Хоёр тайзны хооронд
-Чи санаж байна уу? Тэр жил манай улс чинь Азийн бар болно гээд байсан яасан юм бол оо?
-Больчихоод оронд нь “Азийн чоно” болсон юм дуулдах шиг боллоo
Нарлаж суусан хөгшдийн яриа
Нэг. Наргиантай эхлэл.
Үгний утга их өөр болж байна аа. Урьд чинь хараасан, зүхсэн, хангинаж загнасан үг л аймаар сонсогддог байсансан. Харин одоо хайрласан, ачилсан үг нь ар нуруу руу хүйт даалгаад байх боллоо. Энэ улс төрөөс л болж байгаа хэрэг. Хэн нэгэн улс төрч “Би ард түмэн та нартаа хайртай” гэж ярихыг сонсохлоор юуны түрүүнд “за даа хийцлүүлж л таарлаа даа” гэсэн шүү юм санаанд ороод “бид энүүнд ямар гэм хийсэн юм болоод ингэж дайсагнадаг байна аа” хэмээн гоморхол төрөх болж. Бидний урь өмнөх төрөлдөө зовоож, бүүрлэж байсан улс маань эргэж төрдөг нь энэ юм ч болуу гэсэн мухар сүсгийн юм ч санаанд орж байх шиг.
Урьд хүмүүс өшөөгөө авна гэж айлгадаг байсан бол бол одоо ачийг нь хариулна гэж айлгадаг болж. Тэр жил өнөө тэрдорж гуай “Би өдий зэрэгтэй болгосон ард түмнийхээ ачийг заавал хариулна” гэхэд нь сэрдхийх ухаан бидэнд байсангүй л дээ. Тэгсэн чинь мань эр орондоо унтах завгүй гүрдийж байгаад олон сайхан хуулийг минь яг л хурга шиг засаад, хөнгөлөөд хаядаг байгаа. Хуц тавих хууль маань ямарч үржлийн чадваргүй эр хонь болчихлоо гэсэн үг. Мань эр өөрөө ярихдаа ард түмнийхээ ачийг хариулах гээд бэлгийн ажлыг умартан засаад байсан гэдэг байхаа. Аймаар нь, цаашдаа ард түмнийхээ ачийг хариулсаар байх болно гэж шантаажилсан байгаа юм даа.
Саяхан өөр нэг улс төрч ярьж байна. “Хуучин хийж байсан том даргынхаа суудалд эргэж очих шаардлагатай байна. Би ард түмнийхээ төлөө маш их зүйл хийж чадаагүй үлдээсэн нь ингэх бодитой үндэслэл болоод байгаа” гэхчлэн ярьжээ. Эрхбиш Бурхан харах байлгүй дээ л гэж бодох юм.
Олон олон ийм хүнээс ард олноо хамгаалахын тулд төрөөс өршөөлийн зарлиг ч гаргамаар байна. Жишээ нь тэрний ард түмэндээ тавьсан өрийг хүчингүй болгосугай гэхчлэнгийн заалттай. Зүгээр ч үгүй уг өрийг төлөх гэж оролдохийг хориглохгүй бол цаадуул чинь төлнө гэж зүтгээд байж мэднэ гэдгийг бодмоор байна. Зарим нь бүр санаатайгаар өр бий болгодог болж. Уул нь авлага бий болгомоор юм. Гэтэл тийм биш байна. Нэг зохиолч ярьж байна. “Уншигч нартаа би зуун роман бичиж өгнө” гэж амласан тэрийг бичиж хэвлүүлнэ гэж айлгав. Эргээд харахаар уншигчид нь бас тэр болгоныг авч уншина гэж амласан болж таараад. Ингээд зориуд өрийн сүлжээ бий болгоод байна.
Хоёр.Жирийн үргэлжлэл.
Бидний өнгөрсөн амьдралын үлэмж хэсэг нь хүний үнэт зүйлийг үгүйсгэсэн нийгэмтэй холбоотой. Социализм нь хувь хүний сайн бүхнийг хураан нийгэмчилж, оронд нь ард түмний сайн сайхан, нийгмийн аз жаргал гэхчлэнгийн барьцгүй зүйлийг гаргаж тавьсан юм. Хувь хүн зовох ёстой, харин нийгэм жаргах ёстой гэсэн үг л дээ. Ингэж ирэхээр хүн өөрөө юу ч биш, өт хорхой болон хувирна. Зөвхөн хувь хүн, гэр бүлд байдаг аз жаргал хэмээх сайхан эрдэнэсийг булаан үгүйсгэдгээрээ социализм юу юунаас ч илүү харгис зүйл байлаа. Энэхүү бурангуй нийгмийн үзэл сурталчдын гаргаж ирсэн кодексууд болох мөнөөх “ Ард түмнийхээ төлөө амьдрах (хүн өөрийнхээ төлөө амьдардаг)” , “ухамсарт амьдралаа ард түмэндээ зориулах" ( хэвийн эрүүл ухамсартай хүн амьдралаа өөртөө болон гэр бүлдээ зориулдаг төрөлхийн инстинкттэй), Хувийн эрх ашгийг хаяад олон түмний төлөө явах ( зөвхөн ярианы хэлэнд л байж болох ойлголт ), “эх орныхоо ачийг хариулах” ( хариулснаар эсвэл хариулаагүйгээр тооцох ямарч боломжгүй) гэхчлэнгийн хуурмаг зүйлс өнөө ч оршин тогтносоор байна. Үндэстэн дамнасан корпораци гэлээ гэгчээр хоёр өөр нийгмийн байгуулал дамнасан “оюуны үнэт зүйл”-үүд.
Өнөөгийн дөчөөс дээш насныхны сэтгэл санаанд бат үлдсэн ийм хэллэг зомби маягтай оршин байгаа нь бодитой . Нэг талаас улс төрчдийн ихэнхийн сэтгэлгээ хуучинсаг хэвээрээ байгаагийнх гэж ойлгож болно. Нөгөө талаас нийгмийн сэтгэл зүйд хуучинсаг хуурмаг сурталчилгаа илүү зохимжтой байгаа нь харагдсан байж болно.
Гэхдээ л манай улс төрийн үзэл суртлын ажил, нийгмийн сэтгэл зүй хоёр зөрчилдөөд байх болжээ. Хүмүүс “нийгмийн сайн сайхан гэж барим тавим юм байхгүй, харин хувь хүн айл гэрийн аз жаргал” гэж байдаг ба "Хувь хүний нулимс асгарч байгаа газар нийгмийн зол жаргал гэсэн ойлголт байх аргагүй” гэдгийг мэдээд авчээ. Гайхалтай нь улс төрийн акцууд харилцан хууралцсан сонин зохиомжтой өрнөөд байх аж.
Сонгууль болохоор “ард түмэн” нэр дэвшигчээс нэг их “мөрийн хөтөлбөр ба намтар” нэхнэ. “За даа, намуудын мөрийн хөтөлбөрийг харьцуулан уншиж, нэр дэвшсэн хүний намтрыг судалж байгаад л хэнд саналаа өгөхөө шийднэ” дээ гэхчлэн бүлтэрнэ. Үнэн хэрэгтээ хүний мөрийн хөтөлбөр уншиж суудаг сонгогч нүдний гэм. Өгсөн хөтөлбөрийг нь нэг ч сөхөж харахгүй, дэрнийхээ ширгүү рүү шидчихнэ гэдгийг нэр дэвшигч мэднэ. Гэхдээ “май та, миний хөтөлбөр ба намтартай сайн танилцаарай” гэж далдагнана. Улс төрчөөс мөрийн хөтөлбөр, намтар нэхээд л байгаа юм биш. Мөрийн хөтөлбөрийн дагалдах хэрэгслэлийг нэхээд байгаа юм. Дагалдах хэрэгслэл гэхээр шуудай гурил, мөнгө цаас мэтс нь юм аа. Социализмын үед сайн ажил хийсэн хүнийг “Баярын бичиг ба үнэ бүхий зүйл”-ээр шагнадаг байв. Төрийн зүгээс баярын бичигтээ ач холбогдол өгнө. Харин иргэн хүнд үнэ бүхий зүйл л чухал байна. Учир нь тэнд хятад халуун сав, үзэг гээд нүдний гэм болсон ховор сайхан зүйлс тэнд байдагсан. Яг түүн шиг бэлгээ аваад ир гэхийн оронд “таны намтартай танилцмаар байна” гэдэг. “Надад юу өгөх гэж байна” гэхийг “ард түмэндээ юу бүтээх хөтөлбөртэй вэ” хэмээн орчуулдаг болжээ.
Улс төрч нь "өөрийнхээ эрх ашгийг уландаа гишгэсэн ба сонгогч таны ашгийг л дээдэлсэн” гэхлэн ярина. Өөрийнх нь төлөө юу ч хийхгүй ба хэрэг дээрээ амиа бодсон туучий өмнө нь зогсож байгаа гэдгийг "ард түмэн” сайн л мэдэж байгаа. Сонгогч нь ч, нэр дэвшигч нь жүжиглээд л... үзэгчийн танхимгүй, бие бие рүүгээ харсан тайзан дээр бүх юм өрнөх ажгуу.
Нийгэм болон хувь хүний оюун санаа боломжийн хэрээр эрүүлжиж байна. Манайхан капитализмдаа эргэж ороод хориод жил өнгөрлөө. Шинэ үеийн залуус улс төрийг нэг хэсэг ойлгож ядаад байна. Нөгөө хэсэг нь зүгээр луйвар юм байна гэж ойлгоод зарим нь шорон орон руу явахдаа тулаад байна. Зүгээр л аминдаа хайртай гэдгээ нуулгүй яриад, улс төр хийж өсөж дэвших сонирхолтойгоо хэлээд, тэгэхдээ улстаа гай болохгүй, жирийн шударгаар зүтгэж, эцсийн дүндээ олон түмэндээ хайрлагдсан сайхан зүтгэлтэн хүн болж хүндлэгдэх мөрөөдлөө таниулаад явж болдоггүй юм уу. Ард түмэнд хайр хэрэггүй, ард түмэнд ач хариулагч гэж хэрэггүй. Үр удмаа бөөцийлж өсгөх нь ангир шувууны ч хийдэг ажил. Хайрыг уухгүй, эх орончийг идэхгүй. Ард түмэнд ажил, мөнгө л хэрэгтэй. Үүнийг бид цөмөөрөө л мэднэ. Нийгмийн аз жаргал гэж байдаггүй. Хувь хүний зол заяа, өрх гэрийн сайн сайхан л гэж бий. Эхнэртэйгээ хэрүүлтэй байвал дэлхийн энх тайван чамд хамаагүй, хүүхэд чинь өлсч байхад ДНБ-ийн өсөлт танайд нялзахгүй, гутал барьж байхад хорвоогийн уудам хүртээлгүй гэдгийг бид бас мэднэ.
Эсвэл энэ удаад ч дүүрч гэж үзээд дараагийн сонгуулиар л эрүүл саруул үзэж тарахаар шийддэг ч юм уу, Өнөө "За маргааш л ёстой жинхэнээсээ тамхиа хаяна даа” гэсэн бат итгэлтэйгээр амгалан нойрсдог тамхичид шиг.
Гурав.Үлгэртэй төгсгөл
Эртээ урьд цагт юм гэнэ. Ер нь хүмүүс баталгаагүй юмыг одоо цаг дээр хэзээ ч ярьдаггүй. Нэг бол өнгөрсөн цаг дээр “эртээ урьд цагт” гэж ярина. Үүнийг үлгэр гэнэ. Эсвэл “Ирэх хэдэн жилд би тэгнэ” гэж ирээдүй цаг дээр хэлнэ. Үүнийг мөрийн хөтөлбөр гэдэг. За энэ ч яахав нэг ангир гурван дэгдээхэйгээ дагуулаад эрт урьд цагт явж байжээ. Юмын үнэ өсснөөс ч юмуу, зах зээл дэх өт хорхойны эрэлт нийлүүлэлтийн зохистой харьцаа алдагдснаас ч юм уу, өлсөж цангаад хоёр дэгдээхэйгээ хаднаас нисгэх болжээ. Дэгдээхэйнүүд ч үүнийг мэдээд тус тусын “амиа хоохойлох” хөтөлбөрийг боловсруулсан байгаа юм.
Эхний дэгдээхэй
-Ээжээ би таныхаа ачийг хариулна
Хөөрхий дэгдээхэй үг сүггүй түлхэгдэв.
Хоёр дахь дэгдээхэй мөрийн хөтөлбөрөө танилцуулах ээлж ирэв.
-Ээжээ би гэрлэх ч үгүй, Үлдсэн амьдралаа тандаа зориулна
Аанай өд сөд нь хийссэн амьтан хавцал руу нисэв.
Хамгийн сүүлчийн дэгдээхэй
-ээжээ хэрвээ би амьд үлдвэл үр удмаа л сайн өсгөнө. Өөр чадах юм надад алга гэжээ
Сүүлчийн зулзагаа үлдээсэн гэнэ.
Надад хүн ярьсан үлгэр юм шүү. Тэрнээс биш ангираас өөрөөс нь дуулаагүй юм