Өмнөх нийтлэл

Манай улсад нэгэн үе төр дангаараа үүрдэг байсан эрүүл мэнд, боловсрол, нийтийн тээврийн салбарыг өдгөө хувийн хэвшлийн оролцоогүйгээр төсөөлөхөд бэрх. Эрчим хүч, төмөр замын салбар ч хувийн оролцоо сүүлийн жилүүдэд эрчимжиж эхэлсэн. Ер нь төр дангаараа хүчрэхээ больсон үед зарим ачаагаа хувийн хэвшилд үүрүүлдэг нь зүй ёсны шийдэл. 1990 онд ч зардлыг нь дийлэхгүй салбаруудаа төр хамгийн түрүүнд хувьчилсан. Сүүлийн үед нийгмийн даатгалын тогтолцоонд хувийн хэвшил оролцох тухай яригдаж, яг трээнд сэдэв болж байна. Төр энэ ачааг үүрч дийлэхээ больж эхэлсэний дохио юм. Энэ гэхдээ муу зүйл биш жам ёсны үзэгдэл юм. Ганц манайх биш, барууны орнууд ч 1970 –аад онд нефтийн хямрал нүүрлэж, санхүүгийн хүндрэлд орж, яах аргагүй нийгмийн даатгалын /social security/ салбараа төр даахгүйд хүрч, хувийн хэвшлийн оролцоог нэвтрүүлсэн түүхтэй. 

Гэхдээ нийгмийн даатгалын системд яг тогтсон сайн жор байдаггүй. Улс бүр өөр өөрийн бодлого хэрэгжүүлдэг. Авах шимтгэл, өгөх тэтгэвэр ч тэнгэр газар шиг. Шимтгэлийн хувь хэмжээ гэхэд л маш харьцангуй. Манай улс одоогоор 26 хувийн НДШ төлөхөөс 14.5 хувийг ажил олгогч, 11.5 –ыг нь ажилтан төлдөг. Японд харин НДШ 29 хувь байдгаас 15 хувийг компани, 14 хувийг ажилтан төлнө. ОХУ –д бол 30 хувийг бүгдийг нь байгууллага төлнө. Хөршүүдээс Хятад хамгийн өндөр 48 хувь байх ба 37 –г нь байгууллага, 11 нь ажилтан төлнө. Хүн ам цөөн, пост социалист Чех гэхэд 45 хувь НДШ –ийн 34 –г ажил олгогч, 11 хувийг ажилтан төлнө. Хөршүүдээс Солонгос хамгийн бага 19 хувь НДШ төлж 10 –ийг байгууллага, 9 –г нь хувь хүн хариуцна. АНУ, Канад бүр ч бага нийтдээ 15 орчим хувийг байгууллага, ажилтан тэнцүү хувааж төлөх жишээтэй /tradingeconomics.com/. Улс бүр харилцан адилгүй ч эндээс зарим зүйлийг анзаарч болно. Дээрхи улсууд бүгд яг ажилтнаас гардаг НДШ цалингийн 11 хувиас хэтрэхгүй, ихэнхи ачааг ажил олгогчид үүрүүлж байна. Нэг бодлын сайхан ч ажилтанд хуваарьлах ихэнхи мөнгийг ажил олгогч ба төр хоорондоо тохиролцоод л шийдчихэж байгаа хэрэг. Америк, Канад, Солонгос ахмадууд азтай учир бага төлж их авдаг гэсэн үг мэдээж биш, харин улсаас авах тэтгэвэр нь бага, хувийн тэтгэвэрийн даатгал сайн хөгжсөн л гэсэн юм. 

Хэдийгээр улс орнууд бүгдээрээ өөр өөрийн жор, бодлоготой ч асуудал нь бол яг ижилхэн. Швед гэхэд л одоо 61 байгаа тэтгэвэрийн насыг 2023 онд 63, 2026 онд 64 болгож сунгах шийд гаргаж эсэргүүцэлтэй тулж буй. Манай сонгуульд тэтгэвэр нэг халуун сэдэв байдаг шиг Америкийн сонгуульд ч тэтгэвэр, нийгмийн даатгал /social security/ нэг халуун сэдэв нь болдог. Бас тэтгэвэр гэдэг зөвхөн хэдэн хөгшчүүлийн амь зуулганы асуудал биш гэдгийг ч нийтээрээ ойлгосон байна. Манай улсын 350 мянган тэтгэвэрийн насныхан үнэндээ авсан мөнгөө буцаад шууд эргэлтэнд оруулдаг. Хар ухаанаар бодоход тэтгэвэрээ хав дараад суудаг хөгшин гэж байхгүй дээ, эд хогшил, хувцас, хүнс, ач нарын тоглоом, хүүхдүүдийн сургалтын төлбөрт зарцуулаад дуусдаг. Тэр утгаараа эдийн засгийг хөдөлгөж, худалдаа арилжааг тэтгэж буй маш масс нь тэтгэвэрийнхэн юм. Тэтгэвэрийнхэн дэлгүүр хэсэхээ больчихвол оюутнууд ажилгүй болцгооно шүү дээ. Иймээс ч улс орнууд тэтгэвэрийн системийг халамжийн бодлого биш хөрөнгө оруулалтын сан, эдийн засгийн хөшүүрэг гэж хардаг.

Эндээс дахиад нэг логикийн асуулт ургана, зүгээр л мөнгөө хуримтлуулаад явж болохоор байхад тэтгэвэрийн даатгал заавал юунд хэрэгтэй гэж? Хүн гэдэг амьтан компютер биш, цусан зүрхтэй амьтан хойно дандаа логикоор асуудалд ханддаггүй. Жишээ нь Монголд хувиараа НДШ төлдөг маш олон хүн бий, уг нь хадгаламжинд хийвэл бас л өснө шүү дээ, магадгүй ирээдүйд авах тэтгэвэрээс ч их өснө, гэхдээ тэгдэггүй. Хувиараа нийгмийн даатгал төлж буй ихэнхи Монгол хүн хадгаламжинд хийчихвэл өөрөө нэг өдөр тэсэхгүй аваад идчихнэ дээ гэж эмээсэн хар зөнгөөрөө л нийгмийн даатгалд мөнгө төлж байгаа. Энэ бол цэвэр монгол хүний иррациональ шийдвэр, өөрийнхөө логикгүй гэдгийг мэдсэн учраас гаргаж буй хамгийн логиктой шийдвэр, нүүдэлчний амьдрах зөн. Харин эсрэгээрээ Солонгос, АНУ, Канадад хувийн тэтгэвэрийн даатгал нь хадгаламжийн хүүнээс илүү өгөөжтэй учир хүмүүс тийшээ мөнгөө хийдэг. Хадгалуулсан мөнгө урт хугацаатай байх тусам л хүү, өгөөж өндөрсөх онол номтой юм уг нь бол. 

Бас нэг чухал асуудал бол барууны орнуудад 100 хүнээс 90 төгрөг тэтгэвэрийн шимтгэлд аваад 9000 болгож хуримтлууллаа гэхэд төр нь ч бай хувийн хэвшил нь ч бай урт хугацаандаа 9999 болгож өсгөөд, эргээд өнөө 100 хүндээ 99.99 төгрөг болгож өсгөж өгдөг юм. Харин манайх 9000 төгрөгөө өсгөх байтугай заримыг нь найдваргүй банканд хадгалуулаад алдчихаж байна. 9000 –г цуглуулаад 9999 болгох нь угтаа төрийн ч, хувийн ч аль аль нь шийдэж дөнгөх ажил. Манай одоо хийж буй улс төр бол Төр нь энэхүү 9000 –ыг 9999 болгож өсгөж чадахгүй учир ядаж зарим хэсгийг нь хувийнхан аваад өсгөж өгье л гэсэн санаа яваад байгаа. Швед, Японд төр нь өөрөө 9000 –г 9999 болгож өсгөж чаддаг учир хувийнхан нь арай өөр зүйл сэтгэдэг. Хувийнхан төрөөс юугаараа гол ялгарах вэ? Хувийн хэвшил танд олон янзын сонголт өгдөг юм. Жишээлбэл А ба Б хоёр төрлийн тэтгэвэрийн үйлчилгээ байжээ, та хоёуланд нь 90 төгрөг өгөөд 10 жилийн дараа тэтгэвэртээ гараад өсгөж авах гэрээтэй. 

А –д даатгуулбал: 99% магадлалтай 101 төг авах. 1% магадлалтай хоосон хоцрох .

Б –д даатгуулбал: 99% магадлалтай 100 төг авах. 1% магадлалтай 99 төг авах.

Аль нь арай сэтгэл татаж байна вэ? Аль нь сэтгэлд амар, арай хүнлэг вэ? Адилхан л 9999 төгрөг хуваарилж байна. Харин яг одоогоор манай улсын НДШ бол 90% магадлалтай 90 төгрөгөө буцааж авах, 10% магадлалтай хоосон хоцрох гэсэн сонголттой байгаа. Гэхдээ төрд мэдээж давуу тал бий. А, Б компани дампуурах эрсдэлтэй бол төр яаж ийгээд л хэдэн юм өгнө, шударга байх хэрэгтэй. Аан харин 9999 хуримтлуулаад бүгдэд нь 200% магадлалтай 300 төгрөг өгч, үр ач нарт нь 400 өвлөгдөх маягийн юм яриад байвал тэр сүлжээний луйвар шиг худлаа поп яриа шүү. А ба Б компаний ялгааны талаар, Монголд аль нь А, аль нь Б болох талаар дараа яримз.