.. тэгээд анд нөхөртөө  гар даллаад,.. өөдөөс нь цэрэг ёсолгоо хийгээд хоцордог. Киноны хамгийн сэтгэл хөдөлгөсөн сцена. Үзэгчдэд ийм сэтгэл хөдөлгөсөн үзэгдлүүд их таалагддаг, “Бүү март” кино үнэхээр үзэгчиддээ зориулж хийсэн бүтээл гэдэг нь ийм олон жижиг чимхлүүр сценуудаас харагдав.

 “Чоно оо чоно...” г.м. одооны зүйр үг болчихсон соц үеийн киноны диалог /харилцан яриа/ -г Ванган гуай их бичсэн байдаг. Соц үеийн кинонууд чихэнд наалдаад, одооны кинонууд нэг их хиймэл санагдаад байдаг нь ерөөсөө л диалог шүү дээ. Ванган гуай өөрөө хөдөө гадуур явахдаа хүмүүсийн гэнэт гэнэт хэлсэн онч үгийг олзуурхаж жижиг цаасанд тэмдэглээд нэг хүүдийнд чулуудчихдаг, дараа цуглуулсан үгнүүдээ ширээнд асгаж, өөрөө хольж сольж хачирлаж кинондоо ашигладаг байсан тухай УДЭТ –ын нэг том найруулагч хуучилж байсан юм. “Бүү март” киноны диалог ч маш амьд, бодит болж. Бодит хүмүүсийн, хурлын протокол, материалуудаас диалог авсан тухайгаа зохиогч Ж.Мөнхбат хэлжээ. Баримт, уран сайхан хоёр сайн хосолсон нь нэгд үзэгчийг уйдаахгүй, хоёрт дэлгэцэнд гараад сар өнгөрөхөд бодит дүрүүд болон ах дүү хамаатнуудаас нь “түүх гуйвуулсан” тухай элдэв яриа үүсгээгүйгээс харагдлаа.

Монгол киногоо үзсэнгүй уджээ. Түрүүний асуултаа хайсаар л байв, эсрэг дүр нь хэн бэ? Ардчилсан хувьсгалын залуус уу? Улс төрийн товчоо юу? Ж.Батмөнх гуай юу? Оросууд уу? Цэрэг танк хөдөлгөдөг генерал уу? Ямар ч кино эсрэг дүр байхгүй бол олигтой явдаггүй. Холливуудын “Бөгжний эзэн” кинонд “харанхуйн хүч” гэсэн эзэн биегүй, барьцгүй ганц том эсрэг дүр байдаг. “Бүү март” киноны эсрэг дүрийг ч киноны төгсгөлд ойлгов. Эсрэг дүр нь тухайн үеийн нийгэм л юм байна, тухайн үеийн “харанхуйн хүч” л юм байна. Тэр эсрэг дүрийг дарах гэж “Бөгжний эзэн” кино шиг Монголчууд бүгдээрээ нэгдэж тэмцэж байгаа юм байна. Тэр тэмцлээс зарим нь хожиж, зарим нь алдсан. Ж.Батмөнх гуай өөрийн бүх албан тушаалыг зүгээр л тавиад өгчихсөн, оронд нь өөр нөхөр байсан бол бид одоо хойд солонгос шиг байх байсан ч юм билүү.

Эцэст нь, солонгос соёлын дайралтын эсрэг “Бүү март” шиг залууст түүх таниулсан дорвитой бүтээлүүд олноороо төрөөсэй гэж л..