Сүүлийн арван жилд банкны зээлийн хүү жил бүр бараг хоёр хувиар буурч, харин хадгаламжийн хүү бараг нэг төвшинд тогтчихсон учир тэдгээрийн хоорондын зай ойртох тутам эдийн засаг мөнгөөр сэлбэгдэх нь ховордож, халуурч байна.

Уг нь бол хэвийн, эрүүл эдийн засагт энэ хоёр хүү ерөнхийдөө хамтдаа өөрчлөгдөх ёстой. Тогтвортой байгаа хадгаламжийн хүүгийн шалан дээр зогсож, улам бүр доошилж байгаа зээлийн хүүгийн дээвэрт даруулан шахуулж, амьдрах орон зай нь улам бүр давчуурч буй банкны салбар хамгийн ихээр халууран, чичирч байна. Монголд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн тоо 65 мянга гэх боловч тэдний зөвхөн хагас нь үйл ажиллагаа явуулж байгаагаас бараг 80 хувь нь хорь хүртэл хүн ажиллуулдаг гэж МҮХАҮ-ийн Танхим үзэж байна.

МУИС-ийн түүвэр судалгаанаас үзэхэд аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй компаниудын дөнгөж 40 хувь нь банкнаас зээл авсан байх юм. Бизнес хүү нь дэндүү өндөр учир зээл авах сонирхолгүй байдаг ажээ. Сарын хоёр хувийн хүүтэй, ганцхан жилийн хугацаатай зээл аваад хүүгийн хамт буцааж төлнө гэдэг бол үнэхээр амар биш. Монголын мөнгө маш үнэтэй учир эрсдэл даах чадвартай томоохон бүх компаниуд гадаадаас зээл авдаг болжээ. Зээлийн хүү хэт өндөр учир бизнес нь мөнгөний хомсдолд орж, саарал эдийн засаг улам бүр томсохын хэрээр банк бус санхүүгийн үйлчилгээ тэлж, тэдний зээлийн хүү сардаа 5-8 хувьд ч хүрч байгаа нь үүнийг тод харуулж байна. Монголын эдийн засгийн үндсэн хэсгийг бүрдүүлж байгаа жижиг, дунд үйлдвэрүүдэд өсөж томрох боломж үнэхээр алга. Зээлийн хүү буурахгүй байгаагийн цаана эдийн засгийн олон шалтгаан бий.

Тэдгээрийн дотроос хамгийн гол хүчин зүйлийг нь ялгаж хэлбэл нэгдүгээрт, хамгийн суурь шалтгаан нь болж байгаа хадгаламжийн хүүгийн шахалт, дараа нь инфляц, гурав дахь Монголбанк өөрөө юм. Хадгаламжийн хүү буурахгүй байгаагийн гол шалтгаан бол хадгаламж эзэмшигчид арилжааны банкуудыг өрсөлдүүлэн, илүү өндөр хүү амласанд нь хадгаламжаа шилжүүлэн байршуулдагтай холбоотой.

Өөрөөр хэлбэл зах зээлийн нийлүүлэлтийн зардал өндөр гэсэн үг. Нэгэнт өндөр үнэтэй хадгаламжаар гол хөрөнгөө татан төвлөрүүлсэн арилжааны банкууд түүн дээр үйл ажиллагааны зардлаа, эрсдэлийн өртөг, ашгаа нэмээд улам өндөр хүүтэйгээр зээл олгож, хөрөнгө шаардлагатай нэгжүүдэд нийлүүлж байна. Хөрөнгө илүүдэлтэй тал буюу хадгаламж эзэмшигчид хөрөнгөө өндөр ашигтай ч, өндөр эрсдэлтэй байршуулдаг. Хөрөнгийн зах зээл нь Монголд бараг байхгүй учир хадгаламжийн хүү нэг хэсэгтээ буурахгүй гэсэн үг.

Хөрөнгийн зах зээл бий болж хөгжиж чадахгүй байгаагийн гол шалтгаан бол хувьцаагаа гаргасан Монголын компанид итгэх итгэл байхгүй, тэдний гаргаж байгаа бүх мэдээллийн үнэн зөв гэдгийг баталгаажуулах механизм байхгүйд оршино. Энэ бол Монголбанкны үйл ажиллагааны хамрах хүрээнээс давсан асуудал. Банкинд хадгалуулсан мөнгө нь ядаж бодит инфляцаас илүүтэй өсөж байж л худалдан авах чадвараа хэвээр хадгалах учир хадгаламжийн хүү нь инфляцаас өндөр байх шаардлагатай.

Хадгаламжийн хүү буурахгүй байгаагийн дараачийн гол хүчин зүйл бол өсөж байгаа инфляц. 2000-2004 оны хооронд инфляц жилд дунджаар 6.5 хувь, харин түүний дараачийн таван жилд дунджаар 11.5 хувь болж өссөнийг Монголбанк мэдээлж байна. Инфляцыг өсгөж байгаа гол шалтгаан нь улам бүр данхайн томорч буй Засгийн газар.

Тэд татварыг ил далдаар өсгөн хувийн хэвшлийг хүндрүүлж, эсвэл ашигт малтмал олборлож буй компаниудаас урьдчилгаа төлбөр хүчээр авах замаар зардлаа нөхөж байна. Манай төрийн эрх баригчид улсын төсвийг улс орны макро эдийн засгийн бодлогыг удирдах биш харин сонгуулийнхаа амлалтыг хэрэгжүүлэх, улс төрийн нэр хүнд олох арга хэрэгсэл болгоод байна. Улсын төсвийн зардал гайхамшигтай хурдан өсөж, харин төсвийг захиран зарцуулах хариуцлага нь түүнээс хурдтайгаар алга болж байна.

Энэ жил төрийн төсвийн зардал нь банкны бизнест олгох зээлээс өндөр болж, төр бүх бизнесийг нийлүүлснээс том болох гэж байна. Эрх баригч хоёр намын элитүүд Үндсэн хуульд зөвхөн өөрсдөдөө ашигтайгаар өөрчлөлт хийж, хууль тогтоох үүрэгтэй Их хурлын гишүүд, бас гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрын сайд болж эхэлснээс хойш төр томрох, инфляц үргэлж өсөж байх нөхцөлийг бий болгосон юм. Хууль тогтоох, гүйцэтгэх, түүнийг хянах бүх тогтолцоог будилуулан хольчихсон учир хариуцлага хүлээх субъект алга болж, цөөхөн тооны хариуцлагагүй хэдэн этгээд юу дуртайгаа хуйвалдан хийх болсноос, үнийг зах зээлийн эрэлт, нийлүүлэлт огтлолцлоор биш, харин улс төрийн шийдвэрээр тогтоох болж, улмаар инфляцад ямар ч хяналт тавих аргагүй болгож байна. Инфляц бол төрийн эрхийг баригчид иргэдээ дээрэмдэж байгаа дээрэм юм. Хадгаламжийн хүү тогтвортой буурахгүй байгаагийн гуравдагч шалтгаан бол Монголбанкны бөөрөнхий бодлого.

Манайх шиг банкны хоёр тогтолцоотой буюу Төв банк нь өөрөө бизнес эрхэлдэггүй, мөнгөний бодлогоо барьж, арилжааны банкууд нь бизнестээ зээл олгодог улс оронд Төв банкны удирдлага Засгийн газраас үл хамааралтай, биеэ даасан бодлого явуулах ёстой. Гэтэл Монголбанкны удирдлагууд эрх баригч хоёр том намын улс төрийн хүчний жинг тэнцвэржүүлэхийг оролдсон төлөөлөл бөгөөд чухам тийм учраас зах зээлийн дохиог авмагцаа биеэ даасан, зохистой арга хэмжээг авч чадахгүй байгаа юм.

Монголбанкны удирдлагууд арилжааны бүх банкны хамгийн том зээлдэгчид хэн болохыг, зээлийн төлбөр яаж хийгдэж байдгийг хамгийн сайн мэдэж байгаа хүмүүс. Арилжааны банкуудын үйл ажиллагааг дуртай цагтаа шалгаж, алдаа дутагдлыг илрүүлж, холбогдох арга хэмжээг яаралтай авч чадах, авах ёстой албан тушаалтнууд. Арилжааны банкуудыг улс төрийн намуудын удирдлагууд эзэмшиж, тэд Их хурал, Засгийн газрын хамгийн гол шийдвэр гаргагч нэгэнт болчихсон учир далдуураа хамгийн их улстөржсөн банкны салбар яагаад хүүгээ өөрчилж чадахгүй байгааг Монголбанк хамгийн сайн мэдэж байгаа ч дуугарч хэлэх зүрх зориг байхгүй. Тэд бас бэлэн мөнгө тарааж байгаа улс төрийн хямдхан жүжгийн үр дагаврыг хамгийн түрүүн харж байгаа атлаа олон жил чимээгүй явж ирсэн. Харин сүүлийн саруудад жаахан жаахан дуугарч эхэлж байна.

Монголбанкны бодлогын хүү нь манайх шиг халуурсан эдийн засагтай орны хадгаламжийн хүүд нөлөөлж чадахгүй байна. Төв банкны мөнгөний бодлого зөвхөн банк хоорондын бага сага арилжаанд нөлөөлж, бодит эдийн засагт орж байгаа мөнгөний нийлүүлэлтэд ямар ч нөлөө үзүүлэхгүй байна. Зээлийн хүүг бууруулахын тулд дээрх гурван хүчин зүйлийг анхаарч, өөрчилж засах шаардлагатай бөгөөд шалтгаан тус бүр нь Монголбанк, төр засгийн холбогдох байгууллагуудыг дор бүрнээ ухаалаг, шударга ажиллахыг шаардаж байна. Хамгийн түрүүнд төрийн эрх баригч улс төрийн намуудыг хариуцлагатай байхыг шаардаж байна.

А.Эйнштэйн “Аль ч асуудлыг шийдэхийн тулд түүний бий болсон нөхцөлөөс нэг эрэмбээр дээгүүр сэтгэж бодох шаардлагатай” гэж хэлж байсныг санаж байна уу?.