Намын гишүүн Энхбаяр овоо юм аа, нэг шүгэлдээд л 400 гишүүн цуглуулаад хуралдчихлаа. Намын их хурал угтсан том хэмжээний шоу зохион байгуулж, өөрийнхөө „байгаа”-г ийнхүү өндөр дуугаар сануулсан нь зүгээр нэг хөнгөн  ший биш бололтой. Дандаа хаан явсан хүн ингэж „дарлуулах” нь тэсэхийн аргагүй байгаа биз. Өөрийнх нь үед жулдрайнууд явсан нөхдүүд өнөөдөр намын толгойд ханхалзаж, өөрөөс нь огт хамааралгүйгээр бодлогын концевциудаа боловсруулан тавьж, хуучин цагт эзэн нь явсан түүнийг дуудах нь битгий хэл дурсах ч үгүй даналзаж байхад юу гэж зүгээр хараад суухав. Сэтгэл зүйн хувьд энэ үүднээс нь Н.Энхбаярын зүгээс хийж буй алхмуудыг ойлгож болох зүйл юм шиг.

Өчигдөр түүний зохион байгуулсан „МАХН-ын шинэчлэл ухрах уу, урагшлах уу” хэлэлцүүлгээс гаргасан улс төрийн дүгнэлт гэх зүйл эзэмшлийнх нь хэвлэлээр цацагджээ. Жирийн гишүүд, дэмжигчдийн санал бодол дээр тулгуурласан улс төрийн дүгнэлт гэсэн сүрхий толгойтой энэхүү тунхагт нь шүүрээд авчихмаар жинтэй юм юу ч алга гэж ажиглагчдын зарим нь үзэж байна. Арван хэдэн жил бараг дангаараа эрх баригч байсан Энхбаяр нам төрийн тэргүүн байхдаа жирийн гишүүд, дэмжигчдийн тухайд ийм ултай авч үздэг байсан гэвэл худлаа болно. Тэр мөн л тойрон хүрээлэгчдийн орчинд жолоодогчийн ажлаа явуулж байсан төдийгүй түүний үед харин ч энэ мэт акц хийх гэж оролдвол шууд л сэлэм гялс болдог байсан санагдана.

„Нам дамнасан улс төр, бизнесийн бүлэглэл хуйвалдаж, хараа хяналтгүйгээр, хууль бусаар төр засгийн эрхийг барьж, монгол төрийн чадавхи, хариуцлагын тогтолцоог эрс сулруулж, үндэсний тусгаар тогтнол, ард түмний тайван амгалан, ирээдүйдээ итгэлтэй амьдрах орчин, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна” гэж уг дүгнэлтэд дурьджээ. Энэ бол цоо шинээр бий болчихсон, тэр тусмаа өнөөдөр бий болсон үзэгдэл биш гэдгийг захын иргэн хэлнэ.

Нам дамнасан улс төр бизнесийн бүлэглэлүүд ажиллаж, өөрсдийн нөлөөллөө төрд хүчтэй тулгаж байсан үе гэвэл жинхэнэ 2000 оноос хойшхи үеийг л хэлнэ шүү гэж уурсан хашгирах хүн захаас аван бий. Энэ үед ганц хоёрхон том компанийн гудамжинд л баяр болдог, тэд гаднаа оргилуун дарс буудуулцгааж, бусад нь чив чимээгүй чичирч, үндэсний үйлдвэрлэгчдийн бизнес нэлэнхүйдээ зогсох байдалд орж, тендер горилсон компаниуд авилгаар түшмэдүүдийг угжиж, ийм арга ядсан хар замаар л үүд хаалгаа хаачихгүй барьж байсан шүү дээ. Өөрийнхөө үеийг хөшиг татан хааж, өнөөдрийг л болж бүтэхгүй байна гэж дүгнэх нь үнэнээс илтэд гажсан хэрэг болохоос гадна олны дургүйцлийг төрүүлэхээс цаашгүй явдал санагдана.     

Цөөн хэдэн хүний амьдрал эрс дээшилж дийлэнхи олонхийн амьдрал уруудан доройтсоор байна гэж манай экс удирдагч дүгнэжээ. Мөн нийгэм, эдийн засаг, байгаль орчны аюулгүй байдал алдагдлаа гэж халаглахаа мартсангүй. Одоо ч яахав цөөн хэдэн хүн баяжиж байгаа юм байна, өөрийнх нь үед өөрөө л ганцхан хөрөнгөжсөн шүү дээ гэж мөн л захын шазруун өвгөн загнахаар өгөөш унагажээ. Улс төрийн дүгнэлт гэхэд хэт ойворгон баримт бичиг ч гэж дүгнэж болохоор юм болж. Ямар ч статистик үзүүлэлт байхгүй, хий хоосон гаднаас загнасан иймэрхүү бичиг баримтыг хотын хаалга болгоны цаана байгаа борооны дараах мөөг шиг олон төрийн бусчууд боож гаргаж шидээд байж чадна шүү дээ. За тэр байгаль орчин энэ тэр бол бүр элэг доог. Энхбаярын үед „Бороо гоулд” мэтээс өгсүүлээд л монголын баялгыг самарч, газар шорооны хэрүүлээр жинхэнэ будаж байсан жишээ хэвлэлийн хуудас болгонд үлдсэн байгаа. Алтан дорнод тэргүүтэй гадныхны галигуулж байсан түүх ч шинэхэнээрээ.

Өөр нэг инээдтэй юм эл тунхагт харагдлаа. Намын их хурлын төлөөлөгчдийг анхан шатны байгууллагаас чөлөөт өрсөлдөөний  зарчмыг баримтлан сонгох, Их хурлын төлөөлөгчөөр сонгуулахын тулд анхан шатны хороо, үүрийн гишүүдэд дээрээс дарамт шахалт үзүүлж, хээл хахууль өгөхөөр завдах, өгөх зэрэг хууль бус, ёс  бус үйлдлүүдийг таслан зогсоож, бүртгэлжүүлж, олон нийтэд мэдээлэх арга хэмжээг зохион байгуулах нь зүйтэй гэжээ.

Энэ намын их хурлын төлөөлөгчид хэзээ ч чөлөөт өрсөлдөөнөөр сонгогдож байгаагүй. Энхбаярын үед бүр их хурлын төлөөлөгчдийг „хийдэг” систем ажиллаж, мэргэшсэн түвшинд хүртэл хөгжсөн шүү дээ. Тэгэхээр одоо өөрийнхөө өрсөн тоосгыг өөрөө л нураахаар ажиллаж байна гэсэн үг.

Ажиглагчдын зарим нь МАХН-ын гомдогсдын  зохион байгуулсан эл арга хэмжээг хэт томд хөөргөн дүгнэж, нам дотор бодитой хоёр том блок гарч ирсэн мэтээр тайлбарлаж байх юм. Хувь хүн дээр нь нааж үзвэл Н.Энхбаяр одоогоор арай ч тэгтэл ядарчихаагүй байгаа. Хөдөлвөл хөдөлгөнө шүү гэх маягийн дохиог нөгөө хэддээ өгчихөөр харагдаж байна. Гэвч нам хэмээх том бүтцийн гаднаас энэ мэт хурал цуглаан хичнээнийг ч зохион байгуулаад төдийлөн хол явахгүй. Тэртээ тэргүй их хурлыг хуучин технологиороо „хийнэ”. Төлөөлөгчдийг ч „хийнэ”. Энэ удаа ямар ч шинэ аргачлал үйлчлэхгүй. Н.Энхбаяр ч үүнийг мэдэж байгаа. Өнөөдөр түүнийг Сү.Батболд, У.Хүрэлсүх нартай улайран үзэж байна гэж зарим нь дүгнэж байна. Үнэн хэрэгтээ насаараа үзээд ялж чадаагүй нэг л нөхөртэй үзэж байгаа гэдгийг нь харин тун цөөн хүн уншиж байх шиг. Их улс төрийн том тоглогч, энэ засгийн газрын загалмайлсан эцэг гэж хэлж болох нэгэн эрхэм номын өргөөндөө завжиндаа тохуурхал дүүрэн инээмсэглэл тодруулчихаад тамхиныхаа утаан дунд шоглож суугаа. Түүний орон зайг өнөөдрийн Энхбаяртай харьцуулах ч юм биш. Ирэх эринээр хэмжүүлэх их амьтан шүү дээ. Ийм хүчтэй Энхбаяр үзэж байгаа юм. Тэгэхээр Сү.Батболд, У.Хүрэлсүх энэ тэр бол түүний „бай” биш. Намын нэр солино солихгүй ч асуудал нь биш. Энхбаяр өөрөө намын нэрийг солино гээд ярьж л байсан. 

Алдагдсан эрх мэдэл, нурсан итгэл найдвар, мухарт шахагдсан гашуун зовлон нь түүнийг өнөөдөр элдэв үйл хөдлөл рүү ийнхүү түлхэж байгаа харагдана. Шүгэлийнх нь дуунаар ирсэн нөхдүүд дотор нь ч олигтой жин дарах хүмүүс алга байгаа нь нэг талаар цухал төрүүлж, нөгөө талаар сэтгэлийг нь дэвтээж байгаа байх. Ингэхэд яагаад бүгд түүнээс явчихав аа. Монгол хүний муухай чанар уу. Урьдийн он жилүүдээс шархалж гомдоод мөр мөрөө хөөцгөөсөн шалтгаан уу. Хариулт нь мөн л салаа салаа үзүүртэй буугаад байх.

Өнөөдөр Сү.Батболдыг нялх Сэнгүмийн дүрд аваачих шахсан уран сэтгэмжүүд хөвөрч байна. Энхбаяр л тэр наймаачныг 2000 онд хөтөлж авчирсан шүү дээ. Гэтэл одоо элэг дүүрээ рүү нь тийрч байна ч гэх шиг. Сү.Батболд ганцаараа өөд нь татуулчихсан юм биш.  Ц.Мөнх-Оргил, Д.Тэрбишдагва гээд цаашаа чамгүй олон нэрс цувна. Н.Багабанди, Л.Энэбиш нартайгаа гурван тийшээ харж суучихаад эвцэлдэхгүй байсан энэ үед  өөрийн багийг босгохоос өөр чухал арга зам түүнд байгаагүй. Нөгөө хоёроо дарж авахын тулд л мөнгөтэй, боловсролтой, мөрөөрөө шогшиж явсан өдий төдий залуусыг „урьсан” хэрэг гэхэд буруудахгүй л түүх уншигддаг.

Лидерийн хувьд бол  Энхбаярыг Сү.Батболдтой жиших нь дэндүү доош нь хийсэн явдал. Хийж байгаа тэмцлийг нь ч энэ түвшинд авч үзэх нь хөнгөн дүгнэлт. Хувь хүний үүдэн дээр бол өнгөн талаасаа Сү.Батболдын мартаж, салж чадах чадвар, нөгөөхөд нь мартаж чадахгүй, шүд зуун чаргуулдах чанар хоёр л сөргөлдөж байна. Намын шинэчлэл, нэр мэр, энээ тэрээ асуудал бол бараг тэднээс хол зүйл шүү дээ. Тэгэхээр Н.Энхбаярыг хэнтэй үзэж байгааг сайн харах хэрэгтэй. Мөн үү?