Дорнын цурхай
Гадуур юу болж байна гэж үү? Сонсох нь ээ, жанжин ”Сүх”-ийг хүрэлдэж, гишүүн ”Хүрэл”-ийг сүхдэж байгаа юм аа даа.
- Бас манай төлөгч нар цагаан сараа тэмдэглэх үгүй дээр маргасаар сүүлдээ "манай нутаг хөмрөх, эс хөмрөх" гэсэн гүн ухааны асуултад тулж очлоо. Үзмэр хармар тал нь голлогчид шинийн нэгэндээ шинэлбэл газархөмөрнө гэж байна. Зурмар тал нь болохоор шинийн нэгэндээ шинэллээ гэхэд газар эс хөмөрнө гэж байна. Эд бүгдийг нийлүүлэхээр "дорнын мэргэн цурхай" гээч болж байна. Манай мэргэч нар нарийн яривал өөрснөө төдий л юм мэддэггүй гэсэн. Өөрсдийнх нь ярьдгаар бол цаана нь нэг үхэр байдаг гэж байгаа. Хар биш, цагаан биш, шороон үхэр. Тэр үхэр л яахыг нь хэлдэг юм байх. Эцсийн дүндээ бидний төөргийг нэг үхэр л мэдэх болсон түүх энэ. Ядахдаа хувь заяагаа моринд мэдүүлэхсэн гэж ярих хүн ч байдаг л юм билээ. Энэ ч яахав.
Би ер нь дандаа буруудаж, хангинуулж байдаг үйлтэй толгой. "За аль зурхайгаар нь шинэлэх гэж байна" гэж асуухаар нь "Гандан хийдийн шинэлсэн өдөр л шинэлнэ дээ" гэж хариуллаа. Өөрөөр хариулбал, "буруу өдөр шинэлж, улсаа хөмрүүлэх гээ юу" хэмээн загнах байх гэж бодсон юм. Нэгэнт л загнуулах үйлтэй төрсөн бол зайлах газаргүй гэж үнэн байна гэм. Тэд намайг "Муу санаатай золиг. Унах мөрөерөө унахгүй Гандантай хамт унах гэж байгааг нь харав уу" гээд аашилдаг байгаа.
Хөөе, бод доо, газар хөмрөх гэдэг дээр "ажиллаж" болмоор санагдаад явчихлаа. Тавантолгойн уурхайг ашиглая гэхэд 2,8 тэрбум ам.доллар хэрэгтэй. Тийм мөнгө манайд байхгүй гээд байгаа. Миний хэлэх гээд байгаа санаа бараг ойлгогдсон байх. Тавантолгой хавьд зориуд өнөө "газар хөмөрдөг өдөр" золгоод үзвэл яасан юм бэ? Газар нь эргээд, коксждог нүүрс нь ямар ч зардалгүйгээр гараад ирнэ биз дзэ. Бидэнд зөвхөн нүүрсээ түүж авах л үлдэнэ. Гадуур гялгар уут шиг элбэг юм алга.
Ер нь ганцхан Тавантолгой ч биш, Асгатын мөнгөний орд энэ тэр гээд уул, техникийн хүнд нөхцөлтэй газруудад мөнөөх "хөмердөг" өдөр нь очиж шинэлбэл улс орны хөгжилд ихээхэн нэмэр болохоор байна. Мэдээж ийм нөхцөлд золгосон газраасаа нисдэг тэргээр гялс зугтаах хэрэгцээ гарна. За даа манай нисдэг тэргээр зуггсан, тэндээ үлдсэн хоёр ч бараг дүндээ дүн болох биз дээ. Өө, нээрээ монголчуудын заяа түшихэд манай төр нэг ч нисдэг тэрэггүй ш дээ.
Энэ мэтчилэн эх орныхоо газрын баялгийг ашиглан хөлжих гэж байгаа нөхцөлд тодорхой орд газруудад зориуд буруу өдөр шинэлэн хөрс хуулах, өрөмдөх, олборлох нөр ажлыг байгалийн өөрийнх нь хүчээр нугалах өргөн боломж гарчээ. Ингээд зогсохгүй олборлолт дуус-саны дараа хийх нөхөн сэргээлтийн зардлыг ч хэмнэх боломж гараад ирж байна. Учир нь, тэнд дахиад нэг удаа буруу өдөр шинэлэхэд газар нь дахиад эргэнэ. Ингэснээр өвс, ногоо, мод, ургамалтай тал нь буцаад дээшээ харна. Дорнын мэргэн цурхай үүнийг хэлээд байна.
Эх орон