РЕДАКТОРЫН ҮГ

Манжийн эрхшээлийн үеийн Монголын түүх бол монголчууд тусгаар тогтнолоо алдаж, харийн эрхшээл дарлал доор хүнд бэрх цаг үеийг туулсан он жилүүд байсан билээ. Эл үеийн түүхийн судалгаа Монгол улсад харьцангуй сайн явагдаж ирсэн боловч хараахан судлагдаагүй сэдэв, цаг үе бас л байсаар ажгуу. Тэрхүү түүхийг судлахад Манж Чин улсын төрөөс албан ёсоор зохиосон албан түүхийн ном зохиолоос гадна, албан бус түүх, өөрөөр хэлбэл хувь хүмүүсийн бичиж үлдээсэн түүхийн ном зохиол, аян замын тэмдэглэл зэрэг “сул түүх” чухал ач холбогдолтой. Манай түүхчид албан бус түүхийн зохиолыг ашиглах, орчуулж судалгааны эргэлтэд оруулах тал дээр төдий л анхаарал хандуулж чадалгүй эдүгээ хүрчээ. Ялангуяа хятад хэлээр буй тэмдэглэлүүдийг судалгааны эргэлтэд төдий л оруулж чадсангүй. Тиймээс харь хэлээр буй сурвалжийг орчуулан судлаач, уншигчдын гарт хүргэх ажлыг өргөн далайцтайгаар явуулах шаардлагатай байна. 

Энэ удаад хятад, орос хэлний орчуулагч Б.Гэрлээ Манж Чин улсын үед монгол нутгаар зорчсон элч төлөөлөгч, сайд түшмэдийн аян замын тэмдэглэл болох 8 бүтээлийг хятад хэлнээс орчуулж, эрдэм шинжилгээний тайлбар сэлтийг үйлдэн уншигч танд өргөн барьж байна. Эдгээр тэмдэглэл бүгдээр анх удаа монголоор орчуулагдан гарч байгаагаараа онцлогтой агаад Манжийн эрхшээлийн үеийн Монголын түүх, газарзүй, соёл, ёс заншил зэрэг олон талын мэдээ мэдээлэл, тэр дундаа зарим машид сонирхолтой мэдээ зангийг агуулж байна.

Тус номд багтан орж буй тэмдэглэлүүдийг холбогдох цаг хугацаагаар нь 2 үндсэн хэсэгт хуваан үзэж болох агаад эхнийх нь XVII зууны сүүлч буюу Халх-Ойрадын дайн, улмаар Ойрад-Манжийн дайн тулааны цаг үед холбогдоно. Харин хоёр дахь бүлэг тэмдэглэл нь XX зууны эхэн үеийн Халх Монгол, Баруун Монгол, Шиньжянгийн нутгаар зорчин явсан элч түшмэдийн тэмдэглэлүүд болно. 

Эхний бүлэгт багтах 4 тэмдэглэлийн талаар товч танилцуулбаас, “Орост элчээр зорчсон тэмдэглэл” болбоос 1688 онд Оростой хилийн хэлэлцээ хийхээр одсон Чин улсын элч төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан цэргийн түшмэл Жан Пэнхэ-гийн бичиж үлдээсэн зүйл бөгөөд тэдгээр элч нар Халхын нутгаар зорчин явж байхад нь Зүүнгар, Халхын хооронд дайн самуун дэгдсэний улмаас тэднийг замын дундаас эргүүлэн татжээ. Энэхүү тэмдэглэл нь тухайн үед Халхын нутагт өрнөсөн үйл явдал, Халх-Зүүнгарын дайн тулаанаас үүдэлтэй улс төрийн нөхцөл байдал, байгаль газарзүйн талаар бодит байдлыг нүдээр үзсэн хүн бичиж үлдээснээрээ онцлогтой ажээ.

Харин “Хэрмээс умарш хийсэн аяны тэмдэглэл” нь 1690 онд өрнөсөн Зүүнгар-Манжийн дайн тулаан, ялангуяа Улаанбутангийн тулалдаанд биеэр оролцсон Манжийн цэргийн жанжин Масха-гийн бичиж үлдээсэн тэмдэглэл бөгөөд Халхын нутаг орны байдал, Улаанбутангийн тулалдааны талаар нэлээд тодорхой тэмдэглэн үлдээснээрээ ач холбогдолтой юм.

“Өрнө этгээдийг дайлсан тэмдэглэл” бол 1696 онд Зүүнгар-Манжийн цэргийн хооронд болсон Зуун модны тулалдаанд Манжийн цэрэг ялахад гол үүрэг гүйцэтгэсэн жанжин Инь Хуасин-гийн бичсэн Галдан бошигтыг дайлаар одсон хоёр удаагийн (1696, 1697 он) аян дайны тухай тэмдэглэл бөгөөд Зуун модны тулалдаанд оролцож, тулалдааны тактикийг голчлон боловсруулсан хүний хувьд тэрхүү тулалдааны явцыг нарийн өгүүлснээрээ эрдэм шинжилгээний өндөр ач холбогдолтой билээ.

“Умарш хийсэн аяны тэмдэглэл”-ийг 1696 онд Зүүнгарын Галдан бошигтыг дайлаар одсон Манжийн цэргийн амуу зөөх ажлыг хариуцсан түшмэл Сун Да-е-гийн бичиж үлдээсэн бөгөөд Манжийн цэргийн хангалт, Өвөр Монгол, Халхын байгаль орчин, газарзүй, Зүүнгар-Манжийн дайн тулааны талаар өгүүлсэн сонирхолтой бүтээл болой. Мөн түүнчлэн зам зуур үзэж харсан сонин хачин зүйлс, тухайлбал Юань улсын Дээд нийслэл буюу Шанду-гийн туурийг үзэж харснаа дүрслэн өгүүлсэн нь сонирхолтой. 

Удаахь бүлэгт багтах 4 тэмдэглэлийн эхнийх нь Хорчины ноён Бодисын бичсэн “Их говиор умарш зорчсон тэмдэглэл” бөгөөд Бадаргуулт төрийн 32-р он буюу 1906 онд Бодис, Даш нарын Манж Чин улсын албаны хүмүүс Халх Монголд одож, Далай ламтай уулзах зарлиг хүлээн Заяын хүрээ (өнөөгийн Архангай аймгийн төв) хүртэл зорчиж, Далай лам хийгээд Сайн ноён Намнансүрэн, Улиастайн манж жанжин зэрэг хүмүүстэй уулзаж Монголын улс төрийн байдлын талаар хэлэлцэж ярилцжээ. Бодис Монголд ирэх, буцах замдаа үзсэн харсан зүйлс, Монгол орны улс төрийн нөхцөл байдал, газарзүй, байгаль орчин, монголчуудын ахуй амьдрал гэх мэт олон зүйлийн талаар маш нарийн тэмдэглэн үлдээсэн нь эрдэм шинжилгээний ихээхэн ач холбогдолтой юм. 

Харин “Өөлдөд зорчсон тэмдэглэл” бол Бадаргуулт төрийн 33-р он (1907 он)-оос хойш Хэвт ёсны аль нэгэн онд өнөөгийн Хятадын Шиньжянгийн Или хавийн хил хязгаарыг байцаан шийтгэж, хилийг газар дээр нь хянан шалгасан Ижэнь гэгч манж түшмэлийн тэмдэглэл бөгөөд тэр хавийн уул ус, хилийн харуул хамгаалалт, хот суурин, монгол, хасаг, уйгар, орос иргэдийн аж амьдрал, Чин улсын хязгаарын цэргийн тухай нарийн тэмдэглэн үлдээжээ.

“Монголын хил хязгаарыг хянан байцаасан тухай” тэмдэглэл нь Чин улсынХэвт ёсны он жилүүд (1909-1911 он)-д Монгол-Оросын хилийн байдлыг хянан байцаасан нэр нь үл мэдэгдэх цэргийн түшмэлийн бичиж үлдээсэн тэмдэглэл болой. Аян замын өдөр тутмын тэмдэглэл гэхээс илүүтэйгээр, Монгол нутаг, түүний түүх, Оросын Сибирь нутгийн нөхцөл байдал, харуул хамгаалалт, хил хязгаар нутгийг хариуцсан амбанаар цэргийн хүн томилох тухай, Орос-Монголын хил дээр орших Хиагт хотын байдал, түүний цэрэг стратегийн ач холбогдол, хилийн хамгаалалтыг цэргийн захиргаа хариуцвал зохих тухай, Улиастай, Ховдод цэргийн газар байгуулах, Оросоос хамгаалах хамгаалалтын бүсэд хэрэм барих тухай саналууд, Жанчхүү-Хиагтын хооронд төмөр зам байгуулахын ач холбогдол, VIII Богдын тухай, Хүрээний цэрэг бэлтгэх газрын нэршлийг өөрчлөх тухай, өртөө, боомт, хошууны хяналт, шилжүүлэн суурьшуулах ард иргэд, алтны орд уурхайн тухай саналууд, Орост дайн зарлах төлөвлөгөө зэргийн талаар тусгай гарчиг өгөн өөрийн саналаа бичээд, эцэст нь дүгнэлт хийсэн нь нэлээд сонирхолтой ажээ. 

Тус номд багтаж буй хамгийн сүүлчийн тэмдэглэл болох “Монголд зорчсон тэмдэглэл”-ийг зохиогч нь 1911 оны хоёрдугаар сараас зургаадугаар сард Манж Чин улсын засгийн газрын даалгавраар Монголд зорчихдоо улс төр, эдийн засгийн тагнуулын үйл ажиллагаа явуулжээ. Тэрээр Бээжин-Хүрээ-Хиагт-Сибирь-Согог-Ховд-Улиастай-Хүрээ-Жанчхүү-Бээжингийн чиглэлд зорчсон агаад анх Бээжингээс Хүрээ орж, тэндээсээ Оросын хилээр нэвтэрч, Оросын Сибирийн нутгаар аялаад баруун Монголын нутгаар эргэж нэвтрэн Хүрээнд ирсэн ажээ. Тус тэмдэглэлийн зохиогч Монгол, Оросын нөхцөл байдал, хүн ард, цаг уур, газарзүйн нөхцөл зэргийн талаар нэлээд нарийн тайлагнан бичжээ. Хүрээнд байхдаа Манжийн Сандо амбан, Монголын чин ван Ханддорж нарын зэрэг хүмүүстэй уулзаж ярилцсан тухай, Манжийн төрөөс тухайн үед Монголд хэрэгжүүлж байсан Шинэ засгийн бодлогын үр дүнд байгуулагдсан татварын алба, сургууль, шуудан холбоо, худалдааны хяналтын алба, шинэ байшин барилга, яамдын үйл ажиллагаа гэх мэтийн талаар тодорхой өгүүлээд, цаашид хэрхвэл зохих талаар өөрийн саналыг дэвшүүлжээ. Мөн Монголын худалдааны байдал, зорчин явсан өдөр тутмын цаг агаар, өртөөний нэр, тэдгээрийн хоорондын зай гэх мэт тун нарийн мэдээ мэдээллийг тэмдэглэн үлдээсэн нь эрдэм шинжилгээний ихээхэн ач холбогдолтой болох нь тодорхой байна.

Тус номд багтан орж буй тэмдэглэлүүд нь ерөнхийдөө монгол нутгаар зорчин явж, тухайн цаг үеийн байдлыг нүдээр үзэж, чихээр сонссон хүмүүсийн тэмдэглэл, үнэлэлт дүгнэлт учраас сурвалжийн хувьд нэлээд өндөр үнэ цэн бүхий анхдагч сурвалжууд ажээ.

Дээрх тэмдэглэлүүд нь манай эрдэмтэн судлаачид тэр бүр судалгаа шинжилгээндээ шууд ашиглаж чаддаггүй, ерөөс заримын нь тухай сайн ч мэддэггүй сурвалжууд агаад ийнхүү монголоор орчуулагдан гарч байгаад судлаач хүний хувьд машид баяртай байгаагаа нуух юун. Манай түүхч, судлаачид эдгээр тэмдэглэлүүдийг судалгаандаа ашиглаж, судалгааны чанар, төвшнийг улам ахиулна гэдэгт эргэлзэхгүй байна. 

Хятад хэлээр буй түүхийн сурвалжийг ухаж ойлгон, орчуулах нь хятад хэл бичиг гадарладаг хүн болгоны хийж чадах зүйл огт биш бөгөөд орчуулах ур чадвараас гадна түүхийн мэргэжлийн мэдлэг шаардсан нарийн чимхлүүр ажил юм. Ерөөс орчуулагч Б.Гэрлээгийн орчуулга нь үг хэллэг оновчтой, хэл найруулга сайтай байдаг агаад энэ удаад ч бас хэдийгээр түүхийн мэргэжлийн хүн биш боловч харьцангуй сайн орчуулсан гэдгийг цохон тэмдэглэе. Миний бие түүхэн нэр томьёог уламжлалыг баримтлан зөв оноох, түүхэн хүн, газар усны нэр зэрэг оноосон нэрийн дуудлагыг сэргээх зэрэг ажилд голчлон анхаарсан боловч, харамсалтай нь тухайлан оноож чадаагүй зүйл бас л үлдсэнээс гадна, буруу оноож алдаж ташаарсан зүйл ч мэр сэр байх нь мэдээж юм. Тиймээс эрхэм уншигчдаас санал зөвлөгөө харамгүй хайрлахыг хүсэхийн ялдраа орчуулагч Бат-Эрдэнийн Гэрлээд монгол түмнийг соён гэгээрүүлэх их үйлсийн зам мөр нь дардан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье! 

Түүхийн ухааны доктор Цэгмэдийн Цэрэндорж

2021 оны 10-р сарын 7-ны өдөр

Улаанбаатар хотноо

Жич: Энэ номыг Азхур, Их дэлгүүрийн Мажэстик номын дэлгүүр, МУИС-ийн Номын санд байрлах МУИС Прессийн дэлгүүрт 45 000 төгрөгөөр худалдаалж байна.