“Ярилцъя” булангийн энэ удаагийн зочноор Монгол Улсын гавьяат жүжигчин Т.АРИУНАА уригдлаа.

-Тантай уулзаагүй уд­сан байна. Ажил, амьд­рал… бүх зүйл сайн биз дээ?

-Тийм ээ. Сайн байгаа. Уран бүтээлээ хийгээд л урьдын адил явж байна.

-Та дуурийн театрт тог­лох болжээ. Том зориг гаргасан байна. Агуу их Х.Уртнасан, эдүгээн их дуучин Б.Жавзандуламын тайз шүү дээ?

-Дуурийн театр бол үнэ­хээр их урлагийн ариун сүм. Агуу том дуучдын тайз. Би энэ театрт тоглох бол­сондоо үнэхээр баярлаж байгаа. Намайг мэргэжлийн дуучны маань хувьд энд тоглох эрхийг олгож, зөвшөөрлөө өгсөнд маш их талархаж бай­на. Энэ тайзан дээр дуулахад дуучин хүнээс асар их ха­риуцлага шаардагдах нь тодорхой. Хамгийн нэгдү­гээрт, би дуучныхаа мас­терство-г харуулахыг зорьж байгаа. Хоёрдугаарт, энэ удаагийн тоглолт урьд нь ми­ний тавьж байсан шиг шоу хэлбэрийн тоглолт биш. Мю­зикл, жааз болон поп бүтээ­лүүдийг хослуулсан тоглолт байх юм. Ерөнхийд нь базаж хэлэхэд дэлхийн урлагийн одоогийн явж байгаа чиг хандлага, тэр түв­шин рүү чиглэсэн тоглолт тавих гэж ажиллаж байна. Тийм учраас би Дуурь, бүжгийн эрдмийн театрыг сонгосон. Тоглолтын маш олон төрөл байдаг. Гадны том том дуучид тэр төрлүүд дээр гарч ирж хувьсч, тэр чинээгээрээ маш олон хэл­бэрийн тоглолт тавь­даг л даа. Маш цомхон үзэгчдийн хүрээнд, өндөр зэрэглэлийн өртөгтэй ийм хэлбэрийн тоглолтыг би гоцлол дуучин хүнийхээ хувьд өмнө нь хийж байгааг­үй. Энэ удаа хийхээр ший­дээд, бэлтгэл ажилдаа ороод явж байна. Олон жил бодож, мөрөөдөж явсан тог­лолт бо­лохоор энэ сонголтыг хий­лээ. Энэ теат­рын эзэнтэй нь уулзаж, энэ театрын хү­мүү­сээс зөв­шөөрлийг нь авс­ны үндсэн дээр шийд­вэрээ гар­гаад, бэлтгэл ажлаа хий­гээд явж байна.

-Эзэн гэдэг тань хэн би­лээ. Би сайн ойлгосонгүй?

-Энэ театрт ажиллаж амь­­дардаг урлагийн зүтгэлт­нүүд. Алдарт Б.Жамъяндагва гуай байна, Б.Сэргэлэн за­хирал байна. Д.Баатар дарга байна. Бусад уран бүтээлчид нь байна. Тэд эзэн нь шүү дээ.

-Та удирдлагуудаас нь зөв­шөө­рөл авсан юм байна. Та бол поп дуучин. Дуурийн дуу­чид таныг тайзан дээрээ гар­гах дургүй байх шиг. Тэр “ямаа” яаж дуурийн тайзан дээр дуулах юм бэ гэж хаш­гирч байгаа сураг сонсогд­сон?

-Би сонссон. Надад Ариунаа эгчээ таныг дуурийн театрын тайзан дээр дуулна гэдэгт олон хүн дургүйцэж байгаа юм байна гэж өчигдөрхөн хүн хэлж байна лээ. Би баярлаж байгаа. Олон хүн дургүй­цэх тусам би энэ театрт тоглолтоо тавина. Ер нь юу ч хийдэггүй, ерөөсөө хөдөлмөрлө­дөггүй, огт шинийг эрэлхийлдэггүй хүмүүс л юм хийж байгаа хүнийг шүүмжилж, гоочилж, үгүйсгэж байдаг байхгүй юу. Үгүй, тэгээд яахав дээ намайг ямаа гэж байгаа бол тэгж л бай­хаас. Өнөөдөр тэр саарал ордонд улстөрчид ямаанаас болоод бөөн л асуудал дэгдээчихээд сууцгааж байна. Дуурийн театрын ягаан ордонд бас нэг ямааны тухай хэрүүл дэгдвэл дэгдэхээс дээ.

-Мэдээж дуурийн театрын акус­тик таны гол татагдаж байгаа хүчин зүйл байх. Ха­рин энэ тоглолтоороо хэлэх гээд байгаа гол зүйл тань юу вэ. Та дуурийн театрын тай­зан дээр гарч байгаагийн хувьд ядаж нэг ари дуулах уу. Эсвэл тоглолт тань бүтнээ­рээ музикл байх юм уу?

-Хамгийн гол юм акустик. Та голыг нь олж харжээ. Гэхдээ энэ теат­рын тайз, театрын өөрийнх нь орчин бас чухал шүү дээ. Агуулгын хувьд дуучин Ариунаагийн концерт гэсэн л бусдаас ялгаатай онцлогийг харуулах. Ариунаагийн гэх онцлог л тэнд мэдрэгдэнэ. Мэдээж би дуурийн театрын тайзыг мэргэж­лийн дуучин хүнийхээ хувьд хүн­дэтгэж тодорхой хэмжээний бүтээл сонсгоно. Надад төлөвлөж байгаа зүйл бий.

-Тийм байх л даа. Түүнээс биш дуурийн тайзан дээр “Хуучраагүй жийнс”-ийг дуу­лаад гараад ирвэл бөөн шуугиан болно биз дээ?

-Ер нь би өөрийнхөө бүх шилдэг дуунуудыг дуулна шүү. Гэхдээ шинэчилсэн найруулгаар. Гол нь тэнд миний дуучны мастерство л харагдах ёстой.

-Ингэхэд танай рок попынхон өөрсдийн гэх зах зээлээ хад­галж чадаж байгаа юу. Нэг хэсэг нийтийн дуучдад түрэг­дээд байна гэх шүүмжлэл цухалзаад байсан?

-Рок поп урлаг гэдэг өөрөө ямар ч цагийн аясанд арчигддаггүй урлаг юм шүү дээ. Асар хүчтэй урлаг. Би таны асуултыг ойлгож байна. Энэ тухай яригдаж, бичигдэж байсан. Миний хувьд, миний зах зээл дээр ийм зүйл мэдрэгдээгүй. Бусдын хувьд яасныг би мэдэхгүй.

-Ариунаа, танд Монгол Улсын гавъяат жүжигчин гэдэг цол яг юу авчирсан юм бэ?

-Ний нуугүй хэлэхэд энэ шагна­лыг аваад би айж байсан л даа. МУГЖ гэх шагнал надаас цааш нь юу хийхийг шаардах бол гэх уран бүтээлчийн түгшүүр надад байсан. Надад нөгөө талаас нэг насны намба нөмөргөчих шиг сонин мэдрэмж төрөөд байсан л даа.

-Ер нь л нэг тийм хөгшин цол, тийм ээ?    

-Тэр ч тийм шүү. Гэхдээ ингэж хэлж яах юм бэ. (инээв) Гэвч энэ цолыг надад өгөхдөө чи одоо энэ өдрөөс хойш ардын дуунууд дуулна шүү, эсвэл уртын дуу руу орно шүү гэж өгөөгүй байх гэж би бодож байна л даа. Зүгээр би энэ цолыг хүртээд уран бүтээлчийн хувьд цаашид юу хийнэ дээ л гэж шаналж байсан. Сүүлд тайвшраад Ариунаа чи яах гэж өөртөө ингэж хүнд ачаа үүрүүлж, өөрийгөө үргэлж зовоож байдаг юм бэ гэж бодсон.

-Мэдэхгүй, та нар тэр тэмд­гийг аваад л МАХН-ын суртал­чилгаанд зориулсан утгагүй дуунуудыг бадаг бадгаар нь хувааж дуулдаг болчих шиг болсон ш дээ. Яг энэ ажил тань нийгэмд юу өгч байгаа юм бэ. Дуучны хувьд таны уран бүтээлийн түүхэнд юу өгч байгаа юм бол?

-Аливаа юмыг олон талаас нь л харах ёстой. Би танд нэг үг хэлье. Уран бүтээл үлддэг юм. Дуу үлддэг байхгүй юу.

-Уран бүтээл гэхээсээ илүү үзэл суртал гэж харагддаг?

-Дуун дээр үзэл суртал явагдах­гүй байгаа байх гэж би бодож байна. Дуу маань өөрөө уран бүтээл шүү дээ.

-Тэгвэл хувьсгалт намд ямар ашигтай юм бэ?

-Тэдэнд юу хэрэгтэй вэ гэхээр МАХН тэр уран бүтээлийг ивээн тэтгэж байна, тэр олон дуучдыг нэгт­гэж дуулуулж чадаж байна гэд­гээрээ харагдах нь л хэрэгтэй байгаа байх. Тэр дууг дуулуулж байна. Тэр дуучдад үнэ төлж байна. Клип хийлгэж байна. Үүгээрээ нам урлагт хөрөнгө оруулалт хийж байна гэдгээ илэрхийлж байгаа байх. Нөгөө талаар тэр дуу өөрөө ард түмнийг эв нэгдэлд, амар тайванд, эх орноо хайрлах хайранд уриалан дуудаж байдаг. Энэ нь тухайн намын нэг бодлогоо түгээх арга байж болно шүү дээ.

-Та гавъяат жүжигчин болоод сэтгэл зүйн хувьд өөртөө их өндөр даалгавар өгч байсан юм байна. Гэхдээ сүртэй юм аа. Үнэндээ жолооч нарын ка­бинаас сонсогдож байдаг до­лоо найман нийтийн дуу дуул­чихсан дуучид л авчих­сан байдаг цол шүү дээ. Ха­рин Ариунаа, Сараа хоёр дээр асуудал байгаагүй?

-Үнэхээр янз бүрийн шалгуур хөндсөн яриа хөөрөөнүүд ард түмний дунд явдаг. Миний хувьд Монгол Улсын гавъяат жүжигчин гэдэг цолны тэр эрэмбийг, тэр зиндааг хамгаалах үүрэг л надад ирсэн. Би бас тэнгэрийн дор төрж, төрийн дор өсч хүмүүжсэн монгол улсын иргэн хүн. Тэр үүднээсээ би өөрийнхөө амжилтыг үнэлсэн төрийн үнэлэмжинд хүндэтгэлтэй ханддаг. Таны наад тэмдэг гээд бай­­гаа үг надад таалагдахгүй бай­на. Нөгөө талаас болсон болоогүй дуучдад зүүгээд өгчихдөг гэдэг яриа явдаг л юм билээ. Гэхдээ энэ миний хэрэг биш шүү дээ. Тусдаа урлаг судлал, урлагын шүүмжлэлд хамаатай асуудал.

-МУГЖ цолоо хамгаалах тог­лолт хийнэ гэж та нэг удаа ярьж байсан. Тэр үед би та чинь юу яриад байна вэ. Таны 16 наснаасаа эхлээд урлагт зүтгэсэн 20 жилийн тань хө­дөл­мөрийг үнэлсэн хэрэг биш юм уу гэж асууж байсан. Тэр хамгаалалт одоо дууссан уу?

-Дуусаагүй. Цаашдаа ч хамгаа­лах болно гэж бодож байна. Нэг удаагийн концерт тавиад ч юм уу, нэг удаагийн том уран бүтээл хий­гээд хамгаалаад гарчихлаа гэж үзэж болохгүй л дээ. Би уран бү­тээл­чийнхээ хувьд хамгаалж бай­гаа, би үүндээ хариуцлагатай байх юмсан гэж хичээж явах нэг хэрэг. Ард түмэн л Ариунаа энэ цолыг хамгаалж чадсан уу гэдэгт хариу өгнө шүү дээ. Би өөртөө дандаа хариуцлага тооцож амьдарсан. Мэдэхгүй, яагаад ч юм би ийм.

-Ер нь дуучин болно гэдэг танд хэзээ ирсэн зорилго юм бэ. Таныг хүүхэд байхдаа таа­руу сурдаг байсан л гэж сонс­сон?

-Би тийм ч мундаг сурдаг хүүхэд байгаагүй ээ. Би маш их оролдлого­той хүүхэд байсан байхгүй юу. Багш нар маань миний тэр их уйгагүй оролдлогыг үнэлж гурав тавьмаар байсан ч дөрөв тавьдаг байсан. Би онц сурдаггүй ч гэсэн авъяастай хүүхэд байсан. Багш нар маань намайг тас тас инээсэн сэргэлэн хүүхэд байсан гэж хэлдэг. Би болохоор өөрийгөө их даруухан охин байсан гэж боддог. Арван жилд байхдаа би дуучин болно гэж боддоггүй байсан. Би сэтгүүлч болохсон гэж хүсдэг байсан. Эсвэл жүжигчин. Гэхдээ хүүхдийн хүсэл мөрөөдөл байнга өөрчлөгдөж байдаг шүү дээ.

-Уралдаант шалгалтад та ямар хувиар дээр өрсөлдөж байсан бэ?

-Яг аравдугаар анги төгсөхдөө сэтгүүлчийн ангид орохыг хүсч байсан ч би чадаагүй л дээ. Тэгээд драммын театрт очиж шалгуулж байсан юм.

-Тэгээд?

-Тэнцээгүй. Тэр үед манай энэ Л.Өлзийхүү,И.Одончимэг, Б.Энх­туул эд нар шалгалт өгч байсан. Бүгд гоё жүжигчид болсон л доо. Намайг дуучин болох ёстой гэсэн энэ зам руу яг хөтөлж оруулсан хүн бол манай аав юм. Миний охин дуучин бол. Чи чадна. Авъяасаа л хөгжүүлэх ёстой гэдэг байсан.

-Л.Галмандах багшийн тань нөлөө их үүрэгтэй байсан юм болов уу гэж бодож байсан?

-Тэр бол мэдээж. Яг дуучны мэргэжлийг сонгоход нөлөө үзүүлсэн гэдгээр би хэлж байгаа юм. Галаа багш бол миний хүүхэд ахуй насанд авъяасыг маань нээж, дуунд дурлуулж өгсөн хүн бол яах аргагүй мөн.

-Анхны дуу тань яг юу байсан юм бэ?

-Хүмүүс “16 нас”-ыг гээд байдаг юм. Анхны дуу маань “16 нас” биш л дээ. Тэрнээс өмнө би “Нарны дуулал” хамтлагт олон дуу дуулж байсан. Олон түмэнд танил болго­сон анхны дуу маань бол “16 нас”. Миний хамгийн анх дуулж сурсан дуу бол “Машина времен” гэдэг хамтлагийн “Цаг хугацаа харвасан сум шиг хурдан өнгөрдөг” гэдэг дуу байсан юм. Би энэ дууг гитартай анх дуулж, тэр үед намайг манай сургууль дээр аягүй олон хүүхдүүд таньдаг болж байлаа.

-Та “Би чамд хайртай” киноны анхны хайрын дууг дуулсан. Гэхдээ яг кинонд нь өөр хүн дуулсан. Тухайн үед үнэхээр хит болж байсан дуу шүү, тийм ээ?

-Кинонд нь манай Оюун-Эрдэнэ дуулсан. Дуулаад тун удаагүй байхад нь би “Соёл эрдэнэ” хамт­лагт дагалдан дуучнаар орсон. “Соёл эрдэнэ” анхны хайрын дууны хөгжмийг тоглосон байсан байхгүй юу. Тэгээд л би анхны хайрын дууг дуулах болсон. Тэр зөвшөөрлийг Н.Жанцанноров гуай авторын хувьд надад өөрөө өгч дуулуулж байсан. Надад ирж байсан том том зөвшөөрлүүдийн нэг нь энэ байх.

-Ингэхэд Болгарын консерва­торт та ямар шалгуураар явсан юм бэ?

-Яг шалгалтыг нь өгөөд явсан. Олон хүүхэд шалгуулсан. “Соёл эрдэнэ” хамтлагт ороод жилийн дараа би Болгарын хөгжмийн кон­сер­в­аторт явж байсан. Тэр том сур­гуульд зургаан жил суралцсан даа. Төгсөөд Югославт нэг жил дуулсан. Уг нь би Италийг мөрөө­дөж байсан. Даанч виз нь бүтээгүй юм.

-”Би чамд хайртай” киноны дууг Болгарт нэг баян хүн шө­нөжин дуулуулж байсан гэ­дэг. Та мөнгө олох гэж баа­ранд дуулж байсан юм уу, ур чадва­раа хөгжүүлэх дасгал бол­гож дуулдаг байсан юм уу?

-Аль аль нь байсан. Тухайн үед бидний амьдрал ч бас тийм сайхан байгаагүй шүү дээ. Ээж аавынхаа явуулсан мөнгөөр, оюутныхаа ба­гав­тархан стипентээр л амьдардаг байсан. Яахав бага сага жижигхэн наймаа хийнээ. (инээв) Миний хувьд энэ маягаар удаан амьдраа­гүй л дээ. Наймаанд чинь их авъ­яас хэрэгтэй. Хичээлийн хажуу­гаар амжихгүй байсан. Аз болж миний мэргэжлийн багш сайн хүн байсан. Багшийнхаа ачаар болга­рын нэг хамтлагтай танилцлаа. Тэгээд зуныхаа амралтаар би Югославт гэрээгээр ажиллахаар явсан. Тэр үед тохиолдсон явдал л даа. Нэг оройн турш би тэр хүний өмнө анхны хайрын дуугаа дуулсан. Ганцхан тэр хүний өмнө л дуулна. Яг тийм түвшний шөнийн клубын хөгжил манайд одоо хараахан орж ирээгүй байгаа л даа. Нэг Югослав, нэг Болгар дуучин бид гурав гэрээ­гээр ажиллаж байсан юм. Тэгээд тэр монгол дуучных нь тэр дууг сонсмоор байна гээд л захиалгаа өгнө шүү дээ. Зарчим нь тодорхой, гэрээ нь тодорхой.

-Хэл, соёл нь тэс өөр хүний өмнө анхны хайрын дуугаа тэр олон цаг дуулахдаа сэт­гэл­дээ юу харж дуулах вэ?

-Монголоо л харж дуулна шүү дээ.

-Тийм үү. Анхны хайрын дууг бүр анх өөр шалтгаанаар дуул­­сан л гэж сонсч байсан юм байна?

-Ямар?

-Анхны хайраас болж сэтгэл­дээ хөнгөн шарх аваад, тэ­рий­гээ анагаах гэж тэр дууг дуулсан гэж ?

-Магадгүй. Гэхдээ сэтгэлийг цаг хугацаа л эмчилдэг шүү дээ. Тэр цаг хугацаа Югославт өнгөрсөн байж ч болох юм.

-Тэр анхны хайрын эзэн одоо харамсдаг болов уу. Та ер нь уулзсан уу?

-Үгүй ээ. Би уулзаагүй маш олон жил болж байна. Харамсдаг эсэхийг би мэдэхгүй.

-Түүнийг циркт ажилладаг байсан гэж сонссон?

-Тийм ээ. Үнэн.  

-Болгариас ирээд та гайхал­тай шаргуу ажилласан. Нэг их удалгүй рок попын хаалгыг цөм өшиглөөд ороод ирсэн. Харин одоо та яг ямар шатан дээр зогсч байна гэж хэлэх вэ?

-Би өөрийнхөө хүсч мөрөөдөж, хийнэ гэж төлөвлөж байсан тоглол­туудынхаа хагасыг нь бол хийчих­сэн гэж бодож байгаа. Бас би мэргэжлийн дуучин хүний түвшинд ажиллаж, амьдарч чадаж байгаа гэж бодож байна. Би Ариунаагийн гэх орон зайг бий болгож чадсан. Үүний тулд би хатуу зарчим, хатуу хариуцлага тээж амьдарч ирсэн шүү. Хүмүүс үгүйсгэхгүй байх. Би маш их хөдөлмөр, хөлс хүчээр бүтсэн үнэ цэнэтэй шатан дээр зогсч байгаа л гэж хэлнэ.

-Улаанбаатарт тантай учир­сан хамгийн анхны дуу юу бай­лаа. Мэдээж мэргэжлийн дуучин болоод ирсний дараа шүү дээ?

-Ирээд дуулсан хамгийн анхны дуу маань “Амласан хайр”. Үнэ­хээр янзтай дуу. Тухайн үед на­майг мэр­гэжлийн дуучны хувьд бас нээж өгсөн дуу шүү дээ. Маш хүнд дуу. Одоо би тэр дуугаа яг тэрэн шигээ дуулж чадах болов уу, яах бол. Их дээгүүр дуу­лагд­даг, их өргөн цар хү­рээтэй дуу шүү дээ.

-Амласнаа мартаж өрөөлийг хайрласан… гээд л. Үг нь ч гоё?

-Үнэхээр гоё. Бас л анхны хай­рын тухай дуу шүү дээ.

-Бас “Талын цэцэг” гэж нэг дуу байдаг. Таны эрос имиж зүүхийн өмнөх түрлэг болсон дуу?

-”Талын цэцэг”, “Утасны чинь ду­гаар”, “Чамайг баяртай гэж хэлж ча­дахгүй”, “Хайрыг минь чи сонс” зэ­рэг дуунууд бол миний “Эрос 1” цомогт орсон дуунууд. “Эрос 1” цом­гийн бүх дуу хүмүүст хүрсэн. Тухайн үед гай­хамшигтай амжилт авчирсан.

-”Эрос 1" цомог гараад л та­ныг бөөн дуулиан тойрох бол­сон. Ариунаа дотоожгүй тайзан дээр гарлаа, Ариунаа таалагдсан за­луутайгаа хаа ч секс хийж чадна гэж мэ­дэгд­лээ гээд л. Энэ цом­гийн арын амьдралд яг юу юу болж байсан нь сонин?

-”Эрос 1" тоглолтыг аав маань яг ивээн тэтгэж өгсөн юм шүү. Цом­гийг гар­гахад бас “Монро импекс”-ын У.Улам­баяр агсан туслаж бай­сан. Тог­лолтыг тавихад эдийн зас­гийн гол хө­шүүрэг нь бол аав маань байсан. Ажил­лаж байсан компани нь хувьч­лалд ороод нэг их удаагүй бай­лаа. Ер нь өөртөө байсан ба­раг сүүлийнхээ мөнгийг надад өг­сөн юм шиг одоо бодогддог юм.

-Мэдээж охиноо мэргэжлийн том дуучин болж ирээд тог­лол­тоо тавьж байхад аав тань их баярлаж байсан байх?

-Тэгэлгүй яах юм бэ. Бөөн баяр болж байсан.

-Гэхдээ дуулж байсан дуу­нуу­дыг тань яаж хүлээж авч байсан бол?

-(инээв) Би өөрөө их нээлттэй хүн шүү дээ. Хийнэ л гэсэн юмаа аав­даа хэлж байсан. Аав маань нэг их юм хэ­лээгүй. Гэхдээ би ту­хайн үед аймаар нүцгэлж барьж бай­сан ч юм уу, тийм айхтар хурц алхмууд бас хийж байгаагүй шүү дээ.

-Ер нь та нүцгэлж байгаагүй л дээ?

-Харин тийм.

-Таны бие тийм тийм их “ду­таг­далтай” юм уу. Эрос дуучны хувьд байх л алхам шүү дээ?

-Нүцгэлэх нь тийм чухал байгаа юм уу, ингэхэд дуулах нь чухал юм уу.

-Та монголын рок попд эрх чө­лөө авчирсан. Эротик дуу­нуу­дыг анх дуулж байсан. Тэр бит­гий хэл төрсөн өд­рийн­хөө баяр дээр эр билэг эрхтэн хэлбэртэй бялуу хүр­тэл хүлээж авч бай­сан. Бас тай­зан дээр хамгийн анх унт­лагын ор засч байсан. Эд­гээр алхмуудын дотор нүц­гэлэх л байгаагүй?

-Намайг эрос гэж нэг хэсэг нэр­лэж байсан. Миний цомгийн тэр нэрийг тоглолтон дээр хамтарч ажил­­лаж байсан найруулагч маань л өгсөн шүү дээ. Тэрүүгээр маань намайг нэрлээд явчихсан болохоос би тайзан дээр тийм ил задгай хувцаслаж бай­гаагүй шүү дээ. Эрх чөлөөтэй, ил зад­гай хув­цас­лалтаар би ерөөсөө үзэгч­дийг татах гэж оролдож байгаа­гүй. Ми­ний хийсэн уран бүтээлээр маань л үзэгчид намайг хүлээж авч байсан.

-Одоо тэр үеэсээ ингэтэл бол­гоомжлох хэрэг байгаа юм уу. Яагаад та ингэж яриад байгаа юм бэ?

-Одоо үзэгчдийн өмнө нүцгэ­лэх тийм сонирхолтой биш байх гэж би бодож байна. Анхнаасаа би тийм задгай байгаагүй учраас.

-Гэхдээ та дотоожгүй тайзан дээр гарч л байсан шүү дээ. Тийм нэг кадр байдаг биз дээ?

-Тэр чинь нэг сэтгүүлч намайг дотоожгүй болгоод л харчихсан яв­­дал л даа. Дотоожгүй юм шиг ха­рагд­чих­сан л кадр. Би их богино­хон мини юб­ка­тай гарч байсан. Одоогийн залуу­чуудын шийдлийн дэргэд бол миний тэр үеийн хув­цас­лалт хамгийн энгийн л байсан байдаг байхгүй юу.  

-Мадонна эд нар бол бараг нүц­гэн гарч ирж л байсан. Та юу нь болохгүй гэж. Жишээл­бэл бид энэ ярилцлагыг uptown сэтгүү­лийн урилгаар хийж байна. Өм­нө нь бууд­ла­гын тамирчин эмэг­тэйн хагас нүцгэлсэн зураг та­вигдсан бай­сан. Та энэ ярилц­лагад зо­риулж ямар зурагнууд ава­хуулсан бэ?

-Би өөртөө зохидог л хувцас­нуу­даа өмсч зургаа авахуулсан. Өм­нө нь би яг сэтгүүлд зориулсан зураг ава­хуулж байгаагүй юм би­лээ. Сэтгүүлд ярилцлага өгч бай­сан. Харин яг сэт­гүүлд зориулж зу­раг авахуулж бай­гаагүй. Гэхдээ аль болохоор өөрийн­хөө гоё талыг харуулах юмсан, гоё эмэг­­тэй­лэг харагдах юмсан гэж хи­чээ­­сэн. Миний өмнө нь авахуулж бай­сан зурагнуудаас ялгаатай зураг­нууд болсон гэж би бодож байна. Нүцгэн авахуулахаас би айхгүй л дээ. Яагаад болохгүй гэж.

-Одоо оройтсон байлгүй дээ?

-Яагаад оройтсон гэж. Би одоо ч гоё харагдаж байгаа биз дээ. Та яагаад тэгж хэлж байгаа юм бэ. Аягүй сонин юм аа. Өнөөдөр 40 нас хүрч байгаа эмэгтэй хүнийг би хамгийн гоё насан дээрээ байгаа гэж хэлнэ. 40 насыг яагаад хөгшин нас гэж яриад байгааг би ерөөсөө ойлгохгүй байна. Би үүнтэй ерөө­сөө эвлэрэхгүй. Харин бид одоо илүү тэмцэх ёстой. Би дуу­чин бол­сон цагаасаа эхлээд тарга­лалт­тай тэмц­сэн. Намайг жаахан л таргал­ахад Ариунаа жирэмсэн байна гээд хэв­лэлээр шуугиад эхэлдэг. Тэгэ­хээр нь би за, үзэгчид намайг тар­ган бай­на гэж харж байна гээд илүү их өөртөө анхаарал тавьж эхэлдэг. Их ч эмзэг хүлээж авдаг. Би өөрийн бие даа­сан тоглолт дээ­рээ хэзээ ч 10 кг тар­галчихаад ч юм уу гарч байгаагүй. Тог­лолт болгон дээрээ би формтой байдаг.

-Одоо та хэдэн кг хассан бай­гаа вэ?

-Би хагас жилийн дотор зур­гаан кг 500 гр хаслаа. Гэхдээ бус­дын адил эм ууж тураагүй. Бусдын адил би ямар нэгэн хүч хэрэглэ­сэнгүй. Мэс заслын аргаар ч юм уу. Би дасгал сур­гуулилт яаж хийх ёстой тэр зарчмаар явсан. Мэдээж хэрэг хоолон дээрээ анхаарсан.

-Мэс засал гэснээс энэ тал дээр ха­рин ч та зоригтой ал­хам хий­сэн дуучин шүү дээ. Та хуучин төр­хөө эрс өөр­чил­сөн. Та нү­дэн­дээ, хамар­таа, хөхөн­дөө гээд олон удаа “гар хүр­сэн” биз дээ?

-Уучлаарай, би хөхөндөө мэс за­сал хийлгээгүй. Нүдэндээ элдэв давх­раа энэ тэр оёулаагүй. Та гүтгэж бай­на. Хамартаа бол хийл­гэсэн.

-Харин тийм. Танаас болоод баа­хан хиймэл хамартай хүүх­нүүд гараад ирсэн шүү дээ. Үнэн­дээ бол таны хуу­чин ха­мар таа­лагддаг бай­сан. Хамрын үзүүр тань сэр­тэгнээд ямар нэ­гэн юмыг илэр­хийлж харагддаг бай­сан ч юм шиг. Та тийм их сэт­гэл дундуур байсан юм уу?

-Сэтгэл дундуур байгаагүй. Зү­гээр өөрчилмөөр санагдаад л өөр­чил­чих­сөн. Гэхдээ энэ шийдвэр маань ч бас ал­даа болоогүй шүү дээ. Надад таа­лагддаг.

-Тийм шүү. Та гоё харагдаж байна?

-Өөрөөр бол би юугаа ч өөрч­лөөгүй шүү. Өнөөдрийн байгаа төр­хөндөө би сэтгэл хангалуун байгаа.

-Урлагийн хүний амьдрал бол цаг хугацааны сүүдрээс өрсөж хурдалсаар таардаг. Зарим талаар энэ тавилан нь тэднийг их ядрааж байгаа ха­рагддаг. Таныг ч гэсэн?

-Зарим хүмүүс уран бүтээлээ ял юм шиг зүдэрч хийж байгаа ха­рагд­даг. Ажлаа ял юм шиг хийж бо­лохгүй шүү дээ. Би тэгдэггүй. Сэт­гэл санаа­ны хувьд дарамт юм уу, эсвэл хөгш­рөлт ч юм уу би аж­лаа­саа авдаггүй. Уран бүтээлийн­хээ ор­чинд маш зөв орон зай, зөв агаа­рыг бүрдүүлж ажил­лаж ирсэн бо­ло­хоор надад тийм хүч­тэй яд­ралт ирж байгаагүй.

-Зарим эмэгтэйчүүдийг хор­воо­­гийн жамтай улайн цайм үзэл­цэж байгааг нь хараад өөрийн эрхгүй өмнөөс нь ядар­даг юм. Гар, хүзүүн дээр нь тодорхой хувирал явагдчих­сан, тэр нь нүдний өмнө ил бай­гаад байхад нүү­рээ л татаад бай­даг. Танаас ийм түвшний сэт­гэл зүйн хям­ралын талаар асуу­гаад байна л даа?

-Яг миний үзэл бодол энэ тал дээр ямар болохыг би хэлье л дээ. Бид одоо гадаад юмны төлөө хэт их гүйгээд бай­гаа байхгүй юу. До­тоод сэтгэлдээ бай­гаа хямралтай тэмцэх ёстой шүү дээ. Хориод настай байхдаа бид зөв­хөн гадаад төрхийн төлөө явдаг бай­лаа. Гэтэл хичнээн дэмий юмны төлөө гүйж байж вэ. Залуучууд юу ч бо­лоо­гүй байхад арьс хөрсөөрөө их орол­дож байна. Би харамсдаг. Одоо ч би нүүр амандаа хүрээгүй байна. Арьс энэ тэрээ чангаах оролдлого хийгээ­гүй. Бид дотоод сэтгэлдээ байгаа юм­тайгаа тэмцэх хэрэгтэй байна. Үүнийг л ойлгоё тэгэх үү.

-Та залуу, цоглог имижээ тогт­вор­той хадгалж байна. Танд баяр хүргэх ёстой. Гэхдээ бо­дит байдал дээр та 10 жи­лийн өмнөх шигээ бүжиглэж чадахаа больсон биз дээ?

-Үгүй шүү. Би харин ч илүү бү­жиг­лэдэг болсон. Залуу насандаа би өөр­төө байгаа сэтгэлийн хөөр­лөөр бү­жиглэдэг байсан байхгүй юу. Сүү­лийн гурван жил би бале­таар хичээл­лэж бай­на. Одоо л би бүжигчин хүний мэд­рэмж ямар байх ёстойг авч эхэлж бай­гаа. Одоо­ны тоглох тоглолт дээр на­­даас огт өөр ертөнцтэй бүжиглэлт гар­на. Би өөрийгөө одоогоос дөр­вөөс та­ван жилийн өмнө бүжиглэж байсан гэж хэлэхгүй ээ. Одоо л би бүжгийн ут­га уч­рыг ойлгож эхэлж байна. Одоо л би харин жинхэнэ бүжиглэмээр байна.

-Ариунаа бол тасралтгүй дуу­лиан шуугиан дунд амь­дар­сан дуучин. Одоо ч хэв­лэлийн баа­тар хэвээрээ. Эр­гээд бодоход хам­гийн гүн шарх авч байсан то­хиолдол хэзээ вэ?

-Үнэхээр их эмзэглүүлж байсан то­хиолдол олон л доо. Жишээ нь на­майг гэр бүлийн амьдралаа эхлэтэл юу босч ирж байлаа. Ямар аймаар дуулиан хэвлэлүүдээр явлаа.

-Айлын аав хулгайлсан гээд л үү?

-Айлын аав хулгайллаа л гэсэн. Энэ Ариунаа чинь хятадын шээс юм гэнэ лээ гэж хүртэл бичсэн. Хөөр­хий ээж маань тухайн үед аягүй их эмзэглэ­сэн. Над руу уйлж ярьж байсан. Миний муу охиныг хя­тадын эрлийз гээд биччихсэн байх юм. Яах аргагүй Төмө­рийн л охин юмсан гэж байж билээ. Энэ хамгийн том шарх байсан. Бусдыг нь бол би даваад л гарсан шүү дээ.

-Алдартай дуучин эмэгтэй хө­дөөний хэний ч танихгүй биз­несменийг сонгож дуу­лиан дэг­дээсэн. Нөгөө тал­даа харин тан­тай учирснаа­раа Буяндорж илүү эрсдэл хү­лээсэн юм шиг санагддаг?

-Үнэн л дээ. Олны танил эмэг­тэй­тэй учирснаараа миний нөхөр айм­шигтай том дайрлагад өртсөн. Хэрвээ миний нөхөр байгаагүй бол өнөөдөр Буяндоржийг хэн ч ингэж оролдохгүй байсан. Нэг удаа би ар­гаа бараад чи минь ерөөсөө на­даас салвал яасан юм. Чи бас амар тайван, бусдын адил амьдрах эрхтэй шүү дээ гэж хэлсэн.

-Тэгж хэлж яах юм бэ. Яваад өгвөл яах юм. Алдаатай үг юм биш үү?

-Алдаатай үг биш. Миний ха­ниа өмөөрч, аргадаж, тайтгаруулж байгаа­гаа илэрхийлсэн л хэрэг. Миний энэ сэтгэлээс хань минь сай­хан итгэл, сэтгэлийн жаргал олж авна шүү дээ. Бие биедээ хэ­рэгтэй үед нь сэтгэл зүйн ийм бэл­гийг өгдөг байх хэрэгтэй. Амьдрал улам л гоё болно шүү дээ.

-Тийм ээ, маш гоё санагдаж бай­на. Нөгөө талаас нь хар­вал таны амжилтад түүний тавьж өгсөн найдвартай ар тал бас бий шүү дээ. Эдийн зас­гийн болоод сэтгэл зүрх­ний?

-Тэгэлгүй яахав. Хүмүүс Буян­дорж эхнэртээ туслах нь үүрэг нь шүү дээ гэх байх. Гэтэл нөгөө та­лаас ми­ний нөхрийн оруулж бай­гаа хөрөнгө оруулалт чинь монго­лын урлагт оруулж байгаа хөрөнгө оруулалт байхгүй юу. Тоглолтод ажил­лаж бай­гаа тэр олон уран бү­тээлчдийг цалин­жуулахаас өгсүү­лээд асар их ажил бий шүү дээ.

-Таныг бас залуудаа хангалт­тай зугаалж чадаагүй эмэг­тэй гэж боддог юм?

-Үнэн. Дөнгөж 24 настай сур­гууль төгсч ирээд л рок попын өр­сөл­дөөн рүү ханцуй шамлаад л ор­чихсон шүү дээ. Урлагийн ер­төн­цийн өрсөлдөөн бол маш хатуу ширүүн. Надад бусдад цаг зав зориулж явах хугацаа байгаагүй.

-Гэхдээ арай анхны хайрын эзэн тэр залуугаас өөр дур­самж­гүй Буяндорж дээр ирээ­гүй байлгүй дээ. Худлаа байх аа. Та ер нь хэр олон дур­ласан бэ?

-Мэдэхгүй надад ямар нэгэн нарийн бүртгэсэн хар дэвтэр ч юм уу, тийм статистик алга. Дурлалд ер нь статистик зохьдог юм уу. Нэг гоё залуу зөрөөд өнгөрөхөд энэ яасан аятайхан залуу вэ гэсэн гэ­гээхэн мэдрэмж төр­дөг дөө. Тэгээд тэрийгээ хэд хоног сэт­гэлдээ хадга­лаад л. Мэдээж тэгж байснаа март­чихна. Залуу нас тийм л байдаг биз дээ. Тийм сэтгэлийн хөн­гөн хө­дөлгөөн өгч байсан болгоныг дэв­­тэр дээр бүртгээд бичээд байх бай­­сан юм уу. Утгагүй биз дээ. Тэгэ­хээр надад ямар нэгэн тоо алга. Гэх­дээ тийм олон биш байх аа. Би хүүхэд байхдаа анхны хайртай учирч байсан. Тэгээд сурахаар яв­сан. Оюутны амьд­рал гоё ч, хичээ­лээсээ илүү гарах ямар ч зав байх­гүй байсан. Завс­раар нь дуулж мөнгө олно. Мэргэж­лийн багш нар маань айхтар диктатур шаардана. Монголд ирээд ч надад ямар ч найз залуу байгаагүй. Тэгж яваад Бууяатайгаа учирсан.

-Та бас Буяндоржтой учраад хойд ээж болсон. Хойд ээж гэдэг үг танд таалагдахгүй байх л даа. Гэхдээ хэр ухаа­лаг хойд ээж юм бол?

-Би өөрийгөө одоо ухаарч бай­гаа ээж л гэж хэлнэ. Дөнгөж хүүгээ тө­рүүл­чихээд удаагүй хоёр нас хүрч бай­хад л манай Алдраа ирсэн шүү дээ. Сэтгэл зүйн хувьд би огт бэлт­гэл­гүй байсан. Дөнгөж эх хүн болж ядаж байтал хүүдээ өгсөн хай­раа ху­ваах шаардлага надад ир­сэн. Үнэндээ би юугаа ч мэдэх­гүй байсан л даа. Одоо л би хоёр хүүтэйгээ яаж харьцах ёстой, ямар үед нь юу хэлэх ёстой, яаж тэдний­гээ хоёргүй сэтгэ­лээр хайр­лах ёс­той тэр бүх ухааныг олж байна. Тэгэхээр би тааруу ээж биш байх. Бид нэг гэр бүл болж чадсан. Би зүгээр л хоёр сайхан хүүтэй, тэд­ний­гээ эрдэмтэй номтой сайн сай­хан хүн болгохын төлөө сэтгэл зүр­хээ зо­риулж яваа монголын нэг сайхан ээж байхгүй юу. Надад хойд ээж гэдэг үг таалагдахгүй байна.

-Таны “Чимээгүй ухаарал” дууг сонсоод нэг өөрчлөлт мэдэр­лээ. Одоо л таны зүрх сэтгэл гүйцэж, дуунаас тань жинхэнэ хайр, харуусал, амьдрал хан­хал­ж эхэлж байх шиг. Урд нь хэл­бэр, хэмнэл л түлхүү зон­хилж иржээ?

-”Чимээгүй ухаарал”, “Харуусал харамсал”, “Нандин учрал” бүгд сайн дуунууд. Урьд нь ч би сэтгэлээсээ дуулж байсан.

-Худлаа л даа. “Нарны хаан хүү­хэд” энэ тэр гээд дэмий дуунууд дуулсан шүү дээ?

-Яагаад дэмий гэж. Хүүхдийн ер­төн­цөд тэр дуу ямар том нөлөөлөл ав­чирсныг та яагаад үгүйсгэж байгаа юм бэ. Тэр дууны дараа хүүхдүүдэд “за” гэж бид хэлж эхэлсэн биш үү. Тэр дуу­ны нөлөөгөөр энд тэнд хөдөлгөөн орж, нөгөө траншейнд байсан хүүх­дүүдээ бид санаж эхэлсэн биш билүү. Дуучин хүн бол бас л өөрийн үзэл санааг уран бүтээлээрээ илэрхийлж, түүгээрээ нийгэмд өөрсдийн үүргийг биелүүлж явдаг хүмүүс гэдгийг ойлгох ёстой.

-Та ер нь шавьтай юу. Энэ та­лаа­раа та жаахан атгаг хүн юм шиг санагддаг?

-Уучлаарай, би хүний хүүхэдтэй ажиллах хэмжээнд хүрээгүй байж бол­но шүү дээ. Лекц уншаад сууж бай­даг нас ч болоогүй байна. Хүний хүүхдээр хариуцлагагүй тоглох эрх надад байхгүй. Селин Дионы шавь гэж байдаг юм уу. Мадоннагийн шавь гэж би л дуулаагүй. Хүн болгон өөрийн хувь тавилангийнхаа эзэн нь шүү дээ.

-Тийм шүү. За, ингээд бидний цаг дуусч байна. Асуултууд маань зарим үед харгис ч бай­сан байж магадгүй. Тийм бол уучлаарай. Танд амжилт хүсье. Дандаа ийм цоглог байгаарай. Бид таны энэ чанарт дуртай шүү?

-Баярлалаа. Хэцүү, хатуу асуул­туудаар л бөмбөгдүүллээ дээ. Танд ч бас амжилт хүсье.