Дээр үеийн орос номны ард “цена 2 рублей” гэх мэтийн бичиг байдаг. За яахав номон дээр одоо ч гэсэн үнэ бичигддэг л дээ. Гэхдээ л хуучин отверка (шруп эргүүлдэг автийрк), алхны ишин дээр, хуучин ногоон брезентэн майхны уутан дээр хүртэл “цена тэдэн рублей” гэсэн бичиг заларч харагддаг. Орос гэлтгүй манайхан ч бас жаран мөнгөний печень, есийн тос гэсэн хэлцүүдээ мартаагүй л яваа. Төрөөс үнийг нь тогтоодог байж тэр үед. Тэнэг хүмүүс биш ямар, тодорхой хэмжээний судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр л хэлэлцэж үнэлдэг байсан байх л даа. Гэхдээ л алдаатай, бүүр том алдаанууд байсан.
    Төсөөлье, махны үнийг килограмм нь зуун төгрөг байхаар шийдвэр гарсан байг. Сайхан даа, мөнгөн дээр санаа зовохгүй, автуусанд суух мөнгөөрөө гурван килограм мах авч сайхан найрлах нь байна. Гэтэл бидний дуртай мах маань долоо хоногтоо ганцхааааан удаа ирдэг, ганцхааан дэлгүүрт зарагддаг бол яахуу. Дэлгүүрийн дарга ёстой жинхэнэ эрх мэдэлтэй чухал хүн болж хувирна.
“Одоо ч бүхнийг мөнгөөр хэмждэг болж  дээ, өнгөрсөн нийгэмд мөнгийг тэгж их шүтдэггүй байсан юмсан ццццц” гэж шогшрох улсууд зөндөө. Үхсэн баас, мөнгө угаасаа тийм чухал биш бүгдийг эрх мэдлээр авдаг болохоор тэгэлгүй яахуу дээ, мөнгө тоодоггүй тийм сайхан хүн чанартайдаа ч юм биш. Мах гэлтгүй бүх зүйлийг дарга нар болон түүний ойр тойрныхон хуваан хүртэж ардууд үлдсэн шаар шавхруун дээр нь оочирлон алалцдаг.
    Социализмын үед мөнгөний төлөө хөлсөө барах хэрэггүй, эрх мэдлийн төлөө ухаанаа зарах нь илүү амьдралд хэрэгтэй байсын болуу, тэгж л санагдаад байгаа юм, азаар би социализмд амьдарч үзээгүй. Эрх мэдэлд хүрч нэг дарга болохын төлөө элдвийн матаас, хор найруулалт, зусардалтын эрдмийг үзүүлдэг байж, яг одоо бид мөнгө олох гэж худлаа ярьж нэгнийгээ “хулхидацгаадаг” шиг. Савхиар нэг аятайхан хантааз хийгээд зарчих гэхээр “дамын наймаачин, панзчин, мөлжигч” нэрээрээ дуудуулдаг байсан гэсэн.
    Хүн зах зээлийн нийгэмд өөрөө ямар нэг баялагийг бүтээж, түүнийхээ хөлсөөр бусдын бүтээгдэхүүн, үйлчилгээг авдаг зарчимтай. Товчхондоо хүнээс мөнгө авахын тулд өөрөө баялаг бүтээнэ гэсэн үг. Иймдээ ч мөнгөний төлөө тэмцэл нь нийгэмд аяндаа эд баялгийг бий болгодог байхад, харин эрх мэдлийн төлөө тэмцэл нь нийгэмд авилгалыг л бий болгодог. Мөнгө мөнгөөрөө, үнэ үнээрээ л байх ёстой.
Манай засгийн газар сүүлийн үед юм болгоны үнэн дээр “Цена тэдэн төгрөг” гэдэг бичиг наах сонирхолтой болж. Бензин, гурил сүүлдээ бүүүр их сургуулийн сургалтын төлбөр дээр “Цена 950 000” гэдэг бичиг наачихлаа л даа. Оюутнуудаа харж үзэж байгаа юм байх чааваас. Үхсэн баас тэр сайхан оюутнуудынх нь тал хувь нь хоёрны нэг дээр гуравны нэгийг нэмж чадахгүй, Пиккасо бол африкийн нэг улс гэж боддог нөхдүүд. Бааранд орж ганц охин чихдсэн болоод аз нь таарвал буудалд, азгүй нь таарвал жүүлэхэд хонодог, гудамжинд дураараа шээж, элдвийн танхайрал үйлдэж дөрвөн жилийг золбинтож өнгөрөөдөг тийм нөхдүүдэд зүв зүгээр “сургуульдаа яв” гээд 500 мянган төгрөг өхийм байх. Гэтэл үнэхээр юмаа хийдэг, чадалтай, толгойтой, гавлууд нь тийм золбингуудтай хамт сураад, адилхан тэтгэмж аваад л явахын байна л даа.
    Их, дээд сургуулийн багш гэдэг мэргэжлийн нэрийг унагааж, оюутан гэдэг сайхан зүйлийн утгыг алдагдуулж байгаа энэ олон хувийн сургуулиуд зах зээлийнхээ зарчмаар овоо цэгцэрлээ гэсэн чинь одоо юу вэ?. Сургуульд нь цэвэр 500 мянгын орлого оруулж байгаа юм чинь хэчнээн муу сурлаа гээд, хэчнээн архидан согтуурлаа гээд, хэчнээн танхай балмад ааш гаргалаа гээд тэр оюутныг сургуулиасаа хөөх захирал байхгүй.
    Дунд сургуулиа төгссөн хүүхдүүдийн A,B сурдаг, арай гайгүй толгойтойнууд нь мэдээлэл технологи, эдийн засаг, банк санхүү, уул уурхай гээд явчихна. Үлдсэн C, D сурдагуудаас зарим нь л МУБИС –т элсэж “багш” гэдэг мэргэжлийг дуртай дургүй сонгодог. За тэгээд тэр С сурдаг нөхдүүд дундаас шалгараад тэдэн дундаа A,B болсонууд нь яг дунд сургуулийн багш хийхгүй, гадагшаа явах ч юмуу, эсвэл ямар нэг өөр ажил хийх эрмэлзэлтэй байдаг. С дундаас С болж ялгарч ажилгүй үлдсэнүүд нь хаа нэгтээ дунд сургуульд багшаар очдог. Тэр С –нүүд нь өөрөөсөө тааруухан хүнийг л бэлтгэнэ, бэлдсэн тааруухан хүмүүсээс бүүр таарууханууд нь багш болоод дахиад бүүүүүүүр тааруухан хүн бэлтгэнэ.... гэх мэт нэг хогийн цикл үүсэх хандлагатай болчихож.
    Гагарин сансарт ниссэний дараагаар Америкчууд Зөвлөлтөөс нэлээд хоцорсоноо мэдэж, юун дээр алдав, юунаас болж өнөө муу иванууд өөрсдөөс нь түрүүлж сансарт хүн нисгэв гэдгийг шүүн тунгаагаад нэг л үндсэн дүгнэлтэнд хүрсэн тухай манай нэг багш ярьж байсан юм. Тэр нь дунд боловсролын систем байж. Сансарт хүн нисгэхийн тулд инженер, физикч, математикч нийлсэн хэдэн шилдэг эрдэмтэд л  хэрэгтэй. Тэд тэнгэрээс буугаад ирэхгүй нь тодорхой, дунд сургуулиасаа эхлээд л олон мянган хүнээс шигшигдэж үлдсэн хэрэг. Дунд сургууль бол ирээдүйн эрдэмтэд, ирээдүйн ухаантнуудын үндэс суурийг нээж өгдөг гол талбар. Харин их сургуульд ороод өөрсдийн сонгож авсан чиглэл, өөрсдийн тархи толгойны авъяасыг улам гүнзгийрүүлдэг.
    4 жил сураад төгсөхөд хамгийн бага цалин хүлээж байгаа тул ЕБС –ийн багш болох гэж улайран зорьдог залуус байхгүй. Их сургууль ч нэг их дээрдэхгүй. Томоохон их дээд сургуулийнх нь багш нар банкны касс, телерүүдээс бага цалин авдаг тийм улс дэлхийд хэд ч юм бол. СЭЗДС гэх мэтийн хувийн сургуулиуд төлбөрөө өөрсдийн дураар нэмдэг, одоо хамгийн өндөр төлбөртэй нь. Тэр чинээгээрээ багш, профессорууд нь өндөр цалин авдаг, тэр хирээрээ чанартай сургалт явуулдаг, тэр хирээрээ залуучууд зорьж элсдэг.
    Дээд боловсролын диплом гэдэг нь иргэний үнэмлэх мэт хүн бүхний авдаг зүйл болж, оюутан нас гэдэг шилжилтийн нас шиг л хүн болгоны туулж өнгөрөөдөг үе болчихсон ч юм уу даа. Угтаа бол нийгмийн хамгийн оюунлаг цөөн хэсэг нь өөрсдийн хүссэн мэдлэг чадварыг олж аван ирээдүйн сэхээтнүүд байхын тулд их дээд сургуульд элсдэг байлтай.
    Програмист бэлддэг хүн програмистаас их биш юмаа гэхэд ядаж ижил түвшний цалинтай баймаарсан. Аргагүй өөрсдөө багшлах дур сонирхолтой залуучууд л бор зүрхээрээ банкны теллерээс бага цалин аваад олон оюутны төлөө өөрсдийгөө нервтүүлэн ажилласаар. Багшийн ажилд өндөр цалин амладаг, тэр хэрээрээ өндөр босго тавьдаг бол олон шилдэг залуусын дундаас шалгарсанууд нь боловсролын системд ажиллаж, илүү сайн боловсон хүчнүүдийг бэлдэнэ шүү дээ.
Бөөнөөрөө маасаараа биш шигшмэлүүд нь л оюутан болох ёстой, тэр шигшмэлүүд нь өндөр төлбөртэйгөөр сурах шаардлагатай. Сургалтын төлбөрийг лизинг маягаар олон жилийн хугацаатай өгдөг тийм тогтолцоо яагаад байж болохгүй гэж. 5000 мянган долларын төлбөртэй сургуульд 4 жил сурахад 20 мянган доллар хэрэгтэй. Харин ийм өндөр төлбөртэй сургууль төгссөн хүн сард дор хаяж мянган долларын цалинтай ажилд ороод ганц хоёр жилийн дотор төлбөрөө нөхөөд төлчихдөг тийм тогтолцоо байж болохгүй гэж үү.
    Монголд хийх ажил маш олон бий, даанч чадалтай боловсон хүчин үнэхээр дутмаг. 300 мянгын цалин авдаг багш 300 мянгын цалин авах хэмжээний л боловсон хүчин бэлтгэнэ. Сая төгрөгийн цалин авдаг багш сая төгрөгийн цалин авах хэмжээний боловсон хүчин бэлтгэнэ. Улсын томоохон сургуулиуд төлбөрөө хэд дахин нэмсэн ч үнэхээр суръя гэсэн сэтгэлтэй оюутнууд элссээр л байх болно. Харин төрөөс “цена 950” гээд заагаад байвал захын нэг малчин хэдэн хонио зараад, эсвэл захын нэг наймаачин хэдэн оймсоо шахаад баар караокэ дэн буудлын нэрсээс өөр зүйл мэддэггүй хулигаан хүүхдээ дээд боловсролтон болгоно, захын нэг сургуульд.
    Нийгмийг авч явах оюунлаг залуучуудаа чанартай бэлдэхийн тулд төлбөр шиг төлбөртэй, цалин шиг цалинтай том унирверсэтит л хэрэгтэй. Сур гэж хэн ч албадаагүй байхад уйлан дугараад байгаа нөхдүүд мөрөөрөө наймаагаа хийгээд, трактороо жолоодоод, малаа маллаад явж байвал өөрсдөд нь төдийгүй улсдаа хэрэгтэй биш үү. Их дээд сургууль төгсөөд ажиллаж байгаа ихэнхи хүмүүс эксковатрын жолоочоос хэд дахин бага цалин авдаг, аргагүй шүү дээ хямдхан сургуулийн хямдхан бэлтгэгдсэн боловсон хүчин юм чинь.
    Таван саяын төлбөртэй МУИС, ШУТИС байвал үнэхээр мундаг мэргэжилтэн болохын тулд тийшээ хүмүүс элсэх л болно, шилдэг эрдэмтэд багшлах л болно, дэлхийн хэмжээний биш юмаа гэхэд ядаж Азийн хэмжээний сургуультай болъё л доо. Худалдагч болохын тулд нягтлангийн ангид элсдэг, утасны ченж хийхийн тулд электроникийн ангид элсдэг хямд төлбөртэй хувийн сургуулиуд бол сайжрих нь сайжраад дампуурах нь дампуураад байж л байг.