Дархан манай мужаан улс...
Ойрдоо олимпийн алтан медаль авсан биш төрийн дуулал, далбаа тойрсон бөөн асуудал гарлаа.
Гадуур ингэж өгүүлэв. Үндсэн хуулийн өнөө бадаг Багабандийн үед солигдсон бол "Сахалтай төрийн минь сайхан сүлд юмуу, живэртэй төрийн жишиггүй сүлдэн" гэж засагдах байсан гэнэ. Түүнчлэн Очирбат гуайн санаанд төрийн дууллаа сэм засах санаа төрсөн бол "Бажгар төрийн бахим сүлдэн" болох нь гарцаагүй гэнэ. Дууллыг засах нь ч дүүрч. Нэг өглөө сэрсэн чинь төрийг минь өөрийг нь засаад хөнгөлөөд тайгалчихвий гэж залбирч байгаа мухар сүсэгтэн ч таарлаа. Ийм тохиолдолд төрийн сүлдэнд байгаа азаргыг засч морь болгох юмуу, ижил зүсмийн гүүгээр солих ажил ундрах бололтой.
Ингэхэд төрийн ёслолын албаныхны хэлж байгаагаар бол төрийн дууллын энэ бадгийг үе, үеийн Ерөнхийлөгч нар тухай тухайн үедээ нас биеийнхээ онцлогт тохируулан засч байхаар журамлах юм байна. Ер нь Энхбаяр гуай шиг хойно утга зохиолын сургуульд сурч шүлэг бичих дөрвөн арга заалгасан Ерөнхийлөгч дандаа тааралдаа ч уу, үгүй ч үү гэдгийг бас бодоогүй биш бодолцсон байна. Ухаандаа дараагийн ээлжинд атигар, намхан Ерөнхийлөгч гарвал төрийн дуулалд оруулах өөрчлөлтийг Зохиолчдын хороогоор хийлгээд хадгалчихсан нь монгол төрийн холч хараа гэлтэй. Тэнд байгаа хувилбар "Атигар төрийн минь атмаан сүлдэн..." хэмээн эхлэх бөлгөө.
Засвар ингээд дууссангүй. "Дархан манай хувьсгалт улс.." гэдэг мөрийн хувьсгалт хэмээх үгийг "хувьсгалт намын байр жилийн дараа шатах" тул улс үндэстний хийморьт муугаар нөлөөлөх магад хэмээн хасч байсан гэх. Оронд нь "Тусгаар" гэдэг үг авсан гэнэ. Бас ямар ч санаагаар юм бэ, бүү мэд "Дайсны хөлд хэзээ ч орохгүй" гэсэн ерөөлийн мөрийг хассан бололтой. Дайсны хөлд хэзээ мөдгүй орно гэж бодов уу, эсвэл бидэнтэй учрах дайсан хөлгүй байх ч учиртай юм уу? Оронд нь "Далай их дээдсийн..." гэсэн зүйл анги орсон байх нь. Аль далайг хэлээд байгаа нь ойлгомж муу. Зарим хүн Атлант, Номхон далайн нэр байх гэж таамаглаж байхад Хойт мөсөн далайг хэлсэн хэрэг гэж мэдэмхийрэх ч хүн байна. Тэр ч байтугай "Даашинхүүгийн пүүсийн данжаад Далай наймаагийн нэр ээ хө. "Дайсны хөлд хэзээ ч орохгүй" гэсэн мөрийг зүгээр нэг авч хаяагүй" хэмээн мэлзэх этгээд ч бас байна. За за, улс амьтны аль бурахыг тэр гэхэв.
Манай төр чинь хичнээн ч сүлдтэй юм бэ дээ. Бас хар ба цагаан сүлд гэж байна. Хавар болгон л төрийн хар сүлд цэнгүүлнэ гээд бөөн юм болдгийг санавал найр цаадам, шоу цэнгээнд нугасгүй нэг сүлд байдаг болтой юм. Найр цэнгээнд тийм л дуртай юм бол олимпод аваад явахгүй яасан юм бэ гэхээр тэр нь дайны сүлд юм гэнэ. Хятадад олимп болохын зэрэгцээ манай цэргүүд тэнд очиж байлдвал аваад явж болох нь л дээ. Нэг бол байлддаг нэг бол паартии хийж шоуддаг, үүнээс өөрөөр байдаггүй эд болтой юм аа.
Сая дуулахнаа төрийн хар, цагаан сүлдээ бүрэн ашиглах нэг арга олоод байгаа юм аа даа янз нь. Энэ хоёрыг Ерөнхийлөгчдөө өдөр тутам хэрэглүүлэх болж байгаа юм байна. Цагаан сүлд ч яах вэ. Хар сүлд төвөгтэй. Ерөнхийлөгч байнга нийллэг, банькаат хийх юм уу, аль нэг улстай байн байн байлдаад байж таарахгүй. Мөн хар сүлдээ хав дарчихаж бас боломгүй. Ийм байдлаас гарах аргыг манайхан олжээ. Гарц энгийн. Ерөнхийлөгч сайхан зантай байвал машиныхаа хамар(өөрийнхөө биш) дээр цагаан сүлдээ хийсгэж давхина. Харин гэрээсээ ууртай уцаартай гарвал хар сүлдтэй сүнгэнүүлнэ. Үнэн оновчтой шийдэл. Ерөнхийлөгч хар сүлдтэйгээ давхиж харагдвал хэн ч ажил хөөцөлдөхөөр орж юмаа нураалгахгүй. Харин цагаан сүлдтэй өдөр нь цөмөөрөө орж ажлаа бүтээнэ. Хүн бүрийн ажил бүтэж Монгол төр гацаанаас гарна.
Ингэхэд эхэлж ярьсан санаагаа мартаад дуусгачих гэж байна шүү. Төрийн дууллын эхлэлийг төгөлдөр болгоё гэвэл ".....хувьсгалт улс" гэсэн мөрийн өмнө "Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган... Хэнтий " гэж 21 аймгийн нэр орох болчоод байдаг. Ингээд хэвээр үлдээе гэтэл гар үйлдвэрийн артелийнхан гомдол гаргажээ. Тэд "Дархан гэдэг чинь аймгийн гэхээсээ төмрөөр юм хийдэг мэргэжлийн нэр. Монгол хүн Чингэсийн үеэс хоёр чиглэлээр үйлдвэрлэл хөгжүүлсний нэг. Энэ нэрийг оруулсан нь сайн боловч аж үйлдвэрийн нөгөө салбар болох модон эдлэлийн аж ахуйг мартсан нь гомдолтой гэсэн" гэсэн байна. Ингээд эхийг эцээхгүй, тугалыг тураахгүй гарц олсон нь "Дархан манай мужаан улс..." ажгуу.
2008.08.25
Хавсралт. Монгол Улсын төрийн дууллын ориг ба засварлагдсан эхийг http://zorigt.blogspot.com/2006/07/blog-post_17.html сайтаас авч дор нийтлэв. Тэнд Ц.Дамдинсүрэн ба Н.Энхбаярын эхийг зэрэгцүүлэн үзсэн байна. Саяхан манай Ерөнхийлөгч "Манайхан төрийн дууллынхаа үгийг цээжлэхгүй, их муу байна" гэхчилэн ярьсан нь цаанаа учиртай юм байна. Хүмүүс сая "олимпийн алт"-ын үеэр төрийн дууллаа хуучин үгээр нь дуулаад Ерөнхийлөгчийнхөө үгээр дуулахгүй байсанд манай төрийн тэргүүн юм санасан болтой юм билээ.
Төрийн дууллын үг наадмын өмнө шинэчлэгдчихэж. Нэг бадаг нэмэгдсэн байна. Гэхдээ зохиогч нь Ц.Дамдинсүрэн гуай гэж явах юм байна.
Төрийн дуулал
Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхжинө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Yндэс язгуур, хэл соёлоо
Yрийн үрдээ өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай
Харьцуулж үзэхэд амар гээд хуучин үгийг нь бас оруулчихъя. Харсан чинь миний нэр төрийн дууллаас "хасагдчихсан" байна ш дээ.
Дархан манай хувьсгалт улс
Даяар Монголын ариун голомт
Дайсны хөлд хэзээ ч орохгүй
Дандаа энхжиж, үүрд мөнхжинө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Зоригт Монголын золтой ардууд
Зовлонг тонилгож жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай