Маш цэвэрхэн том хаустай, гадаа нь ногоон мод алаг цэцэгс хүрээлсэн, горхи урссан, дулаахан тохьтой орчинд хайртай хүмүүстэйгээ тайван сайхан амьдардаг гэж төсөөлөгтүн. Гол нь энэ байшинг чи өөрөө босгосон, бас тэр мод бут, горхийг чи өөрөө ургуулсан, олон жилийн хөдөлмөр, ур ухаанаараа ийм сайхан орчинд амьдарч байгаа гэж санъя. Гэтэл газрын хаанаас ч юм нэг танхай балмад, муухай үнэртэй, халтар царайтай ядруухан этгээд байшинд чинь орж ирээд “хамаг хар ажлыг чинь хийе, цэцэг услах, дээвэр засах гээд юу ч байсан хамаагүй, миний муу ноорхой овоохой таалагдахгүй байна” гэх мэтийн ааш авир гаргаад гэрийн чинь булан цоорхойд нуугдаад, хүүхэд охидуудыг чинь айлгаж ичээгээд байвал ямар санагдах вэ.

    Дундад зуун өнгөрч сэргэн мандалтын үе эхэлсэнээс хойш нэлээд хэдэн зуун жил өнгөрчээ. Энэ хугацаанд өрнийнхний нээлтүүдээр шинжлэх ухаан хөгжиж, өрнийнхний бүтээсэн зэвсэгээр хоорондоо байлдаж, өрнийнхний зохиосон тогтолцоонд амьдарч, өрнийнхний моодны хувцасаар гангарч, өрнийнхний аялгуунд уярсаар өдийг хүрч.

    Бидний мөрөөдлийн баруун Европ, Америк одоогийн хөгжил, хүмүүсийн зан төлөвшил ёс суртахууныг олж авах гэж алдаатай оноотой 300-400 жилийг зарцуулжээ. Тэдний технологи, үйлдвэрлэлийг хуулбарлаад цааш нь өөрсдийн санаагаараа улсаа хөгжүүлсэн Япон, Солонгос, Сингапур, Тайвань нь даруй 50-100 жилийн хөлс хөдөлмөрөөр ингэтлээ “баян” болж чаджээ, зарим талаар өрнөдөөс ч илүү гарна. Баялагийг бүтээж байхдаа нийгмийн хувьд ч хамгийн сайн “зөв” тогтолцоог бүрдүүлсэн хэрэг.

    Эцэг өвгөдийнхөө олон жилд хөдөлмөрлөж байж бүрэлдүүлсэн сайхан тогтолцоон дунд, сайхан баялаг дунд, сайхан харилцаан дунд санаа амар сууж байтал нь сонин ааш араншинтай гадны цагаачид, хараар хөдөлмөрлөгчид хаанаас ч юм орж ирээд, элдвийн зүйлсийг хийгээд байхаар ямар л олигтой санагдав гэж дээ, уур нь хүрдэг л байх дөө.

    Хүний нүдэнд ад болж, цагдаад нь түүтгэр болж зугтан нуугдан хэдэн халтар зоос хураах нь одоохондоо бидэнд хэрэгтэй нь яалт ч үгүй үнэн. Тэдний хувьд ч бас хямдхан хөдөлмөр хэрэгтэй болоод л харлуулаад байгаа биз.

    Монголд юу ч алга, эд баялаг алга, эд баялаг тийм ховор юм чинь үнэ цэнэтэй хамгийн чухал байхаас ч яахуу, ганц ориг пүүзээ амь шигээ хайрлаж найзуудтайгаа муудалцахаас ч яахуу, ганц ай подтой болохын тулд хүн чанараа гээсэн ч яахуу, ганц жииптэй залуу хамгийн лаг нь байхаас ч яахуу, хэдэн нэгжээ нэгнээсээ нарийлахаас ч яахуу, автуусны гурван зуун төгрөгнөөс болж хэрүүл дэгдэхээс ч яахуу, метрополист ганц бүжиглэх нь амьдралын дурсамж болохоос ч яахуу.

    Эд баялаг, сайн бүтээгдэхүүн үйлчилгээгээр дутаж хатаж яваа өнөө үед хүн тоохгүй муу ажлыг нь хийгээд мянган ногооны цалин аваад түүнийгээ эх орон руугаа шидэх нь үнэхээр хэрэгцээтэй.

    Монголдоо залхуугийн туйл, зөнгөөрөө гудамж метрлэн алхлах юу ч хийх сонирхолгүй залуус харьд очоод хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж чаддаг нь юуных вэ. Энэ бол зүгээр л ил тод байдал, “энэ загасыг ингээд олон цавчаад хайрцаглавал би тэдийн цалин авна” гэсэн тодорхой зорилготойгоор тэрхүү ажлыг гүйцэтгэж байгаа нь тэр. Гэтэл Монголдоо бол тэр мундаг хичээлүүдийг давтлаа гээд ямар хэрэгтэй юм бүү мэд, за давтаад онц сурлаа гээд ямар ч ажилд орох юм бүү мэд, ажилд орлоо гэхэд цалингаар нь яаж ч амьдрах юм бүү мэд, ер нь амьдрах ч юмуу үхэх ч юмуу бүү мэд, гайтай агаарын бохирдол замын түгжрээн дунд эрээний хортой хоргүй хогийн бараануудаар ходоодоо хуураад амьдрах байтугай амьд явахад хэцүү болсон цаг.

    Оёдолчин талхчин барилгачин гурван хоосон хүн байлаа гэж бодъё, нэг нь цамц оёод нөгөөх нь талх бариад нэг нь байшин босгоод л нэг нэгэндээ өгчихөд гурвуулаа өлсөхгүй даарахгүй. Оёдолчин талх идэхийн тулд, байшинд суухын тулд цамц оёно. ”Цамцаа л сайхан оёод байя, тэгвэл хоолтой байртай болно шүү дээ” гэсэн итгэл үнэмшилээр улам илүү гоё загвартай, улам эдэлгээ сайтайг бүтээх болно. Харин нөгөө хоёр нь юу ч хийхгүй тохиолдолд оёдолчинд цамц хийх шаардлага байхгүй. Угаас амин хувиа хичээсэн Хомосапиенсийн зан төлөвт хүнд зүгээр юм хийж өгөх тийм “цайлган цагаан” схем байхгүй. Нэг үйлдвэрлэл нөгөөтэйгээ зэрэг л хөгждөг гэсэн үг.

    Монголд юу ч алга байгаа гэдэг нь харин ч сайн зүйл, бидэнд хийх зүйл их үлдэж гэсэн үг шүү дээ. Ундааны сав хог болж хөглөрөхөө больсон, учир нь тэнүүлчид дэл сул хаясан ундааны сав болгоныг андахгүй түүгээд байгаа учраас. Тэрэн шиг манай зүлэгжүүлдэг газрууд энд тэнд дайралдах дэл сул шороо болгоныг уралдан ногооруулж мөнгө олдог бол гоё шүү. Аймгийн төвүүд, сумын төвүүдэд ямар ч гоё барилгууд алга, барилгын компаниудад том зах зээл байгаа юм бишүү. Борлуулалт хөрөнгө оруулалтын талаар яриагүй зүгээр ерөнхий юм хэлж байгаам шүү. “Энд хэдэн давхар орон сууц босгоочээ” гээд сумын төвийн шороо хүлээсээр л байгааг хэлж байна.

     Вьетнам засвар, Солонгос хоолны газрууд баяжсаар, яагаад гэвэл тийм бүтээгдэхүүн үйлчилгээ үнэхээр шаардлагатай учраас л. Сайн үйлчилгээ.
Мянган нэгжний пластик картны хэвлэлтийн өртөг нь зуун төгрөг гэж бодъё. Тэгэхээр нь “өө муу утасны компаниуд цэвэр 900 төгрөг шулж байна” гэж маанагтах хүмүүс байдаг. Мянган төгрөгний нэгжээр хэчнээн ажил амжуулж байгаагаа ухаарахгүй нөхдүүд зөндөө. Харин гар утаснаас нэгж авахдаа шулуулж байна гэж төсөөлдөггүй, сонин шүү. Тэр бол үйлчилгээ, заавал барьцтай гарт гялалздаг, гэдэс дүүргэдэг болохоороо бүтээгдэхүүн байдаг юм биш. 10 мянган төгрөгний ном барьчихаад “энэ цааснуудын чинь өртөг мянган төгрөг байхад чи 10 аар зарж хүн шуллаа” гэж хэрүүл хийж зогсох нь ээ дээ.

    “Энэ жаахан амьтан ямар зай эзлэв гэж, мөнгө нэхээд байхдаа яадаг юм” гэж автуусанд хэрэлдэх тохиолдол бас бий. Автуусанд зорчиж, очих газартаа хүргүүлсэнийхээ төлөө мөнгө төлдөг болохоос биш зай эзлэснийхээ төлөө мөнгө төлдөггүй. Иймэрхүү юм ойлгодоггүй нөхдүүд даан ч зөндөө л дөө.

    Бааранд ч юмуу паабад ганц таваг шарсан төмс 4000 мянган төгрөгний үнэтэй, харин таваг төмс үсрээд л 400 төгрөгний өртөгтэй. Тэр пааб төмсийг хэрчээд, шараад зөөгчөөр хүргүүлээд, мөн тухтай орчин бүрэлдүүлсэнийхээ төлөө 3600 төгрөг авч байгаа хэрэг болохоос хүмүүсийг шулаад хулхидаад

    400 –ийн юмыг 4000 –аар зараад байгаа юм биш. Хэрэв тийм үйлчилгээ байхгүй бол пийв уунгаа шарсан төмс идэх гэж гадаад явах хэрэг гарна, пааб орлогогүй зөөгч цалингүй хоосон үлдэнэ. Өө Монголд ганц сайхан шарсан төмс идэж болохгүй хогийн газар гэсэн бодлоор эх орондоо хандана.

    Мөнгө болгоны цаана бүтээгдэхүүн үйлчилгээ байдаг, үйлчилгээ болгоны цаана ажил хөдөлмөр урган гардаг. Харин ямар ч үйлчилгээ байхгүй бол ямар ч мөнгө байхгүй. Боолчлолоос өөр үнэгүй үйлчилгээ гэж байхгүй.

    Баялаг бүхнээр ангаж цангасан 2 сая 700 мянган ард шувууны дэгдээхий шиг үмх өт хүлээн ганганалдана. Хэн ч зүгээр хоол авчирч өгөхгүйгээс хойш өөрсдөө өөрсөддөө үйлчилээд, нэг нь машин хийж нөгөө нь барилга бариад нэг нэгэндээ өгчихвэл унах унаа орох оронтой болчих юм биш үү дээ. Угтаа асуудал бүхэн ажил юм шиг л санагдаад байна.